Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2025/ДШМ/52

 

 

 

 

 

 

2025       9         05                          2025/ДШМ/52

 

 

Б.С-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Б.Лувсанцэрэн,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, Р.Пүрэвлхагва /цахимаар/,

Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Р.Ууганцэцэг /цахимаар/, Н.Энхжаргал /цахимаар/,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,  шүүгч Ц.Отгонжаргал, шүүгч Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/261 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч Н.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Б.С-д холбогдох эрүүгийн 2434000000415 дугаар хэргийг 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, ........ оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ............ аймаг ............ суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, “.............” ХХК-д туслах ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар ......... аймаг ......... сум .............. багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ......... овгийн ............, Регистрийн дугаар ..............

 

2. Б.С нь .......... аймаг ......... сум төвийн цагаан худаг гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20 цагийн үед амь хохирогч Б.И-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний хэвлий хэсэг рүү нэг удаа хутгалж амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

3. Төв аймгийн прокурорын газраас Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

4. Анхан шатны шүүх: “Шүүгдэгч ......... овогт ................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүнийг алах" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч ......... овогт ................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар   шүүгдэгч Б.С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сын цагдан хоригдсон нийт 128 /нэг зуун хорин найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсгийн урт 12 сантиметр, бариул хэсгийн урт 11.5 сантиметр урт шар өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, саарал өнгийн монгол цамц 1 ширхэг, саарал өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг "CD"-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж,

Эрүүгийн 2234000000576 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Саас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.С нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бид 9.155.629 төгрөгийн хохирол төлсөнг дурдаж, шүүгдэгч Б.Саас хохиролд сэтгэл санааны хохирол 138.600.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бид олгож шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч Н.Энхжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шийтгэх тогтоолоор Б.Сыг "хүнийг алах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, 7 дахь заалтаар сэтгэл санааны хохирол 138,600,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн.

Өмгөөлөгчийн хувьд Б.Сын гэм буруугийн асуудалд маргаагүй, харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 жилийн хорих ял, сэтгэл санааны хохирол 138,600,000 төгрөгийн хохирол гаргуулсан хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Хорих ялын хувьд Б.С нь анхнаасаа гэм буруутай эсэх асуудал дээр маргаагүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн даруйд хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, ар гэрийн хувьд гурван бага насны хүүхэдтэй тухайн хүүхдүүдээ харж асардаг байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Сэтгэл санааны хохирол 138,600,000 төгрөгийг гаргуулсан шийдвэрийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд сэтгэлзүйн хохирлын зэргийг тогтоолгохоор шинжээч томилсон ба шинжээчийн дүгнэлтээр сэтгэлзүйн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг ирүүлсэн.

Тус дүгнэлтийг үндэслэн шүүх сэтгэл санааны хохирлыг тооцохдоо анхаарч үзэх байтал тухайн нотлох баримтыг үнэлсэн эсэх, үнэлээгүй бол яагаад үнэлээгүй талаар шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт тодорхой дурдаагүй,

Хэрэгт авагдсан баримт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 60 хоног хойшлуулж шинжээч томилж дүгнэлт гаргуулсан боловч тухайн дүгнэлтийг яагаад үнэлээгүй талаар тайлбар хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шинжийг хангахгүй байна.

Б.Саас сэтгэл санааны хохиролд 138,600,000 төгрөгийг гаргуулсан нь хохирогчийн сэтгэл санааны хохирлын зэрэглэлтэй нийцэхгүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөл байдлаас илтэд их хэмжээний хохирол гаргасан. Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/261 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.С-д оногдуулсан 10 жилийн хорих ялыг багасгаж, тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээгээр тогтоолгож Б.Саас сэтгэл санааны хохирол гэж гаргуулсан 138,600,000 төгрөгийн хохирлын хэмжээг шинжээчийн дүгнэлтэд үндэслэн багасгаж хохирлыг хоёрдугаар зэрэглэлийн хэмжээнд нийцүүлэн багасгаж өгнө үү” гэв.

