Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 1019

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С******* нарыг оролцуулан иргэн С.Э*******гийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий  газрын даргад холбогдох “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн б/341 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 54 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр эгүүлэн томилохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Гүнтэг овогтой С*******ын Э*******. /РД:*******/.

Хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр  сум 6 баг,  ******* тоот.  

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын байр.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч иргэн С.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “С.Э******* миний бие Орхон аймаг дахь Шийдвэр Гүйцэтгэх албанд 54 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан.

2016 оны 01 дүгээр сард эхнэр Э.М*******ын эрүүл мэндийн байдал муудсан учир Америкийн нэгдсэн улс руу эмчилгээнд авч явахаар болсон.

Энэ тухайгаа учирлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын нэр дээр, Орхон аймгийн шийдвэр гүйцэтгэх албаны даргаар уламжлуулж чөлөө олгохыг хүссэн өргөдлөө бичгээр гаргасан. Гүйцэтгэх албаны даргаар уламжлуулж чөлөө олгохыг хүссэн өргөдлөө бичгээр гаргасан.

Өргөдлийн хариу гараагүй байхад Америкийн нэгдсэн улсын виз гарч хойшлуулшгүй явах болсон тул 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр эхнэр Э.М*******ын хамт Америкийн нэгдсэн улс руу ниссэн.

Эхнэрт маань хийлгэх эмчилгээ нэлээд цаг хугацаа шаардагдах болсон учир 6 сарын дараа буюу 07 дугаар сарын 15-ны өдөр Монголд буцаж ирсэн.

Ингээд ажилдаа эргэж орох гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар ажлаас халсан гэж албанаас мэдэгдсэн, халагдсан тушаалыг танилцуулаагүй.

Би ажлаас түр чөлөө авах өргөдлөө албан ёсоор бичгээр гаргасан, тэрхүү өргөдлийг шийдвэрлээгүй байтал яагаад ажлаас халж байгааг тодруулахад албаны дарга “би мэдэхгүй, Ерөнхий газраас шийдсэн, тэндээс асуу” гэсэн.

Ингээд миний бие Улаанбаатар хотод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын холбогдох дарга нартайгаа уулзах гэж очсон боловч хүлээж авахгүй байсан учир 07 дугаар сарын 25-ны өдөр бичгээр өргөдлөө гаргаж, 01 дүгээр сард миний чөлөө олгохыг хүссэн өргөдлийг хэрхэн шийдсэн, ямар шалтгааны улмаас ажлаас халагдах болсныг тодруулж, ажлаас халагдсан тушаал, холбогдох баримтуудыг гаргаж өгөх тухай хүсэлтээ бичгээр гаргаж өгөөд, Орхон аймаг руу буцсан.

Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2а/3036 тоот албан бичиг шуудангаар ирж тус бичигт: “…өргөдөлд дурдсан баримт бичгүүдийг хуулбарлан олгох боломжгүйг мэдэгдье“ гэсэн хариуг өгсөн. Энэхүү хариуг аваад Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албандаа учирлаж байж ажлаас халагдсан тушаалаа хуулбарлаж авсан болно.

Өмнө нь энэ асуудлаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байсныг “урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй” үндэслэлээр 09 дүгээр сарын 01-ний өдрийн 7098 дугаар захирамжаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан.

Шүүгчийн захирамжийг үндэслэж, Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын салбар зөвлөлийн хуралдаанаар миний өргөдлийг хэлэлцэж, С.Э******* намайг ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлтэй гэсэн хариуг өгсөн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар Зүйлийн 106.3.1 дэх заалтыг үндэслэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн б/341 тоот тушаалыг хүчингүй болгож, С.Э******* намайг Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 54 дүгээр тойргийн Шийдвэр гүйцэтгэгчээр эгүүлэн томилж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч С.Э******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2004 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 33 өдөр буюу 264 цагийн ажил тасалсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 6/341 дүгээр тушаалаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан.

Холбогдох материалаас үзэхэд иргэн С.Э******* нь 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргад хандаж, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 7.1 дэх хэсэгт “Албан хаагчдын амьдралд тохиолдсон аргагүй байдал түүний хүсэлтийг үндэслэн 3 сар хүртэл хугацаагаар цалингүй чөлөө олгоно. Ажлын хоёр өдөр хүртэлх хугацааг чөлөөний хуудсаар, гурваас дээш өдрийн чөлөөг тушаалаар олгоно.” гэж заасныг үндэслэн 3 сарын хугацаатай цалингүй чөлөө хүссэн өргөдөл гаргаж, тухайн өргөдөлдөө холбоо барих утасны дугаар, гэрийн хаягаа бичээгүй, чөлөө олгох зайлшгүй нөхцөл байдал, үндэслэлийг нотлох баримтыг хавсаргаж ирүүлээгүй байна.

