Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 781

 

                                                                                                                                                                               

 Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Н.Ундрах,

Хохирогч Ш....,                                                                                                                                      

Шүүгдэгч А...., түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн /ҮД:0407/,

Шүүгдэгч Ж...., түүний өмгөөлөгч А.Очбадрал /ҮД:2185/,

Шүүгдэгч А...., түүний өмгөөлөгч Н.Цэрэн... /ҮД:0192/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Яргайт овогт ...ийн ..., Боржигон овогт ...ын ..., Мунан овогт ...ийн ..., Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Яргайт овогт ...ийн ... нарт холбогдох 201726011048 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, 1972 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 46 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Яргайт овогт ...ийн ... /РД: .../.

 

         Монгол Улсын иргэн, 1972 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Уулын ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ын ... /РД:.../.

 

          Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Мон лаа ...тоотод оршин суух,

            Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 404 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Мунан овогт ...ийн ... /РД: .../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд өсвөр насны шүүгдэгч нарын гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч А.Батзориг, Ж...., А.Отгонцоож нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийн мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар тооцож үнэлсэн.

  А.... нь 2017 оны 05 дугаар сарын 14-ний шөнийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Ханхөхий хүнсний дэлгүүрийн орчим Ш....ын нүүрэн тус газар гараараа цохиж зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

  - Хохирогч Ш....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн үед би найз нартайгаа 0,75 гр архи уучихсан байсан юм. Тэгээд орой 21 цагийн гэртээ унтаж байхад эхнэр дандаа архи уугаад байх юм гээд намайг гэрээсээ хөөгөөд байхаар нь хөөргөө аваад хөдөө явлаа гээд гарсан. ... Гэрээсээ гараад гудамжнаас гар өргөж унаанд суугаад явж байтал суусан унаа маань баруун салаа руу ажилтай болчихлоо та буучих гээд намайг тойргийн дэлгүүрийн цагдаагийн постны хажуухан талд буулгасан. Цаашаа буудал руу гар өргөөд алхаж явсан чинь араас нэг залуу хүрч ирээд мөрнөөс татаад би эргээд харсан чинь шууд миний нүүрэн тус газар цохиод эхэлсэн би үг хэлэх боломж олдоогүй намайг заамарын ...гэж дуулсан уу чи гээд цохиод эхэлсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 11-12, 163 х/,

 

  - Шүүгдэгч А....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 05 сарын 14-ний өдөр ..., ... бид гурав 19 цагийн үед Ханхөхий хүнсний дэлгүүрийн үүдэнд уулзаад тухайн дэлгүүрээс архи аваад харъя гээд тойрог руу явж байсан. Ханхөхий дэлгүүрийн үүдэнд зогсож байсан чинь нэг үл таних залуу явж байхаар нь ... тамхиа өгчих гэж хэлсэн тэгсэн нөгөө залуу намайг төмөр хашаа руу түлхээд унагаачихсан. Тэгэхээр нь би босч ирээд барилцаж аваад дэлгүүрийн хажуу талын жалга руу давхралдаад уначихсан. Тэгсэн ..., ... нар бид 2-г салгасан. Тэгэх явцад нөгөө залууг би нэг удаа дух хавьцаа нь цохисон, ...” гэх мэдүүлэг /1хх 156-157, 2 хх 27-29, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

- Шинжээчийн 6635 дугаар дүгнэлт

1.Ш....ын биед зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

         3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдантанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /1 хх 86 х/,

 

        - Шинжээчийн 1187 дугаар дүгнэлт

         1.Ш....ын хэлсэн зовиур болон хэсэг газрын үзлэгт шүдний гэмтлийн талаар дурьдагдаагүй болно.

          2.Учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          3.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдантанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /1 хх 92 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

А...., Ж...., А.... нар бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 14-ний шөнийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо “Ханхөхий” хүнсний дэлгүүрийн орчим хохирогч Ш....ын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж, 2 ширхэг хөөрөг, гар утас, бэлэн 60,000 төгрөг, тамхины асаагуур зэргийг авч 2,134,780 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

           - Хохирогч Ш....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн үед би найз нартайгаа 0,75 гр архи уучихсан байсан юм. Тэгээд орой 21 цагийн гэртээ унтаж байхад эхнэр дандаа архи уугаад байх юм гээд намайг гэрээсээ хөөгөөд байхаар нь хөөргөө аваад хөдөө явлаа гээд гарсан. ... Гэрээсээ гараад гудамжнаас гар өргөж унаанд суугаад явж байтал суусан унаа маань баруун салаа руу ажилтай болчихлоо та буучих гээд намайг тойргийн дэлгүүрийн цагдаагийн постны хажуухан талд буулгасан. Цаашаа буудал руу гар өргөөд алхаж явсан чинь араас нэг залуу хүрч ирээд мөрнөөс татаад би эргээд харсан чинь шууд миний нүүрэн тус газар цохиод эхэлсэн би үг хэлэх боломж олдоогүй намайг заамарын ...гэж дуулсан уу чи гээд цохиод эхэлсэн. Энэ үед араас нь дахин нэг залуу ирсэн уг залуу эхний залуугаас нас арай залуу намайг газар унасан байхад надтай юм яриагүй шууд л толгой руу гараараа цохисон, мөн дахин нэг залуу араас нэмж ирээд ингээд 3 залуу намайг нийлж нүүр толгой руу цохиж зодсон би хэн нь хэдэн удаа цохисныг тоолоогүй, тодорхой хэлж мэдэхгүй байна. Нэг залуу нь миний халаасыг ухаад 2 хөөрөг, гар утас, бэлэн 60.000 төгрөг, тамхи, асаагуур зэрэг эд зүйлийг ухаж байгаад авсан. Тэгээд эд зүйлүүдийг надаас авчихаад цаашаа яваад өгсөн. Намайг ..., ... 2 цохиж байхыг харсан. Харин ... намайг цохиогүй, миний зүүн талд халаас ухаж байгаа харагдсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 11-12, 163 х/,

 

          - Шүүгдэгч А....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 05 сарын 14-ний өдөр ..., ... бид гурав 19 цагийн үед Ханхөхий хүнсний дэлгүүрийн үүдэнд уулзаад тухайн дэлгүүрээс архи аваад харъя гээд тойрог руу явж байсан. Ханхөхий дэлгүүрийн үүдэнд зогсож байсан чинь нэг үл таних залуу явж байхаар нь ... тамхиа өгчих гэж хэлсэн тэгсэн нөгөө залуу намайг төмөр хашаа руу түлхээд унагачихсан.

 

Тэгэхээд би босч ирээд барилцаж аваад дэлгүүрийн хажуу талын жалга руу давхралдаад уначихсан. Тэгсэн ..., ... нар бид 2-г салгасан. Тэгэх явцад нөгөө залууг би нэг удаа дух хавьцаа нь цохиж, ... нэг удаа толгой хавьцаа цохиж байгаа харагдаж байсан. Тэгээд бид жалганаас гараад явж байсан чинь    ...    толгойгүй    хөөрөг    бас   цагаан    өнгийн    жижиг     хөөрөг гаргаж ирж байсан. Тэгээд бид 3 манай хамаатны ахын гэрт очиж хоноод маргааш өглөө нь бид 3 гэрээс гараад явж байсан чинь ..., ... нар нокиа утас гаргаж ирээд энийг зарж шараа тайлъя гэж хэлэхээр нь хаанаас гаргаж ирсэн юм гэхэд өчигдрийн хүнээс авсан ш дээ гэж хэлсэн. Тэгээд бид 3 тэр утсыг Баянбүрдэд гудамжинд явж байсан залууд 5000 төгрөгөөр зараад хямдхан архи авч уусан. ... Би босч ирээд ...ын шанаа хэсэг рүү нэг цохиж, дух орчим бас нэг цохисон. ... ...ыг цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн хохирогчийн эд зүйлийг авахад оролцсон. Би тэр хүнийг тавь гэж хэлээд ганц, хоёр удаа толгой дух орчим нь цохиход намайг тавьсан. Би ...ыг тавь нүүр орчим нь цохисон. ... ...ыг “миний найзыг тавь" гээд нэг удаа цохьчихоод жалганаас гараад явсан. ... гэхдээ ...ын нүүр ам руу цохиогүй байх. ...” гэх мэдүүлэг /1хх 156-157, 2 хх 27-29, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

- Шүүгдэгч Ж....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 05 сарын 14-ний өдөр ..., ... нартай Баянхошууны гудамжны ойролцоо уулзаад 2 шил 0,75 гр архи дэлгүүрээс аваад уугаад орой 21 цагийн үед дээшээ ..., ... нарын хамт өгсөөд явж байсан чинь тойргийн ойролцоо Ханхөхий дэлгүүрийн засмал замын дагуу алхаж явтал ... надад урд нэг ах халамцуу явж байна энэ хүнийг цохиод дээрэмдье гэж хэлсэн энэ үед ... миний ар талд явж байсан тэгээд ... түрүүлж алхаад замын эсрэг талд байсан ахыг очоод шууд цохиод газар унагахаар нь би газар унасан хүнийг дээрээс нь 2-3 удаа өшиглөж авсан. Тэгээд тэр та нар болиочээ настай хүнийг яах гээд байгаа юм гэж орилоод босоод ирэхэд нь ... боогоод хажуу тал руу жалга руу ноцолдоод унасан. Тэгэхээр нь ... бид 2 жалга руу ороход ... тухайн хүнийг боогоод дээр нь гарчихсан байсан. Тэгээд би түрүүлээд жалганаас гараад араас ..., ... хоёр 5 минутын дараа гарч ирсэн. Маргааш өглөө нь 09 цагийн үед ...ийн гэрээс гараад Баянбүрд рүү алхаж явахдаа зам дагуу хүмүүсээс хөөрөг авах уу гээд цагаан өнгийн толгойтой хөөрөгийг 10.000 төгрөгөөр явуулын хүнд зарчихсан тэгээд мөнгөөрөө бид гурав Баянбүрдийн ойролцоо дэлгүүрээс 2 шил архи аваад архиа гудамжинд хувааж уугаад дуусгасан. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...Би ...ыг 2-3 удаа өшиглөсөн. Би толгой руу өшиглөөгүй, ...ын хүзүү нуруу руу нь өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг / 1 хх 120-121, 2 хх 33-35, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

- Шүүгдэгч А....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 05 сарын 14-ний өдөр Баянхошууны тойрог дээр ирээд ..., ... нартай таараад ..., ... нар ганц юм ууя гэж хэлэхээр нь би тэгье гээд Ханхөхий дэлгүүр орж нэг шил архи аваад хувааж ууж дуусчихаад орой 23 цагийн үед тойрог руу гараад Ханхөхий дэлгүүрийн үүдэнд байж байгаад ... нэг хүнтэй муудалцаад зууралдаад жалга руу өнхрөөд унасан. Тэгсэн араас нь ... очоод би араас нь хамгийн сүүлд очсон. Тэгсэн      ...      бил      үү      ...       бил      үү       халааснаас      нь

 

юмыг нь аваадахаач гэхээр нь би халааснаас нь даалинтай хөөргийг аваад ...т өгсөн.Тэгээд би одоо болиоч явъя гэж хэлээд зам хөндпөн гараад замын хажуу талаас такси бариад Баянбүрдэд ...ийн эгчийн гэрт очиж хоноод маргааш нь Эх нялхасын тэнд алхаж яваад цагаан хөөргийг ... 10.000 төгрөгөөр зараад тэр мөнгөөрөө бид гурав архи авч хувааж уугаад бид 3 тэндээсээ автобусанд сууж Баянхошуунд ирээд хаан банкны АТМ-ны хажууд явж байгаад цагдаад баригдсан. Би уг хэргийг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Хохирлоо барагдуулна. ...” гэх мэдүүлэг /1 хх 124-125, 2 хх 34-35, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

- Гэрч Я....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр 2017 оны 05 сарын 14-ний орой 21 цагийн үед гэртээ архи уучихсан, үнэртүүлсэн байхаар нь би уурлаад ингэж амьдарч байхаар чи зайл гэж хэлсэн чинь манай нөхөр хувцасны шкафанд байсан хөөрөгнүүдээ аваад гараад явсан. ... шөнийн 01 цагийн үед цагдаагаас нөхөр чинь зодуулсан байна ирээд аваадах гэж хэлсэн. ...манай нөхрийн гэрээс авч гарсан 2 ширхэг хөөрөг нэг нь толгойтой, нөгөө нь толгойгүй хөөрөг байсан, мөн хар өнгийн нокиа маркийн гар утсыг нь авсан байсан дээрх эд зүйлүүд нь биед нь байгаагүй. Нэг хөөрөг нь дунд гарын хаш даваа толгойтой хөөрөг, харин нөгөө хөөрөг нь шар халтар өнгийн дунд гарын чүнчигноров хөөрөг гэж ... хэлсэн, би өөрөө яг ямар хөөрөг гэдгийг мэдэхгүй. Манай нөхөр ...ын ах ..., дүү ... нар нь чулуугаар хөөрөг хийдэг уран хүмүүс байдаг. Би нөхрийгөө уг хөөрөгнүүдээ ах дүү нараасаа л авсан гэж бодож байна өөр хүнээс авах боломжгүй. Ямар ч байсан надад уг хөөрөгнүүдээ бусдад дээрэмдүүлэхээс 10 хоногийн өмнө үзүүлж байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 14-15 х/

 

