Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/1050

 

 

   

 

 

 

  2025            09             04                                        2025/ДШМ/1050                    

 

Д.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Д.М-, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/1549 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.М-гийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.М-д холбогдох эрүүгийн 2403003780572 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М-,

 

Шүүгдэгч Д.М- нь 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 00 минутын үед Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо, Асайт худалдааны төвийн урд замд “Toyota prius 20” загварын ****УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-т “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө..." гэх заалтыг зөрчсөний улмаас “****” загварын УН ****улсын дугаартайэмотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч Ц.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Д.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.000 /таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг түүнд тайлбарлаж, шүүгдэгч Д.М-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-гаас 7.280.360 төгрөг гаргуулан хохирогч Ц.Д- 4.957.600 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 2.322.760 төгрөгийг тус тус олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.М-гийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхийн тогтоол нь хуульд нийцээгүй, миний үйлчлүүлэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай тооцсон боловч энэ талаар хууль зүйн дүгнэлт өгч чадаагүй. Техникийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 08/20 дугаартай дүгнэлтээр зам тээврийн ослын шалтгаан нь Ц.Д-, Д.М- хэн аль нь буруутай гэж дүгнэсэн байхад дан ганц миний үйлчлүүлэгч Д.М-д холбогдуулан прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулсан нь зам тээврийн ослын голлох шууд буруутай этгээдийг мөрдөх ажиллагааны явцад тогтоогоогүй нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн шүүх тогтоолдоо жолооч Д.М- нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 дугаар заалт, “****” загварын ****УН улсын дугаартай мотоциклийн жолооч Ц.Д- нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а заалтыг тус тус зөрчсөн зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна ... гэх зэрэг нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдсон гэж буруу дүгнэлт хийсэн. Хэргийн газрын үзлэгийг хийхдээ мөргөлдсөн гэх цэгийг буруу тодорхойлж, тэмдэглэл үйлдэн мөрдөгчийн магадлагааг гаргасан байхаас гадна осол болсон цэгийг зөв тодорхойлсон эсэхийг оролцогч нараас санал хүсэлтийг авч тэмдэглэлийг уншиж, танилцуулалгүй гарын үсэг зуруулж, Мөрдөгчийн 2024 оны 07 сарын 27-ны өдрийн магадлагаа гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан оролцогчийн гомдол, хүсэлт гаргах эрхийг хязгаарласан гэж үзэж байгаагаас гадна хэргийн газрын үзлэгт оролцоогүй мөрдөгчийг оролцсон мэтээр гарын үсэг зурж, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хууль зөрчсөн талаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодорхой саналыг гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Хохирлыг тооцохдоо Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч нар хэн алиндаа тээврийн хэрэгсэл болон мотоциклд хохирол учруулсан байхад зөвхөн миний үйлчлүүлэгч Д.М-д мотоциклийн хохирол төлбөр болох 2.265.000 төгрөг, ачилт, журмын хашааны төлбөр 554.000 төгрөг нийт 4.957.600 төгрөг хариуцуулсан нь буруу. Тухайлбал мотоциклын чанар хийц эдэлгээг тооцолгүйгээр шинэ мотоциклийн төлбөрөөр тооцсон нь хуульд нийцэхгүй байхаас гадна энэ талаар ямар нотлох баримтыг үндэслэж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “....Д.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, ...5.000.000 сая төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй гэсэн, гэтэл 5 дахь заалтад “...Д.М-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай... “ гэж зөрүүтэй байгаа нь ойлгомжгүй. Иймд хэргийн материалаар дахин зам тээврийн ослын нөхөн хэргийн газрын үзлэг хийж, ингэж хийхдээ өмгөөлөгчийг оролцуулан оролцогч нарын эрхийг ханган осол болсон цэг, “мотоциклийн тоормосны мөрний хэмжээг тодорхойлж, хурдыг тогтоосны эцэст тухайн осол хэрэг болсон гэх газар байсан буюу ****УАХ улсын дугаартай “Toyota prius 20” загварын тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан болсон хэрэг явдлыг тодорхой мэдэх нараас гэрчээр мэдүүлэг авсны эцэст дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дүгнэлт гаргуулах нь хуульд нийцнэ. Мөн “Асайт” худалдааны төвийн урд зам дээр байх хяналтын камерын /бусад камерын/ бичлэгийг хуулбарлаж үзлэгийн тэмдэглэл үйлдэн хуульд заасан журмын дагуу нотлох ажиллагааг явуулсны эцэст хэргийг нэг мөр шийдвэрлэх үүднээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...осол болсон замыг 4 эгнээ зам, хэргийн газарт хяналтын камергүй талаар прокурор яллах дүгнэлтдээ дурдсан. Уг осол болсон газар автобусны буудал байсан учраас камерын бичлэг байх учиртай. Хохирол, төлбөртэй холбоотой 2.265.000 төгрөгийг бүтэн мотоциклийн үнэ гэж ойлгож байна. ...” гэв.

 

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулж, бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчээс “аль тээврийн хэрэгслийн жолоочийн буруутай үйлдлийн улмаас тухайн осол гарсан бэ,” гэж асуухад “Toyota prius 20” загварын тээврийн хэрэгслээс хамааралтай тухайн осол үйлдэгдсэн талаар тодорхой хариулт өгсөн. Мотоциклийн эвдрэлийн үнэлгээ гаргасан, шүүгдэгч Д.М- үнэлгээтэй танилцаж гарын үсэг зурсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул шүүгдэгч Д.М-гийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Д.М-д холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч Д.М-гийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Д.М- нь 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 00 минутын үед Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо, “Асайт” худалдааны төвийн урд замд “Toyota prius 20” загварын ****УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-т “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө..." гэж заасныг зөрчсөний улмаас “****” загварын УН ****улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч Ц.Д-ын эрүүл мэндэд баруун өвдөгний үений шөрмөсний урагдал, өвдөг, эрүүнд шарх, баруун гарын хуруу, зүүн өвдөг, шагайд цус хуралт, цохонд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ц.Д-ын “...эсрэг талын урсгалаас хар өнгийн “Тоyotа Рrius 20” загварын автомашин гэнэт буцаж эргээд гараад ирсэн. ...Тулаад ирэхээр нь урд тоормосоо атгасан боловч зогсоогүй очоод мөргөсөн. ...” /1хх 15/,

гэрч Д.Г-ын “...Асайт худалдааны төвийн урд талын эсрэг урсгалтай 6 эгнээ зорчих хэсгийн баруунаас зүүн тийш чиглэлийн 3 дугаар эгнээнээс тасархай шугамтай хэсэг дээр эсрэг урсгалаас ямар ч машин байхгүй болохоор нь би “машин байхгүй, юу ч алгаа эргэчих” гэхэд М- буцаж эргээд зүүнээс баруун чиглэлийн эсрэг урсгалын 2 дугаар эгнээн дээр хөндлөн байдалтай явж байтал баруун гар талаас буюу жолоочийн талаас мотоциклтой зорчигч орж ирээд “хүүе мотоцикл” гэхийн завдалгүй л жолооч талын хаалга болон урд крыло хэсэгт мөргөөд унасан. ...Замын хөдөлгөөн бидний зорчиж байсан баруунаас зүүн чиглэлд ачаалал ихтэй, харин эсрэг урсгалд хөдөлгөөн сийрэг байсан. Зорчих хэсгийн 3 дугаар эгнээнээс эргэх үйлдэл хийсэн. Нэлээн зөөлөн явж байсан. ...” /1хх 131/,

иргэний нэхэмжлэгч С.С-ийн “...Ц.Д- нь 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2.322.760 төгрөг гарсан. ...” /1хх 26/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.А-ийн “... “Toyota prius 20” загварын ****УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшилд байдаг. Тухайн тээврийн хэрэгслийг өөрийн дүү болох М-д жолоодох зөвшөөрөл би олгосон. ...” /1хх 29, 32/,

шинжээч Ч.Эрдэмболорын “...Ц.Д- гэх хүнийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр үзэж үзлэг хийсэн учраас өмнө нь мөрдөгдөж байсан гэмтлийн зэрэг тогтоох журмыг баримтлан дүгнэлт гаргасан. ...” /1хх 134/,

