Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/40

 

2025/ДШМ/40

 

 

        

Ё.Тад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Ч.Энхтөр, шүүгч Д.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор: Б.Тулга

           Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн, Г.Энхбаяр

            Шүүгдэгч: Ё.Т

            Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрч гаргасан хохирогч, шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ё.Тад холбогдох 2412001400286 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1900 оны 0 сарын 0-ний өдөр З  аймгийн И суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, А аймгийн Ц сумын Х  гэх газар оршин суух, урьд З  аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 05 сарын 09-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн Т овгийн Ёийн Т, /РД:00000000000/

 

Шүүгдэгч Ё.Т нь 2024 оны 05 сарын 07-ны өдөр А аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх “Ц” нэртэй газраар 00-00 улсын дугаартай “Хюндай Портер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн сэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас, даваанаас уруудаж явахдаа тээврийн хэрэгслийг зогсоох, хурдыг нь сааруулах арга хэмжээ авч чадалгүйгээр, сайжруулсан шороон замын хажуу руу орж, овоолсон шороо мөргөсөн зам тээврийн осол гаргаж, тухайн цаг хугацаанд тус тээврийн хэрэгсэлд хамт зорчиж явсан Б.Бгийн эрүүл мэндэд хөнгөн, насанд хүрээгүй хохирогч Б.Дын эрүүл мэндэд хүндэвтэр, М.Бын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 А аймгийн Прокурорын газраас Ё.Тад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Т овгийн Ёийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгч Ё.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар А аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Т нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ё.Тад мэдэгдэж, Иргэний хуулийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ё.Таас 14,822,962 /арван дөрвөн сая найман зуун хорин хоёр мянга есөн зуун жаран хоёр/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 0000000000000 тоот дансанд олгож, шүүгдэгч нь хохирогч М.Б, Б.Б, Б.Д иргэний нэхэмжлэгч Б.С нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс хугацааг тоолж, шүүгдэгч Ё.Тад оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шүүгдэгч Ё.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Тад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

           

Хохирогч М.Б давж заалдах гомдолдоо ... Миний бие Ё.Тыг буруугүй, миний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд тоормосны систем ажилгүй болсноос уг осол гарсан гэж үзэж байгаа учраас түүнд гомдолгүй бөгөөд Ё.Тыг буруутай гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байна. Бид портер машинтай, 2 адуу ачсан, давааны уруу руу явж байсан ба энэ цаг хугацаанд Ё.Тыг хурд тохируулаагүй явсан гэж үзэх боломжгүй нөхцөл байдаг. Гэнэт л тоормос ажиллахгүй болчихлоо гэж хэлж, бид 2 зогсоох арга хэмжээ авахын тулд замын хажуу руу мөргүүлсэн. Тэгэхгүй бол өөр илүү аюул учрах байсан гэж үзэж байгаа. Харин Ё.Тын буруугаас осол гарсан гэж үзэх боломжгүй, техникийн гэнэтийн эвдрэлийг хэн нь ч тооцох боломжгүй байсан. Замын дэржгэнүүрт тоормос эвдэрч ажилгүй болох боломжтой, үүнд зөв дүгнэлт хийх шаардлагатай байх. Иймд хэргийг хянаж, Ё.Тад холбогдох хэргийг үнэн зөв шийдэж өгнө үү. Би өөрөө гуйж Ё.Таар машин бариулчхаад одоо түүнийг хэрэгтэн болгож байгаа даа гэмшиж байна. Хохирогч нар ямар ч гомдол саналгүй ... гэжээ.

