Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2025/ДШМ/960

 

2025            08            14                                                                                    2025/ДШМ/960

 

Д.Б-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мижиддорж,

шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Ч.Болд,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1456 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Гэрэлбаатарын бичсэн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 30 дугаартай прокурорын эсэргүүцлээр Д.Б-од холбогдох 2506 00000 0087 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.   

Б- овгийн Д-гийн Б-, .............., /РД: ................/;                        

Шүүгдэгч Д.Б- нь 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ********** хотхоны 503 дугаар байрны 701 тоотод хохирогч Ц.Ц-той маргалдан улмаар зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд зүүн чамархай, хацрын төвгөрт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, шүүгдэгч нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, хохирогч Ц.Ц нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Гэрэлбаатар бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх Д.Б-од холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй”, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” ба 90 хоногоос багагүй буюу 3 жил хүртэл хугацаагаар торгох ял биелүүлэх хугацаа болон төлөх хэмжээг хэсэгчлэн тогтоох гэсэн агуулгаар ойлгож хэрэглэх талаар шүүхийн практик тогтсон байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулиар торгох ялыг биелүүлэх хугацааны доод хязгаарыг тогтоож өгөөгүй боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн хугацааг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлөх доод хугацааг тогтоож хуульчилсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэсэн зарчимд харшлахгүй бөгөөд тусгайлан зохицуулсан хуулийн хугацаанаас богино хугацаагаар торгох ялын биелэлтийг тогтоож шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэхээр байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1456 дугаартай шийтгэх тогтоолд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.М-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож...” гэж өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Т.Мижиддорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эсэргүүцлийн үндэслэлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалтад шүүгдэгч А.Б-од 450.000 төгрөгийн торгох ялыг биелүүлэх хугацааг 1 сар гэснийг 3 сарын хугацаанд төлөхөөр тусгуулах саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч Д.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Ч.Болд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... А.Б-ын тухайд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг өнөөдөр ч төлөх боломжтой. Хэргийн тухайд хамаатан, саднуудын хооронд үүссэн асуудал байдаг. Прокурорын гаргасан саналыг дэмжиж байна. 1 сарын хугацаанд гэснийг 3 сарын хугацаанд төлөхөөр өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Д.Б- нь 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ********** хотхоны 503 дугаар байрны 701 тоотод хохирогч Ц.Ц-той маргалдан улмаар зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд зүүн чамархай, хацрын төвгөрт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ц.Ц-гийн “... А- нь аавынхаа өрөөнөөс гарч ирээд Хашзаяа руу дайрч юм авч шидэж хагалсан. Тэгэхээр би А-ыг “тайвшир миний дүү болдоггүй юм” гэж хэлээд 2 гарыг нь бариад автал зүүн шанаа хэсэг рүү 1 хүн цохисон ба харахад А-ын нөхөр Б- байсан. ...” /хх 7-8/,

гэрч Г.М-ийн “... Х- Ц нар нь А-ыг зуураад тавихгүй байсан учраас би болон А-ын нөхөр Б- орж салгасан. Ц, А-ыг хоёр гараараа зуураад байсан учраас Б- А-, Ц нарын голоор биеэрээ ороод салгасан. ...Салсны дараа би дүү нараа бүгдийг нь алгадаад хөөгөөд гарцгаасан. ...” /хх  11-12/,

гэрч П.Ш-ын “... Х- над руу залгаад “бид нар Б-ыг манай эгчийг цохисон учраас цагдаад өгч байгаа” талаар хэлсэн. ...” /хх 15-16/,

гэрч Г.А-ын “...би аавтайгаа салах ёс хийчихээд гартал өөдөөс Ц.Ц, Х-, Х-гийн У- нар над дээр хүрч ирээд намайг заамдаад” чи эцгийгээ алсан, чамайг шоронд хатаана, чи муу аавыгаа алсан биз дээ” гээд над руу дайраад байсан. Тэгээд тэр 3 над руу дайраад, нүүр ам луу цохиод миний дээд талын шүд хөдөлсөн, бас миний бүх хумснуудыг унагаасан. Энэ үед манай нөхөр хүрч ирээд тэр гурвыг болиулсан ба Ц.Ц нь салахгүй намайг зуураад байсан...” /хх 19-20/,

гэрч Ц.Х-гийн “...Би ламаа гаргаж өгөх гээд гал тогооны өрөөнд ортол манай эгч Ц-гийн зүүн талын чамархай нь хавдчихсан байсан. Би юу болсон талаар асуутал “Намайг А-ын нөхөр Б- цохисон” гэж надад хэлсэн. ...Б-оос “чи яахаараа хүмүүсийг цохиж зоддог юм” гэтэл өөдөөс “муу сайн шорон царайтай писданууд, та нарыг нийлүүлээд зодоод өгье, наашаа хүрээд ир” гэж хэлсэн. ...” /хх 27-28/,

