Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/950

 

2025          08             12                                                                            2025/ДШМ/950

 

  Г.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Машлай /томилолтоор/,

шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо, Г.Цолмон,

хохирогч Б.Э-, түүний өмгөөлөгч Г.Цэрмаа,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/1314 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Г.Цолмон, Э.Мөнхзолбоо болон хохирогч Б.Э- нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Г.Г-д холбогдох 2306 05132 2443 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б- овгийн Г-ийн Г-, ................., /РД:............../,

Шүүгдэгч Г.Г- нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Б.Э-ийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа М.С- гэх хүн рүү мөнгө шилжүүлэх гэж байгаад данс руу андуурч шилжүүлсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 13.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овогт Г-ийн Г-ийг “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г- нь шүүхээс оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Г-эс 13.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Г-ийн “Хаан” банкны ********** тоот дансны шилжилт хөдөлгөөн, **** УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Г.Цолмон давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Г.Г-, Б.Э- нар нь 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр танилцсан. Улмаар дотносож, удалгүй Б.Э- байр түрээсэлж, уг байранд Г.Г- очиж хамтран амьдарсан. 2022 оны 12 дугаар сард Г.Г-, Б.Э- нар Вьетнам Улс руу явж шинэ оноо хамтдаа гаргасан.

Тухайн үед Б.Э- “сарын тэмдэг ирэхгүй байгаа, жирэмсэн болсон байна” гэж Г.Г-д хэлсэн. Яг энэ цаг үеэс эхлэн Г.Г- маш их баярлаж, улмаар хосууд бүүр их дотноссон байдаг. Г.Г-, Б.Э- нар муудалцах тоолонд, хардалт үүсэх бүрд Б.Э-ийн зүгээс “хүүхдээ авхуулна” гэх зэргээр дарамталдаг байсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сард Б.Э-ийн зүгээс Г.Г-д жирэмсний үзлэгийн карт, эмчийн дүгнэлт, эхоны зураг зэрэг баримтуудыг үзүүлсэн.

2023 оны 07 дугаар сард хосууд ОХУ-руу явж, хүнсээ цуглуулангаа зугаалж, улмаар 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Турк Улс руу явж, худалдан авалт хийж, зугаалжээ.

2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Б.Э-, Г.Г- нар “Хамтарч хотхон зуслангаа барьцгаая’’ гэх компанид захиалга өгч, “зуслангийн байшин худалдан авах” гэрээ байгуулсан. Зуслангийн байшин худалдаж авахаар гэрээ байгуулж буй гол шалтгаан бол хүүхдэдээ зориулж, хүүхдээ эрүүл агаарт амьдруулах хүслийн илэрхийлэл байсан юм.

Уг зуслангийн байшин нь 75 мкв талбайтай байшин, 700 мкв хэмжээтэй газартай, 156.800.000 төгрөгийн үнэлгээтэй. Г.Г-ийн хувьд тухайн цаг хугацаанд “Тоёота Кроун” загварын автомашины зээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд зээлтэй хүнд шинээр өндөр үнийн дүнтэй зээл гарахгүй учраас 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Б.Э-ээс 13.000.000 төгрөг авч, зээлээ хаажээ.

Монгол банкны өр, орлогын харьцаа тооцох аргачлалд үндэслэж банк болон банк бус санхүүгийн байгууллагууд зээл гаргадаг ба ямар нэгэн байдлаар зээлийн үлдэгдэлтэй хүнд өндөр үнийн дүнтэй зээл гарах боломжгүй гэдгийг бүгд мэднэ. Энэ бол нийтэд илэрхий баримт.

Үүний дараа Г.Г-ийн ээж 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Б.Э-ийн жирэмслэлт хуурамч байсан талаар мэдээг дуулгаж, Д- эмчийн чатын зургийг Г.Г- рүү явуулснаар Г.Г-, Б.Э- нарын хооронд том асуудал гарч, маргаан үүсч, салсан.

Үүний дараа Э-ийн зүгээс 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар энэ хэрэг үүссэн учиртай.

Б.Г-ийн данс руу 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн 13.000.000 төгрөг бол андуурагдсан гүйлгээ биш, тодорхой зорилготой, зориулалттай байсан бөгөөд өөрөөр хэлбэл байшин зээлээр авахын тулд автомашины зээлийг чөлөөлсөн гэдэг нь тодорхой харагддаг.

2. Б.Э-ийн тухайд байнга худал мэдүүлэг өгдөг, хуурамч нотлох баримт бүрдүүлдэг зэрэг хувийн байдал зайлшгүй яригдана.

Мөрдөн байцаалтын шатанд Б.Э- нь “хамтран амьдарч байгаагүй” гэж мэдүүлэг өгдөг боловч У-, Г- нарын мэдүүлгээр хамтран амьдардаг байсан нь нотлогддог.

Д- гэх эмчтэй үгсэн хуйвалдаж, жирэмсэн болсон талаар хуурамч нотлох баримт бүрдүүлсэн. Уг баримтуудыг ашиглаж Г.Г-ийн итгэлийг эвдэж байсан.

Г.Г-эр зогсохгүй эргэн тойрны хүмүүс болох ээж, найз нөхдөд гэх мэт бүх хүмүүст жирэмсэн гэж худал ярьдаг байсан.

Хавтаст хэргийн 112-116 талд Г.Г- рүү шилжүүлсэн мөнгөний задаргаа авагдсан бөгөөд уг задаргааг Б.Э- өөрөө гаргаж өгсөн. Тухайн задаргааны 2, 9, 11-д байр түрээслэгч М.С- рүү мөнгө шилжүүлсэн атлаа Г.Г- авсан мэтээр гүтгэдэг.

Мөн хавтаст хэргийн 116 дугаар талд авагдсан нийт 113.408.000 төгрөгийн тайлбарыг “Миний дансаар мөнгө ихээр орж байвал зээл авахад хэрэгтэй гэж хэлж залилж байсан” гэсэн атал уг мөнгө нь Г.Г-ийн данс руу орсон даруйдаа эргээд "Гаалийн татвар” утгаар гарсан байдаг.

Г.Г-ийн ээж Г- рүү “миний ээж сүү авч уугаарай, ойр зуур хэрэглээндээ хэрэглээрэй” гэх мэтээр 3.800.000 төгрөг шилжүүлж байсан атлаа хүүгээс нь салангуутаа шүүхэд өгч мөнгөө буцаагаад авсан.

Түүнчлэн Б.Э- нь Г.Г-д холбогдуулан 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэлдээ “...том бизнес хамтарч хийнэ, их хэмжээний бага хүүтэй зээл аваад буцаагаад өгнө гэх мэтээр ... надаас бага багаар зээл аваад эргүүлж төлнө гээд ... нийт 93.447.269 төгрөгийг надаар төлүүлсэн, миний мөнгө төгрөгийг буцааж өгөөгүй... Надад цалингийн болон банкнаас зээл аваад, буцааж өгнө гэхээр нь би түүнд итгэж мөнгө, төгрөгөө зээлүүлснээс хойш 2 жил гаруй өнгөрсөн боловч “цалингийн зээл дуусаагүй, аавынхаа хашаа, байшинг барьцаанд тавина, бизнес хийх зорилгоор зуу гаруй сая төгрөгийн бага хүүтэй зээл аваад, бөөнд нь өгнө, хамтарч том бизнес хийнэ” гэх зэргээр надад худал хэлж, намайг хуурч явсаар өнөөдрийг хүрээд байна. ...Г.Г-ийн үгэнд итгэж, түр хугацаагаар зээлүүлсэн учир түүнээс гаргуулан авч, амьдрал ахуйдаа зориулан зарцуулахад миний болон үр хүүхдийн минь цаашдын амьдралд эдийн засгийн хувьд ихээхэн чухал ач холбогдолтой гэж үзэж байна. ...” гэж бичсэн байдаг. Б.Э- нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд дээр бичсэн асуудлуудыг огт дурдаж байгаагүй бөгөөд 93.447.269 төгрөг гэх үнийн дүнгийн талаар ч ярьж байгаагүй.

Мөн шүүх хуралдааны үеэр талуудын Б.Э-ээс асуусан асуултын хариултууд нь бүхэлдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас зөрүүтэй байдлаар хариулт өгсөн байдаг. Хэргийг шийдвэрлэсэн шүүгчийн зүгээс дахин дахин худал мэдүүлэг өгч байгаа асуудлаар анхааруулга өгсөн бөгөөд Г.Г-ийг хууль бусаар даган, мөрдөн мөшгөж, автомашиныг нь олж эвдэж гэмтээж байгаа зэрэг нөхцөл байдлаас үзэхэд Б.Э-ийн мэдүүлгийг болон гаргаж өгсөн баримтуудыг нь үнэн зөв гэж үзэх боломжгүй байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэж хуульчилсан.

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, уг хэрэгт болон уг хэргийн оролцогч нартай хамааралгүй, ашиг сонирхлын зөрчилгүй этгээдийг гэрч гэж үзэн мэдүүлгийг үнэлэх боломжтой ба гэрч М.С-ын мэдүүлэг нь шууд нотлох баримт биш юм. Учир нь М.С- нь “...10 сарын эхээр гүйлгээ хийх гэж байгаад андуурч хийсэн гэж миний ******** утас руу залгаж байсан, гэж байсан, тэгж байсан, гэж утсаар ярьсан...” гэх байдлаар мэдүүлэг өгсөн бөгөөд М.С- нь хэргийг шууд харсан гэрч биш юм. Өөрөөр хэлбэл Б.Э-тэй утсаар ярьсан мэдээллээ мэдүүлжээ.

Б.Э- нь М.С-т утсаар юу ч гэж хэлж болох бөгөөд энэ нь туйлын үнэн байх ямар ч боломжгүй юм.

Мөн гэрч М.Б-гийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Учир нь гэрч М.Б- нь “...хүнтэй утсаар ярьж байснаа мөнгө шилжүүлэхдээ гэнэт л уулга алдаад “өө яана аа” гээд хэлэхээр нь “юу болсон бэ” гээд тодруулаад асуухад “би гаалийн бүрдүүлэлтийн мөнгө хүн рүү шилжүүлэх гэж байснаа Г.Г-ийн дансанд андуураад шилжүүлчихлээ” гэж хэлсэн. Б.Э- маш их сэтгэл санаагаар унасан байдалтай байсан...” зэргээр мэдүүлэг өгсөн. Иймд гэрч М.Б-г хэргийг шууд харсан гэрч биш гэж үзэж байна.

Түүнчлэн Б.Э-тэй найз нөхдийн харилцаа холбоотой бөгөөд хэрэгт үнэн зөвөөр мэдүүлэг өгнө гэдэг нь эргэлзээтэй, ашиг сонирхлын зөрчилтэй этгээд учраас түүний мэдүүлгийг туйлын үнэн гэж үзэх боломжгүй юм.

Мөн гэрч П.А-ын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Учир нь гэрч П.А- нь “...шилжүүлэг хийх гэж байхдаа дансаа андуураад Г.Г-ийн данс руу 13.000.000 төгрөг шилжүүлчихсэн. Б.Э- тухайн үедээ мөнгөө шилжүүлснийхээ дараа данс андуурснаа мэдээд шууд л орилоод бархираад босоод ирсэн. Г.Г- Б.Э-ийн ганцаардсан сэтгэлийг далимдуулан мөнгө төгрөгийг нь ашиглах зорилгоор ойртож дотноссон байх гэж боддог. Б.Э- нь түүнтэй ойртож дотноссон цаг үеэс хойш байнга л түүнд мөнгө төгрөг зарцуулж, гадаадын орнуудаар хамтдаа зугаалж, хувцас энэ тэр гээд хувийн зүйлсийг нь бүрэн хангаж, авч өгч байсан. Ингээд эцэст нь Б.Э-ээс авч болох бүх зүйлсийг нь аваад түүний данс андуурч шилжүүлсэн мөнгө төгрөгийг нь хүртэл аваад дахин ямар нэгэн харилцаа байхгүй зугтаад явсан. Би Б.Э-т “наадах чинь дандаа чамаас мөнгө салгаж байдаг эр янхан гэж хэлж байсан” гэх зэргээр мэдүүлэг өгсөн ба гэрч П.А- нь Б.Э-тэй найз нөхдийн харилцаа холбоотой бөгөөд хэрэгт үнэн зөвөөр мэдүүлэг өгнө гэдэг нь эргэлзээтэй, ашиг сонирхлын зөрчилтэй, Г.Г- рүү шууд чиглэсэн дайралт хийж, эр янхан мэтээр доромжилж, хэт хийсвэр төсөөллийн байдлаар мэдүүлэг өгсөн учраас уг мэдүүлгийг туйлын үнэн гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн гэрч М.Б-, П.А- нарын мэдүүлэг нь нэг газар нэг цаг хугацаанд хамт байсан гэх атлаа хоорондоо харилцан зөрүүтэй байдаг.

Өөрөөр хэлбэл, нэг гэрч нь “...гэнэт л уулга алдаад өө яана аа гэж хэлсэн...” гэдэг бол нөгөө нь “...шууд л орилоод бархираад босоод ирсэн...” гэх зэргээр мэдүүлсэн.

4. Аливаа нотлох баримт нь эх сурвалжтай байх учиртай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хэргийн оролцогчоос гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч хүлээн авч, тэмдэглэл үйлдэн хавтаст хэрэгт тусгаж хавсаргана. ...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй. ..." гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй. ...” гэж тус тус хуульчилсныг ноцтой зөрчсөн.

Өөрөөр хэлбэл, хавтаст хэргийн 177-179 талд авагдсан баримт нь хэнээс гаргаж өгсөн нь тодорхойгүй, эх сурвалж байхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлээгүй баримт байдаг.

Уг зургийн эх сурвалжид үзлэг хийгээгүй, хөндлөнгийн гэрч байлцуулаагүй, мөрдөгчийн тэмдэглэл үйлдээгүй, үнэн худал эсэх нь тодорхойгүй, үнэлэх боломжгүй нотлох баримт байна.

Түүнчлэн үнэхээр Э-ийн мэдүүлж байгаа шиг тухайн цаг хугацаанд энэ хоёр салчихсан байсан бол Г.Г- “ммм дада уучлаарай, үнсье” гэж бичих үү гэдэг туйлын эргэлзээтэй байна.

5. Б.Э- 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 16 цаг45 минутад цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба гомдол гаргаснаас хойш 10 минутын дараа Б.Э-ээс мэдүүлэг авч эхлээд 18 цаг 00 минутад мэдүүлэг авах ажиллагаа дуусгажээ.

Өөрөөр хэлбэл, ажлын цаг дууссаны дараа мэдүүлэг авах ажиллагаа хийгдсэн байна. Гэтэл мөрдөгч Б.Идэрсайхан уг өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шууд Шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай буюу **** УЕС улсын дугаартай Тоёота Кровн загварын автомашины болон ********** тоот “Хаан” банк дахь Г.Г-ийн дансыг тус тус битүүмжлэх, шилжилт хөдөлгөөнийг царцаах хүсэлт гаргасан.

Гомдол гаргаснаас хойш мэдүүлэг авч эхлэх хүртэлх 10 минутын хугацаанд багтаан уг саналыг гаргаад байгаа юм уу эсхүл ажлын бус цагаар буюу 18 цагаас хойш уг хүсэлтийг гаргаад байгаа юм уу гэдэг нь эргэлзээтэй байдаг.

Гэтэл 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр прокуророос 182, 183 гэсэн 2 зөвшөөрөл гаргаад данс, машин хоёрын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан.

Өмгөөлөгчийн зүгээс 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр прокурорт 13 өөр заалт бүхий хүсэлтийг гаргасан байдаг.

Уг хүсэлтэд Г.Г-, Б.Э- нарын хувийн байдлыг шалгах, “*******************” гэх фейсбүүк хуудасны Б.Ц-, С- нараас мэдүүлэг авхуулах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдолтой ажиллагаануудыг бичсэн ба прокуророос 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр уг хүсэлтийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн.

Гэтэл хэргийг шалгасан мөрдөгч чухал ач холбогдолтой дээрх ажиллагаануудыг хийгээгүй. Хэрэв Б.Ц-, С- нараас мэдүүлэг авчихсан байсан бол өнөөдөр шүүхэд гэрчээр дуудаад уг хаусыг Г.Г- хэнтэй хамт очиж үзсэн, гэрээ байгуулах үед Б.Э- хамт явж байсан эсэх зэрэг олон чухал ач холбогдолтой асуултыг асуух боломж бүрдэх байсан.

Прокурор өөрийнх нь бичсэн прокурорын даалгаврын заалт бүрэн биелээгүй байхад хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ.” гэж, 2 дахь хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.” гэж, 3 дахь хэсэгт “Хэргийн материалтай энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ.” гэж тус тус хуульчилжээ.

Дээрх хуулийн заалт нь мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэх, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт шилжүүлэхийн өмнө талуудад хэргийн материалтай танилцах талаар мэдэгдэж, танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлэхийг үүрэг болгосон заалт юм.

Гэтэл хэргийг шалгасан мөрдөгч А.Рэгмааванчиг нь Г.Г- болон өмгөөлөгчийн гомдол гаргах эрхийг бүдүүлгээр зөрчиж, хэргийг нууцаар прокурорт шилжүүлжээ. Г.Г-ийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд гэм буруугийн асуудалд маргадаг бөгөөд өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад холбогдох хүсэлтүүдийг гаргаж байсан.

2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хавтаст хэрэг танилцуулсан тэмдэглэлд Г.Г-ийн гарын үсэг байх боловч 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрч Б.У-, Ж.Г-, С.Д- нараас мэдүүлэг авах ажиллагаа хийсэн байна.

Г.Г-ийн зүгээс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хэргийн материалтай танилцаж гарын үсэг зураагүй бөгөөд ямар учраас өөрийнх нь гарын үсэгтэй уг баримт хэрэгт авагдсан талаар ойлгохгүй байгаа.

Өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа гэж ойлгож байсан бөгөөд хэргийг прокурорт шилжүүлсэн, яллах дүгнэлт үйлдэгдсэн талаар огт мэдээгүй, хэргийн материалтай танилцах талаар бидэнд огт мэдэгдэлгүй хэргийг шилжүүлсэн.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Г.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн боловч өмгөөлөгчид 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хэргийн материал танилцуулсан.

Өмгөөлөгчийн зүгээс 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хэргийн материалтай танилцсан болох нь “...Өмгөөлөгч Г.Цолмонд 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хэргийн материал танилцуулав.” гэх хавтаст хэрэг танилцуулсан тэмдэглэл, “...Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Сайнхүү би Г.Г-д холбогдох хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Г.Г-ийн өмгөөлөгчид танилцуулсан.” гэх прокурорын тэмдэглэл зэргээр нотлогддог.

Өмгөөлөгчийн зүгээс нэмэлт ажиллагаа хийлгэх, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан хүсэлтэд дурдсан ажиллагааг дутуу хийсэн зэрэг асуудлаар прокурорт хүсэлт гаргах, хангаагүй тохиолдолд дээд шатны прокурорт гомдол гаргах зайлшгүй шаардлагатай байсан боловч хэрэгт яллах дүгнэлт үйлдэгдсэн учраас нэмэлт хүсэлт гаргах боломжгүй болсон.

Яллах дүгнэлтийг Г.Г- гардаж авахаас татгалзсан учраас гардаж аваагүй яллах дүгнэлтэд гомдол гаргах боломжгүй болсон тул хүсэлт гаргах, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлж чадаагүй.

Өмгөөлөгчийн хүсэлт, гомдол гаргах эрхийг бүдүүлгээр зөрчиж, оролцогчийн эрхийг зөрчиж, хууль бусаар хязгаарлаж, хэргийг нууцаар прокурорт шилжүүлсэн зөрчил гаргасан.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/1314 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Г-ийн Өмгөөлөгч Э.Мөнхзолбоо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Г- хохирогч Б.Э- нар нь анх 2022 оны 09 дүгээр сард Г-ийн төрсөн өдрийн үдэшлэг дээр танилцаад, дотносож, бүр цаашилсаар хайр сэтгэл, хамтын амьдралын холбоотой хүмүүс болж харилцаа нь үргэлжилсээр 2023 оны 10 сард хэрүүл маргааны улмаас муудалцаж салсан байна. Анхан шатны шүүх Г.Г-ийн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэхээс урьтал болгож, гэмт хэргийн сэдэл бий болсон эсэхэд бүрэн дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Учир нь түүний дансанд орлогодсон мөнгөөр зээлээ төлсөн нь гэмт хэрэг гэж өнгөн дүгнэлт хийж, гэм буруутайд тооцсон гэж үзэж байна. Г.Г-ийн үйлдэл нь гэмт хэрэг биш гэдэг нь цаг хугацааны хувьд энэ 2 хүн 2022 оны 08 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд дотно харилцаатай байсан, олон удаагийн улс орон дамжсан холын аялалд явсан зэргээс үзэхэд талуудын хооронд маш олон удаагийн дансаар шилжүүлсэн мөнгөний харилцаа үүссэнээс зөвхөн энэ өдрийн гүйлгээг яагаад завшсан гэж үзсэн? энд дурдаад буй дансны гүйлгээ нь хохирогч Б.Э-ийн өөрийн хүсэл зоригоос хамаарч, хамт амьдарч байсан хугацааны энгийн өдөр тутмын хоол унд бусад урсгал зардал жижиг хэрэглээнд дундаа зарцуулагдаад дууссан гэж хэн аль нь тайлбарладаг. Мөнгөө Г.Г- рүү шилжүүлдэг байсан гол учир нь Б.Э-ийн өврийнх нь эзэмшлийн банкны данс талийгаач нөхрийнх нь асуудалтай холбоотой хаалттай байсан гэдгийг шүүх хуралд өөрөө тайлбарлаж ярьсан Г.Г-тэй танилцахаас өмнө өөрийн гэсэн ашиглах дансгүй учир ээж Д-гийн дансыг ашигладаг байсан байна. Г-тэй уулзаж эхэлснээс хойш түүний дансыг ашигласнаа ярьсан. Өөрийн дансаа ашиглах боломжгүйн улмаас Г-ийн данс рүү мөнгө оруулж гарган бизнес ажлаа явуулдаг, өдөр тутмын орон гэр хоол ундны зардал мөнгөө оруулж гаргаж хэрэглэдэг байснаа ярьсан атлаа яагаад зөвхөн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 13.000.000 төгрөгийг завшсан гэж гомдол гаргасан нь дараах шалтгаантай юм. Үүнд тухайн мөнгийг Б.Э-, Г.Г- нар нь урьдчилан хэрхэн юунд яаж зарцуулахаа төлөвлөж тохиролцсон байсан бөгөөд Г- нь түүний заавраар төлөвлөсний дагуу мөнгийг зарцуулсан нь гэмт хэрэг биш.

Учир нь энэ 2 хүн энэ цаг хугацаанд хамтын амьдрал эхлүүлээд цөөнгүй сар болсон бөгөөд Б.Э- нь Г-д маш их хайртай учир үргэлжлүүлэн амьдрах өөрсдийн гэсэн хөрөнгө орон гэртэй болох талаар ярилцаж, хоттой ойр Найрамдалд агаарт төв замтай ойр газар аваад газар дээрээ хувийн сууц бариулж амьдрах талаар ярилцаж тохиролцсон гэдэг.

Энэ газрыг худалдаж авч байшин бариулахад нийт 158.000.000 төгрөгийн үнэтэй байхаар тохирч, Г- нь тухайн худалдаж авах объектын зарим төлбөрт өөрийн хийдэг борлуулалт маркетингийн ажлаар бас бартер хийж өгье гэх зэргээр үнэ тохирч, 2023 оны 09 дүгээр сард Ц- гэх хүнтэй “Орон сууц захиалан бариулах гэрээ” хийсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Гэвч 158.000.000 төгрөгийн дүнтэй зээл хөөцөлдөхөд Э-ийн өөрийн данс битүүмжтэй, Г- машины зээлийн үлдэгдэлтэй байсан учир хэн аль нь тухайн газрыг авах болон орон сууцыг бариулах зээл шууд хөөцөлдөж авах боломжгүй байсан.

Иймд тэд хоорондоо ярилцаад Г-ийн нэр дээрх бага хэмжээний зээлийг хааж чөлөөлөөд түүний нэр дээр зээл гаргуулж, 158.000.000 төгрөг гаргуулахаар бүх яриа тохироо хийсэн байжээ. Энэ үйл баримт нь хавтаст хэргийн 230-233 талд авагдсан ба мөн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Орон сууц захиалан бариулах гэрээ”-гээр нотлогддог.

Өөрөөр хэлбэл, Г-ийн ярьсан хэлсэн мэдүүлэг цаг хугацааны хувьд баримтаар тогтоогддог бол Б.Э- нь эдгээр үйл баримтыг гэмт хэрэг болгохын тулд ямар ч баримтгүйгээр няцааж мэдүүлдэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чухал онцлог болох хохирогчийн мэдүүлэг нь бусад эх сурвалжаар давхар нотлогдох үндсэн зарчим алдагдсан байхад миний үйлчлүүлэгчийг ялласанд гомдолтой байна.

Завшсан гэх 13.000.000 төгрөгийн гүйлгээ хийсэн гол үр дагавар нь дээрх шалтгаан нөхцөл байсан бөгөөд шүүгч энэ асуудалд бодит дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Анхнаасаа талууд Найрамдалд газар авах 75мкв талбай бүхий орон сууц бариулахаар хайж олсон, яриа тохироо гэрээ хийсэн, мөнгө төгрөгийн эх үүсвэрээ бэлдэж зээлээ хаасныг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Энэ бүхний эх үүсвэр болон бүх санаачилга нь Б.Э-ээс улбаатай нь түүний Г.Г-тэй үргэлжлүүлэн удаан хугацаанд хамт амьдрах зорилготой байсан өөр нэг үйл баримтаар тогтоогддог.

Б.Э- нь 2023 оны 01 дүгээр сараас эхлэн Г.Г-д өөрийгөө түүнээс жирэмсэлсэн талаар ярьж эхэлсэн бөгөөд энэ нь худал байсныг Г.Г- мэдээгүй маш олон сар хууртагдаж явсан. Г.Г-ийг хуурсан нь дараах баримтуудаар тогтоогдсон. Б.Э- нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж амьдардаг эмэгтэйчүүдийн эмч С.Д-той үгсэн тохиролцож хуйвалдаж, жирэмсэн гэж итгүүлж, эхоны хуурамч зураг баримт гаргуулан авч, Г.Г-д удаа дараа үзүүлж, хуурч мэхэлсээр бүтэн 9 сарын хугацаа өнгөрүүлсэн нь өнөөдрийн энэ бүх хэрэг маргаан дэгдэх гол шалтгаан нь болсныг шүүх мөн анхаарч дүгнээгүй.

Энэ талаар С.Д- нь хэрэгт удаа дараа мэдүүлэг өгөхдөө “...Б.Э-ийн гуйлтаар “жирэмсний эхо-ны зураг худлаа баримт байсан” Б.Э- нь Г.Г-ийг өөрөөс нь салж хаяж явахаас айдаг, түүнийг алдахгүй, салахгүйн тулд жирэмсэн гэж итгүүлэх хэрэгтэй байна..." гэж хэлсэн гээд эмчээс зурвасаар болон утсаар удаа дараа гуйсан байдаг.

Д- мөн энэ талаар мэдүүлэхдээ “...Энэ бүхэн хууль бус шүү гэж сануулаад, би нэг ч гэсэн гэр бүл бүтэн байг гэж түүний гуйлтаар ийм хуурамч зураг гаргаж онош бичиж өгсөн...” гэх мөн түүнтэй харилцсан зурвасууд, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр дээрх үйл баримт тогтоогдсон. Энэхүү үйлдэл нь Г.Г-, Б.Э- нарын муудалцах үндсэн шалтгаан болжээ.

Б.Э-ийн энэ хууль бус үйлдэл нь хуйвалдсан эмчийн мэдүүлэг болон хуурамч онош эмнэлгийн зургаар тогтоогдоод байхад анхан шатны шүүх эдгээр үйл баримтуудыг өс хонзон санасан хосын харилцаа байсан уу? эзний зөвшөөрөлгүй хийсэн мөнгөн гүйлгээ байсан уу? гэж ялгаж салгасан дүгнэлт хийгээгүй байна.

Хэрэв Б.Э- анхнаасаа ийм худал хуурмаг зүйлсийг зохиосон, хууль бус үйлдэл хийсэн нь хосууд 2 тийш болох шалтгаан гэдгийг үнэн зөвөөр, бүрэн дүүрэн дүгнэсэн бол дээрх үйл баримт нь гэмт хэрэг биш тогтоох боломжтой байсан. Г.Г- нь Б.Э-ийг өөрийг нь аав болно, эцэг болно гэж элдэв зураг баримт үзүүлж, олон сарын турш итгүүлчхээд жирэмсэн биш байсныг мэдмэгцээ түүний сэтгэл санаа маш гүн хямарч цочирсон.

Олон сарын турш хууртагдсандаа маш их гутарч Б.Э-ээс салах шийдвэрт хүрсэн. Өөрийг нь орхисонд Б.Э- өсөрхөж, өөрөө зөвшөөрч зээлээ төл гэж шилжүүлсэн мөнгөө завшуулсан мэтээр гомдол гаргасныг ялгаж салгаж үйл баримтыг бүхэлд нь судалд, түүнийг гэмт хэрэг үйлдээгүй болохыг тогтоож, үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Харин Б.Э-, Г.Г- нарын урьдаас төлөвлөж ярилцсан амьдрал нь хэн нэгийнхээ хууралтаас болж бүтэлгүйтсэн нь тэдний хооронд ямар нэг төлбөрийн үүрэг үүсээгүйг нотолж байх тул Б.Э- нь бүтээгүй амьдралыг бэлдэж зээлийг нь хааж өгсөн мөнгөө үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн Иргэний журмаар нэхэх эрх нь нээлттэй юм.

Г.Г- Найрамдалд худалдан авах газар, захиалан бариулах байр сууцаа бариулахаа бэлдэж өөрийн нэр дээрх зээлийн үлдэгдлээ төлсний дараа түүнээс салах шийдвэр гаргаж, муудалцаж орхиж явсан. Харин Б.Э- нь бүх төлөвлөсөн зүйл бүтэлгүйтэж өөрөөс нь салах болсонд эгдүүцэж, өс хонзон санаж, өөрөө сайн дураараа зээлээ төлөөрэй гэж өгсөн 13.000.000 төгрөгийн гүйлгээг андуурч шилжүүлсэн гэж худал гомдол гаргасныг нягталж, хэргийг бүхэлд нь хянаж Г.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлгүй үйлдэл болохыг тогтоож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Г-ийн үйлдлийг цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч Б.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч миний бие, 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сар хүртэлх нэг жил гаруй хугацаанд Г.Г-ийн худал үг, хуурамч амлалтад итгэж, “анхнаасаа надтай танилцахдаа л өөрийгөө компанийн захирал, боломжийн ажил, амьдралтай, банкнаас их хэмжээний зээлийг, бага хүүтэй авч, надаас авсан зээлээ бүгдийг нийлүүлж байгаад төлнө” гэх мэтчилэн анхнаасаа миний итгэлийг олж, намайг хуурч мэхлэн шунахай зорилготойгоор бизнес болон ажил огт эрхэлдэггүй мөртлөө бизнесээ өргөжүүлэн, хамтран ажиллана гэх мэтээр байнга худал амлаж, хуурамч дүр эсгэж, өөрийнхөө амьдралын боломжгүй бодит байдлыг нуух замаар намайг төөрөлдүүлж, миний мөнгө төгрөгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, шууд санаатай үйлдлээр миний амьдралын эх үүсвэр болсон 85.500.000 төгрөгийг залилж авсан үйлдлийг, прокурор болон шүүхээс залилах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Яагаад гэвэл дээрх хугацаанд болсон асуудал, хэргийн жинхэнэ байдлыг бүрэн бодитойгоор шалгаагүй, надаас худал хэлж, хууран мэхэлж, мөнгө авч, байр түрээсэлж амьдарсан, мөн машин авч унах зэргээр өөрийнхөө амьдралын бүхий л хэрэгцээг хангаж байсан эхний үйлдлүүдийг нь “хамтран амьдарч, дотно харилцаатай байсан, харилцан тохиролцож мөнгө өгч байсан” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Энэ Г.Г-ийн машин нь хуучин машины зээлийн үлдэгдэл болон шинэ машины урьдчилгааг төлж, миний андуурч хийсэн гүйлгээг банк бус байгууллагад өгч машинаа зээлээс чөлөөлсөн байна.

Иймд энэхүү тээврийн хэрэгслийг чөлөөлсөн төлбөр нь надаас гарсан миний мөнгө тул энэ автомашинд барилт хийлгэх хүсэлтэй байна.

Миний бие Баянзүрх дүүрэг, ****** хотхонд 3 өрөө байранд ганцаараа, тав тухтай амьдардаг, Г.Г-тэй огт хамтран амьдраагүй, би өөрөө цагаан цайлган сэтгэлтэй, хүнд буруу зөрүү санадаггүй учраас түүний худал үгэнд итгэж, их хэмжээний бага хүүтэй зээл аваад, бүгдийг төлнө гэсэн хуурамч дүрд нь хууртагдаж, өөрт байсан бүхий л мөнгө төгрөгөө буцааж авна гэсэн сэтгэлээр өгч байсан юм.

Гэтэл хамгийн сүүлд 13.000.000 төгрөгийг банкны дансаа андуурч шилжүүлснийг Г.Г- нь бусдын хөрөнгө гэдгийг мэдсээр байж, өөрийн өмчлөлдөө авч ашиглаж завшсан нь тогтоогдсон бөгөөд миний бие, Г.Г-д залилуулсан талаар мөрдөн шалгах ажиллагааны үед ч, анхан шатны шүүх хуралдааны үед ч удаа дараалан гомдол гаргасныг бүрэн дүүрэн шалгаж шийдвэрлээгүй,       Г.Г-д ашигтай байдлаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн хүн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй байхад Г.Г- нь худал хэлж, хууран мэхэлж, миний хөдөлмөрлөж олсон 85.500.00 төгрөгийг хууль бус аргаар залилан авсан болохыг би нэг бүрчлэн хүснэгтээр гаргаж, банкны харилцах дансны хуулганы хамт гаргаж өгөөд, өөрийнхөө мэдүүлгийн эх сурвалжаар нотлоод байхад бүрэн шалгаж, үнэн зөв шийдвэрлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруу”-г бүрэн дүүрэн шалгаагүй, хэргийн талаар нотолбол зохих байдлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй байх тул энэхүү гомдлыг гаргаж байгааг хүлээн авч, залилан мэхлэх гэмт хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Г- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...13.000.000 төгрөгөөс гадна миний дансаар орж байгаа бусад зардлууд өндөр дүнтэй байгаа. Бид хоёр хамт аялсан, хэрэглээ нэг байсан учраас өндөр дүн гарч байгаа. Б.Э- намайг хуурсан учраас гомдсон. Би 1 жилийн хугацаанд бүх зүйлийг орхисон ажиллаасай гарсан гэх мэт маш их хохирсон. Намайг муухай харагдуулах бүх зүйлийг хийж байгаа. Хүнийг муухай харагдуулах амархан, тэгэхдээ би Б.Э-ийг мууг үзэх гээгүй шүүх бүрэлдэхүүн үнэн зөвөөр хэргийг шүүн гэдэгт итгэлтэй байна. 13.000.000 төгрөгийг тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрийг хаасан. Яагаад гэвэл Б.Э- бид хоёр “хамтарч зуслангаа барьцгаая” гэх фейсбүүк групп Ц- захиралтай компанид хандаж гэрээ хийсэн. Гэрээ цуцлагдсан гэдгийг би сүүлд мэдсэн. Б.Э- барилгын тээвэртэй холбоотой асуудлыг зохицуулах талаар захиралтай тохиролцсон. Миний зүгээс тус компанийн маркетинг хийж өгөх талаар тохиролцож гэрээ хийж 5.000.000 төгрөгөөр тохирсон. ...Би хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Г.Цолмон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Г-, Б.Э- нар нь 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр танилцсан. Улмаар дотносож, удалгүй Б.Э- байр түрээсэлж, уг байранд Г.Г- очиж хамтран амьдарсан. 2022 оны 12 дугаар сард Г.Г-, Б.Э- нар Вьетнам Улс руу явж шинэ оноо хамтдаа гаргасан. Тухайн үед Б.Э- “сарын тэмдэг ирэхгүй байгаа, жирэмсэн болсон байна” гэж Г.Г-д хэлсэн. Яг энэ цаг үеэс эхлэн Г.Г- маш их баярлаж, улмаар хосууд их дотноссон байдаг. 2023 оны 01 дүгээр сард Б.Э-ийн зүгээс Г.Г-д жирэмсний үзлэгийн карт, эмчийн дүгнэлт, эхоны зураг зэрэг баримтуудыг үзүүлсэн. Хэрэгт авагдсан баримтаас харахад Б.Э-, Г.Г- нар “Хамтарч хотхон зуслангаа барьцгаая’’ гэх компанид захиалга өгч, “зуслангийн байшин худалдан авах” гэрээ байгуулсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд Зуслангийн байшин худалдаж авахын тулд өмнөх зээлээ хаах шаардлага үүссэн тул 13.000.000 төгрөгийг Г.Г-ийн дансанд шилжүүлсэн байдаг. Уг мөнгийг тодорхой зорилготой шилжүүлэг байсан. Хохирогчийн хувийн байдлын тухайд хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, анхан шатны шүүхийн шүүгч удаа дараа хохирогчийг худлаа ярьж байгаа талаар анхааруулга өгсөн байдаг. Мөнгөний задаргааны баримтад бичсэн утга, тэр талаар тайлбарласан тайлбарууд бодит байдлаас болоод бусад нотлох баримтаас зөрүүтэй. Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.Г-д холбогдуулж хохирогчоос нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн утга агуулга зөрүүтэй. Мөн Г.Г-ийн эхэд “сүүний мөнгө гэж шилжүүлсэн” мөнгөө Дархан хотын иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж уг мөнгийг шүүхээс гаргуулж авсан үйлдэл зэргээс хувийн байдлыг харахад худал мэдүүлэг өгдөг нь тогтоогдож байгаа. Хэрэгт авагдсан гэрч С-, Б-, А- нарын мэдүүлэг байдаг. Анхан шатны шүүх Г.Г-ийг гэм буруутай тооцохдоо уг 3 хүний мэдүүлгийг үндэслэл болгосон. Уг 3 гэрчийн мэдүүлэг нотлох баримтын шаардлага хангахгүй мэдүүлгүүд, С-ын мэдүүлэг шууд харсан гэрч биш, Б-, А- нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байдаг. “Найзыгаа өмөөрсөн, Г- лүү эр янхан гэхчлэн дайралт хийсэн” мэдүүлгүүд байдаг учраас үнэлэх боломжгүй. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 3 дахь үндэслэлээ болгосон. Хавтаст хэргийн 177-179 дугаар талд авагдсан чатын баримт байдаг. Энэ нотлох баримтын шаардлага хангахгүй баримт, хаанаас, хэн уг зүйлийг гаргаж өгсөн тодорхойгүй, үнэн бодит эсэх нь эргэлзээтэй. Хуулийн байгууллага Г.Г-ийн эрхийг ноцтой зөрчсөн. Уг хэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхэлж ажилласан. Мөрдөгч болон прокурорын зүгээс алдаа гаргасан. Тээврийн хэрэгсэл, данс битүүмжлэх ажиллагааг хууль бусаар явуулсан үйл баримт харагддаг. Энэ талаар давж заалдах гомдолдоо дэлгэрэнгүй бичсэн. Өмгөөлөгчийн зүгээс прокурор Сайнхүүд 13 заалттай хүсэлт явуулсан. Уг хүсэлтийг прокурор хангаж шийдвэрлэсэн. “Хотгоноо хамтдаа барьцгаая” гэх фейсбүүк группийн маргааны зангилаг тайлах хүмүүсийг гэрчээр асуух тухай хүсэлт ирсэн. Мөрдөгч уг ажиллагааг явуулаагүй, хэргийг нууцаар прокурорт шилжүүлсэн. Г.Г-д яллах дүгнэлт үйлдсэнийг мэдээлээгүй. Яллах дүгнэлтийг Г.Г- хүлээж авахаас татгалзсан. Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх саналаа хэлсэн, энэ талаарх саналыг хүлээж аваагүй. Иймд Г.Г-ийг хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэргийн шинжгүй” гэж заасны дагуу цагаатгаж өгнө үү. ...Тухайн гүйлгээг андуураагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Яагаад гэвэл Г.Г-, Б.Э- нар хосын харилцаатай байсан. Г.Г-ийн данс руу 90.000.000 орчим төгрөг шилжүүлсэн үйл баримт харагддаг. Зуслангийн байшин худалдаж авах гэтэл Г.Г-д тээврийн хэрэгслийн зээл байсан. Зээлтэй учраас их хэмжээний зээл гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Уг зээлээ авахын тулд Г.Г- тээврийн хэрэгслийн зээл буюу 13.000.000 төгрөгийн зээлийг хаах зорилготой шилжүүлсэн. Г.Г-ийн хувьд зээлээ хаасан. Үүний дараа Г.Г-ийн эх “Б.Э- чамайг хуурсан байна. Д- эмчээс асуудал гарч ирсэн” гэх мэдээлэл авснаас хойш муудалдсан. Ийм процесс болсон. ...” гэв.

Шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Г.Г- үйлдлийг гэмт хэргийн шинжтэй талаар дүгнэхдээ гэмт хэргийн сэдэлтийн талаар оновчтой дүгнэлт хийгээгүй. Талуудын хооронд олон удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлсэн гүйлгээ байдаг. Гэтэл хохирогч Б.Э- ганц удаагийн 13.000.000 төгрөгийн гүйлгээтэй холбоотой гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн өглөө хохирогч Б.Э- нэмж 85.000.000 төгрөгийн хохирол учирсан байхад прокурор хэргийн дутуу шалгасан гэх агуулга яригдсан талаарх анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн тэмдэглэл байдаг. Хохирогч Б.Э-, Г.Г-тэй танилцахаасаа өмнө өөрийн нэр дээрх дансаа хэрэглэдэггүй байсан. Д- гэх хүний  данс ашгилдаг байсан. Г.Г-тэй уулздаг болсноос хойш өөрийн орлого, зарлага, хэрэглээний мөнгө, одоо маргаж байгаа 13.000.000 төгрөг зэргийг Г.Г-ийн дансанд шилжүүлсэн байдаг. Өөрийнхөө талийгаач нөхрөөс болж Б.Э-ийн данс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт битүүмжтэй байсан. Хохирогч Б.Э-ийн төлөвлөсөн зааврын дагуу Г.Г- мөнгийг зарцуулсан. Энэ гэмт хэрэг биш, тодорхой цаг хугацаанд хамт амьдарсан. Б.Э-, Г.Г-д хайр сэтгэлтэй болж цаашид хамт амьдрах хүсэлттэй учраас өөрийн гэх орон гэртэй болох зорилгоор хоорондоо ярилцаж хотод ойрхон газарт амны орон сууц бариулахаар харилцан тохиролцсон. Уг газарт 158.000.000 төгрөгийн дүнтэй гэрээ байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа төлөх, хөрөнгө босгох шаардлага үүссэн бөгөөд Б.Э- зээл авах шаардлага гарсан боловч дансаа ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ингээд Г.Г-ийн зээл харьцангуй бага буюу 10.000.000 орчим төгрөг байсан учраас зээлийн төлж, Г.Г-ийн нэр дээр зээл авч урьдчилгаа бэлдэж орон сууц авах тохиролцоонд хүрсэн. Энэ талаар хавтаст хэргийн 230-233 дугаар талд авагдсан. 2023 оны 09 дүгээр сард Ц- гэх хүнтэй 158.000.000 төгрөгийн орон сууц захиалах гэрээ байгуулсан баримт нотлогддог. Иймд гэмт хэргийн сэдэлгүй нөхцөл байдлыг, гэмт хэргийн сэдэлтэй мэтээр шүүх буруу дүгнэсэн. 2023 оны 1 дүгээр сараас хохирогч Б.Э-, Г.Г-д “өөрийгөө жирэмсэн гэх асуудлыг ярьж” ирсэн гэтэл энэ асуудлыг ярихдаа Замын -Үүд суманд ажилладаг. Эмэгтэйчүүдийн эмч Д- гэх эмчтэй үгсэн тохиролцож “Жирэмсэн” гэж Г.Г-д итгүүлэхийн тулд хуурамч баримт бичиг, зураг зэргийг бүрдүүлж хуурсан байдаг. Энэ асуудлыг 13.000.000 төгрөг төлсний дараах асуудал юм. Энэ асуудлаас үүдэж маргалдсан байдаг. Хохирогч Б.Э-ийн мэдүүлэг, нотлох баримтууд  үнэн эргэлзээгүй эсэх нь тогтоогдохгүй байна. Иймд Г.Г-ийн үйлдлийг гэмт хэргийн сэдэлтгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...13.000.000 төгрөгөөр зуслангийн байшин худалдаж авахын тулд зээл авах зорилготой тохиролцсоны үндсэнд Г.Г-ийн дансанд шилжүүлсэн. Г.Г- энэ асуудлыг хэргийн материалтай танилцсаны дараа мэдсэн. Гэрээ цуцалсан талаар мэдээгүй. ...” гэв.

Хохирогч Б.Э- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхэд тайлбар хэлсэн хүмүүсийн үг бүгд худал, би өдий наслахдаа ийм нөхцөл байдалтай байгаадаа ичиж байна. Би 30 жил нөхөртэйгөө амьдарчихад өнөөдөр шүүхийн танхимд мөнгөний асуудалтай, үр хүүхдүүдээ муу хэлүүлээд, доромжлуулаад тангарга тасарсандаа харамсаж байна. Уг 13.000.000 төгрөг амны орон сууц авахад зарцуулсан зүйл байхгүй. Зөвхөн тээврийн хэрэгсэл хулдаж авахдаа уг мөнгөөр урьдчилгаа хийх зорилготой авсан. Энэ талаарх баримт байгаа, би хүнд татагдаж уулзсан байж болно. Гэвч би Г.Г-тэй өдөр бүр уулздаггүй байсан. Би мөнгө өгч тусалсан үнэн, буцааж мөнгөө яаж авахаа мэдэж байсан. Надад Г.Г- “6 сар ажил хийсэн нөхцөлд цалингийн зээл аваад өгнө” гэж ярьж байсан. Би өрх толгойлсон эмэгтэй, нөхрөө алдсан сэтгэл санаа тогтворгүй байх хугацаандаа Г.Г-тэй танилцсан. Би 3 өрөө байртай, ганцаараа амьдардаг. Г.Г-д байр түрээсэлж цуг амьдрах шаардлага байхгүй. Би андуурсан гүйлгээ хийсэн өдөр намайг Г.Г- цус садартал зодсон. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн, мөн  утасны кодыг олж мэдчихээд, бүх мэдээлэл авч Д- гэх эмчийг Авлигатай тэмцэх газарт хандаж шалгуулсан. Үндэслэлгүй гэж хэргийг хаасан. Гэрчүүдийн өгсөн мэдүүлэг үнэн зөв, би гомдолтой байна. ...Г.Г- надад “одоо өгнө хөгшин авгай минь, дансаа явуул” гэх мэтээр элдэв бусаар дарамталж байсан. Надад ах, дүү гэх хүмүүс байхгүй учраас намайг дарамталж байгаа. Миний өгсөн мөнгөөр амьжиргааны хэрэгцээгээ хангасан. ...” гэв.

Хохирогч Б.Э-ийн өмгөөлөгч Г.Цэрмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Б.Э- 13.000.000 төгрөгтэй холбоотой цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад залилангийн шинжтэй үйлдэл байна. Хамгийн сүүлийн үйлдэл 13.000.000 төгрөг юм байна гэх ойлголтыг авсан. Анх танилцахдаа залилах зорилготой дотон харилцаанд орсон талаар хохирогч Б.Э- ярьдаг. Мөн Г.Г-ийн эхэд “сүүний мөнгө” гэж шилжүүлсэн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч гомдолдоо дурдаж байна. Энэ хэрэгт хамааралгүй асуудал, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан баримт учир үгүйсгэх боломжгүй. 13.000.000 төгрөгийг шилжүүлэхээс өмнө хохирогч Б.Э- мөнгө нэхэж очиход зодсон цохисон, доромжилсон асуудлыг цагдаагийн байгууллагад хандаж зөрчлийн хэрэг үүсгэж хариуцлагыг шүүгдэгч Г.Г-д хүлээлгэсэн. Хэргийг шалгах явцад прокурор, мөрдөгч нарт залилангийн шинжтэй үйлдлийг шалгуулах талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан. Энэ талаар ажиллагаа явуулаагүй. Дотон харилцаатай байсан гэх үндэслэлээр, хохирогч Б.Э- “3 өрөө байртай ганцаараа тав тухай амьдардаг. Г.Г-тэй байр хөлсөлж, хамт амьдрах шаардлагагүй” талаар мэдүүлдэг. Амны орон сууц авах зорилгоор гэрээ байгуулсан боловч гэрээ цуцалсан талаарх нотлох баримт хэрэгт байдаг. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 2023 оны 10 дугаар сард 13.000.000 төгрөгийг тохиролцож өгсөн талаарх үндэслэлгүй, ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, Хаан банкны дансны хуулгаар Г.Г-ийн дансанд шилжүүлсэн 110 гаруй сая төгрөг тогтоогддог. С- гэх хүний мөнгийг тусдан шилжүүлсэн баримтыг тусдан гаргаж өгсөн. Энэ талаар шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийх байх, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шинжээч томилох тогтоол үйлдсэн гэж Б.Э-ээр гарын үсэг зуруулсан атлаа шинжээчийн дүгнэлт гарсан эсэх нь тодорхойгүй. Тухайн үед гомдол гаргасан боловч мөрдөгч өвчтэй байсан учраас шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй. Энэ талаарх санал хүсэлтээ удаа дараа гаргаж байсан. Эхний үйлдлийг орхиж, сүүлийн үйлдэл буюу 13.000.000 төгрөг завшсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. 90 гаруй сая төгрөгтэй холбоотой асуудал дээр Б.Э- иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаж өмгөөлөгч авсан. Залилангийн гэмт хэрэг үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх дүгнэлтэй байна. ...” гэв.

Прокурор Р.Машлай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд үндэслэлтэй шийдвэр гаргасан. Хохирогч Б.Э- хэргийг эх сурвалжийг шууд заасан учраас гэрч нарын мэдүүлгийг үндэслэж шүүгдэгч Г.Г-ийг анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон. Гэр бүлийн холбоотой маргаантай асуудал дээр шүүх дүгнэлт хийгээгүй. Энэ талаар дүгнэлт хийх боломжгүй. Хохирогч Б.Э- 90 гаруй сая төгрөгтэй холбоотой асуудлаар иргэний хэргийн шүүхэд хандаж байгаа талаар түүний өмгөөлөгч гомдолдоо дурдаж байна. Гэрч С- тухайн хэргийн талаар шууд болон шууд бус байдлаар мэдсэн учраас энэ хэргийн талаар мэдүүлэх боломжтой. Мөрдөгч хууль сануулж мэдүүлэг авсан. Уг мэдүүлэг хохирогч Б.Э-ийн ярьсан мэдүүлгийн эх сурвалж үндэслэл тогтоогдож байна. Шүүгдэгч Г.Г- өөрийгөө нотлохгүй байгаа боловч шүүгдэгч Г.Г-ийн мэдүүлэг няцаагдсан зүйл тогтоогдоогүй. Харин эсрэгээрээ нотолсон үйлдэл харагдаж байна. Шүүгдэгч Г.Г- өмгөөлөгч хэргийг нууцаар шилжүүлсэн талаар гомдолдоо дурдаж байна. Хэргийг нууцаар шилжүүлсэн гэх ойлголт байхгүй. Шүүгдэгч Г.Г- хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар хуулийн дагуу мэдэгдэнэ. Хэрэгтэй холбоотой танилцах боломжийг олгож, хэрэгтэй танилцсан боловч шүүгдэгч Г.Г- хүлээн зөвшөөрөөгүй учраас тэмдэглэл үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өмгөөлөгчийн гаргасан гомдолд туулийн үнэн гэж байхгүй талаар дурдсан. Мэдээж туулийн үнэн гэж байхгүй, гэгэхдээ тодорхой баримтуудаар тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад “Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад энэ хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж заасны дагуу явуулсан. Даалгаврын заалттай холбоотой асуудлаар прокурор өөрөө даалгавар бичдэг, биелэлтийг прокурор өөрөө үнэлж дүгнэх хуулийн зохицуулалтай. Шүүгдэгчийн эрхийг хязгаарласан зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх” гэж заасны дагуу санал гаргаж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Г-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Г.Цолмон, Э.Мөнхзолбоо болон хохирогч Б.Э- нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Г- нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Б.Э-ийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа М.С- гэх хүн рүү мөнгө шилжүүлэх гэж байгаад данс руу андуурч шилжүүлсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 13.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Э-ийн “...2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 17 цаг 35 минутад С- гэх хүний данс руу 13.000.000 төгрөг хийх гэж байгаад андуураад Г.Г-ийн ********** тоот данс руу 13.000.000 төгрөгөө хийчихсэн. Би тэр даруйдаа Г.Г- рүү холбогдож “миний мөнгийг буцаагаад хийчих” гэж хэлтэл “дансаа, одоо хийгээдэхье” гэж хэлээд утсаа авахгүй алга болсон. ...” /1хх20-21/,

дахин өгсөн “...Би 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс Г-эс зайгаа авч харьцахаа больсон байх үедээ Г-ийн данс руу 13.000.000 төгрөг андуурч хийж тухайн мөнгөөр Г- нь банк бус дээр байсан зээлээ бүрэн хааж машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн. ...С- гэх хүн энэ талаар мэдэж байгаа. ...Би тухайн үед С- руу гаалийн мөнгө шилжүүлэх ёстой байсан боловч Г- рүү андуурч мөнгөө хийсэн. ...” /1хх22-24/,

дахин өгсөн “...13.000.000 төгрөгт хариуцлага хүлээлгэнэ гэж бодож байна. ...Тэгэхээр нь би машин угаалгын хүнээс асуутал “машинаа угаалгад өгсөн, ойрхон гэр нь байдаг юм байна лээ” гэхээр нь Г-ийн машин байна гэж мэдээд зээлсэн мөнгөө өгөөгүй, андуурч өгсөн 13.000.000 төгрөгийг өгөөгүй болохоор нь жижиг чулуугаар зөв талын 2 хаалга дээр нь цохисон. ...Анхнаасаа Г- гэх залуу надтай танилцах зорилго нь мөнгө авах, итгэл үнэмшил төрүүлж залилан мэхлэх зорилготой байсан. ...Би одоо хохирлоо барагдуулж авмаар байна. ...” /1хх27-28/,

гэрч М.Б-гийн “...Б.Э-ийн 2018 оноос хойш таньж мэддэг болсон. ...2023 оны хавар байсан шиг санагдаж байна. Э-тэй хамт агаарт гарахад цаг явсан, түүнээс хойш дахин уулзаж байгаагүй. Э- өөрөө надад 2022 оны хавар Г- гэх залуутай танилцаад дотно болсон гэж хэлж байсан. ...2023 оны 10 дугаар сарын 03-н билүү 04-ний өдөр байсан уу, би өдрийг нь сайн санахгүй байна, Э- над руу залгаад гэрт хүрээд ирээч, Г-д зодуулчихлаа гэж уйлаад байсан. Би хүүхдээ сургуульд хүргэж өгчхөөд Э-ийн гэрт нь очиход манай найз А- ирчихсэн байсан. ...Тухайн үед Э-ийн баруун шанааны доод хэсэг буюу эрүүний хэрэг нь хөхөрчихсөн, нүд нь бөлцийгөөд хавдчихсан байдалтай харагдаж байсан. Г- миний шанаа руу цохиод, үсдэж газарт чирсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи одоо наадхаа цагдаад өг, уулзаад дэмий юм биш үү” гэж хэлсэн биз дээ гэж хэлсэн. Тэгээд байж байтал Э- “Эрээнээс машин Замын-Үүдэд ороод ирсэн байна, гаалийн бүрдүүлэлт хийж байна” гэж хэлээд хүнтэй утсаар яриад байснаа мөнгө шилжүүлэхдээ гэнэт уулга алдаад “өө яанаа” гэхээр нь би “юу болсон бэ” гэхэд “би гаалийн бүрдүүлэлтийн мөнгө хүн рүү шилжүүлэх гэж байгаад Г-ийн данс руу андуураад шилжүүлчихлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тэгээд хэдэн төгрөг шилжүүлсэн юм бэ” гэхэд “гаалийн бүрдүүлэлтийн 13.000.000 төгрөг” гэж хэлсэн. Тэгээд Г- рүү утсаар нь залгаад байсан, гэтэл нөгөөх нь утсаа авахгүй байсан. ...” /1хх41-42/,

гэрч П.А-ын “...Бид 3 юм яриад сууж байтал Э- хүнтэй утсаар яриад мөнгө төгрөг шилжүүлэх дансны дугаар аваад шилжүүлэг хийх гэж байснаа дансаа андуураад Г- рүү 13.000.000 төгрөг шилжүүлсэн. Э- тухайн үед дансаа андуурч шилжүүлснээ мэдээд орилоод босоод ирсэн. Тэгэхээр нь би “за буцаагаад шилжүүлчих байлгүй дээ” гэсэн бөгөөд Э- Г- рүү залгахад утсаа авахгүй байгаа бололтой байсан. ...” /1хх44-45/,

гэрч М.С-ын “...2023 оны 10 дугаар сарын эхээр иргэн Б.Э-ээс гаалийн бүрдүүлэлтийн мөнгө 13.000.000 төгрөг авах ёстой байсан. Тэгтэл Э- нь тухайн өдрөө буюу 2023 оны 10 дугаар сарын эхээр над руу залгасан. Би яг хэдний өдрийг нь санахгүй байна. Э- нь “би чам руу хийх гэж байгаад андуураад өөр хүний данс руу 13.000.000 төгрөг хийчихлээ энэ дугаар руу залгаад өгөөч” гээд 8888 гэсэн дугаар өгсөн. Сүүлийн дугаарыг нь санахгүй байна. Би тухайн үед өөрийн 8888 дугаараас 2 удаа залгасан боловч утсаа аваагүй. Тэрнээс хойш андуурч мөнгө хийсэн гэсэн хүн рүү нь залгаагүй. Тэгээд яаралтай бүрдүүлэлт хийх байсан болохоор Б.Э-тэй ярьж мөнгөө 2 хувааж авсан. ...Би Хаан банкны ***** тоот М-ын С- гэсэн данс руу мөнгө авах ёстой байсан. ...” /1хх32-33/ гэх мэдүүлгүүд,

Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Б.Э-ийн гаргасан гомдол /1хх13/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх14/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх66-68/, “****** тоот данснаас 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 17:35 цагт 13.000.000 төгрөг шилжин орсон” гүйлгээтэй Г.Г-ийн Хаан банкны ********** тоот дансны хуулга /1хх79/, Д.Д-гийн Хаан банк дахь ****** тоот дансны хуулга /1хх117-122/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх86-105/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

            Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Г-ийг “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Шүүгдэгч Г.Г-д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

            Шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Г.Цолмон болон Э.Мөнхзолбоо нараас “... 1. Б.Э-, Г.Г- нар нь хамтын амьдралтай байсан бөгөөд цаашдын гэр бүл төлөвлөлтөө зохиож байсан. Улмаар байшин зээлээр авахын тулд түүний нэр дээр байсан машины зээлийн үлдэгдэл болох 13.000.000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Э- шилжүүлснээр хаасан. Энэ нь алдаатай гүйлгээ байгаагүй. 2. Э-ийн нэхэмжилж байгаа 93 сая төгрөг нь бүгд Г-ийн дансаар орж, цаашаа гаалийн бүрдүүлэлт хийдэг хүмүүс рүү гардаг байсан. Э- нь удаа дараа худал мэдүүлэг өгч, мөн Г-ийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулж халдсан. Э-ийн өгсөн мэдүүлгүүд нь үнэн зөв биш. 3. Гэрч М.С-, М.Б-, П.А- нар нь гэмт хэрэг үйлдэгдэх үеийг нүдээр харсан, шууд гэрчлэх гэрч нар биш юм. Түүнчлэн гэрч М.Б-, П.А- нар нь Б.Э-ийн найз бөгөөд хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгнө гэдэг нь эргэлзээтэй, ашиг сонирхлын зөрчилтэй байна. 4. Нэгдүгээр хавтас хэргийн 177-179 дүгээр талд авагдсан нотлох баримтуудын эх сурвалж нь тодорхойгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлээгүй баримт байна. 5. Цагдаагийн байгууллага болон прокурорын байгууллага нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удаа дараа зөрчсөн. Хэргийг прокурорт шилжүүлэхээс өмнө хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй, хэргийг нууцаар прокурорт шилжүүлсэн. Г-ийн зүгээс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хэргийн материалтай танилцах гарын үсэг зураагүй бөгөөд хэрэгт уг баримт авагдсан. Яллах дүгнэлт үйлдэгдсэн байсан учир нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргах боломжгүй болсон. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө  үү...” гэсэн,

            хохирогч Б.Э-ээс “...Хамгийн сүүлд 13,000,000 төгрөгийг банкны дансаа андуурч шилжүүлснийг Г.Г- нь бусдын хөрөнгө гэдгийг мэдсээр байж, өөрийн өмчлөлдөө авч ашиглаж завшсан нь тогтоогдсон. ...Г.Г-д залилуулсан талаар мөрдөн шалгах ажиллагааны үед ч, анхан шатны шүүх хуралдааны үед ч удаа дараалан гомдол гаргасныг бүрэн дүүрэн шалгаж шийдвэрлээгүйд гомдолтой ...тул энэхүү залилан мэхлэх гэмт хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү...” гэсэн  агуулга бүхий гомдлуудыг тус тус гаргажээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг үг, үсэг, тоо, техникийн шинжтэй бусад алдааг ойлгох ба бэлэн болон бэлэн бусаар төлбөр тооцоог хийхдээ дансны дугаар, банкны нэр, харилцагчийн нэр, мөнгөн дүнгийн тоо хэмжээ, дүн зэргийг алдаатай бичилтээр гүйлгээ хийснийг ойлгодог.

            Мөн алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдлаар илэрдэг.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хохирогч Б.Э- нь тухайн 13.000.000 төгрөгийг С- гэх хүнд шилжүүлэх гэж байгаад андуурч Г.Г-д шилжүүлсэн болох нь гэрч М.Б-гийн “...Тэгээд байж байтал Э- “Эрээнээс машин Замын-Үүдэд ороод ирсэн байна, гаалийн бүрдүүлэлт хийж байна” гэж хэлээд хүнтэй утсаар яриад байснаа мөнгө шилжүүлэхдээ гэнэт уулга алдаад “өө яанаа” гэхээр нь би “юу болсон бэ” гэхэд “би гаалийн бүрдүүлэлтийн мөнгө хүн рүү шилжүүлэх гэж байгаад Г-ийн данс руу андуураад шилжүүлчихлээ” гэж хэлсэн. ...” /1хх41-42/, гэрч П.А-ын “...дансаа андуураад Г- рүү 13.000.000 төгрөг шилжүүлсэн. Э- тухайн үед дансаа андуурч шилжүүлснээ мэдээд орилоод босоод ирсэн. ...” /1хх44-45/, гэрч М.С-ын “...Б.Э-ээс гаалийн бүрдүүлэлтийн мөнгө 13.000.000 төгрөг авах ёстой байсан. ...Тэгээд яаралтай бүрдүүлэлт хийх байсан болохоор Б.Э-тэй ярьж мөнгөө 2 хувааж авсан. ...Би Хаан банкны ***** тоот М-ын С- гэсэн данс руу мөнгө авах ёстой байсан. ...” /1хх32-33/ гэх мэдүүлгүүд, бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тодруулбал, хохирогч Б.Э- нь андуурч гүйлгээ хийснийхээ дараа  ***** тоот дансанд буцаан шилжүүлэхийг Г.Г-д мэдэгдсэн байх ба энэхүү дансны дугаар нь гэрч М.С-ын мэдүүлэгт дурдсан Б.Э-ээс 13.000.000 төгрөг шилжүүлэн авах ёстой байсан дансны дугаартай тохирохоос гадна тухайн мөнгийг шилжүүлсэн цаг хугацаанд хамт байсан гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн хэрэг гарсан дариуд цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гомдол зэргээс хохирогч Б.Э-ийг тухайн 13.000.000 төгрөгийг Г.Г-ийн данс руу андуурч шилжүүлсэн гэж үзэх хангалттай үндэслэлтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Тус 13.000.000 төгрөгийг хохирогч Б.Э-ийн хөрөнгө болохыг Г.Г- нь мэдэж байсан хэдий ч банк бус санхүүгийн байгууллагын зээлээ хаах байдлаар шууд захиран зарцуулсан болох нь Б.Э-ийн хохирогчоор өгсөн “...Харин Г.Г- нь андуурч хийсэн 13.000.000 төгрөгийг Тоёота кроун маркийн тээврийн хэрэгсэл авсан банк бус санхүүгийн байгууллагын данс руу шилжүүлсэн байсан...” гэх 1 дүгээр хавтас хэргийн 28 дугаар талд авагдсан мэдүүлэг, шүүгдэгч Г.Г-ийн сэжигтнээр өгсөн “...Би тухайн өдөр “******” ББСБ-руу 13 сая төгрөгийг шилжүүлж өр зээлгүй болсон...” гэх хавтас хэргийн 50 дугаар талд авагдсан мэдүүлэг болон 1 дүгээр хавтас хэргийн 79 дүгээр талд авагдсан Г.Г-ийн Хаан банк дахь ********** тоот дансны хуулгаар “орлого” гэх утгаар ****** тоот данс руу шилжүүлсэн зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

Мөн хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад хохирогч Б.Э- нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл, гомдол гаргасан /1хх13/ байх бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагаас бүртгэн баталгаажуулж хүлээн авсан /1хх14/ төдийгүй улмаар тус өдрөө Г.Г-ийн **** УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, Хаан банк дахь ********** тоот дансны орлого, зарлагын гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг битүүмжлэх тухай мөрдөгчийн санал /1хх15-16/ гарч, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 182, 183 дугаартай прокурорын зөвшөөрлөөр банк болон тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан болох нь 1 дүгээр хавтас хэргийн 81-82 дугаар талд авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Гэтэл Г.Г- нь **** УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслийн болон өөрийн Хаан банкны ********** тоот дансны орлого, зарлагын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрөлтэй холбогдуулан ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлэг өгөхдөө тэрээр “өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө” гээд цааш мэдүүлэг өгөхөөс татгалзсан. Дээрх хугацаанаас хойш 10 сарын дараа буюу 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өмгөөлөгч Г.Цолмонтой хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, тус өдрөө сэжигтнээр мэдүүлэг өгснөөс  /1хх39, 46-51/ дүгнэхэд эрх бүхий албан тушаалтнуудын шийдвэрт гомдол гаргах эрхээ өөрийн сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлээгүй байна.

Үүнээс гадна, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цолмон нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 13 үндэслэл бүхий хүсэлтүүд гаргасан байх бөгөөд уг хүсэлтийг прокуророос хянаж, 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 119 дугаартай прокурорын тогтоолоор “...Г.Г-, Б.Э- нарын хувийн байдлыг тогтоож өгнө үү, ...Б.Э- нь С.Д- гэх эмчтэй үгсэн хуйвалдсан эсэх, хуурамч бичиг баримт үйлдсэн эсэх, ...Г.Г-ийн дансны хуулгыг авч хэрэгт хавсаргаж өгнө үү, ...У-, А- нарыг гэрчээр асууж өгнө үү, ...Г.Г-, Б.Э- нарын харилцан ярианы бичлэгт үзлэг хийж хэрэгт хавсаргаж өгнө үү.” гэх агуулга бүхий хүсэлтийг хэсэгчлэн хангаж, “**** УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолыг хүчингүй болгох” тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. /2хх16-20/

2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Г.Г-д хэргийн материал танилцуулахад “шударга үнэн зөвөөр шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна, санал гомдолгүй” гэж гарын үсэг зурсан байх бөгөөд энэхүү баримтыг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна. /2хх24/

Иймд, шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Г.Цолмон болон Э.Мөнхзолбоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж хуульчилсан хэмжээ хязгаарын хүрээнд анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг шүүгдэгч Г.Г-ийн үйлдэл бүрэн хангасан гэж дүгнэж, тухайн зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хохирогчийн залилан мэхлэх үйлдлийг шалгаж тогтоогоогүй талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/1314 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Г.Цолмон, Э.Мөнхзолбоо, хохирогч Б.Э- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/1314 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Г.Цолмон, Э.Мөнхзолбоо, хохирогч Б.Э- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МӨНХӨӨ

 

                                   ШҮҮГЧ                                        Г.МӨНХТУЛГА

 

                                   ШҮҮГЧ                                        С.БОЛОРТУЯА