Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 0906

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа, улсын яллагч Э.Гэрэлмаа, шүүгдэгч Ц.Ч, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, иргэдийн төлөөлөгч Г.Энхбаяр  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт Ц.Ч-д холбогдох эрүүгийн 1706018250675 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны 04 дүгээр сарын 1-ний өдөр … төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой,  мэргэжилгүй , эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, … тоотод оршин суух, улсаас  авсан гавъяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй Чингэлтэй дүүргийн 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 232 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгэгдэж 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, Янзаган овогт Цэрэндашийн Чинболд, /РД:... /,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Яллагдагч Ц.Ч нь 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 262-10 тоотод төрсөн ах Ц.Э-г хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Гэмшиж байна гэв./хх-н 56/

Хохирогч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Баянзүрх дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 262Б-10 тоотод өөрийн төрсөн дүү Ц.Ч-н хамт амьдардаг бид 2 гэр бүлгүй хоёулаа байдаг. Ч байнга архи ууж цугтаа амьдрахад төвөгтэй байдаг. Ч өөрийн байрны орчимд архи уудаг мэдэх, мэдэхгүй хүмүүстэй нийлж архи уудаг. 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө би сангийн ажил хийлгэх гээд адууны мах чанаад сан янзлах хүнээ хүлээгээд байж байхдаа гэрээс гарч дэлгүүр орчихоод хүрээд иртэл Ч архи ууж гаднаас орж ирээд хүнд чанасан байсан махыг идэж дуусгаж байсан. Би уурандаа Ч-г 2 удаа алгадсан чинь Ч мах идэж байсан хутгаараа нэг мэдсэн чинь намайг дүрээд би ухаан алдсан байсан...”гэх мэдүүлэг/хх-н 32-34/

Гэрч Т.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Баянзүрх дүүргийн 8,12-р хорооны нутаг дэвсгэрт Гачуурт 115 дуудлагатайгаар хөдөлгөөнт эргүүлийн үүргийг Ахлагч Б-н хамт гүйцэтгэж байхад 11 цаг 19 минутад Гачуурт 10-с 8-р хороо Эрдэнэтолгойн гурван давхар тоосгон байшинд хутгалуулсан хүн байна гэх дуудлагыг хүлээн авч 11 цаг 25 минутад Баянзүрх дүүргийн 8-р хороо 262-р байрны 11 тоотод очиж шалгахад гэрийнхээ үүдэнд коридортоо доошоо харсан байдалтай доод хэсэгт нь цус тунарсан, ёолсон байдалтай эрэгтэй хүн хэвтэж байхлаар нь эмнэлэг дуудсан. Тэгээд тэнд байсан нэг хүн дүү нь хутгалаад зугтсан гэхээр нь бид тэр хутгалсан хүнийг  хайгаад байшинг нь тойрч үзэхэд манай нөгөө хамт очсон С.У гэдэг цагдаа олж аваад хэлтэсрүү аваад явсан. Би 103 эмчид тухайн хохирогчийг хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг/хх-н 59/ 

Гэрч Ш.Б мөрдөн шалгах ажиллагаанл өгсөн: “Цээжний 4 хэсэг газар хутгалагдсан шархтай, өвчүүний дунд хэсэгт, цээжний зүүн хэсэт 5,6-р хавирганы завсраар цээжний хэсэгрүү нэвтэрсэн 2 шархтай, үлдсэн 2 шарх нь нэвтрээгүй шархтай, зүүн гуяны дунд дотор хэсэгт гүн шархтай байсан. Шархны улмаас хэвтэж эмчлүүлсэн.Тухайн үед өвчтний биеийн байдал хүнд, цээжний хөндийд гуурс байрлуулах мэс ажилбар хийгдэж цээжний хөндийгөөс 350мм соруулан авах мэс ажилбар хийгдсэн. Өвчтний биеийн байдал сайжирч 13 хоногийн дараа эмнэлгээс гарсан. Эмнэлэгт олон удаа архи ууж, эмнэлэгийн дотоод журам зөрчиж эмнэлгээс хөөгдөж гарсан..” гэх мэдүүлэг/хх-н 60-61/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн №296 дүгнэлтэд

           1.“Ц.Э-н биед өвчүүний зүүн талд 5,6-р хавирганы завсраар цээжний хөндийрүү нэвтэрсэн, хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн цус хуралдалт /350мл/, баруун гуяны хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн нэгээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ …хүнд зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 40-41 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 44 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас “2012 оны 06 дугаар сарын 27-ны Улсын дээд шүүхийн 292 тоотоор Эрүүгийн хуулийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорихыг 1 жил 6 сарын тэнсэх болсон” /хэргийн 47 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ц.Ч нь 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах … тоотод төрсөн ах Ц.Э-г хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Ч-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Ц.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Ц.Ч-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Ц.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.Ч нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь  бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Я овогт Ц.Ч-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай  учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Ц.Ч-г  3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Ц.Ч-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.Ч-н  2018 оны 6 дугаар сарын 6-ний өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 13 хоногийг  хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

         5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.Ч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

         6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, дээд шатны прокурор нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Ч-д авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХТУЯА

                          ШҮҮГЧИД                                                  С.ӨСӨХБАЯР

                                                                                             Э.ЧИНГИС