шинжээч И.Базаррагчаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...энэ ослын тухайд шүүгдэгч нь эргэх үйлдэл хийхдээ удаан эргэсэн гэж гэрч мэдүүлсэн. Энэ нь осол гаргахад нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөнд оролцож байгаа бусад тээврийн хэрэгсэлд садаа болдог. Замын хөдөлгөөнд оролцохдоо бусдад садаа болохоос зайлсхийхийн тулд чигээрээ хөдөлгөөнөө үргэлжлүүлж байгаа буюу баруун гар тийшээ эргэж байгаа тээврийн хэрэгсэл эхэлж тухайн цэгийг нэвтэрдэг. Дараа нь зүүн гар тийшээ болон буцаж эргэж байгаа тээврийн хэрэгслүүд явах ёстой байдаг. Зам тавьж өгөх гэдэг нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хурд болон хөдөлгөөний чигийг өөрчлөхгүйн тулд хөдөлгөөнийг үргэлжлүүлэхгүй байх үйлдэл хийх ёстой. Энэ ослын тухайд осол гарах болсон үндсэн шалтгаан нь зам тавьж өгөх үйлдэл хийгээгүйн улмаас осол гарсан. Мөн осол гарахад нөлөөлдөг зүйлүүдийн нэг нь жолоодох эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд байдаг. Тэгэхдээ энэ ослын тухайд эрхгүй этгээд мотоцикл жолоодсон үйлдэл нь хамаарахгүй. …” /1хх 236/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...Ц.Д-ын эрүүл мэндэд баруун өвдөгний үений шөрмөсний урагдал, өвдөг, эрүүнд шарх, баруун гарын хуруу, зүүн өвдөг, шагайд цус хуралт, цохонд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 7767 дугаар дүгнэлт /1хх 38-39/, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1084 дүгээр дүгнэлт /1хх 140-141/

“...Д.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5, 1.3-т заасан заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан. ...” болохыг тогтоосон Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхтөрийн гаргасан 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1298 дугаар мөрдөгчийн магадлагаа /1хх 87/,

“Toyota prius 20” загварын ****УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10, **** загварын УН ****улсын дугаартай мотоциклийн жолооч Ц.Д- нь мөн дүрмийн 3.7 “а” заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан. ...” болохыг тогтоосон Техникийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 08/20 дугаар дүгнэлт /1хх 144-145/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 6-12/, эд хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 57-59/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн:

 

шүүгдэгч Д.М-г тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл, заалтыг зөрчсөний улмаас хохирогч Ц.Д-ын унаж явсан мотоцикльтой мөргөлдөж, Ц.Д-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Д.М-гийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг “...осол гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, техникийн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй тул хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэж өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

 

1. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болох:

хохирогч Ц.Д-ын “...эсрэг талын урсгалаас хар өнгийн “Тоyotа Рrius 20” загварын автомашин гэнэт буцаж эргээд гараад ирсэн. ...Тулаад ирэхээр нь урд тоормосоо атгасан боловч зогсоогүй очоод мөргөсөн. ...” /1хх 15/,

гэрч Д.Гантогтохын “...М- буцаж эргээд зүүнээс баруун чиглэлийн эсрэг урсгалын 2 дугаар эгнээн дээр хөндлөн байдалтай явж байтал баруун гар талаас буюу жолоочийн талаас мотоциклтой зорчигч орж ирээд “хүүе мотоцикл” гэхийн завдалгүй л жолооч талын хаалга болон урд крыло хэсэг мөргөөд унасан. ... Зорчих хэсгийн 3 дугаар эгнээнээс эргэх үйлдэл хийсэн. Нэлээн зөөлөн явж байсан. ...” /1хх 131/ гэх мэдүүлгүүд,

“...жолооч Д.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5, 1.3-т заасан заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан. ...” болохыг тогтоосон мөрдөгчийн магадлагаа /1хх 87/, техникийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 08/20 дугаар дүгнэлт /1хх 144-145/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 6-12/ зэргээр шүүгдэгч Д.М- нь 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 00 минутын үед Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо, “Асайт” худалдааны төвийн урд замд баруунаас зүүн тийш чиглэлтэй тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон хоёр урсгалтай зургаан эгнээ замын 2 дугаар эгнээгээр явж байгаад зүүн гар тийшээ даран эсрэг урсгал руу орохдоо зүүнээс баруун тийш чиглэлтэй, чигээрээ явж байсан мотоцикльтой мөргөлдөж, Ц.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч осол гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж маргаж байгаа боловч Д.М- нь чигээрээ явж байсан мотоциклийг өнгөрөөлгүйгээр буцаж эргэх үйлдлийг удаан хийснээр чигээрээ явж байсан мотоциклтой жолооч талын хаалга болон урд крыло хэсгээрээ мөргөлдсөн нь хохирогч, гэрч нарын “...буцаж эргэх үйлдэл хийж байхад баруун гар талаас буюу жолоочийн талаас мотоциклтой зорчигч орж ирээд “хүүе мотоцикл” гэхийн завдалгүй мөргөөд унасан. ...Нэлээн зөөлөн явж байсан. ...” гэх мэдүүлэг нь “...Жолооч Д.М- нь зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн” гэсэн мөрдөгчийн магадлалаа, техникийн шинжээчийн дүгнэлт болон шинжээч И.Базаррагчаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...энэ ослын тухайд шүүгдэгч нь эргэх үйлдэл хийхдээ удаан эргэсэн гэж гэрч мэдүүлсэн. Энэ нь осол гаргахад нөлөөлсөн. ...Замын хөдөлгөөнд оролцохдоо бусдад садаа болохоос зайлсхийхийн тулд чигээрээ хөдөлгөөнөө үргэлжлүүлж байгаа буюу баруун гар тийшээ эргэж байгаа тээврийн хэрэгсэл эхэлж тухайн цэгийг нэвтэрдэг. Дараа нь зүүн гар тийшээ болон буцаж эргэж байгаа тээврийн хэрэгслүүд явах ёстой байдаг. ...Мөн осол гарахад нөлөөлдөг зүйлүүдийн нэг нь жолоодох эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд байдаг. Тэгэхдээ энэ ослын тухайд эрхгүй этгээд мотоцикл жолоодсон үйлдэл нь хамаарахгүй “ гэсэн мэдүүлэг, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр давхар нотлогджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон шүүгдэгч Д.М-гийн тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримтыг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

 Зам тээврийн ослын хэрэгт холбогдсон жолоочийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхийн тулд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох зорилгоор тусгай зөвшөөрөл бүхий шинжээчийг, эсхүл тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч-шинжээчийг томилж дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай бөгөөд томилогдсон шинжээч нь зохих тусгай мэдлэг, туршлагыг эзэмшсэн, гаргасан дүгнэлт нь шинжлэх ухааны үндэслэл бүхий аргачлал, хууль ёсны нотлох баримтад тулгуурласан, тавигдсан асуултад бүрэн дүүрэн хариулт өгч чадсан эсэхээс хамаарч тухайн дүгнэлтийн нотолгооны ач холбогдол тодорхойлогдоно.

 

Тодруулбал, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт гол ач холбогдол бүхий нотлох баримт нь автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл, заалтыг хэрхэн, яаж зөрчсөн эсэх талаарх техникийн шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадлагаа байдаг.

 

Мөрдөгч хуульд заасан эрх, үүргийнхээ хүрээнд ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн багш нарыг тус тус шинжээчээр томилж, дүгнэлт гаргах эрх бүхий этгээдүүдэд хуульд заасан үндэслэл журмын дагуу эрх, үүрэг тайлбарлан, хууль сануулсан баталгаа авч баримтад гарын үсэг зуруулж, /1хх 142-143/ энэ хэрэгт урьд нь дүгнэлт гаргаж байгаагүй, хувийн сонирхолгүй, тусгай мэдлэг бүхий шинжээч нар хуульд заасан үндэслэл, журмын дагуу дүгнэлт гаргасан байна.

 

2. Харин мөрдөгчийн магадлагаа, Техникийн шинжээчийн дүгнэлт зэргээр зам тээврийн осол гарахад мотоциклийн жолооч Ц.Д-ын зохих буруутай үйл ажиллагаа тогтоогдсон тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн  нөхцөл байдлыг харгалзан  “****” загварын УН ****улсын дугаартай мотоцикльд учирсан 2.265.000 төгрөгийн хохирлын 50 хувийг буюу 1.132.500 төгрөгийг шүүгдэгчид хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нөгөөтээгүүр, шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэх учиртай. 

 

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар “...Д.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,...” гэсэн атлаа 5 дахь заалтад “...Д.М-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай. ...” гэж зөрүүтэй бичсэнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Д.М-гийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/1549 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай. ...” гэж,

6 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-гаас 6.147.500 /зургаан сая нэг зуун дөчин долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулан хохирогч Ц.Д- 3.825.100 /гурван сая найман зуун хорин таван мянга нэг зуу/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 2.322.760 төгрөгийг тус тус олгосугай. ...” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.М-гийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                                        Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН