Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 212/МА2020/00051

 

ЭХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/00401 дүгээр шийдвэртэй, Х аймгийн Жаргалант сумын Б багт үйл ажиллагаа явуулах ЭХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бгийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Ө сумын .. дугаар багт оршин суух, С овогт А-н Шад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ж.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б /онлайнаар/, хариуцагчийн өмгөөлөгч Х.З нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 0000 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн 0000 арлын дугаартай авто ачигч /50000000/, 100 квт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцыг /20000000 төгрөг/ гаргуулах тухай тухай.

 

Нэхэмжлэлд: ЭХХК-ийн өмчлөлийн 0000 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн 0000 арлын дугаартай авто ачигч, 100 квт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцыг иргэн С овогтой Б  нь Ховд аймгийн Алтай суманд ажил хийхээр түрээсэлье гэж хэлээд 2018 оны 6 сард авч яваад Баян-Өлгий аймгийн Хотгорын нүүрсний уурхайн дэд захирал ажилтай иргэн А.Шад зарсан байсан. Тус хэргийг Ховд аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн 193600091 тоот хэрэг үүсгэж, С.Б-ийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон. С.Б  нь 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нас барсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Ховд аймгийн Прокурорын газрын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 5/63 тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Тус тогтоолд өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсаны дагуу энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Одоогоор тус авто ачигч болон зөөврийн дизель станцууд нь Баян Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар баг Хотгор тосгоны Хотгор нүүрсний уурхайн гараашинд А.Шын эзэмшилд хадгалагдаж байгаа. А.Ш нь тухайн эд зүйлийн жинхэнэ өмчлөгч нь С.Б  биш гэдгийг мэдсэн эсхүл мэдэх бүрэн боломжтой байсан. Өөрөөр хэлбэл жинхэнэ өмчлөгч этгээдээс бус өөр этгээдээс мэдсээр байж худалдан авсан байгаа боловч энэ талаар улсын бүртгэлд бүртгүүлж шилжүүлж аваагүй. Одоо тус эд хөрөнгүүд нь ЭХХК-ийн нэр дээр бүртгэлтэй. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 114 дүгээр зүйлийн 114.1, 90, 94 дүгээр зүйлд зааснаар 0000 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн 0000 арлын дугаартай авто ачигч, 100 квт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцыг А.Шаас гаргуулж өгнө үү. Хэрвээ тухайн эд хөрөнгийг биет байдлаар өгөх боломжгүй бол уг эд хөрөнгүүдийн үнэ 70.000.000 /далан сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: 1. 2018 оны 7 дугаар сарын эхээр танил С.Б  нь А.Ш надад утсаар залгаж, Ховд аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт эрэл хайгуул, газар шорооны ажил хийгээд дуусаж, Улаанбаатар хот руу буцах гэж байна. Өөрийн эзэмшиж, ашиглаж байсан LIUGONG CLG855 маркийн авто ачигч машин, 100 квт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцыг худалдах боллоо. Улаанбаатар хотод дахиж ачиж явахаас төвөгшөөж байна. Боломжийн үнээр худалдана, танайд хэрэгтэй эд шүү, худалдаж аваарай гэж хэлэхээр нь өөрсдийн ажилчид болох Х.Е, Б.Е нарын хамт 2018 оны 7 дугаар сард Ховд аймгийн Алтай суманд очоод С.Б д үнэ өртгийг бэлнээр өгч дээрх 0000 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн 0000 арлын дугаартай авто ачигч, 100 квт-ын хүчин чадалтай дизель станцыг худалдан авсан. Иймд А.Ш миний бие Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2-д зааснаар худалдан авч, тухайн эд хөрөнгийг 2018 оны 7 дугаар сараас хойш эзэмшиж, ашиглаж байгаа тул өөрийгөө шударга эзэмшигч гэж үзэж байна. Нэхэмжлэгч ЭХХК нь нэхэмжлэл гаргахдаа уг эд хөрөнгүүдийн өмчлөгч гэдгийг нотлох үүднээс 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр олгогдсон №02334696 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарыг хавсаргаж, нотлох баримтаар өгсөн байна. Гэтэл тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь хуурамч бичиг баримт болох нь илэрхий байх тул нотлох чадвараа алдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзнэ. Тухайлбал, А.Ш миний бие иргэн С.Б-иас дээрх хөдлөх хөрөнгүүдийг 2018 оны 7 дугаар сард худалдан авч, өөрийн эзэмшилд шилжүүлж, Баян-Өлгий аймагт авч ирсэн. Гэтэл нэхэмжлэгч Ховд аймгийн ЭХХК нь тээврийн хэрэгслийн №0000 дугаартай гэрчилгээг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр бичүүлэн авсан нь цаг хугацааны хувьд илт хуурамч гэрчилгээ болохыг нотолж байна. Тээврийн хэрэгслийн 0000 дугаартай гэрчилгээний үзлэгийн тэмдэглэл хэсэгт 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр техникийн үзлэгт орсон болгож тэмдэглэл үйлдэж эрх бүхий албан тушаалтан тэмдэг дарж, гарын үсэг зурсан байна. Гэтэл 2018 оны 7 дугаар сараас эхэлж А.Ш миний эзэмшилд байсан 0000 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ховд аймгийн ЭХХК нь техникийн үзлэгт оруулсан болгож хуурамч нотлох баримт бүрдүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг хуурамчаар үйлдэх эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр олгогдсон, №02465263 дугаартай техникийн гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Уг гэрчилгээ мөн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр олгогдсон, техникийн үзлэгт 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хамрагдсан хэмээн тэмдэглэл үйлдсэн зэрэг нь А.Ш миний эзэмшилд машин механизм шилжиж ирсний дараа олгогдсон бичиг баримт тул хуурамч нотлох баримт бүрдүүлсэн үйлдэл хийсэн нь илэрхий байна. Нэхэмжлэгч ЭХХК-д тээврийн хэрэгслийн №0000 дугаартай гэрчилгээ олгохдоо Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан бүртгэл үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх гэсэн заалт, 19 дүгээр зүйлийн 19.4.3-д заасан нотлох баримт зөрчилтэй бол татгалзах гэсэн заалтууд, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйл, 39 дүгээр зүйлийн 39.1, Шадар сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаар тушаалаар Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, Улсын дугаар олгох журмын 2.7 дугаар заалтын 2.7.1, 2.7.3 дахь заалтууд, 3.5 дугаар заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн байна. Иймд бүртгэл хууль ёсны биш бөгөөд, гэрчилгээнүүд нотлох баримтын ач холбогдолгүй, нотлох чадварыг алдсан байна.