гэрч Х.У-ын “... сүүлд ирсэн хүмүүс уйлаад, орилж байсан ба ээж тэд нарт хандан “Та нар чимээгүй байгаач, ийм үед ингэж орилж хашхирдаггүй юм, та нар чимээгүй бай” гэсэн. ... Ламыг дагуулаад аавын өрөөнд ортол Б- ээж рүү улам асаж дайраад байсан болохоор би М-э ахад хандан “та энэ хүнээ аваач” гэсэн. Тэгээд бужигнаад М-э ах Б-, Уянга нарыг чирээд гарах хооронд манай эгч Ц-гийн чамархай нь хавдчихсан байсан. Сүүлд манай ээжийн дунд эгч Сарангэрэл нөхөртэйгөө ирээд Ц-г хараад яагаад ийм болсон талаар асуусан. Ц тэр хүүг гээд Б-ыг заах үед Б- дахиж босож ирээд “Та нар хэн юм, шорон царайлсан хулгайчууд, та нарт багадаад байна уу? Дахиад цохиод өгөх үү” гээд орилсон...” /хх 30/,

гэрч Н.А-гийн “...юунаас болсныг мэдэхгүй байна ямартай ч Б-, У- нар орилоод үүдэнд байсан муурын гэрийг өшиглөөд “Та нараас болсон” гээд орилоод байсан. Тэгж орилж байгаад Б- нь Ц-гийн зүүн талын чамархай хэсэгт цохиод томбойлгоод хаясан. У- надад хандан “Ах аа, та энэ хүнийг болиулаач” гэсэн. Би танихгүй учраас очиж чадаагүй ба тэдний ах М-э гарч ирээд тэр хоёрыг алгадаад болиулаад аваад гарсан. Б- нь тухайн үедээ “та нараас болсон, та нарыг ална” гээд орилж байсан. ...” /хх 33-34/,

гэрч С.Н-гийн “... хэсэг хугацааны дараа Г-иогийн хүргэн Б- уйлаад ороод ирсэн. Араас нь А- 2 эмэгтэй, 1 эрэгтэй хамт орж ирээд аавынхаа байсан өрөөнд ороод уйлаад суугаад байсан. А-тай хамт нэг хүүхэн өрөөнд нь орсон ба нэлээд удаж байгаад гарч ирээд орилоод газарт байсан муурын гэрийг авч шидээд Х- руу дайраад байсан. Хажуугаар нь Б- орж ирээд орилоод байсан ба бид буйдан дээр сууж байгаад босоод газарт унасан эд зүйлийг цэгцлээд байж байтал, тэд нарын ах нь бололтой нэг хүн гарч ирээд А-тай хамт орилоод байсан шар хүүхэн, Б- хоёрыг алгадаад хөөгөөд гаргасан. Тэгээд уур амьсгал намжаад би гал тогоонд ирээд хартал Х-гийн төрсөн эгч нь зүүн нүдээ алчуураар дараад зогсож байсан. Би юу болсон талаар нь асуутал “Б- намайг цохисон” гээд нүд нь томбойгоод хавдчихсан байсан. Тэгээд миний бие өвдөөд даралт ихсээд би гэртээ яваад орсон. ...” /хх 49-51/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Ц.Ц-гийн биед зүүн чамархай, хацрын төвгөрт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт тооцогдоно. ...” гэх 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1238 дугаартай /хх 54-55/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ыг хохирогч Ц.Ц-гийн зүүн чамархай хэсэгт цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА-, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА-, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох ялыг хэсэгчлэн төлүүлж болох зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон хэм хэмжээ бөгөөд хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзвэл шүүх уг асуудлыг шийдвэрлэхгүй бөгөөд энэ тохиолдолд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсгүүдэд заасан ердын журмаар явуулна.

 

Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон бол торгох ял биелүүлэх хугацааг 90 хоногоос багаар тогтоож, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хуульд зааснаас дордуулж болохгүй юм.

 

Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулийн агуулгаас өөрөөр буюу шүүгдэгч Д.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг 90 хоногоос бага хугацаагаар буюу 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь буруу байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1456 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаанд биелүүлэх ...” гэснийг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуульд заасан хугацаанд буюу  90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

2. Хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

 

                        ШҮҮГЧ                                                            Н.БААСАНБАТ

 

                        ШҮҮГЧ                                                            М.АЛДАР