Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 00067

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ч.О-Ээд холбогдох 1832000000055 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1995 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт амьдрах* тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Чулуунцэцэгийн О-Ээ. /РД:*/

 

Шүүгдэгч Ч.О-Ээ нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө 07-08 цагийн үед Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудлын 2-4 тоот хашаанд бариатай байсан иргэн Б.Зхгийн монгол гэрийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж эвдлэн гэрт нэвтрэн орж  515000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

.

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.О-Эийн өгсөн ......... 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр найз нартайгаа уулзаад Мөнгөлөг гэдэг айлд шөнө очиж архи уусан. Би маргааш нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө 07 цагийн үед үед тэднийхээс гарч явсан. Надтай хамт явсан найз Шинэбаяр тэндээ үлдсэн. Би тэндээс гарч яваад баянсуудлын гудамжинд байдаг Болдоо гэдэг айлд очиж алтанд явахаа ярих гэж байсан юм. Тэгсэн Болдоо гэртээ байхгүй байсан. Хашаанд нь нэг эзэнгүй гэр байхаар нь хажууд нь байсан төмрөөр цоожийг нь хөшиж эвдэлж онгойлгоод дотор нь ороод аккумлятор 1 ширхэг, зурагт 1 ширхэг, индүү 1 ширхэг, хутга 1 ширхэг, хөөрөг 1 ширхэг, малчны тамга зэрэг зүйлүүдийг нь цүнхэнд хийж аваад гарсан. Тэгээд авсан зүйлүүдээ ээжийн гэрт аваачаад цүнхтэй зарим зүйлсээ тамбарь нь оруулж тавиад хөөрөг, хутга хоёрыг нь аваад ээжийн гэрт ороход ээж намайг хаанаас юу аваад ирэв хулгайлсан бол хүнд нь буцаагаад өгье гэхээр нь би за гэж хэлчээд хэсэг хугацаанд унтчаад боёч ирээд цагдаа дууд гэж Бн эгчид хэлэхэд эгч цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нар ирээд намайг аваад явсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Б.Зхгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .....   Би хоёр хүүхдээ дотуур байранд байлгахгүй гэж бодоод 2017 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудлын 2-4 тоотод амьдардаг найз Одын хашаанд өөрийн их таван ханатай гэрээ барьж нөхрөө хөдөө малтай нь хамт орхиод 3 хүүхдээ дагаж Мандал сумын төвд барьсан гэртээ амьдарч эхэлсэн юм. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр амьдралын шаардлага гараад манай нөхөр Бт Улаанбаатар хотод очиж ажил хийхээр болж би хүүхдээ дөрөвдүгээр сургуулийн дотуур байранд оруулчхаад өөрөө гэрээ цоожлоод төмөр замын 221 дүгээр точикт байдаг гэртээ мал дээрээ очсон юм. Тэгээд өчигдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 12 цагийн галт тэргээр Мандал суманд ирээд Баянсуудлын 2-4 тоот хашаанд барьсан гэртээ иртэл манай гэрийн цоожийг төмрөөр цохиж эвдэлж онгойлгоод хулгай орсон байсан. Би гэртээ орж эд зүйлээ бүртгэж үзэхэд доорх эд зүйлүүд хулгайд алдагдсан байсан. Үүнд: 1. 100 ампертай авто машины аккумлятор 1 ширхэг

2. 14 инчийн улаан хүрээтэй зурагт 1 ширхэг

3. Ногоон даалинтай, улаан толгойтой, бор хүрэн өнгийн чулуун хөөрөг 1 ширхэг

4. Бор хүрэн хуйтай төмөр гинжтэй хутга 1 ширхэг

5. Цахилгаан индүү 1 ширхэг

6. Малчны тамга тэмдэг 1 ширхэг

7. Үзэг балнууд

8. Ногоон хүрэн өнгөтэй том цүнх 1 ширхэг зэрэг зүйлүүд алдагдсан байсан. Би хулгай орсныг мэдээд цагдаа руу утасдаж дуудлага өгсөн... Би алдагдсан зүйлүүдээ бүгдийг нь хүлээж авлаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 18-19 дүгээр хуудас/

Гэрч Э.Бнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .......  2018 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 03 цагийн үед Чулуунцэцэг эгчийн хүү О-Ээ өөрийн найз Шинэбаярын хамт Үтрэмийн 1-8 тоот ээжийнхээ гэрт орж ирсэн. Тэр үед О-Ээ эхнэртэйгээ маргалдаж муудалцсан байдалтай гэрээсээ цүнхтэй хувцсаа барьж ирээд оруулж тавьсан. Тэгээд надаас тамхи асуухаар нь би 3-4 ширхэг тамхи өгсөн чинь аваад гарсан. Тэрний дараа 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө 08 цаг өнгөрч байхад О-Ээ ээжийнхээ гэрт дахин орж ирээд Ээжээ би өрөндөө хүнээс юм авчихлаа гэж хэлээд хөөрөг хутга хоёр гаргаж ирсэн. Тэр үед О-Ээ нилээн согтуу байсан. Хэсэг хугацааны дараа О-Ээ өөрөө ээж та цагдаа дуудчих би хүний юм авчихсан байна гэж хэлсэн. Тэгээд Чулуунцэцэг эгч бид хоёр О-Эийг хүний юм хулгайлсан байна гэж мэдээд би Чулуунцэцэг эгчийн утсаар Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 28 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 05-09 дүгээр хуудас/

Хулгайд алдагдсан эд зүйлүүдийг нийт 515000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 22 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын Баянсуудлын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 35 дугаар хуудас/

Ч.О-Эийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 36 дугаар хуудас/

Ч.О-Ээ нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 38 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ч.О-Ээ нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө 07-08 цагийн үед Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудлын 2-4 тоот хашаанд бариатай байсан иргэн Б.Зхгийн монгол гэрийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж эвдлэн гэрт нэвтрэн орж  515000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.О-Эийг бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Ч.О-Ээ нь бусдын хөрөнгийг хулгайлахдаа нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.О-Ээд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.О-Эийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй байна.

 

Хохирогч Б.Зх нь эд зүйлээ бүрэн хүлээн авсан тул нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 24.5 см урттай, 9.5 см өргөнтэй зэвтэй төмөр 1 ширхэг, Eхtra Gusami Top Security гэсэн бичигтэй цагаан өнгийн эвдэрхий цоож 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэргийн газрын үзлэгийг дүрс бичлэгээр бэхжүүлсэн 1 ширхэг СD-г хавтаст хэрэгт нь үлдээх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад  шүүх хуралдаанаас

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1. Шүүгдэгч Монгол овогт Чулуунцэцэгийн О-Эийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх 1.3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.О-Эийг 01 жил 01хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.О-Ээд оногдуулсан 01 жил 01 хоногийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 24.5 см урттай, 9.5 см өргөнтэй зэвтэй төмөр 1 ширхэг, Eхtra Gusami Top Security гэсэн бичигтэй цагаан өнгийн эвдэрхий цоож 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэргийн газрын үзлэгийг дүрс бичлэгээр бэхжүүлсэн 1 ширхэг СD-г хавтаст хэрэгт нь үлдээсүгэй.

5. Ч.О-Ээ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.О-Ээд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.ХЭРЛЭН.