- Гэрч П....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 05 сарын сүүл үед байх ...ахтай цуг архи уугаад яваад байдаг миний зүс таних ... гэгч ах надад нэг чулуун хөөрөг байгаа гэхдээ яг ямар хөөрөг юм гэдгийг нь хэлж мэдэхгүй зармаар байна чиний таньдаг хүмүүс дундаас хөөрөг сонирхох хүн байна уу гэж асуугаад байхаар нь би манай найз нөхөд дундаас хөөрөг авах хүмүүс байхгүй дандаа залуу хүмүүс гэж хэлсэн. Харин яаж олсон талаар асууж лавлаагүй. Энэ үеэс хойш ... буюу ... ах цагдаад баригдсан юм байна лээ. ...... ах ... 2 хэлэхдээ нэг хөөрөгний асуудалтай цагдаа дээр шалгагдаж байгаа хөөргөө ...ахад хадгалуулсан байсан. ...асууж сураглаад яваад байхаар нь би ар гүнт рүү ажлаар явсан гэж хэлсэн. ...ах нилээд хэд хоногийн дараа ажлаа дуусгаад ирсэн. ...гэрийнхээ модон шкаф дотроос нэг хувцсанд боогоод тавьсан байсан халааснаас бор хүрэн өнгийн толгойгүй чулуун хөөрөг гаргаж ирээд ..., ... 2-т өгөөч, ахыгаа хөдөөнөөс ирээгүй байгаа гээд хэлчихээрээ гэсэн юм. Тэгээд би уг хөөргийг ... ахад өгсөн. ... ах уг толгойгүй бор хүрэн өнгийн хөөргийг аваад цагдаа дээр аваачиж өгнө гээд явсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 18-19 х/

 

  • Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 хх 21 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч нарын хувийн байдал, хохирлын талаарх нотлох баримтууд:

 

- Гэрч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай

нөхөрт ямар нэг догшин зан авир байхгүй. Даруухан ааш зантай. Манай нөхөр ... хөдөө манай ахын малыг хариулдаг байгаа юм. Харин 05 дугаар сарын сүүлээр газар тариалангийн ажил хийгээд Төв аймгийн Баянцогт руу манай ахын тариан талбай руу явж ажилдаг юм. Манай хүн өөрөө их амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй ажилч хүн. Манай нөхөр хүнтэй их нийтэч зантай өөр ямар нэг муу зуршил гэх зүйл байхгүй ээ. Хүнтэй эелдэг дотно л харилцдаг. Би ...тай

хамтран амьдраад 10 гаруй жил болж байна энэ хуцгацаанд надад ямар нэг догшин авирласан хатуурхсан зан гаргаж байгаагүй ээ. Мөн манай ах дүү нарт А.... нь нэр хүндтэй эелдэг боловсон харьцдаг ер манай хамаатан садангийн ах дүү нар маань их ам сайтай байдаг юм. ...” гэх мэдүүлэг /1 хх 17, 244-245 х/

 

- Гэрч А....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай ах ... маань өөрөө их дуу муутай даруухан хүн байгаа юм. Өөрөө даалгасан ажил их сайн гүйцэтгэдэг. Манай ах чинь өөрөө бусадтай харилцах харилцаа нь хэвийн л байдаг. Хааяа жоохон архи уучихдаг юм тэгэхээрээ зан нь жоохон хувирчдаг юм. Гэхдээ согтуу үедээ манай гэрт ирж л байдаг юм агсам согтуу тавиад байдаг зан бол ерөөсөө байхгүй ээ. Манай ах шатар сайн тоглодог спортын зэрэгтэй байх ёстой хүн байгаа юм. Манай ах 1997 онд цэргийн алба хааж ирээд сайхан амьдралтай хүн байсан. Хөдөө Булган аймгийн Баян нуур суманд малтай эхнэр хүүхэдтэйгээ сайхан л амьдралтай, наадамд хүртэл морь уядаг сайн хүн байсан юм. Харин эхнэрээсээ 2000 оны үед салаад сэтгэлээр унаад архи жоохон уух гээд байдаг болчихоод байгаа юм. Уг хүний хувьд бол ааш зан эвдрээд бүүр дордчихсон хүн бол бишээ. ...” гэх мэдүүлэг /1 хх 17 х/