 

6.Шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч Р.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Н.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Бидний хүсэл, зорилго нэг бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, хамгаалах зорилготой. Шүүгдэгчид оногдуулсан хорих ял өндөр байгаа нь эдийн засгийн болон ар гэрт нь давхар ял шийтгэл болж байна. Ийм нөхцөл байдалд шүүхээс энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. Хохирлын тухайд сэтгэл санааны болон бодит хохирол, тухайлбал оршуулгын зардлыг хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн этгээд өөрийн боломжийн хэмжээнд төлж барагдуулсан. Харин сэтгэл санааны хохирлын үнэлгээг хууль зүйн үндэслэл багатай, хэт өндөр тогтоосон гэж үзэж байна. 138,600,000 төгрөгийн хохирол тогтоосон нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй бөгөөд төлөгдөх боломжгүй юм. Иймээс шүүхээс энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, сэтгэл санааны хохирлын хэмжээг бууруулан тогтоох нь зүйтэй. Ял шийтгэлийг багасгаж өгснөөр шүүгдэгч ажил хөдөлмөр эрхлэн, байгаа эд хөрөнгөөрөө болон орлогоороо хохирлыг төлөх бүрэн боломжтой болно. Харин хорих ял өндөр хэвээр үлдвэл энэ нь амьдралын бодит нөхцөл байдалтай нийцэхгүй, хууль тэгш үйлчлэх зарчим алдагдана. Иймд шүүхийн шийдвэрийг амьдралд нийцүүлэн өөрчлөхийг хүсэж байна. Хамгийн гол нь хохирлыг төлөх бодит боломжийг бүрдүүлэхийн тулд ял шийтгэлийг нэгээс хоёр жилээр багасгаж өгнө үү...” гэв.

 

7.Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батбаяр, Р.Пүрэвлхагва нар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчид оногдуулсан ялын талаар ямар нэгэн санал гаргаагүй, шүүх хуульд заасан ялын төрөл хэмжээний дотор ял оногдуулсан. Мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан. Иймд шүүх хуульд заасны дагуу амь хохирогчийн эцэг болох М.Бийн сэтгэцэд учирсан хохирлыг тооцож, шүүгдэгчээс 138,600,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв. 

 

8. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Шүүгдэгч аравхан жилийн ял аваад, давж заалдах гомдол гаргаж байгаа нь бидний хувьд шударга бус гэж үзэж байна. Мөн сэтгэл санааны хохирол ч барагдуулаагүй байж ийнхүү давж заалдаж байгаад гомдолтой байна...” гэв.

 

9.Тус шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Лувсанцэрэн гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын мөнгөн хэмжээг, шүүгдэгчид оногдуулсан 10 жилийн хорих ялыг багасгах талаар дурдсан байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-дГэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасны дагуу хохирогчид ашигтай байдлаар тооцоолж 138,600,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Мөн шүүх хуульд заасан эрх хэмжээний дагуу ялын төрөл хэмжээний дотор ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцсэн тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хэргийг шийдвэрлэхдээ хэргийн мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

  1. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх, шүүгч хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоох ба шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болно.

 

  1. Шүүгдэгч Б.С-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж зөрчсөн зүйлгүй, шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүртээмжтэй байдал хангалттай бүрдсэн, үнэлэх боломжтой байна.

 

  1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хуралдааны шатанд шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүгдэгч Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа дүү Б.Д-лыг өмөөрч Д.С-ын ....... дугаарын гар утас руу хэд хэдэн удаа залгах үед машинд хамт байсан  Б.И утсыг нь авч улмаар хоорондоо маргаж уулзахаар болсон. Ингээд хөнгөн зэргийн согтолттой байсан Б.И нь хуурай дүү гэх Д.С-г дагуулан Б.Сын гэрийг хайж явах замдаа буюу Төв аймаг Эрдэнэсант сумын төвийн Цагаан худаг гэх газарт 20 цагийн орчим түүнтэй тааралдаж маргалдсан. Б.С тухайн үед гэрээс авч гарсан хутгаар Б.Иын хэвлий хэсэг рүү нэг удаа дүрж хүнд гэмтэл учруулсан байдаг. Д.С, Б.С нар Б.Иыг эмнэлэгт хүргэсэн боловч хэвлийн хэсэгт нь нэвтэрсэн хутганы шархны улмаас цус их хэмжээгээр алдаж амь нас нь хохирсон болох нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах үйл баримтаар хөдөлбөргүй тогтоогджээ. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бийн “...Би 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумаас охиноо эмнэлгээр дагуулж явж үзүүлэхээр Улаанбаатар хот яваад байж байхад 2024 оны 10 дугаар сарын 17-ны орой 20 цаг 30 минутын орчим манай дотуур байранд байдаг хүүхэд над руу утсаар яриад Б.И ах хүнд хутгалуулаад Эрдэнэсант сумын эмнэлэг дээр байна гэхээр нь би мэдээд Улаанбаатар хотоос шууд гарч 2024 оны 10-р сарын 18-ны шөнийн 02 цагийн орчим Эрдэнэсант сумын эмнэлэг дээр ирээд хүүтэйгээ уулзах гэсэн боловч манай хүү И ухаангүй, эмч нар зүрх нь зогслоо гэж хэлж байсан, тэгээд уулзаж чадаагүй.

...Би оршуулгын зардалд зарцуулсан 7,156,223 төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгч хэрэгт хавсаргуулсан ба цаашид гарах зардал болон баримтгүй зарцуулсан мөнгөний баримтыг шүүх хурал дээр гаргаж өгөх болно...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44, 47 тал/,

Гэрч Д.Сын “...2024 оны 10 дугаар сарын 17-ны орой 19 цаг 40 минутад Б.И гэж хуурай ах утсаар залгаад ах нь Эрдэнэсант сумын төвд байна архи уучихсан байна машин бариад өгчих гэхээр нь за тэгье гээд явсан... танихгүй 80627236 дугаарын утас залгахаар нь аваад чанга яригч дээр нь тавихад “чи пизда минь хаана байгаа юм, чаддаг юм бол яваад ир, карттай цагаан худгийн энд хүрээд ир, алнаа чамайг” гээд яриад байхаар нь би хэн бэ утас андуураад байгаа юм биш үү гэж хэлэхэд Б.И ах сонсоод “дүү бага дээрэлхээрэй” гээд орилоод байсан. Тэгээд би юм бодолгүй утсаа таслаад утсаа машины хойд суудал дээр үлдээсэн... залгасан хүн миний утас руу дахиад залгасан бололтой Б.И ах миний утсаар нөгөө хүнтэй ярьж байсан ба “би Б.И байна чи намайг таньж байна уу” гэхэд нөгөө хүн нь “би Б.С байна чаддаг юм бол цагаан худгийн энд хүрээд ир” гэхээр нь би болио гээд утсаа аваад тасалсан...Б.И ах өөрөө машинаа барьж хөдлөөд шууд цагаан худаг дээр явж очоод зүүн талд нь зогссон ...Тэгээд за за явъя урагшаа гараад хүлээж байя гээд хөдлөөд худгийн хойд талаар нь тойроод баруун зүг рүү явахад цагаан худгийн баруун талд 1 эрэгтэй хүн утсаар яриад зогсож байхыг Б.И ах хараад юм асууя гэл үү, зам асууя гээд дуудахад нөгөө хүн нь хэн бэ гээд хүрээд ирсэн. Тэгсэн Б.И ах нөгөө хүнээс Б.С гэж айл хаана байдаг вэ гэхэд нөгөө хүн нь Б.С гэж би байна гэснээ намайг харснаа н.Сэргэлэн үү гэхээр нь би юм дуугараагүй. Тэгтэл Б.И ах нөгөө хүнийг чи яасан том болсон юм гээд буух гэхээр нь би Б.И ахын өмсөж явсан цэнхэр өнгийн монгол цамцны нуруунаас нь татахад надад дийлдэхгүй машинаас буухаар нь би машинаас буух гээд хаалганы дотор бариулаас татах гэхэд Б.И ах намайг хутгалчихлаа гэхээр нь Б.С гэж ах руу харахад баруун талын гартаа шар өнгийн модон иштэй хутга барьсан зогсож байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад очиход Б.С гэдэг хүн ингэж саагдаггүй юм аа гэсэн юм яриад зогсож байсан. Б.И ах ухраад машины жолооны ард суусан байхаар нь би цамцыг нь сөхөөд харахад хэвлийн зүүн хэсэгт хутгалагдсан цус болсон байхаар нь н.И ахыг машины хойд суудал дээр суулгахад Б.С гэж хүн хойд талын суудалд цаад талаас нь ороод суусан байхаар нь тэндээсээ шууд ............ сумын эмнэлэг рүү явсан ба замдаа Улаанбаатар хотод байсан н.Б ах руу яриад эмчийн дугаарыг өгөөч гээд дараа нь цагдаагийн дугаарыг өгөөч гээд утасны дугаарыг нь авсан. Тэгээд эмнэлэг дээр очоод Б.Сын ахын хамт Б.И ахыг эмнэлэг рүү өргөж оруулчхаад би цагдаад мэдэгдсэн юм. Б.С нь машинд явахдаа ингэж саагдаггүй юм аа, ганц хутгалуулчхаад үхлээ юу гэсэн юм яриад байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-58/,