2. А.Ш миний бие өөрийгөө шударга эзэмшигч, хууль ёсны өмчлөгч гэж үзэх талаар: А.Ш миний бие 0000 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн 0000 арлын дугаартай авто ачигч (механизм), 100 квт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцыг 2018 оны 7 дугаар сард Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу С.Б-ийн эзэмшилд байхад С.Б-иас тохирсон үнийг төлж худалдан авсан бөгөөд 2018 оны 7 дугаар сард өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан тул Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-д зааснаар худалдах, худалдан авах хэлцэл хүчин төгөлдөр болсон. Худалдагч С.Б , худалдан авагч А.Ш бидний хүсэл зоригийн дагуу маргаан бүхий эд юмсын эзэмшил үүссэн тул тухайн эд хөрөнгийн хувьд А.Ш би Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар шударга эзэмшигч болно. Шударга эзэмшигч болох А.Ш надаас нэхэмжлэгч ЭХХК нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэсний дагуу нэхэмжлэх эрхгүй. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр уг эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэх бөгөөд мөн хуулийн 111.1-д эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан учир худалдагч С.Б-иас маргаан бүхий эд хөрөнгийг А.Ш би 2018 оны 7 дугаар сард шилжүүлэн авснаар өмнөх өмчлөгч нарын өмчлөх эрх дуусвар болж, А.Ш надад өмчлөх эрх бүрэн шилжсэн болно.Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасны дагуу худалдагч С.Б д 0000 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн 0000 арлын дугаартай авто ачигч (механизм), 100 квт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцын үнийг 2018 оны 7 дугаар сард А.Ш би бүрэн төлсөн тул уг эд хөрөнгийн өмчлөх эрх надад хууль ёсоор бүрэн шилжсэн болно. Маргаан бүхий 0000 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн 0000 арлын дугаартай авто ачигч (механизм), 100 квт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцын өмчлөгч С.Б  биш гэдгийг А.Ш би мэдээгүй бөгөөд, тухайн хөрөнгүүд Ховд аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт худалдагч С.Б-ийн эзэмшил, өмчлөлд байсан газраас бэлэн мөнгөөр худалдаж авсан юм. С.Б  өөрийнх нь эд хөрөнгө гэж худалдсан ба би үнэ өртгийг Б д өгсөн. Нэгэнт Б-ийн эзэмшилд байхад авсан тул өөр этгээдийн эд хөрөнгө гэж үзэх боломжгүй. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэсэн заалтад А.Ш миний эд хөрөнгө худалдан авсан үйлдэл бүрэн нийцэж байна. Иймд А.Ш би тухайн эд хөрөнгийн хувьд шударга эзэмшигч, өмчлөгч мөн юм. Худалдагч С.Б , худалдан авагч А.Ш бидний хооронд эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл нь нүүр тулан хийсэн, хиймэгц биелэгдэх, эд хөрөнгийг 2018 оны 7 дугаар сард шилжүүлэн авсан гэрээ, хэлцэл тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.5-д заасан гэрээ байгуулсанд тооцох хуулийн шаардлага бүрэн хангагдсан байна. Нэхэмжлэгч ЭХХК-ийн нэхэмжлэлд ... С.Б  нь түрээсийн гэрээгээр ашиглаж байсан гэх боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д заасан түрээсийн гэрээг бичгээр байгуулах гэснийг зөрчсөн, мөн хуулийн 318.4-д заасан хүчин төгөлдөр гэрээ болон түрээсийн төлбөр төлж байсан талаар санхүүгийн анхан шатны баримт байхгүй учир С.