- Шинжээчийн мэдүүлэг: “ ... Би “Дамно” ХХК-ийн захирал, үнэлгээчин ажилтай. Хөрөнгийн үнэлгээний хуульд зааснаар хөрөнгийн үнэлгээний байгууллага нь мэдээллийн сантай байх ёстой. Тиймээс Дамно байгууллага нь энэ төрлийн санд үндэслэсэн. Эртний эдлэл, хөөрөг, чулуу, үнэт эдлэлийн чиглэлээр арилжаа болон үйлдвэрлэл эрхэлдэг. Тэгээд тогтоолд ирүүлсэн хөрөнгийн тодорхойлолтод үндэслэн дээрх мэдээллүүдийн хүрээнд уг үнэлгээг гаргасан ...” гэх мэдүүлэг /2 хх 243 х/

 

- Ж....ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 46, 2 хх 44 х/

- А....ийн ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 47, 2 хх 45 х/

- А....ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 48, 2 хх 46 х/

- А....ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 49, 211 х/

- А....ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 50 х/

- Эд зүйлийн үнэлгээ /1 хх 51 х/

- “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан  /1 хх 95-96 х/

- А....ийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 хх 143 х/

- А....ийн  оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 хх 144, 166 х/

- Хохирол хүлээн авсан баримтууд /1 хх 145, 146, 165 х/

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 23 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

            Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлын талаарх хууль зүйн дүгнэлт: Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хор уршгийн  хооронд  шалтгаант  холбоо  тогтоогдсон  байх  ёстой  бөгөөд  шалтгаант

холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол иргэн Ш....ын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж, 2 ширхэг хөөрөг, гар утас, бэлэн 60.000 төгрөг, тамхины асаагуур зэргийг авсан, дээрэмдэх явцдаа А.... эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан зэрэг нь шүүгдэгч нарын дээрх үйлдэлтэй шууд холбоотой өөрөөр хэлбэл А...., Ж...., А.... нарын гэмт хэргийн шинжтэй үйлдэл, хохирогчид учирсан хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.

 

Шүүгдэгч нарын хүний эд хөрөнгийг авахаар бие махбодид нь хүч хэрэглэн довтолсон үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг хангасан,

 Хохирогч Ш....ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь А.... түүний нүүрэн тус газар гараар цохиж зовхины цус хуралт гэмтэл учруулсан гэх үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 21-22 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

            Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

            Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг

  

            Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаар А...., Ж...., А.... нар өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас бусдад хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. А...., Ж...., А.... нар насанд хүрсэн болно.    

            Иймд энэ хэргүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, А...., Ж...., А.... нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон.

 

А...., Ж...., А.... нарын дээрэмдэх гэмт хэргийн улмаас учирсан шууд болон шууд бус хохирол нийт 2,355,780 төгрөгийн үнэлгээтэй болох нь Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан  /1 хх 95-96 х/-аар, бусад хохирлын баримтуудаар тогтоогдсон, үүнээс 800,000 төгрөгөөр үнэлэгдсэн Чүнчигноров хөөргийг биет байдлаар нь буцаан өгсөн болох нь Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 23 х/-ээр нотлогдсон тул 2,355,780-800,000=1,555,780 гарсныг 3 хүнд хуваахад нэг хүнд 518,593 төгрөг ноогдож байгаа бөгөөд үүнээс шүүгдэгч А...., Ц.... нар өөрт ноогдох хохирлоо бүрэн төлсөн, шүүгдэгч Ж.... төлөөгүй тул түүнээс дээрх төлбөрийг гаргуулж хохирогч Ш....-д олгохоор шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч А...., А.... нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрсдийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, Ж....т оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан байсан, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэргийг харгалзан мөн А...., Ц.... нар тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, оногдуулах ял шийтгэлийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах шаардлагад нийцэж байгаа зэргийг харгалзан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Цагдан хоригдсон хугацааны талаар:

А.... нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 75 хоног, Ж.... нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 137 хоног, А....  2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 11-ний өдрийг хүртэл 06 хоног тус тус цагдан хоригдсон тул уг хоногуудыг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол А...., Ж...., А.... нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Яргайт овогт ...ийн ...ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Боржигон овогт ...ын ..., Мунан овогт ...ийн ... нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар А....т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.2015 оны Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А....ыг

01 жилийн хугацаагаар хорих ялаар, А....ийг 01 жилийн хугацаагаар хорих ялаар,

2015 оны Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж....ыг 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ж...., А...., А.... нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Ж....ын цагдан хоригдсон 137 хоног, А....ийн цагдан хоригдсон 75 хоног, А....ийн цагдан хоригдсон 6 хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд тус тус оруулан тооцсугай. 

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Ж....оос 518,593 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян уулын 10-8 тоотод оршин суух Ш.... /РД:ЗЮ65020817/-д олгосугай.

 

 7.Ж...., А...., А.... нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

 8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А...., Ж...., А.... нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ДАШДОНДОВ