| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/02110/И |
| Дугаар | 320/ШШ2026/00198 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 320/ШШ2026/00198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А****** гийн Б***** (РВ***** ),
Хариуцагч: А******** гийн Д******* (РЭ********** ),
Нэхэмжлэлийн шаардлага: Амаар тохиролцсон зээлнээс төлөгдөөгүй үлдсэн 8,210,680 (найман сая хоёр зуун арван мянга зургаан зуун арав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 320/2025/01558/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А***** ,
Хариуцагч А.Д***** ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Б***** нь А.Д***** т холбогдуулан амаар тохиролцсон зээлнээс төлөгдөөгүй үлдсэн 8,210,680 (найман сая хоёр зуун арван мянга зургаан зуун арав) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
1. Нэхэмжлэгч А.Б***** нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие А****** гийн Б***** нь А***** гийн Д****** оос 75.000.000 төгрөгөөр 2022 онд 60 м/кв талбай бүхий Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар багийн *** дугаар байрны *** тоотод байрлах 2 өрөө байрыг худалдаж авсан. Байранд ороход байрны бичиг баримт А.Д***** ын нэр дээр шилжигдсэн байсан. Би удаа дараа байрны бичиг баримтыг шилжүүлж өгөхийг шаардсан боловч шилжүүлж өгөөгүй. Ингээд байж байтал А.Д******* ирээд байрыг барьцаанд тавиад менгийг нь төлөөд бичиг баримтыг авч өгье гэж байсан. Гэтэл 2023 оны 12 дугаар сард Б**** И**** Д**** банк бус санхүүгийн байгууллагаас залгаад А.Д******* зээлээ төлөхгүй байна гэж залгасан. Энэ талаар А.Д***** т хэлэхэд удахгүй төлж өгнө гээд зээлийг төлөөгүй. Би А.Д***** ын төлсөн зээлийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 4.567.930 /дөрвөн сая таван зуун жаран долоон мянга есөн зуун гуч/-н төгрөгийг төлсөн. Мөн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 3.552.750 /гурван сая таван зуун тавин хоёр мянга долоон зуун тавь/-н төгрөгийг буюу 8.210.680 /найман сая хорь зуун арван мянга зургаан зуун ная/-н төгрөгийг төлж барагдуулж бичиг баримтаа авсан. Амаар тохиролцсон зээлнээс төлөгдөөгүй үлдсэн 8.210.680 /найман сая хорь зуун арван мянга зургаан зуун ная/-н төгрөгийг өгөхгүй байгаа тул А.Д***** оос гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-4 дэх тал)
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Б***** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ миний бие А****** гийн Б***** нь А***** гийн Д****** оос 75,000,000 төгрөгөөр 2022 онд 60 м2 талбай бүхий Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар багийн *** дугаар байрны *** байрны 4 тоотод байрлах 2 өрөө байрыг худалдаж авахаар гэрээ хэлэлцэж байгуулагдаж төлбөр шилжигдсэн байдаг. Тухайн байранд ороход бичиг баримт А.Д***** ын нэр дээр шилжигдсэн байсан. Нэхэмжлэгчийн хувьд байрны бичиг баримтыг шилжүүлж өгөхийг удаа дараа шаардсан боловч шилжүүлж өгөөгүй. Гэтэл А.Д******* нь тухайн үл хөдлөх хөрөнгийг Б****** ББСБ-д 15,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан байдаг. Энэ барьцааг чөлөөлөгдөх хүртэл хүртэл тухайн эд хөрөнгө эзэмших эрх шилжих ямар ч боломжгүй байсан. Нэхэмжлэгч нь 2025 он хүртэл тухайн банк бус санхүүгийн байгууллагын зээлийг хариуцагчийг төлөхийг хүлээж байсан боловч 2025 оны 01 дүгээр сараас Б****** ББСБ-с зээлийн хугацааг удаа дараа хэтрүүлсэн учир барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгүүлэх талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн байдаг. Үүний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлээ төлөхийг шаардаж барьцаа хөрөнгөө чөлөөлж өөрийн нэр дээр бүртгүүлэх талаар болон миний эрх зөрчигдөх гээд байна гэдэг байдлаар удаа дараа шаардлага тавьсан боловч хариуцагч нь тухайн цаг хугацаанд мөнгөгүй байсан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөх боломжгүй байдал үүссэн. Хэрвээ банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд хөрөнгө хураагдах юм бол хэн алиных нь эрх зөрчигдөх хандлагатай байсан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг зээлийн төлбөрөө төлөөд барьцаа хөрөнгөө чөлөөлж авуул би үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгнө гэх хоорондын тохиролцоо хийгдсэн байдаг. Уг зээлийн гэрээний төлбөрийг төлөх юм бол дараа нь надад хэрхэн ямар байдлаар төлөх юм бэ гэж нэхэмжлэгч асуухад би мөнгөтэй болсон үедээ чамд төлнө гэдэг байдлаар хэлцэл байгуулсан байдаг. Энэ хэлцлийн дагуу нэхэмжлэгчийн зүгээс 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагын 5892****** дугаартай өөрийн данснаас 5622****** дугаартай данс руу РЭ********** регистрийн дугаараар хариуцагчийн зээлийн эхний төлөлтийг хийсэн байдаг. Мөн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 3,552,720 төгрөгийг мөн дээрх данс руу зээлийн төлөлтийг хийж нийт 8,210,680 төгрөгийн зээлийг төлж барьцаа хөрөнгөө чөлөөлж авсан. Үүний дагуу 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах 181 дугаартай гэрээ байгуулсан. Үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших эрхийг шилжүүлж эзэмших эрхээ баталгаажуулсан байдаг. Тэгэхлээр энэ нөхцөл байдлаас харахад А.Б**** ийн зүгээс А.Д***** ын төлөх ёстой Банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж өгсөн. А.Д***** ын зүгээс тухайн цаг хугацаанд би чамд төлж өгнө, чи мөнгөтэй бол төлчих гэх байдлаар хэлцэл хийсэн. Би мөнгөтэй болохоороо өгнө.Тэр хугацаа хүртэл намайг хүлээгээч гэх тохиролцоогоор зээлийг төлүүлсэн. Гэвч 2025 оны 02 дугаар сарын 17-ноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацаанд хариуцагчийн зээлийн гэрээний үүргийг өмнөөс нь төлж төлбөрийг хариуцагчийн зүгээс төлөхийг нэхэмжлэгч хүлээсэн боловч хариуцагч төлөөгүй байна. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.
Хариуцагч А.Д******* шүүхэд гаргасан тайлбартаа: .. А.Б***** нь тухайн байрыг надаас худалдаж авсан мэтээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ илт худал байдлаар тодорхойлжээ.
А.Б***** Б**** хоёр 2022 оны 03 дугаар сараас тухайн оны 07 дугаар сар хүртэл нэг гэрт хамт амьдарч байсан юм. Нэг гэр бүл болж гэрлэх төлөвлөгөөтэй байсан. Энэ үүднээс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 16-р байрны 14 тоотод байрлалтай 30,6 м.кв талбайтай байрыг миний танил эгч болох Б.Д***** аас худалдаж авсан. Тэгээд тухайн үедээ уг байранд хамт амьдарч байсан. Байрыг 55,000,000 /тавин таван сая төгрөгөөр худалдаж авсан. Ингэхдээ Б.Д***** гуайд 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 20 сая төгрөг, 3 сая төгрөгийг тус тус, 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 11 сая төгрөг нийт 34 сая төгрөгийг дансаар шилжүүлсэн. Мөн М****** гэж хүнээс 15 сая төгрөг зээлж тухайн мөнгөө бэлнээр нь Д***** т өгсөн. Үлдсэн 6 сая төгрөгийг Д***** гуайн хүү Энхтөрд бэлнээр өгсөн юм. Тэгээд тухайн байраа миний нэр дээр шилжүүлэн бүртгүүлсний дараа уг байрыг "Б**** " Банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан 15 сая төгрөгийн зээл авч М****** гуайгаас байрны төлбөр төлөх зорилгоор зээлсэн зээлээ төлсөн.. Ингэж энэ байрыг худалдаж авахад А.Б**** ээс надад 19,000,000 /арван есөн сая/ төгрөг нэг удаа 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг нэг удаа нийт 21,800,000 төгрөг шилжүүлж байрны төлбөрт өгсөн юм.