Б  тухайн эд хөрөнгийг түрээсэлж байсан гэдэг нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. Иймд А.Ш би С.Б-иас 2018 оны 7 дугаар сард худалдан авсан, С.Б  нь 2019 оны 4 дүгээр сард нас барсан нь тогтоогдсон, 2018 оны 7 дугаар сараас хойш С.Б  2019 оны 4 дүгээр сар хүртэл амьд сэрүүн байхад гомдол гаргаагүй байсаар, 2019 оны 4 дүгээр сард С.Б  нас барсны дараа ЭХХК-ийг төлөөлж Ө.Түвдэндорж гэх хүн гомдол гаргасан, ( амьд байхад гаргаагүй байж ) мөн С.Б-иас мэдүүлэг аваагүй атлаа, түүнийг залилан мэхэлсэн хэрэг үйлдсэн гэж буруу дүгнэсэн, С.Б  нь Улаанбаатар хотын харьяат байхад хэргийг харьяалал зөрчиж Ховд аймагт шалгасан гэх эргэлзээ бүхий нөхцөл байдалтай, Тээврийн хэрэгслийн 2 төрлийн гэрчилгээ нь Ховд аймгийн Прокурорын газрын хэргийг хааж шийдвэрлэсэн тухай 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тогтоол гарснаас хойш олгогдсон зэрэг нөхцөл байдалтай байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Эдгээр нөхцөлүүд нь С.Б-ийн нас барсныг далимдуулж, түүний хөрөнгийг, эсвэл түүнд худалдан борлуулсан, зээл барьцаанд өгсөн хөрөнгийг Б  нас барсны дараа надаас нэхэмжилж байж болох гэсэн хардлага төрүүлж байна. С.Б  нас барсны дараа хэрэг нээж шалгасан тул залилан мэхэлсэн гэдгийг тогтоох боломжгүй. Тухайн хүн над шиг худалдан авсан, зээл төлбөрт барьцаалсан, эсвэл тухайн хүний ч өмч байж болно. Иймд Ховд аймгийн ЭХХК-ийн нэхэмжлэлтэй 70.000.000 (далан сая) төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/00401 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар ЭХХК-ийн өөрийн өмчлөлийн 0000 УБ улсын дугаартай, LIUGONG CLG855 маркийн, 2008 онд үйлдвэрлэгдсэн, авто ачигчийн зориулалттай 0000 хөдөлгүүрийн дугаартай, 0000 арлын дугаартай, улбар шар өнгийн тээврийн хэрэгслийг А.Шын хууль бус эзэмшлээс чөлөөлж, ЭХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох 100 квт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станц гаргуулахыг хүссэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг: Хэргийн нөхцөл байдал: Хариуцагч А.Ш миний бие Улаанбаатар хотын харьяат С.Б-иас урьд өмнө Уул уурхайн (газар шорооны) хүнд даацын машин механизм, түүний эд анги, запас сэлбэг худалдан авч байсан, түншийн болон танилын харилцаатай байсан.С.Б  нь 2018 оны 7 сарын эхээр А.Ш надад утсаар холбогдож, Ховд аймгийн Алтай сумын нутагт эрэл хайгуул, газар шорооны ажил хийж, дуусгаад Улаанбаатар хот буцах гэж байна.Өөрийн эзэмшиж байгаа авто ачигч машин, зөөврийн дизель станц хоёрыг Улаанбаатар хот ачиж, илүү зардал гаргахгүйгээр, худалдахаар болоод байна. Танай уурхайд маш хэрэгтэй учир та нар худалдаж аваарай гэж санал тавьснаар миний бие өөрийн ажилчид болох Х.Е, Б.Е нарын хамт Ховд аймгийн Алтай сумд очоод, С.Б д үнэ өртгийг дансаар шилжүүлж, худалдан авсан. Авто ачигч болон зөөврийн дизелийн үнэ 38.000.000 (гучин найман сая) төгрөг шилжүүлсэн банкны шилжүүлэг хавтаст хэрэгт байна. А.Ш би С.Б-иас авто ачигч болон зөөврийн дизелийг 2018 оны 7 дугаар сард худалдан авсан, С.Б  нь 2019 оны 4 дүгээр сард нас барсан байна, нэхэмжлэгч ЭХХК 2020 оны 02 дугаар сарын 20-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан зэрэг нь цаг хугацааны хувьд эргэлзээтэй байхад нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэсгүй юм.

Хоёр: Давж заалдах гомдлын үндэслэлНотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүй, хэргийг нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэх гомдол. 2.1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт Ховд аймаг дахь авто тээвэр бүртгэлийн мэргэжилтнээс гаргаж өгсөн Өмнөх өмчлөгчдийн бүртгэл мэдээллээс үзэхэд тухайн тээврийн хэрэгслийг А.Ш нь Ховд аймгийн Алтай суманд очиж авах үед буюу 2014 оны 4 дүгээр сарын 15-аас 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл болон одоогийн байдлаар 0000 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн авто ачигч зориулалттай ... тээврийн хэрэгслийн өмчлөгч ЭХХК бүртгэгдсэн болох тогтоогджээ гэж нотлох баримтыг буруу үнэлсэн байна. Гэтэл энэхүү Ховд аймаг дахь авто тээврийн төвийн тээвэр бүртгэлийн мэргэжилтэн (Д.Б)-ийн гаргаж өгсөн Өмнөх өмчлөгчдийн

бүртгэл-ийн лавлагаа гэх нотлох баримт нь хууль ёсны биш, хуурамч нотлох баримт болох нь дараах байдлаар тогтоогдож байна. Тухайлбал: Нотлох баримтаар гаргаж өгсөн Тээврийн хэрэгслийн лавлагаа гэх бичээсний нүүр хэсэгт Улсын дугаар 0000 УБ, марк модель LIUGONG CLG855, арал 0000, үйлд он: 2008; өнгө: улбар шар эзэмшигч нэр ЭХХК, регистр: 0000 гэж тусгасан, дараагийн хуудсанд: эхэлсэн огноо, дуусан огноо, регистр, овог нэр, хаяг гэсэн мэдээлэл агуулсан нь юуг тодорхойлж байгаа, ямар мэдээлэл агуулж байгаа нь тодорхой бус тааварлах боломжгүй байна. Үүнийг өмчлөгчийн мэдээлэл агуулсан нотлох баримт гэж үнэлэх боломжгүй.

2.2. Маргаан бүхий 0000 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн авто ачигч нь 2018 оны 7 дугаар сараас эхлэн хариуцагч А.Ш миний эзэмшилд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар багт байгаа байтал, Ховд аймгийн Авто тээврийн төвийн гаргаж өгсөн Өмнөх өмчлөгчдийн мэдээлэл гэх лавлагаагаар 2014.04.15-аас 2019.04.10-ны өдөр хүртэл ЭХХК-ны, 2019.04.10-аас 2019.04.11-ний өдөр хүртэл Элбэг гүн ХХК-ны, 2019.04.11-ээс 2019.05.20-ны хүртэл ЭХХК-ны, 2019.05.20-аас 2019.09.06-ны өдөр хүртэл Жинст транс ХХК-ны, 2019.09.06-аас 2019.09.13-ны өдөр хүртэл ЭХХК-ны, 2019.09.13-аас 2019.10.01-ний өдөр хүртэл Хан-Асар ХХК-ны эзэмшилд тус тус өмчлөгчийн бүртгэлтэй гэж лавлагаа өгсөн байна. Ингэж 2018 оны 7 дугаар сараас одоо хүртэл А.Ш миний эзэмшилд байгаа 0000 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн авто ачигч (механизм) -ыг хэд хэдэн аж ахуйн нэгжүүдэд шилжүүлэн бүртгээд байгаа нь Ховд аймгийн авто тээврийн төвийн мэргэжилтэн Д.Бийн гаргаж өгсөн Өмнөх өмчлөгчийн мэдээлэл лавлагаа хууль ёсны бус, хуурамч нотлох баримт болохыг илэрхийлж байна. Энэ нь анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нотлоогүй үзэж гомдол гаргаж байна.

2.3. Ховд аймгийн Авто тээврийн төв нь өмчлөгчийн бүртгэл хийхдээ авто тээврийн тухай хууль, Монгол улсын Шадар сайд, зам тээврийн сайдын 2018 оны 192 дугаар тушаалаар баталсан Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам-ын хоёр дахь хэсгийн 2.3.3 дахь заалт, 2.7 дугаар зүйлийн 2.7.1, 2.7.3 дахь заалт техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, тэнцээгүй бол авто тээврийн хэрэгслийг бүртгэхээс татгалзана гэсэн, мөн журмын тав дахь хэсгийн 5.2-ын 5.2.2-д заасан, Үнэн зөв мэдүүлсэн бүртгэлийн мэдүүлгийг үндэслэж бүртгэх, 5.2.4-д заасан авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг үндэслэн бүртгэнэ гэснийг тус тус зөрчиж өмчлөгчийн бүртгэл хөтлөх журмын заалтыг ноцтой зөрчсөн, бүртгэлийг хуурамчаар үйлдсэн, нэхэмжлэгч тал хуурамч нотлох баримт бүрдүүлсэн байхад анхан шатны шүүхээс нотлох баримтыг хэрэгт хамаарал бүхий талаас үнэлээгүй байна.

2.4. А.Ш миний бие нэхэмжлэгч ЭХХК-ны өмнө үүрэг хүлээгээгүй, гэрээ хэлцэл байгуулаагүй, эрх ашиг сонирхолд хохирол учруулах үйлдэл хийгээгүй учир өөрийгөө энэ хэргийн хариуцагч биш гэж үзэж байна. Хэрэв талийгаач С.Б  нь нэхэмжлэгч ЭХХК-ыг хохироосон үйлдэл хийсэн, түрээсийн гэрээг зөрчсөн, хөрөнгийг залилан мэхэлж авсан байх бол С.Б-ийн өв залгамжлагч, эсвэл эрх залгамжлах этгээдээс нэхэмжлэх нь хуульд нийцнэ.

2.5. А.Ш миний бие С.Б-иас худалдан авсан 2 төрлийн эд хөрөнгийн 100 квт-ын хүчин чадалтай дизель станцыг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосон атлаа, хамт худалдан авсан 0000 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн авто ачигч машиныг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь ямар ч нөхцөлд шударга ёсонд нийцэхгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны биш гэдгийн баталгаа юм.

Гурав: Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаарх гомдол:

3.1. А.Ш миний бие 0000 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн авто ачигч (механизм), 100 квт-ын хүчин чадалтай дизель станцыг 2018 оны 7 дугаар сард Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу А.Б-ийн эзэмшилд байхад А.Б-иас тохирсон үнийг төлж худалдан авсан бөгөөд 2018 оны 7 дугаар сард өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан тул Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-д зааснаар худалдах, худалдан авах хэлцэл хүчин төгөлдөр болсон.

3.2. Худалдагч А.Б , худалдан авагч А.Ш бидний хүсэл зоригийн дагуу маргаан бүхий эд юмсын эзэмшил үүссэн тул тухайн эд хөрөнгийн хувьд А.Ш би Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар шударга эзэмшигч болох билээ. Шударга эзэмшигч болох А.Ш надаас нэхэмжлэгч ЭХХК нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэсний дагуу нэхэмжлэх эрхгүй гэж үзнэ. Анхан шатны шүүх хуулийн эдгээр заалтуудыг хэрэглээгүй явдал нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

3.3. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д Өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр уг эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэх бөгөөд мөн хуулийн 111.1-д ... эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан учир худалдагч А.Б-иас маргаан бүхий эд хөрөнгийг А.Ш би 2018 оны 7 дугаар сард шилжүүлэн авснаар өмнөх өмчлөгч нарын өмчлөх эрх дуусвар болж, А.Ш надад өмчлөх эрх бүрэн шилжсэн.

3.4. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасны дагуу худалдагч А.Б д 0000 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн авто ачигч (механизм), 100 квт-ын хүчин чадалтай дизель станцын үнийг 2018 оны 7 дугаар сард А.Ш би бүрэн төлсөн тул уг эд хөрөнгийн өмчлөх эрх надад хууль ёсоор бүрэн шилжсэн болно. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн эдгээр өрсөлдөх заалтуудыг хэрэглээгүй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримталж шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж гомдол гаргаж байна.

3.5. Маргаан бүхий 0000 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн авто ачигч (механизм), 100 квт-ын хүчин чадалтай дизель станцын өмчлөгч А.Б  биш гэдгийг А.Ш би мэдээгүй бөгөөд, тухайн хөрөнгүүд Ховд аймгийн нутаг дэвсгэрт худалдагч С.Б-ийн эзэмшил, өмчлөлд байсан газраас бэлэн мөнгөөр худалдаж авсан. С.Б  өөрийнх нь эд хөрөнгө гэж худалдсан ба би үнэ өртийг бэлэн өгсөн. Нэгэнт Б-ийн эзэмшилд байхад авсан тул өөр этгээдийн эд хөрөнгө гэж үзэх боломжгүй байсан.

3.6. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэсэн заалтад А.Ш миний эд хөрөнгө худалдан авсан үйлдэл бүрэн тохирч байна. Иймд А.Ш би тухайн эд хөрөнгийн хувьд шударга эзэмшигч, өмчлөгч мөн юм. Энэ нь анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй болохыг илтгэж байна.

3.7. Худалдагч С.Б , худалдан авагч А.Ш бидний хооронд эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл нь нүүр тулан хийсэн, хиймэгц биелэгдэх, эд хөрөнгийг 2018 оны 7 дугаар сард шилжүүлсэн авсан гэрээ, хэлцэл тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.5-д заасан гэрээ байгуулсанд тооцох хуулийн шаардлага бүрэн хангагдсан байна.

3.8. Нэхэмжлэгч ЭХХК-ны нэхэмжлэлд А.Б  нь түрээсийн гэрээгээр ашиглаж байсан гэх боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д заасан түрээсийн гэрээг бичгээр байгуулах гэснийг зөрчсөн, мөн хуулийн 318.4-д заасан хүчин төгөлдөр гэрээ болон түрээсийн төлбөр төлж байсан талаар санхүүгийн анхан шатны баримт байхгүй учир С.Б  тухайн эд хөрөнгийг түрээсэлж байсан гэдгийг бүрэн үгүйсгэж байна.

3.9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь Баруун бүсийн давж заалдах шатны шүүхийн туслахаар ажиллаж байсан, түүнд шүүгч дотнын харилцаатай, танил байсан нь шүүх хуралдааны дараах тэдний харилцаанаас ажиглагдсан. Энэ нь хууль ёсны шийдвэр гарахад сөрөг нөлөөлөл болсон гэж хардаж байна. Энэ нь шударга шийдвэр гаргасан гэхэд эргэлзээ төрүүлж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 0000 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн авто ачигч тээврийн хэрэгслийг А.Шын хууль бус эзэмшлээс чөлөөлж, ЭХХК-д олгож гэснийг хүчингүй болгож, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийг шаардлагыг хангасан боловч нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангах талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ЭХХК нь хариуцагч А.Шад холбогдуулан 0000 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн 0000 арлын дугаартай авто ачигч, 100 квт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ компанийн өмчлөлийн 0000 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн 0000 арлын дугаартай авто ачигч, 100 квт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцыг иргэн С овогтой Б  нь Ховд аймгийн Алтай суманд ажил хийхээр түрээсэлье гэж хэлээд 2018 оны 6 дугаар сард авч яваад Баян-Өлгий аймгийн Хотгорын уурхайн дэд захирал А.Шад худалдсан байх ба А.Ш нь жинхэнэ өмчлөгч бус этгээдээс худалдан авч уг эд хөрөнгүүдийг хууль бусаар эзэмшиж байгаа тул уг эд хөрөнгүүдийг гаргуулж өгнө үү. гэж, хариуцагч эс зөвшөөрсөн үндэслэлээ 0000 УБ улсын дугаартай, LIUGONG CLG855 маркийн, 2008 онд үйлдвэрлэгдсэн, авто ачигчийн зориулалттай 0000 хөдөлгүүрийн дугаартай, 0000 арлын дугаартай, улбар шар өнгийн тээврийн хэрэгсэл, 100 квт-ын хүчин чадалтай зөөврийн станцыг 2018 оны 7 дугаар сард С.Б-иас тохирсон үнийг төлж худалдан авсан тул Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар шударга эзэмшигч болно. Мөн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т зааснаар ... хөдлөх эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан тул С.Б-иас маргаан бүхий эд хөрөнгийг А.Ш би шилжүүлэн авснаар надад өмчлөх эрх бүрэн шилжсэн гэж тус тус тайлбарлажээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан судлахад маргааны зүйл болсон 0000 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн 0000 арлын дугаартай авто ачигч, 100 квт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станц нь нэхэмжлэгч ЭХХК-ийн өмч болох нь тогтоогджээ. С.Б  нь уг эд хөрөнгүүдийг хариуцагч А.Шад худалдсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд уг үйл баримтууд хавтаст хэрэгт авагдсан зохигчдын тайлбар /хх-1-2, 32-36/, прокурорын тогтоол /хх-5-6/, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр олгосон тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-9/, авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хх-47-48/, гэрч Э.Эрдэнэбатын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /хх-65-66/ зэрэг баримтуудаар нотлогдсон байна.

Автотээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д  Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ гэж хуульчилснаас үзвэл хариуцагч А.Ш нь С.Б-иас 0000 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн 0000 арлын дугаартай авто ачигчийг худалдан авахдаа тухайн эд хөрөнгийн өмчлөгч С.Б  мөн эсэхийг шалгах, өмчлөгч нь хэн болохыг мэдэх боломжтой байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д ...эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж зааснаас үзэхэд хариуцагч тухайн үед уг эд хөрөнгүүдийг өмчлөгч нь хэн болохыг мэдэх боломжтой байжээ. Иймд хариуцагч А.Шыг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан шударга эзэмшигч гэж үзэх боломжгүй.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн 100 квт-ийн хүчин чадалтай зөөврийн дизель станцыг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчжээ. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. Шүүх хуралдаанд оролцсон гэрч Э.Эрдэнэбат нь 0000 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн 0000 арлын дугаартай авто ачигч, 100 квт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцыг хамтад нь С.Б д Ховд аймгийн Алтай суманд хүргэж өгсөн, хариуцагч А.Ш нь 0000 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн 0000 арлын дугаартай авто ачигч, 100 квт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцыг хамт нь М.Б-иас худалдан авсан гэх мэдүүлэг, хариуцагч А.Шын 2019 оны 7 дугаар сарын 02-нд Ховд аймгийн цагдаагийн газарт бичиж өгсөн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар 100 квт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцыг С.Б-иас хариуцагч А.Ш нь худалдаж авсан болох нь нотлогдсон байхад 100 квт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцын өмчлөгч гэдгийг нэхэмжлэгч нотлох баримтаар нотолж чадаагүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Иймд энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргааны зүйл болох 0000 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн 0000 арлын дугаартай авто ачигч, 100 квт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцын өмчлөгч ЭХХК болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.

 

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407950.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/00401 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Электро инсталейшн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч А.Шаас 0000 УБ улсын дугаартай, LIUGONG CLG855 маркийн, 2008 онд үйлдвэрлэгдсэн, авто ачигчийн зориулалттай 0000 хөдөлгүүрийн дугаартай, 0000 арлын дугаартай, улбар шар өнгийн тээврийн хэрэгсэл болон 100 квт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцыг тус тус гаргуулж нэхэмжлэгч ЭХХК-д олгосугай. гэж, 2 дахь заалтын 407950 төгрөгийг гэснийг 507950.00 /таван зуун долоон мянга, есөн зуун тавь/ төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407950.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

Д.КӨБЕШ