Өргөдөл, гомдлыг хүлээн авсан албан тушаалтан Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т “өргөдөл, гомдол гаргагчаас тодруулах боломжтой баримт сэлтийг шаардан авч болно.” гэж заасан ба Хүний нөөцийн мэргэжилтэн өргөдөлд дурдсан амьдралд нь тохиолдсон аргагүй байдлыг нотолсон баримт материалыг ирүүлэхийг С.Э*******гээс удаа дараа шаардахад дээрх шаардлагыг биелүүлээгүй, ангийн даргын зүгээс түүнд олгосон 7 хоногийн чөлөө дууссаны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.2-т “Чөлөө авсан албан хаагч хугацаандаа ирж ажиллаагүй, ирэх боломжгүй байгаагаа чөлөө олгосон албан тушаалтанд урьдчилан мэдэгдээгүй бол ажил тасалсанд тооцон хууль тогтоомжид заасан сахилгын арга хэмжээ авах үндэслэл болно.” гэж заасныг зөрчиж, удирдлагаас зөвшөөрөл олгоогүй, өргөдлийг шийдвэрлэх албан ёсны хариу гаргаагүй байх хугацаанд дур мэдэн ажлын байраа орхисон байна. С.Э******* нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад Орхон аймгийн Согоот багийн 6-25-20 тоот байрыг хувьчилж өгөхийг хүссэн өргөдөл гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/341 дүгээр тушаалаар ажлаас халагдсанаа дурдсан мөртлөө 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Төрийн албаны салбар зөвлөлд гаргасан гомдолд “2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Монголд ирж, ажилдаа орох гэтэл ажлаас халсан байсан, халагдсан тушаалыг танилцуулаагүй, мэдээгүй” гэх тайлбар өгсөн нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/341 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т “Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах”, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-т “хууль тогтоомжид заасны дагуу .... сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас ; чөлөөлөх, түр чөлөөлөх, халах”, 8.4-т “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1.2-т “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгох”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийн 2.3.3.8-д “ажлын байрны тодорхойлолт болон хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй” гэж заасныг тус тус үндэслэсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан бөгөөд хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/341 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ

Нэхэмжлэгч С.Э******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/341 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч 2016 оны 01 дүгээр сард эхнэрээ эмчлүүлэхээр АНУ-д явах болж, захиргааны чөлөө хүссэн боловч хэрхэн шийдсэн нь тодорхойгүй, ар гэрийн гачигдлаар 6 сар яваад ирэхэд ажлаас халсан нь хууль бус гэж маргажээ.     

С.Э******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2004 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 54 дүгээр тойрогт Шийдвэр гүйцэтгэгчээр томилогдон 2016 оны 01 дүгээр сарын 25 хүртэл ажиллажээ.

Тэрээр 2016 оны 01 дүгээр сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/182 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 7.1 дэх хэсэгт заасан “Албан хаагчдын амьдралд тохиолдсон аргагүй байдал түүний хүсэлтийг үндэслэн 3 сар хүртэл хугацаагаар цалингүй чөлөө олгоно.” гэснийг үндэслэн 3 сарын цалингүй чөлөө хүссэн боловч ажил олгогчийн зүгээс чөлөө хүссэн өргөдөлд холбоо барих утасны дугаар, гэрийн хаяг бичээгүй, чөлөө олгох нөхцөл байдал, үндэслэлийг нотлох баримтыг хавсаргаж ирүүлээгүй гэх үндэслэлээр шийдвэрлээгүй байна.

Шүүх нэхэмжлэгч С.Э*******г Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан  “....албан үүргээ биелүүлээгүй......” гэсэн үндэслэлээр халсан хариуцагчийн шийдвэр Төрийн албаны тухай хууль, холбогдох журмуудыг зөрчөөгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 205 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дурэм”-ийн 2 дахь хэсгийн 3.8-д “ажлын байрны тодорхойлолт, болон хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй;” тохиолдолд сахилгын шийтгэл хүлээлгэхээр зохицуулжээ.

Нэхэмжлэгч С.Э******* 2016 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргад хандаж 3 сарын цалингүй чөлөө хүссэн өргөдөлдөө  захиргааны чөлөө олгох зайлшгүй нөхцөл байдал, түүний үндэслэлийг нотолсон баримтаа хавсаргаж ирүүлээгүйн дээр холбоо барих утасны дугаар, оршин суух гэрийн хаягаа бичээгүй зэргээр өргөдөл, гомдолд тавигдах наад захын шаардлагыг хангаагүй гэж үзсэн хариуцагчийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Түүнчлэн байгууллагын эрх бүхий албан тушаалтны захиргааны чөлөө олгосон шийдвэр гараагүй байхад ажлын байраа орхин 6 сар явсныг ажил тасалсан, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй гэж үзэж сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь үндэслэлтэй.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар түүний эрх бүхий албан тушаалтан өргөдлийг хүлээн авч судлан шийдвэрлэх үүрэгтэй байх тухайд захиргааны чөлөө хүссэн үндэслэл, нотлох баримт, хаяг зэргийг шаардсан нь хууль бус биш бөгөөд нэхэмжлэгч  шаардлагыг биелүүлэх үүрэгтэй болно.

Ингэснээр өргөдөл гаргагч өргөдөл гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхдээ хууль, журам зөрчихгүй байж бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй байх, өргөдөл үнэн зөв байх үндсэн зарчим хэрэгжих юм.

Хариуцагч байгууллагаас хэрэгт ирүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.Э*******  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага, албан тушаалтны зохих шийдвэргүйгээр ажлын байраа орхин явснаар шүүхийн шийдвэртэй төлбөрийн болон хүүхдийн тэтгэлгийн 140 гаруй гүйцэтгэх баримт бичигт удаан хугацаанд ажиллагаа хийгдээгүй, иргэд, байгууллагаас гомдол ирэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх, шийдвэр гүйцэтгэлийн бодит биелэлт буурах зэргээр Шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлсөн байна.

Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13 ... дугаар зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд ... сахилгын шийтгэл ногдуулна.”, энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д” Төрийн албан хаагч нь дараахь нийтлэг үүрэг хүлээнэ;”, 13.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх;”, 13.1.2-т ”Өргөсөн тангарагтаа үнэнч байх;” гэсэн Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанд өөрийн биеэр оролцож хүсэл зоригоо илэрхийлэхдээ “визний хүсэлт маш богино хугацаанд шийдэгдсэн учир чөлөө зөвшөөрлийг зохих журмын хүрээнд авч амжаагүй,  эхнэрийн өвчний онош Эрүүл мэндийн яамнаас гаргасан жагсаалтын дагуу заавал гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай өвчний жагсаалтад байгаагүй, ажлаас халагдсан тухайд ямар нэг гомдол санал байхгүй....” зэргээр байгууллагын удирдлагын асуултад хариулах замаар өөрийн буруутай үйлдэл байсан гэж хүлээн зөвшөөрсөн агуулгатайгаар тэмдэглэлд тусгагджээ.

Нэхэмжлэгч 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр АНУ руу нисэж, 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын хилээр орж ирсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан түүний гадаад паспортын визны тэмдэглэгээгээр нотлогдсон, түүнийг ажлаас халсан тухай 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тушаалыг түүнд танилцуулж гарын үсэг зуруулах боломжгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/272 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийн заавар”-ын 9 дэх хэсгийн 9.5.3-т “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийг халах....тухай тушаалтай танилцуулж, гарын үсэг зуруулна.” гэснийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй, хэрэгжүүлэх боломжгүй байсан байна.

Ийнхүү дээрх үндэслэлүүдэд дүгнэлт хийхэд нэхэмжлэгч С.Э******* өөрт тохиолдсон шалтгаанд байдлаа байгууллагын удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудад ойлгуулаагүй, захиргааны чөлөө авах талаараа бүрэн мэдээллээр хангаагүй, холбогдох журмыг зөрчсөнөөр  зохих зөвшөөрөлгүй ажлын байраа удаан хугацаагаар орхиж, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй үйлдэлд сахилгын шийтгэл хүлээлгэсэн хариуцагчийн шийдвэр хууль зөрчөөгүй, түүний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэстэй байна гэж дүгнэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн  13.1.1, 13.1.2, 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг баримтлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/341 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох С.Э*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР