| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2018/0702/э |
| Дугаар | 722 |
| Огноо | 2018-08-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 722
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч М.Амарзаяа,
хохирогч У.Г,
хохирогч Б.Т, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам,
шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808026400818 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Л овогт Г.Б, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1974 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 30-2 тоотод оршин суудаг, 2006 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоног хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялыг өршөөн хасч, 2007 оны 2 дугаар сарын 9-нд эдлээгүй үлдсэн 7 сар 21 хоног хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 111 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, регистрийн дугаар,
ТОДОРХОЙЛОХ нь
Прокуророос тогтоосон хэргийн агуулга:
Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын эцсийн дэлгүүрийн гадаа иргэн Б.Т-г хүнтэй ярилцаж байхад нь “ чи яасан том дуутай залуу вэ” гэх хэлээд ууж байсан архиныхаа шилийг хагалж байгаад архины шилний хагархайгаар нь нүүрэн тус газарт нь цохиж, мөн цээж рүү нь хатгаж онц хэрцгийгээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
2018 оны 5 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 21-7 тоотод оршин суух Б.Б-н гэрт У.Г-н толгой, нүүр тус газарт архины шилээр цохиж онц хэрцгийгээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ:
2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Ханын материалын дэлгүүр орох гээд явж байхад хохирогч Т гэх залуу 2 хүнтэй архи уугаад сууж байсан. Хохирогч Т цуг архи ууж байсан А гэх хочтой хүнийг үгээр доромжлоод цохиод байхаар нь би хохирогчтой муудалцаад тэдний ууж байсан архины шилээр нүүрэнд нь цохьсон. 2018 оны 5 дугаар сарын 4-нөөс 5 шилжих шөнө эрүүлжүүлэхэд хоносон, би юу болсныг мэдээгүй, байцаагч надад хэлэхдээ би Г гэдэг хүнийг архины шилээр цохьсон гэж хэлэхээр нь би хүлээн зөвшөөрсөн. Намайг Г эхлээд төмрөөр цохисныг санаж байна. Сонсгосон зүйл ангиудыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Т мэдүүлэхдээ:
2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 19 цагийн үед би дэлгүүр орсон. Би Б, А гэдэг 2 хүнтэй тааралдаад ус авч өгсөнгүй, яагаад гээд хэлтэл энэ хүн архины шилээр нүүрэнд цохиж шилээ хагалсан, мөн хагархай шилээрээ цээж болон нүүрэнд хэд хэдэн удаа цохьсон. Би эмчилгээнд гарсан 655.800 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 сая төгрөг, нийт 1.655.800 төгрөгийг нэхэмжилж байна. Би энэ хүнд их гомдолтой байна, нүүрэнд сорви үүссэн, сорви арилгах эмчилгээ хийлгэх ёстой, иймд цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.Г мэдүүлэхдээ:
2018 оны 5 дугаар сарын 4-нөөс 5 шилжих шөнө Б-нд унтаж байхад Б орж ирээд тамхи байна уу гэхээр нь байхгүй, гар гээд буцаад унтах гээд хэвттэл толгойн араас архины шилээр цохьсон, зугтаахаар нь би араас нь нэг төмөр иштэй зүйл шидсэн юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 05 дугаар сарын 22-ны орой 19 цагийн орчим би дэлгүүрээс орчихоод гэр лүүгээ явж байтал ханын материалын эцэст манайд хааяа нэг ус авч өгдөг хүн зогсож байхаар нь би тэр хүнтэй уулзаад “би танд дээр 2000 мянган төгрөг өгсөн, яагаад ус авч өгөхгүй зугтаагаад байна” гэж хэлтэл хажууд нь байсан нэг эрэгтэй “чи яасан том дуутай бацаан бэ?” гэж хэлээд ууж байсан архины шилээ гартаа бариад толгой руу цохиж хагалаад архины шилний хагархайгаар миний нүүр лүү хатгасан бас цээж рүү хатгасан...манайд ус авч өгдөг ахтай юм яриад 2000 мянган төгрөг авчихаад яагаад ус аваад өгчихгүй зугтаагаад байна гэж хэлтэл л цаанаас Б гэх хүн босож ирээд намайг зодсон юм...Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-8-9/,
Гэрч Л.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 05-р сарын 22-ны орой би шил ялгаад зогсож байтал нэг хүн орж ирээд Б замын эсрэг талд хүний толгой руу архины шилээр цохьчихсон бөөн юм болж байна гэсэн бөгөөд би гарч хараагүй юм. Би тухайн үед нилээн согтуу байсан...Хэн орж ирж хэлсэнийг нь би санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-15-16/,
2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн шүүх эмнэлгийн №6634 дугаар акт:
Хэсэг газрын үзлэг: Баруун нүдний дээд, доод зовхинд тархмал хүрэн ягаан өнгийн цус хуралттай, орчны зөөлөн эд хаван хавдартай, баруун нүдний алимны гадна буланд улаан ягаан өнгийн цус харвалттай, зүүн хацарт мэс заслын 4 ширхэг оёдол бүхий 3x0,2см, 3 ширхэг оёдол бүхий 2,5х0,2см, 3 ширхэг оёдол 2x0,2см шархтай, шархны төгсгөл зулгаралтаар төгссөн, орчны зөөлөн эд хаван хавдартай, цээжний зүүн хэсэгт 1x0,4см зах ирмэг харьцангуй тэгш шархтай.
ДҮГНЭЛТ
1. Б.Т-н биед зүүн хацарт шарх, цээжний шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны цус харвалт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх шарх гэмтлүүд нь ир, ирмэг бүхий зүйлийн 4 удаагийн, бусад" гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-18/,
Хохирогч У.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 05-р сарын 04-ны өдөр би...танил Б-н гэрт орсон чинь Б ганцаараа байсан...унтаж байтал шөнө хашааны хаалган дээгүүр хүн даваад ороод ирэх шиг болсон, гэрийн хаалга нүдэхээр нь би хаалгаа онгойлгож өгсөн чинь манай тэр хавьд амьдардаг ноён солиот гэсэн хочтой нэрийг нь мэдэхгүй хүн ороод ирсэн...би Ноён солиотод “чи шөнө айлд юу хийж байгаа юм, одоо чи яв” гэж хэлээд орон дээр цаашаа хараад хэвтсэн чинь миний толгойны ар дагз руу хатуу зүйлээр цохьсон, тэгээд эргээд хартал ноён солиот архины шил барьсан байсан...Ноён солиот миний толгой руу яагаад архины шилээр цохьсон гэдгийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-35-37/,
Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...шөнө дундын үед Г ах намайг татаад байхаар нь босч харахад толгойноос нь цус гарсан байдалтай “ноён солиот намайг архины шилээр цохиод зугтчихлаа, араас нь бариад ав” гэж хэлсэн...Г ах надад хэлэхдээ хаалга нүдээд байхаар нь оруулахгүй гээд хэлсэн чинь хашаа давж орж ирээд Г ахыг толгой руу нь архины шилээр цохисон байсан. Би яг тэр үед нь унтаж байсан...” гэх мэдүүлэг /хх-40-41/,
2018 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн шүүх эмнэлгийн №5839 дугаар акт:
Хэсэг газрын үзлэгт: Зүүн хөмсөг болон зүүн нүдний гадна хэсгийг хамарсан 7см урт өнцөг үүсгэсэн шарханд оёдолтой, зүүн дээд зовхи улайсан, хавдсан, зүүн чихний ард хавдсан, тархи доргилт, зовхины шарх гэжээ.
Дүгнэлт:
1.У.Г-н зүүн хөмсөг болон зүүн нүдний гадна хэсгийн шарх, зүүн чихний ар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо ба ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шарх нь соривжиж эдгэнэ, сорви нь ердийн явцаараа арилж бүдгэрэхгүй гэх дүгнэлт /хх-46/,
Шүүгдэгч Г.Б-н яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т гэх тэр залуу А-г дээрэлхээд цохиод байхаар нь миний уур хүрээд боль гэж хэлсэн чинь тэр залуу босоод ирсэн, тэгэхээр нь би толгой руу нь архины шилээр цохьчихсон юм. Би тэр залуугийн толгой руу нь цохьсон, тэгтэл архины шил хагарсан бөгөөд архины шилний хагархай гарт үлдсэн байсан тэгээд нөгөө залуу над руу дайрхаар нь би ойртож болохгүй шүү гэж хэлтэл тэр залуу над руу дайраад миний нүүр лүү болон гар луу өшиглөсөн. Тэгэхээр нь би тэр залуугийн цээж рүү нь архины шилны хагархайгаар нэг удаа цохьсон...Б бид хоёр бага зэрэг маргалдсан бөгөөд би яг юунаас болж маргалдсан гэдгээ сайн санахгүй байна...Б-н толгой руу архины шилээр цохьчихоод гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-87-90/,
Хохирогч У.Г-н өргөдөл /хх-31/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн бэхжүүлэлт /хх-21,22-24/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын эцсийн дэлгүүрийн гадаа иргэн Б.Т-г хүнтэй ярилцаж байхад нь “ чи яасан том дуутай залуу вэ” гэх хэлээд ууж байсан архиныхаа шилийг хагалж байгаад архины шилний хагархайгаар нь нүүрэн тус газарт нь цохиж, мөн цээж рүү нь хатгаж эрүүл мэндэд нь зүүн хацарт шарх, цээжний шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны цус харвалт, тархи доргилт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн, 2018 оны 5 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 21-7 тоотод оршин суух Б.Б-н гэрт дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 21-7 тоотод оршин суух Б.Б-н гэрт У.Г-н толгой, нүүр тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөг болон зүүн нүдний гадна хэсгийн шарх, зүүн чихний ар хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн болох нь
Хохирогч Б.Т-н “...нэг эрэгтэй чи яасан том дуутай бацаан бэ? гэж хэлээд ууж байсан архины шилээ гартаа бариад толгой руу цохиж хагалаад архины шилний хагархайгаар миний нүүр лүү хатгасан бас цээж рүү хатгасан...Б гэх хүн босож ирээд намайг зодсон юм...” гэх мэдүүлэг /хх-8-9/, хохирогч У.Г-н “...Ноён солиотод “чи шөнө айлд юу хийж байгаа юм, одоо чи яв” гэж хэлээд орон дээр цаашаа хараад хэвтсэн чинь миний толгойны ар дагз руу хатуу зүйлээр цохьсон, эргээд хартал Ноён солиот архины шил барьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-35-37/, гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г...Ноён солиот намайг архины шилээр цохиод зугтчихлаа, араас нь бариад ав” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-40-41/, Шүүх эмнэлгийн №6634, №5839 дугаар дүгнэлт, хэргийн газрын нөхөн хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургийн бэхжүүлэлт /хх-21,22-24/, шүүгдэгч Г.Б-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд гэмтэл учруулсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэж мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Т-н өгсөн “...нэг эрэгтэй чи яасан том дуутай бацаан бэ? гэж хэлээд ууж байсан архины шилээ гартаа бариад толгой руу цохиж хагалаад архины шилний хагархайгаар миний нүүр лүү хатгасан бас цээж рүү хатгасан...” гэх, хохирогч У.Г-н ”... одоо чи яв гэж хэлээд орон дээр цаашаа хараад хэвтсэн чинь миний толгойны ар дагз руу хатуу зүйлээр цохьсон, тэгээд эргээд хартал Ноён солиот архины шил барьсан байсан...” гэх, гэрч Г.Б-н “...хашаа давж орж ирээд Г ахыг толгой руу нь архины шилээр цохисон байсан...” гэх мэдүүлгүүдээр болон хууль зүйн хувьд шүүгдэгч Г.Б нь архины шилээр хохирогч Б.Т-г нүүр, цээж хэсэгт, хохирогч У.Г-г толгойн дагз руу цохих зэргээр бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол онц харгис хэрцгийгээр учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Б.Т-д нотлох баримтаар тогтоогдож буй эмчилгээнд гарсан 655.200 төгрөгийг шүүгдэгч Г.Б-с нөхөн гаргуулан олгох, хохирогч Б.Т цаашид энэ гэмт хэргийн улмаас үүсэх хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагаас хохирогчоос өмгөөлөгчид төлсөн нэг сая /1.000.000/ төгрөг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамааралгүй тул хэрэгсэхгүй болгож, хохирогч У.Г шүүгдэгчээс нэхэмжилсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн байдлыг, мөн шүүгдэгч Г.Б ажил хөдөлмөр эрхэлдэггүй, ямар орлоготой болох нь тодорхойгүй зэргийг харгалзан дээрхи зүйл, хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй байх ба ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг баримтлах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Б 9 хоног цагдан хоригдсон бөгөөд түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.