Ингээд А.Б***** Б**** хоёр 2022 оны 07 дугаар сараас хойш таарч тохирохоо болиод хамт амьдрахгүй болсон. Гэтэл А.Б***** уг байрыг өөрийнхөө нэр дээр болгож авна гэсэн шаардлага тавиад байсан тул би үүнийг нь хүлээн зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдөр А.Б**** тэй худалдах худалдан авах гэрээ байгуулж нэр дээр шилжүүлж өгсөн. Ингэхдээ тухайн байрыг 55,000,000 төгрөгөөр худалдаж байгаа мэтээр гэрээ хийсэн. Ингэж байрыг А.Б**** ийн нэр дээр шилжүүлэхэд би түүнээс ямар нэг мөнгө аваагүй.
Харин тухайн үед байрыг худалдаж авахад "Б**** " Банк бус санхүүгийн байгууллагаас авсан 15 сая төгрөгийн зээлийн үлдэгдэл 8,210.680 төгрөгийн үлдэгдэл зээл байсан. Би байрыг А.Б**** т шилжүүлэхдээ тийм хэмжээний үлдэгдэл зээлийн барьцаанд байгааг нь хэлж" тэр зээлээс нь чөлөөлөөд өөрийнхөө нэр дээр болгож авбал ав" гэж хэлэхэд өөрөө зөвшөөрөөд тухайн зээлийг төлж хаагаад байрыг шилжүүлж авсан юм. Гэтэл одоо уг зээл төлсөн мөнгөө надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэхүү зээл нь анх байрыг худалдаж авахад зориулж авсан зээл бөгөөд тухайн мөнгө нь өөрөө байрны өртгөнд шингэсэн байгаа юм.
Ингээд тухайн байрыг надад ямар ч төлбөр төлөлгүй өөрийнхөө нэр дээр шилжүүлж авчихаад одоо анх байр авах зорилгоор авсан зээлэнд төлсөн төлбөрөө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.
Мөн А.Б***** нь тухайн байрыг надаас худалдаж авсан мэтээр илт үндэслэлгүй зүйл нэхэмжлэлдээ дурджээ. Хэрвээ үнэхээр надаас худалдаж авсан юм бол мөнгө төлсөн баримтаа гаргаж нотлох ёстой байх. Б**** хоёр анх уг байрыг худалдаж авах үед л байрны төлбөрт Б.Д***** т мөнгө төлсөн. Үүнээс өөрөөр А.Б**** ээс ямар нэг мөнгө надад болон Б.Д***** т төлөөгүй юм. Иймд дээр дурдсан үндэслэлээр А.Б**** ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.... гэжээ. (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
Хариуцагч А.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..2022 оноос 2023 оны хооронд А****** гийн Б****** ээс орж ирсэн дансны хуулгыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа Тухайн үед над руу ямар ч мөнгө явуулж байгаагүй. Нийт орж ирсэн мөнгө нь 21,800,000 төгрөг байсан. Нэхэмжлэгчийг гадаадад олон жил болсон учир шилжүүлж өгье гэдэг үндсэн дээр байрыг шилжүүлж өгсөн. Б**** хамтран амьдарч байсан. 2025 оны 01 дүгээр сард банк бус санхүүгийн байгууллагаас байрыг чөлөөлж нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгсөн байдаг. Тухайн байрыг шилжүүлж өгсөн байхад шүүхэд өгсөн асуудалд нь миний бие дургүй байгаа.. гэв.
