Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 0850

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

улсын яллагч Ю.Батсүх,

шүүгдэгч С.У  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш овогт С-н У холбогдох эрүүгийн 1806030170944 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны 01 дүгээр сарын 16-ны өдөр … төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, ээж дүү нарын  хамт … тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй Шарууд овогт Сарантуяагийн Ундрахбаяр, /РД:…/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч С.У  нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн орой 20 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 20 дугаар гудамжинд иргэн Б.О-г цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тус үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв./хх-ийн 41-42/

Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би машинаасаа бууж ирээд У-тай заамдалцхад миний зүүн гарын хуруунаас барьж байгаад доош нь дарсан./хх-ийн 11-12/

Гэрч С.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр би найз Г-тэй таараад 0,5 грамм 1 шил архи уучихаад салаад гэрлүүгээ явсан..,Гэрийнхээ тэндэх буудал дээр буугаад гудамжаар алхаж байхад урдаас машин ирж байсан тэгээд би замын хажуу талын шороон дээгүүр алхаж байгаад хальт гишгээд машин замруу орж миний урдаас ирж байсан машинд мөргүүлэх шахсан тэгтэл жолооч нь бууж ирээд намайг дугуйны нөхөөс болох гээ юу гэхээр нь би машинийх нь цонхыг гараараа 2 удаа цохисон чинь намайг 2 удаа алгадсан тэгээд бид 2 заамдалцаад авсан....,”гэх мэдүүлэг./хх-ийн13-15/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын   06-ны өдрийн шинжээчийн ¹4323 дүгнэлтэд “Б.О-н биед зүүн гарын  сарвуу, зүүн гарын 1,2-р хуруу зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ”  хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 17 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 19 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч С.У нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн орой 20 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 20 дугаар гудамжинд иргэн Б.О-г цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.У-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч С.У-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Б.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.У-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ш овогт С.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.У-д 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.У нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            4. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, дээд шатны прокурор нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол С.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.МӨНХТУЯА