Гэрч Н.Э-ын “...Б.И бид 2 Эрдэнэсант сумын төв рүү яваад дэлгүүрээс 2.5 литрийн Сэнгүр нэртэй 4 сав пиво И худалдаж аваад тэгээд бид 2 Эрдэнэсант сумын төвөөс урагшаа гарч зогсоод И ганцаараа 1 сав пивийг ууж 17 цаг хүргээд буцаад Эрдэнэсант сумын төв рүү орж ирээд Иыг С гэж залуугийн гэрийн гадаа буулгаж үлдээсэн. Би айлд очоод байж байтал орой 20 цаг 15 минутын орчим манай найз Б над руу залгаад С гэж залуу Иыг хүнд хутгалуулсан гээд байх юм чи залгаад асуудаа гэхээр нь С руу залгаад юу болсон талаар асуухад И ах хүнд хутгалуулчихлаа эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлэхээр нь эмнэлэг дээр ирээд Итай уулзсан ба эмчилгээ хийлгэж байсан, юм асуухаар буцаж хариулах чадваргүй байсан тул юу болсон талаар асуугаагүй, тэнд Иыг хутгалсан гэх танихгүй залуу мөн байж байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-62/

Гэрч Ц.О-ийн “...өөрийнх нь утасны дэлгэц нь хагарсан байсан тул миний утсыг аваад 1 хүнтэй утсаар ярьж байгаад гараад явсан, тэгээд гэртээ ирэхгүй байсан чинь орой 23 цагийн орчим Сүхбатын ээжийнх нь төрсөн эгч над руу залгаад танай Сүхбат чинь юу хийгээд яваад байгааг мэдэж байна уу гэхээр нь би гэрээс гарахгүй юм чинь яаж мэдхэв дээ гэхэд за за чи хүүхдүүдээ хараад гэртээ байж бай би эмнэлэг дээр байна гээд утсаа тасалсан, тэгэхээр нь би шууд сумын хэсгийн төлөөлөгчийн албан өрөөнд ирэхэд манай нөхөр С  хүн хутгалсан гээд баригдаад ирсэн байж байсан тэгээд намайг гэртээ очоод хүүхдээ хараад байж бай гээд явуулсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-64 тал/

Гэрч Д.Б-ын “...Тус өдөр Итай яриад салгасны 1 цаг орчмын дараа С над руу залгаад "Итгээ ахыг хутгалчихлаа, яах вэ" гэхээр нь би эмнэлэг рүү аваад яв гэж хэлсэн. Яг тэр үед утасны цаана нь "ингэж саагдаггүй юм хөөе, заа юу" гэж дахин, дахин орилоод байсан. Тэгээд С надаас цагдаагийн дугаар асуухаар нь би сумынхаа А  гэдэг цагдаагийн дугаарыг олж өгч Ст өгсөн. Би тэгээд шөнө 23 цаг өнгөрөөд биеийн байдал нь муудлаа гэдгийг сонсоод Улаанбаатар хотоос гараад Эрдэнэсант суманд очсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-78/

Гэрч Ю.А-ийн “...Надад болсон хэргийн талаар мэдэх зүйл байхгүй ба би Б.Саас юу болсон юм яасан юм гэж асуухаар дүү Д-ыг зодсон гэх залуутай уулзаад учрыг нь асууя гээд дуудсан чинь амь хохирогч И гэж залуу хамт ирээд маргалдаад тэгээд 1 удаа хутгалсан талаар хэлж байсан ба яг юу болсон талаар нарийн зүйлээ ярихгүй байсан, би бөөрний дутагдал гээд эмнэлэгт хэвтэж байгаад гараад удаагүй байгаа бие сайн дээрдэхгүй байгаа тул надад бас нарийн зүйл ярихгүй байгаа байх...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-81/

Гэрч Э.Э-ын “...2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би Улаанбаатар хотод байсан бөгөөд манай найз Сүхбат над руу фэйсбүүк чатаар 20 цагийн орчимд залгаад манай арван жилийн нэг ангийн С гэх хүний утасны дугаарыг олоод өг гэхээр нь надад дугаар нь хадгалаатай байсан тул Сын утасны дугаарыг Сүхбатад өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-88/

Гэрч Ч.З-ын “...Тухайн өдөр 18 цагийн үед Б.И нь над руу яриад "ахаа би хөдөөнөөс ороод ирлээ" гэсэн. Тэгэхээр би "Ах нь ажилтай байна орой тараад уулзъя гэж" хэлээд утсаа тасалсан. Тэгээд 19 цаг 20 минутын үед би ажлаасaa буугаад гэртээ харих гээд явж байтал Б.И, С хоёр надтай манай гэрийн гудамжинд таарсан. Тэгээд "Ахаа би жоохон гадуур явж байгаад ирье" гээд миний машиныг аваад явсан. Тэр үед Б.И жоохон халамцуу пиво уусан байсан. Тэгээд би чи согтуу байж машин барьж болох юм уу? Гэсэн чинь С нь би эрүүл юм чинь би бариад явна гэж хэлээд аваад явсан. Тэгээд тухайн өдрийн орой 21 цагийн үед манай ээж Оюун над руу залгаад "Б.И эмнэлэгт хутгалуулсан ухаангүй байна чи хурдан яваад оч" гэхээр нь яваад очиход цавиныхаа хавьд оёдол тавиулсан байдалтай тариа хийлгээд байж байсан. Тэгээд би тухайн үед юу болсон гэсэн талаар асуухад Б. И нь надад "Ахаа би хүнд хутгалуулчихлаа, дүүгээ уучлаарай гэж хэлж байсан." Өөр юм яриагүй. Тэгээд би тухайн орой өөд болтол хажууд нь байсан. Шөнө 03 цаг 12 минутын үед өөд болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-93/

Гэрч Ц.У-ын “...Намайг эмнэлэг дээр дуудлага аваад ирэхэд Б. И нь эмнэлгийн орон дээр эвхрээд хэвтсэн байдалтай өвдөөд байна гэж хэлж байсан. Биеийн байдал нь маш хүнд байсан. Артерын даралт үзэгдэхгүй. Пүлсс тэмтрэгдэхгүй, салстууд хувхай цайсан, дөрвөн мөч хүйтэн байсан. Б.Иыг эмнэлэгт Сэргэлэн, Сүхбат хоёр авчирсан байсан. Үүдэнд нь зогсож байсан. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Эмнэлэгт авчирсан хүмүүстэй би уулзаагүй. Б.Иын биеийн байдал муу байсан болохоор архи уусан талаар мэдээгүй. Эмчилгээнд эзлэхүүний шокын төлвөөс гаргах зорилгоор шингэн сэлбэх, оёдол тавих, цус тогтоох, өвчин намдаах, өвчтөнийг сэхээн амьдруулах зорилгоор амь тариа хийсэн. Дээрх эмчилгээнүүдийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч сэхээн эмчээс зөвлөгөө авч хийсэн. Хохирогчийн биеийн байдал маш хүнд байсан болохоор амь насыг нь аврах боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-97/

Шүүгдэгч Б.Сын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр орой 19 цагийн орчимд ажлаасаа тараад ....... аймгийн .......... сумын төв дээр байрлах гэртээ ирэхэд манай төрсөн дүү Д-ыг хэдэн хүн Сансар сум руу дагуулж яваад зодсон гэдгийг дүүгээсээ сонсоод юу болсон талаар нь асуухад С гэдэг залуу Т  гэдэг найзыг нь зодохоор нь манай дүү голоор нь ороод салгахад манай дүүг хэд, хэд цохисон гэж хэлсэн. Тэгэхээр нь би найзаасаа С гэдэг залуугийн утасны дугаарыг нь авч яриад Картны цагаан худаг гэдэг газар уулзъя гэж дуудаад худаг дээр очоод нилээн хүлээгээд ирэхгүй юм байна даа гээд явах гэж байтал жижиг тэрэг ирж зогсоод Сүхбат гэдэг залуугийн гэр хаана байдаг вэ гээд асуухаар нь би өөрөө байна гээд машины зүүн талаас нь яваад очтол хоёр хүн байж байсан. Тэгээд машин дотроо байхад нь би Ст хандаж "яасан гэж хүүхэд дарамталж, хүүхэд цохиж байгаа юм" гэтэл С "би цохиж дарамтлаагүй ш дээ" гэхээр нь би "чи манай дүүгийн найз Түмэнбаяр хоёрыг нүүр амыг нь цохисон байна лээ" гээд хэлсэн. Тэр үед машины зүүн талын хаалга онгорхой И гэдэг залуу сууж байсан бөгөөд намайг яг яриад дуусахад өөдөөс И босож ирээд миний зүүн шанаа руу баруун гараараа цохиод би зөрүүлээд гараа явуулсан чинь цаанаас С гэдэг залуу "та хүн хутгалчихлаа" гээд хэлэхээр нь гараа хартал баруун талын гарт хутга байсан. Тэгээд С гэдэг залуугаар машин бариулаад би Иыг арын суудал дээр авч суугаад эмнэлэгт очсон... Би тухайн үед Б.Иыг хутгалчхаад сандарсандаа тухайн хутгаа өмднийхөө баруун талын карманд хийчихсэн байж байгаад дараа нь эмнэлэг дээр ирсэн байхдаа цагдаад гаргаж өгч хураалгасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 156, 173 тал/

Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №209 дугаартай “...Амь хохирогч Б.Иын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн бөөрний их бие, венийн судас, шээлүүрийн бүрэн бус тасрал, бөөр, нойр булчирхайн орчны эд, хэвлийд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Амь хохирогчийн биед үүссэн дээрх гэмтэл нь нас барахаас өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Амь хохирогч Б.И нь хэвлийн хөндийрүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн бөөрний их бие, венийн судас, шээлүүрийн бүрэн бус тасрал, бөөр, нойр булчирхайн орчны эд, хэвлийд цус хуралт бүхий гэмтлийн улмаас цочмог цус алдан цус алдалтын шокод орж нас баржээ. Амь хохирогч Б.Иын цусанд 0.9 промили, ходоодны 1.6 промили спиртийн агууламж илэрсэн нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсан болно...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 100-110/

Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №596 дугаартай “...Б.Сын биед зүүн чамархайд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлыг зэрэг тогтоогдохгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 113-114/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №5940 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хутга шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр цусны ул мөр илэрсэн. Уг цусны ул мөр нь хүний цус байна. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр илэрсэн цусны ул мөр нь шинжилгээнд тэнцэхгүй байна.....” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 129-131 тал/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3186 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн монгол цамцанд үүссэн 20мм, 20мм хэмжээстэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлтүүд байна. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн монгол цамцанд үүссэн зүсэгдэлтүүд ир, үзүүрийн мөртэй байгаа нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн....” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 134-137/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5939 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Б.Иын өмсөж байсан гэх саарал өнгийн цамц дээр цус илэрсэн, уг цус нь хүний цус байна. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Б. Иын өмсөж байсан гэх саарал өнгийн цамц дээр илэрсэн цус нь В(III) бүлгийн харьяалалтай байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 139-141 тал/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №3185 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн өмд шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн өмдөнд үүссэн 50мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт, 45мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт, 9х4мм хэмжээтэй гэмтэл нь гогдогдон татах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин гогодолт байна....” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 144-147 тал/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №5938 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн Б.Сын өмсөж байсан гэх саарал өнгийн өмд дээр цус илэрсэн, уг цус нь хүний цус байна. Шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн Б.Сын өмсөж байсан гэх саарал өнгийн өмд дээр илэрсэн цус нь В(III) бүлгийн харьяалалтай байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 149-151 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №663 дугаартай “...Амь хохирогч Б.Иын хууль ёсны төлөөлөгч Мандалсүрэнгийн Банзрагч /РД:НФ67080417/-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн хямралын шинжүүд хүндэвтэр түвшин илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлтүүд /2-р хх-ийн 116-118/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 3-6/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 7-9/,

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 10-12/,

Шүүгдэгч Б.Сын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 15-18/,

Амь хохирогч Б.Иын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 19-23/,

Амь хохирогч Б.И, сэжигтэн Б.С нартай уулзаж хийсэн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 24-27/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 28-30/ зэрэг хэрэгт авагдсан ач холбогдол бүхий баримтуудаар нотлогдсон байна.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинж нь: бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл /эс үйлдэхүй/ хийсний улмаас хүн нас барсан байдаг ба гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хоорондох шалтгаант холбоотой байх шинжүүдийг агуулж байдаг.  

Амь хохирогч Б.Иын биед буюу хэвлийн хөндий рүү нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн бөөрний их бие, венийн судас, шээлүүрийн бүрэн бус тасрал, бөөр, нойр булчирхайн орчны эд, хэвлийд цус хуралт бүхий гэмтэл үүссэний улмаас цочмог цус алдан шокод орж нас барсан нь шүүгдэгч Б.Сын гэмт санаа, үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байгаа тул прокуророос шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

5.Анхан шатны шүүх нь прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.С-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тулуудын мэтгэлцээний үндсэн дээр хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, талуудын шинжлэн судалсан цагаатгах болон яллах талын баримтуудыг эрх зүйн ухамсарыг удирдлага болгож, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүнийг алах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчилгүй болно.

 

Мөн шүүхээс мэтгэлцэгч талуудын гаргасан санал, иргэдийн төлөөлөгчийн “...гэм буруутай гэж үзэж байна...” гэх дүгнэлтийг харгалзан үзэж шүүгдэгч Б.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ "...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирч, нөхөж баршгүй хүнд хохирол учирсан, хохирогчийн хууль ёсны санал хүсэлт, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, сэдэлт санаа зорилго, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, шүүгдэгч Б.С гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй..." гэх дүгнэлт хийсэн нь үндэслэл бүхий болсон байх ба шүүх, шүүгчид хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор 10 жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

 

6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал "...хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Б.С-д оногдуулсан 10 жилийн хорих ялын доод хэмжээгээр тогтоож, Б.Саас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд гаргуулсан 138,600,000 төгрөгийг шинжээчийн дүгнэлтэд нийцүүлэн хохирлыг хоёрдугаар зэрэглэлийн хэмжээгээр тооцож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

            6.1.Шүүгдэгч Б.С нь хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх үндсэн эрхэд халдаж Б.Иын амь насыг санаатайгаар хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдсон ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.С-д 10 жилийн хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд “...гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн...” зэргийг тооцсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1, 6.5 дугаар зүйлүүдэд заасан журмыг зөрчөөгүй байхаас гадна шүүх, шүүгч хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор 10 жилийн хорих ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, гэрч Д.С гарсан гэмт хэргийн талаар цагдаад мэдээлэл өгсөн, амь хохирогч Б.Иыг эмнэлэгт хүргэж өгсөн талаар гэрч Д.С мэдүүлсэн байдаг ба уг үйл баримт нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэл, шүүх хуралдааны шатанд шүүгдэгч Б.Сын өгсөн мэдүүлгээр давхар тогтоогдсон тул давж заалдах шатны шүүх энэ талаарх үйл баримтыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Б.С-д оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжгүй.

 

6.2.Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан.

  

Анхан шатны шүүх Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.5-д заасны дагуу хохирлын хэмжээг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасныг үндэслэн дээрх хуульд заасны дагуу сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хохирогчид ашигтайгаар тооцоолж 138,600,000 төгрөгийг шүүгдэгч Б.Саас гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бид олгож шийдвэрлэснийг хууль ёсны байх зарчимд нийцсэн бөгөөд хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 663 дугаартай дүгнэлт нь шүүгдэгч Б.Сын гэм буруутай үйлдийн улмаас нас барсан амь хохирогчийн эцэг болох хууль ёсны төлөөлөгч М.Бийн сэтгэцэд гэм хор учирсан болохыг тогтоосон байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Сыг гэм буруутайд тооцохдоо уг баримтыг нотлох баримтаар үнэлсэн нь шийтгэх тогтоолд тусгагдсан байгаа тул шүүх хуралдааны шатанд шинжлэн судалсан баримтыг огт үнэлээгүй гэж үзэхгүй. /2-р хх-ийн 116-118/

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй тул хангахаас татгалзаж шийдвэрлэв.

 

7.Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тогтоох нь" хэсгийн 2 дахь заалтаар Шүүгдэгч ........ овогт ...............-дял шийтгэл оногдуулахдаа баримталсан хуулийн нэрийг давхардуулж бичсэн, 3 дахь заалтад хэдэн жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь тодорхойгүй,  шүүгдэгч Б.Сын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцохдоо 128 хоног гэж 2 хоног дутуу тооцсон, эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлсийг устгуулахаар шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул магадлалаар тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах замаар зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

8. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгт хохирол, хор уршигийн талаар дүгнэлт хийхдээ амь хохирогчийн нэрийг Х.Б  гэж хоёр удаа буруу бичсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.Сын шийтгэх тогтоол танилцуулснаас хойш буюу 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 94 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/261 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Шүүгдэгч ........... овогт ................-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй...” гэснийг

            “...Шүүгдэгч ........... овогт ................-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй...” гэж,

            3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай...” гэснийг

            “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан 10 /арав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай...” гэж, 

 

            4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сын цагдан хоригдсон нийт 128 /нэг зуун хорин найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай...” гэснийг

 

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сын цагдан хоригдсон нийт 130 /нэг зуун гуч/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай...” гэж,

 

5 дахь заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсгийн урт 12 сантиметр, бариул хэсгийн урт 11.5 сантиметр урт шар өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, саарал өнгийн монгол цамц 1 ширхэг, саарал өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг “CD”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай...” гэснийг

 

“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсгийн урт 12 сантиметр, бариул хэсгийн урт 11.5 сантиметр урт шар өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, саарал өнгийн монгол цамц 1 ширхэг, саарал өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг “CD”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай...” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзсугай. 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сын 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 94 /ерэн дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ       

 

 

               ШҮҮГЧИД                      А.ЦЭРЭНХАНД

 

                                              З.ТҮВШИНТӨГС