 

 Шүүгдэгч Ё.Т давж заалдах гомдолдоо ... Шүүх болоод прокурорын яллах дүгнэлтээр Ё.Т намайг санаатай хурд тохируулаагүй миний буруутай үйлдлээс болж гэмт хэрэг үйлдэж, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж буруутган, ял шийтгэл оногдуулж, хохирогч нарт эмчилгээ хийсэн зардлыг надаар төлүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Миний тухайд портер машинтай, ачаатай, давааны уруу руу аль болох удаан л явж байсан боловч гэнэт машин хурдаа авч эхэлсэн талаар мэдүүлсэн бөгөөд энэ нөхцөл байдлыг тоормосны механизмд замын дэржгэнүүр бартаанаас үүдэлтэй надаас үл хамаарах гэнэтийн эвдрэл үүссэнтэй холбоотой гэж үздэг. Энэ нөхцөл байдал ч шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдсон. Хамгийн сүүлд гарсан Ц НҮТББ-ын шинжээчийн дүгнэлт нь намайг хурд хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн байгаа. Гэтэл анхан шатны шүүх намайг Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж намайг буруутгасанд гомдолтой. Иймд хэргийг бүхэлд нь хянаж, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгч Г.Энхбаярыг нэмж авч байгаа тул хэргийн материалтай танилцуулж, өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, Г.Энхбаяр нарыг хуралд оролцуулж өгнө үү ... гэжээ.

 

            Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Торомсны систем хэвийн ажиллаж байсан нь түүний торомсны мөрөөр батлагддаг. Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-т зааснаар зорчин яваа тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүй тул шүүдэгч, хохирогчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

           

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Хурд хэтрүүлсэн гэж буруутгаад байдаг. Гэтэл даваа уруудаад явж байсан машин хурд хэтрүүлэх боломж байхгүй. Машин энэрцээрээ хурд авсан. Гэтэл торомсны мөр байгаа гээд байдаг. Тэр нь машинаа зогсоох арга хэмжээ авсан боловч тэр үед торомс эвдэрсэн байсан. Цн дээр гараад зогссон байдаг. Тэгэхэд торомс зүгээр байсан. Жолооч торомс эвдэрсэн гэдгийг мэдсэн бол арай өөр арга хэмжээ авах байсан. Машин уруудаж яваад гэнэт торомс эвдэрсэн тул зогсоох бүх арга хэмжээ авсан. Гэтэл хурд авсан машиныг эрэг мөргөж зогсоогоогүй бол түүнээс илүү гамшиг гарах байсан. Жолооч торомс эвэрсэн гэдгийг мэдэх боломж байхгүй гэнэтийн үйл явц явагдсан. Цагдаа болохоор хурд тохируулаагүй гэж үзээд байдаг. Гэтэл даваа уруудаад хурдлах боломж байхгүй. Зам хэдэн метрийн өндрөөс замын налуу, хурд ямар байсан талаар тогтоогоогүй. Торомс барихгүй болохоор хурд аваад байгааг хурд хэтрүүлсэн гэж үзээд байх шиг байна. Хурд нь хэд байсныг тогтоож чадаагүй эргэлзээтэй байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдэх боломжтой байна ... гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Хурд сонгож явна гэдэг нөхцөл байдал ярьдаг. Гэтэл энэрцээрээ явсан машин яаж явбал хурд авах тэр талаар тогтоогоогүй. Энийг шүүх дээр ирээд шинжээч томилж тогтоолгох гэсэн боловч тогтоох боломж байхгүй гэсэн. Хурд хэтрүүлсэн гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй. Техник бүрэн бус гээд тогтоогоод байдаг. Прокуророос эрүүгийн хэрэг үүсгэхдээ хурд тохируулж яваагүй гэдэг үндэслэлээр хэрэг үүсгэсэн. Тэр үндэслэлээр яваад шүүх шийдсэн. Гэтэл хурд хэтрүүлсэн гэдгийг яаж тогтоосон юм тэр нь байхгүй. Харин торомс гэмтээд хурд авч эрэг мөргөж зогсоосон байдаг. Иймд хурдтай явсныг тогтоож чадаагүй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдэж өгнө үү ... гэв.

 

Шүүгдэгч Ё.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Даваа уруудаад явж байтал гэнэт тормос барихаа болисон. Тэгээд зогсоох арга хэмжээ авсан нь тэр юм. Би хурд тохируулаад явж байсан. Түүнийг яаж тогтоогоод байдаг юм ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж,  хохирогч, шүүгдэгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

   Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

    Шүүгдэгч  Ё.Т нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын газрын схем, зам тээврийн осол дээр тогтоосон акт, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч Б.Дын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн ... Би 2024 оны 05 дугаар сарын 07-ны орой 23 цагийн үед ДарХ аймгийн Баруунхараа гэх газраас аав Б, ээж Б нутгийн ах болох Т нарын хамтаар А  аймаг руу Портер-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. Тэгээд замдаа манай аав болон Т ах нар ээлжилж машин барьж явсан. Тэгээд гэнэт сэртэл осол гарсан байсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг сэрсэн эмнэлэг дээр ирсэн байсан. Жолооны ард Т ах, хажууд нь манай ээж Б түүний хажууд манай аав Б сууж явж байсан. Харин би нугасанд нь хэвтэж явсан ... гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн ... осол гарах үед Т ах машин жолоодож явсан юм. Би замдаа хэсэг дугхийгээд явж байсан бөгөөд осол болох үед унтаад явж байсан юм. Тэгсэн гэнэт л зам тээврийн осол гарсан байсан. Би голд нь сууж явсан жолоочоор Т ах харин миний баруун гар талд манай нөхөр Б сууж явсан. Харин Б.Д  машины нугасанд сууж явсан ... гэсэн мэдүүлэг,  А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Бийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 197 дугаартай дүгнэлт, А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Оын 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 185 дугаартай дүгнэлт, А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Оын 2024 оны 05 сарын 09-ний өдрийн 39 дугаартай дүгнэлт, А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Бийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 194 дугаартай дүгнэлт, Автотээврийн үндэсний төвийн А аймаг дахь салбарын техникийн хяналт үзлэгийн инженер М.Энхбатын 2024 оны 06 сарын 11-ний өдрийн дүгнэлт, Д” ХХК-ий 2024 оны 06 сарын 13-ны өдрийн дүгнэлт, хохирогч М.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн ... Тэгээд би хэсэг унтаад сэрэхэд Цны төлбөр хураах цэг дээр сэрсэн. Тэгээд даваа өгсөөд буух үед Т тормосгүй болчихлоо гээд сандраад байсан. Тэгээд бид 2 ярилцаад урд замын шороо руу мөргүүл гээд мөргүүлсэн. Миний санахаар жолооч талаар мөргөж хойд тэвш хэсэг босож ирээд эргээд дугуйн дээрээ буусан.  Миний хавирга нуруу зэрэг хугарч гэмтсэн ... гэсэн мэдүүлэг,  Ц НҮТББ-н шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 265 дугаартай дүгнэлт болон шүүгдэгч Ё.Тын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ё.Тыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ё.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар А аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

              

 Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.Б, шүүгдэгч Ё.Т нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч, хохирогч нар … Портер машинтай, ачаатай, давааны уруу руу аль болох удаан л явж байсан боловч гэнэт машин хурдаа авч эхэлсэн. Энэ нөхцөл байдлыг тоормосны механизмд замын дэржгэнүүр бартаанаас үүдэлтэй жолоочоос үл хамаарах гэнэтийн эвдрэл үүссэнтэй холбоотой гэж үздэг. Энэ нөхцөл байдал ч шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдсон. Хамгийн сүүлд гарсан Ц НҮТББ-ын шинжээчийн дүгнэлт нь хурд хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн байгаа. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүгдэгчийг буруутгасанд гомдолтой. Иймд хэргийг бүхэлд нь хянаж, Ё.Тад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү … гэсэн агуулга бүхий гомдлуудыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

     

   Шүүгдэгч нь мөн тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэл, тухайлбал техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглож дээрх гэмтлүүдийг засаж хэвийн үйл ажиллагаатай болсон тохиолдолд замын хөдөлгөөнд оролцох нь хуульд нийцнэ.

 

 Тээврийн хэрэгслийн жолооч болох шүүгдэгч хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй бөгөөд уг үүргийг шүүгдэгч биелүүлээгүй, тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэн улмаар тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт хүн тээвэрлэсэн нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж үзэх тул шүүгдэгч, хохирогч нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.Б, шүүгдэгч Ё.Т нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                            ШҮҮГЧИД                                       Ч.ЭНХТӨР

 

                                                                                    Д.Б