Нэхэмжлэгчээс: А.Б**** ийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 5 дахь тал), Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хавтаст хэргийн 6 дахь тал), Хаан банкны 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 5892****** дугаарын А****** гийн Б****** ийн данснаас Б****** ББСБ-ын 5622**** дугаарын данс руу 3,552,750 төгрөг шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 7 дахь тал), Хаан банкны 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5892****** дугаарын А****** гийн Б****** ийн данснаас Б****** ББСБ-ын 5622**** дугаарын данс руу 4,567,930 төгрөг шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 8 дахь тал), нотариатаар гэрчлүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын тойргийн нотариатч Ц.А**** ийн 2025 оны 02 сарын 19-ний бүртгэлийн дугаар 0181 дугаартай худалдах худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/ (хавтаст хэргийн 9 дэх тал), нотариатаар гэрчлүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000991711 дугаартай гэрчилгээ, нотариатаар гэрчлүүлсэн хур системээс авсан А.Д***** , А.Б***** нарын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 10 дахь тал),
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: А.Б**** ээс Б.А***** д олгосон итгэмжлэл (хавтаст хэргийн 42 дахь тал), Б****** ББСБ-ын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/21 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 43 дахь тал), А.Б**** ээс Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гаргасан өргөдөл(хавтаст хэргийн 44 дэх тал),
Хариуцагчаас: А.Д***** ын хариу тайлбар (хавтаст хэргийн 28-29 дэх тал), 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 30 дахь тал), Хаан банкны А.Д***** ын 5914********** дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 31-33 дахь тал), нотариатаар гэрчлүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын тойргийн нотариатч Х.П****** ын 2022 оны 04 сарын 05-ны бүртгэлийн дугаар 1600 дугаартай худалдах худалдан авах гэрээ / үл хөдлөх эд хөрөнгө/ -ийн хуулбар (хавтаст хэргийн 34 дэх тал), Хөвсгөл аймгийн Мөрөн сумын тойргийн нотариатч Ц.А**** ийн 2025 оны 02 сарын 19-ний бүртгэлийн дугаар 0181 дугаартай худалдах худалдан авах гэрээ / үл хөдлөх эд хөрөнгө/-ийн хуулбар (хавтаст хэргийн 35 дахь тал), хур системээс авсан А.Д***** , А.Б***** нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 36 дахь тал), Б.Д***** , А.Д******* нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 37 дахь тал) зэргийг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдов.
Нэхэмжлэгч А.Б***** нь хариуцагч А.Д***** оос 2022 оны 04 сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар багийн ** дугаар байрны тоотод байрлалтай 30,6 м.кв талбайтай орон сууцыг худалдан авсан байх үед А.Д******* нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Б****** ББСБ-иас дээрх орон сууцыг барьцаалан 15,000,000 төгрөгийг зээлийг авсан бөгөөд зээлийн үлдэгдэл 8.210.680 төгрөгийг төлөөгүйн улмаас А.Б***** нь орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч чадахгүй нөхцөл байдлын улмаас А.Б***** нь А.Д***** той харилцан тохиролцсоны дагуу зээлийг төлж байрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч А.Б***** 2022 оны 04 сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар багийн ** дугаар байрны ** тоотод байрлалтай 30,6 м.кв талбайтай орон сууцыг худалдан авсан байх үед А.Д******* нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Б****** ББСБ-иас дээрх орон сууцыг барьцаалан 15,000,000 төгрөгийг зээлийг авсан бөгөөд зээлийн үлдэгдэл 8.210.680 төгрөгийг төлөөгүйн улмаас А.Б***** нь орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч чадахгүй нөхцөл байдлын улмаас А.Б***** нь А.Д***** ын зээлийг төлж орон сууцны бичиг баримтаа өөрийн нэр дээр шилжүүлж авах, мөн Б****** ББСБ-иас зээлийн үлдэгдэл 8.210.680 төгрөгийг буцаан авахаар тохиролцсон гэж,
хариуцагч А.Д******* нь А.Б***** Б**** хоёр хамтран амьдарч байхдаа дээрх орон сууцыг авсан. Байрыг авахад 15 сая төгрөг хүнээс зээлсэн бөгөөд тэр зээлсэн мөнгөө буцааж өгөх хэрэгтэй байсан учраас Б****** ББСБ-иас дээрх орон сууцыг барьцаалан 15,000,000 төгрөгийг зээлж хүнээс авсан мөнгөө өгсөн. Би орон сууцыг А.Б**** т шилжүүлэхдээ тийм хэмжээний үлдэгдэл зээлийн барьцаанд байгааг нь хэлж" тэр зээлээс нь чөлөөлөөд өөрийнхөө нэр дээр болгож авбал ав" гэж хэлэхэд өөрөө зөвшөөрөөд тухайн зээлийг төлж хаагаад орон сууцын шилжүүлж авсан юм. Гэтэл одоо уг зээл төлсөн мөнгөө надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна гэж маргасан байна.
Хариуцагч А.Д******* нь "хамтран амьдарч байхдаа авсан" гэж тайлбарлаж байх боловч энэ нь худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн худалдагчийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Талуудын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний харилцаа нэгэнт үүссэн тул гэрээний үүргийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.
Талууд 2022 оны 04 сарын 05-ны өдөр, мөн 2025 оны 02 сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар багийн ** дугаар байрны тоотод байрлалтай 30,6 м.кв талбайтай орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан үйл баримттай маргаагүй байна.
Дээрх худалдах худалдан авах гэрээ / үл хөдлөх эд хөрөнгө/ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, бичгээр хийгдэж, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байна.
Нэхэмжлэгч А.Б**** , хариуцагч А.Д******* нар нь 2022 оны 04 сарын 05-ны өдөр, мөн 2025 оны 02 сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар багийн ** дугаар байрны тоотод байрлалтай 30,6 м.кв талбайтай орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна.
Гэрээний 3.1-т зааснаар Үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 55,000,000.00 /тавин таван сая/ төгрөгөөр худалдахаар тохиролцов.
3.2-т Төлбөр төлөх нөхцөл, хугацаа 2022 оны 04 сард А.Д***** ын ХААН банкны 5914********** тоот дансанд шилжүүлсэн.
3.3-т Гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх: Төлбөрийг бүрэн төлж дууссан.
3.4-т Үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөх хугацаа: 2022 оны 04 дүгээр сард хүлээлгэж өгсөн.
3.5-т Үүргийн гүйцэтгэлийг хангах арга: Байхгүй гэж талууд тохиролцон тогтоосон.
Зохигч худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж, гэрээний үнэн зөвийг нотариатчаар гэрчлүүлсэн байх ба энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийн Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэх гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцсэн, тэдний хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг зөрчөөгүй хүчин төгөлдөр худалдах худалдан авах /үл хөдлөх хөрөнгө/ гэрээ гэж үзэх үндэслэлтэй.
Дээрх гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээх ба гэрээний дагуу худалдан авагч тал А.Б***** нь худалдагч А.Д***** т 2022 оны 04 дүгээр сард А.Дамноровт төлбөрийг бүрэн төлж дууссан, А.Д******* нь орон сууцыг 2022 оны 04 дүгээр сард хүлээлгэж өгөх үүргээ тус тус биелүүлсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан зохигчийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ / үл хөдлөх хөрөнгө/ -гээр нотлогдон тогтоогдсон.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. Мөн хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д "худалдагдсан хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрт байгаа эрхээ худалдагчид гаргаж чадахааргүй бол эрхийн зөрчилгүй хөрөнгө гэнэ" гэж заасан.
Зохигч талуудын хувьд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авсан үйл баримттай маргаагүй боловч үл хөдлөх эд хөрөнгийг үнийг бүрэн төлөөгүй гэж хариуцагч А.Д******* маргасан байна.
Тодруулбал А.Д******* нь тухайн орон сууцыг авахад зориулж 15 сая төгрөгийг М****** гэх хүнээс зээлж улмаар дээрх мөнгөө төлөхийн тулд Б****** ББСБ-иас дээрх орон сууцыг барьцаалан 15,000,000 төгрөгийг авч буцааж мөнгө зээлсэн хүндээ өгсөн учир энэ орон сууцны үнэд 15,000,000 төгрөг багтсан гэж маргажээ.
Хариуцагч А.Д******* нь А.Б**** т орон сууц худалдахдаа 15 сая төгрөг хүнээс зээлсэн бөгөөд тэр зээлсэн мөнгөө буцааж өгөх хэрэгтэй байсан учраас Б****** ББСБ-иас дээрх орон сууцыг барьцаалан 15,000,000 төгрөгийг зээлж хүнээс авсан мөнгөө өгсөн. Би орон сууцыг А.Б**** т шилжүүлэхдээ тийм хэмжээний үлдэгдэл зээлийн барьцаанд байгааг нь хэлж тэр зээлээс нь чөлөөлөөд өөрийнхөө нэр дээр болгож авбал ав" гэж хэлэхэд өөрөө зөвшөөрөөд тухайн зээлийг төлж хаагаад байрыг шилжүүлж авсан гэж мэтгэлцэж байх боловч хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар хариуцагч А.Д******* нь Б****** ББСБ-иас авсан зээлийг А.Б***** төлж байрыг авахаар тохиролцсон талаар нотлоогүй байна гэж үзлээ.
Тодруулбал хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсан нотариатаар гэрчлүүлсэн Мөрөн сумын тойргийн нотариатч Ц.А**** ийн 2025 оны 02 сарын 19-ний бүртгэлийн дугаар 0181 дугаартай худалдах худалдан авах гэрээ / үл хөдлөх эд хөрөнгө/ -ний 3.3-т төлбөрийг бүрэн төлж дууссан, 3.4-т 2022 оны 04 дүгээр сард хүлээлгэж өгсөн гэж бичигдсэн, мөн хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн Хаан банкны А.Д***** ын 5914********** дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар А.Б***** нь 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 21,800,000 төгрөгийг шилжүүлсэн талаарх дансны хуулга зэрэг баримт хэрэгт авагдсан, мөн хариуцагч А.Д******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Тухайн 30 сая төгрөгийг байрны мөнгө гэж шилжүүлээгүй. Манай ээж өндөр настай хүн байдаг учир нэхэмжлэгч нь Бэлтэс мөрөн рүү ээжийн нэрээр өсгөж авахын тулд хийсэн гэх тайлбар мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр А.Б**** , А.Д******* нарыг
Б****** ББСБ-иас авсан зээлийг А.Б***** төлж орон сууцыг авахаар тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагч А.Д******* нь өөрийн тайлбараа нотлох болон няцаах баримт ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж зааснаар хариуцагч А.Д******* нь А.Б**** т өөрийн орон сууцыг зарахдаа Б****** ББСБ-иас авсан зээлийн үлдэгдлийг төлж авахаар тохиролцсон болохоо нотлох үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл хариуцагч А.Д******* нь А.Б**** т өөрийн орон сууцыг 2022 оны 04 дүгээр сард зарахдаа Б****** ББСБ-иас авсан зээлийн үлдэгдлийг төлж авахаар тохиролцсон гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэлээ бичсэн байх боловч энэ талаар нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд ирүүлээгүй байна.
Түүнчлэн хариуцагч А.Д******* нь 2022 оны 04 дүгээр сард орон сууцыг А.Б**** т худалдсан байх бөгөөд худалдах, худалдан авах гэрээнд төлбөр бүрэн төлөгдсөн гэж бичигдсэн, мөн А.Д***** ын Хаан банкны дансны хуулгаар 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ЕВ-ХӨВС-А.Д******* РЭ********** Б**** ББСБ гэсэн утгаар 15,000,000 төгрөгийн зээлийг авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба А.Д******* нь 2022 оны 04 дүгээр сард орон сууцыг бусдад худалдсан байхдаа орон сууцыг барьцаанд тавьж зээл авч байгаа нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.
Хариуцагч А.Д******* нь А.Б**** т орон сууцыг худалдсан атлаа дээрх орон сууцыг ББСБ-д барьцаалан зээл авч, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг саадгүй хэрэгжүүлэх боломжоор хангах үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А***** ын ..А.Б**** ийн зүгээс А.Д***** ын төлөх ёстой Банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж өгсөн. А.Д***** ын зүгээс тухайн цаг хугацаанд би чамд төлж өгнө, чи мөнгөтэй бол төлчих гэх байдлаар хэлцэл хийсэн. Би мөнгөтэй болохоороо өгнө. Тэр хугацаа хүртэл намайг хүлээгээч гэх тохиролцоогоор зээлийг төлүүлсэн. Гэвч 2025 оны 02 дугаар сарын 17-ноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацаанд хариуцагчийн зээлийн гэрээний үүргийг өмнөөс нь төлж төлбөрийг хариуцагчийн зүгээс төлөхийг нэхэмжлэгч хүлээсэн боловч хариуцагч төлөөгүй байна. гэх тайлбар, мэдүүлэг, нэхэмжлэгч А.Б**** ийн гаргасан нэхэмжлэл, хариуцагч А.Д***** ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар мэдүүлэг, нотариатаар гэрчлүүлсэн Мөрөн сумын тойргийн нотариатч Ц.А**** ийн 2025 оны 02 сарын 19-ний бүртгэлийн дугаар 0181 дугаартай худалдах худалдан авах гэрээ / үл хөдлөх эд хөрөнгө/, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгч А.Б**** ийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэл бүхий байна гэж үзлээ.
Тодруудбал нэхэмжлэгч А.Б***** нь хариуцагч А.Д***** ын авсан зээлийг төлсөн нь хариуцагч А.Д***** ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...банк бус санхүүгийн байгууллагаас 15,000,000 төгрөгийн үлдэгдэл 8,210,680 төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлсэн дээр маргахгүй, гэхдээ энэ мөнгө нь байрны төлбөрт зарцуулагдсан мөнгө .. гэх тайлбар, Б****** ББСБ-ын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/21 дугаартай А****** овогтой Б***** нэр дээрхи ХААН банкны 5892****** тоот данснаас 2025-оны 1 сарын 20 өдөр 4,567,930 төгрөг 2025-оны 2 сарын 17 өдөр 3,552,750 төгрөгийг б***** ХХК-д 5622****** тоот дансанд гүйлгээний утга РЭ********** А***** овогтой Д******* зээлийн төлөлтийг төлсөн болно. гэх бичилттэй албан бичиг, Хаан банкны 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 5892****** дугаарын А****** гийн Б****** ийн данснаас Б****** ББСБ-ын 5622**** дугаарын данс руу 3,552,750 төгрөг шилжүүлсэн баримт, Хаан банкны 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5892****** дугаарын А****** гийн Б****** ийн данснаас Б****** ББСБ-ын 5622**** дугаарын данс руу 4,567,930 төгрөг шилжүүлсэн баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ, 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.
Хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг хариуцагч А.Д***** т 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхээс тайлбарлан танилцуулсан байна. (хавтаст хэргийн 19-22 дахь тал) Мөн шүүх хуралдаанд зохигчид хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг тайлбарлан өгсөн.
Хариуцагч А.Д******* нь хуулиар олгосон эрх, үүргээ ойлгон ухамсарлаж шүүхэд хариу тайлбараа өгсөн, товлогдсон шүүх хуралдаанд хүрэлцэн ирж, шүүх хуралдаанд нэмж гаргаж өгөх нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаархи санал хүсэлт байхгүй гэж тайлбарласан болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заажээ.
Нэхэмжлэгч А.Б***** нь хариуцагч А.Д***** ын ББСБ-ын өмнө хүлээсэн зээлийн төлбөрийн үүргийг гүйцэтгэсэн нь өөрийн өмчлөх эрхээ хамгаалах зайлшгүй шаардлага байсан гэж үзнэ.
Хариуцагч А.Д******* нь эрхийн зөрчилгүй байрыг шилжүүлэх хууль ёсны үүрэгтэй байсан бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйгээс худалдан авагч А.Б***** зээлийг төлөх шаардлага учирсан байна. Тодруулбал нэхэмжлэгч А.Б***** нь өөрийн эрх ашгийн үүднээс өрийг төлсөн нь Б****** ББСБ-ын шаардах эрх А.Б**** т шилжсэн байна.
Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч А.Д***** ын Б****** ББСБ-аас авсан 15,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 8,210,680 төгрөгийн өр нь төлөгдсөн байх тул өр төлсөн нэхэмжлэгч А.Б***** нь хариуцагч А.Д***** оос дээрх мөнгийг нэхэмжлэх эрхтэй
Иймд А.Д******* нь бусдын зардлаар өр төлөх үүргээсээ чөлөөлөгдсөн байх тул өрийг төлсөн А.Б**** т хариуцагч А.Д******* нь 8,210,680 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч А.Б***** нь хариуцагч А.Д***** оос Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 496 дугаар зүйлийн 496.1-д зээлнээс төлөгдөөгүй үлдсэн 8,210,680 (найман сая хоёр зуун арван мянга зургаан зуун арав) төгрөгийг шаардах эрхтэй.
Иймд хариуцагч А.Д***** оос амаар тохиролцсон зээлнээс төлөгдөөгүй үлдсэн 8,210,680 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Б**** т олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б**** ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,680 (хоер зуун арван мянга зургаан зуун ная) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Д***** оос 210,680 (хоер зуун арван мянга зургаан зуун ная) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Б**** т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 496 дугаар зүйлийн 496.1-т зааснаар хариуцагч А.Д***** оос амаар тохиролцсон зээлнээс төлөгдөөгүй үлдсэн 8,210,680 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Б**** т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.Б**** ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,680 (хоер зуун арван мянга зургаан зуун ная) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Д***** оос 210,680 (хоер зуун арван мянга зургаан зуун ная) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Б**** т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН