| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/02156/И |
| Дугаар | 320/ШШ2026/00206 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 320/ШШ2026/00206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б******* ы П***** ,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй, 320/2025/02165/и дугаар индекстэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.П***** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.П***** ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: а. Миний бие Б.П***** нь Хөвсгөл аймгийн Тариалан суманд 1964 онд айлын 6 дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд Тариалан сумын 10 жилийн дунд сургуульд суралцаж, 8 дугаар ангийг 1983 онд төгссөн.
Сургуулиа төгсөөд цэрэгт явах хүртлээ Хөвсгөл аймгийн Тариалан сумын Модны үйлдвэрт үртэс зөөгчөөр ажиллаж байсан.
Би цэргийн албыг Ардын армийн 244 дүгээр ангид 1985.06.08-ны өдрөөс 1988.06.18-ны өдрийг дуустал хугацаанд хаасан билээ.
Цэргээс халагдаж ирээд 10 хоног амарч байгаад Хөвсгөл аймгийн Тариалан сумын мод боловсруулах цехэд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд банз зөөгчөөр ажиллаж байсан юм.
Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн цехэд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, аймгийн архивт манай цехийн баримт шилжиж ирээгүйн улмаас холбогдох лавлагааг олгох боломжгүй болсны улмаас миний улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.
Иймд Б.П***** миний Хөвсгөл аймгийн Тариалан сумын мод боловсруулах цехэд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд банз зөөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)
б. Нэхэмжлэгч Б.П***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1985 онд цэрэгт явж 1988 онд цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Тариалан сумын мод боловсруулах цехэд банз зөөгчөөр ажиллаж байгаад биеийн байдлаас болж ажлаасаа гарсан. Одоо шүүхээс 1988 оны 7 дугаар сараас 1989 оны 11 дүгээр сарын 20-ны үед ажлаасаа чөлөөлөгдсөн хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж байна гэв.
2. Нэхэмжлэгчээс: Х****** овогт Б******* ы П***** ийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 3 дахь тал),
Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 11-нийөдрийн 11/875 дугаар албан бичиг (хавтаст хэргийн 4 дэх тал),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1988 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 77 дугаар тушаал (хавтаст хэргийн 5 дахь тал),
Нотариатаар гэрчлүүлсэн Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 8519 дугаар албан бичгээр олгосон Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа (хавтаст хэргийн 6 дахь тал) зэрэг нотлох баримт гаргаж өгсөн.
3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.П***** ийн ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хавтаст хэргийн 23-24 дахь тал), ХААТР-15 (А) маягтын гэрлэсний бүртгэлийн анкет №0023 (хавтаст хэргийн 25 дахь тал), хаягийн хуудас №7 (хавтаст хэргийн 26 дахь тал), ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт №157 (хавтаст хэргийн 27 дахь тал), Архивын ерөнхий газрын харьяа Үндэсний төв архиваас Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын баримт (хавтаст хэргийн 28-35 дахь тал), нэхэмжлэгч хүсэлтээр Д.Л***** , Д.Б**** нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 39-40, 42-43 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлт Б.П***** өндөр насны тэтгэвэрт орох болсон тул түүний ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
4. Б.П***** нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мод боловсруулах цехэд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд банз зөөгчөөр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1988 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ... 20. П***** ... гэх бичилттэй Чанарын урамшуулал олгох тухай 77 дугаар тушаал (хавтаст хэргийн 5 дахь тал),
Нотариатаар гэрчлүүлсэн Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 8519 дугаар албан бичгээр олгосон ... Б******* ы П***** БХЯ-ны сайдын1985.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1985.06.08-ны өдөр хугацаат цэргийн алба хааж, мөн сайдын 1988.06.10-ны өдрийн н/264 дүгээр тушаалаар 1988.06.18-ны өдөр 590383 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэх бичилттэй Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа (хавтаст хэргийн 6 дахь тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.П***** ийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын ...5. овог: Б******* , 6. Нэр: П***** , 14. Ажилладаг байгууллага: Мод боловсруулах цех, ажилд орсон он: 1988, эрхэлдэг ажил: Банз зүсэгч, эрхэлж эхэлсэн он: 1988, оршдог сум, район: Тариалан ... гэх бичилттэй регистрийн карт №157 (хавтаст хэргийн 27 дахь тал),
Архивын ерөнхий газрын харьяа Үндэсний төв архиваас Хүн ам, орон сууцны 1989 оны ... он: 1989, аймаг/хот: Хөвсгөл, сум/дүүрэг: Тариалан, байршил: Хөдөөд ... гэх бичилттэй улсын тооллогын баримт (хавтаст хэргийн 30 дахь тал),
Архивын ерөнхий газрын харьяа Үндэсний төв архиваас БНМАУ-ын Хүн ам орон сууцны 1989 оны тооллогод овог нэр: Б******* ы П***** , нас: 24, эрэгтэй-1, байнга оршин суугаа, өрхийн тэргүүлэгчтэй ямар хамаарал:ах, код:5, эрхэлдэг ажил: ХМС-д туслах ажилчин, код 268, амьдралын эх сурвалжийн код:2.. гэх бичилттэй улсын тооллогын баримт (хавтаст хэргийн 31 дахь тал),
гэрч Д.Л*****ын өгсөн: ...Б.П***** нь 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанаас халагдаж Хөвсгөл аймгийн Тариалан суманд ирээд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мод боловсруулах цехэд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдөр банз зөөгч, зүсэгчээр ажилд орж 1993 он хүртэл ажиллаж байсан.... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дахь тал),
гэрч Д.Б**** ийн өгсөн: ...Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мод боловсруулах цехэд 1988 оны 7 дугаар сараас 1993 он хүртэл хөрөө рам дээр банз зөөгчөөр ажиллаж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо.
Нэхэмжлэгч Б.П***** ийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Б.П***** өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд Б.П***** ийн Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мод боловсруулах цехэд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд банз зөөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
5. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.П***** ийн ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хавтаст хэргийн 23-24 дахь тал), ХААТР-15 (А) маягтын гэрлэсний бүртгэлийн анкет №0023 (хавтаст хэргийн 25 дахь тал), хаягийн хуудас №7 (хавтаст хэргийн 26 дахь тал) зэрэг баримтуудыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй байна.
6. Б.П***** өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн цехэд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, аймгийн архивт манай цехийн баримт шилжиж ирээгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мод боловсруулах цехийн 1988-1989 оны баримт манай архивд шилжиж ирээгүй тул Б.П***** ид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/29 дугаар албан бичиг (хавтаст хэргийн 36 дахь тал), нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. (хавтаст хэргийн 8 дахь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х****** овогт Б******* ы П***** ийн /РЙ******* /-ийн Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мод боловсруулах цехэд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд банз зөөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН