| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2026/00027/И |
| Дугаар | 320/ШШ2026/00304 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 320/ШШ2026/00304
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би
Нэхэмжлэгч: Н******* гийн О******** ,
Хариуцагч: Д******* ийн Б******* ,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 320/2026/00026/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.О******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.О******** нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тухайн үед танилын харилцаатай байсан Д.Б******* ын хүсэлт гуйлтын дагуу түүнд 3,000,000 төгрөг зээлүүлэхээр болсон. Д.Б******* нь тухайн үедээ "...морины наймаа хийхэд шаардлагатай боллоо...таны мөнгийг 3 жилийн хугацаанд хэсэгчилж төлье..." гэсэн.
Мөн тэрээр надад хэлэхдээ, "...хэрвээ би хугацаандаа таны мөнгийг төлөхгүй бол банкны зээл ямар байдаг билээ тэрний дагуу л хүүгээ тооцож аваарай... санаа зоволтгүй..." гэж хэлэн, итгэл үнэмшил төрүүлсэн. Ингээд 2020 оны 11 дүгээр сард хэлсэн ярьсанаараа 1,250,000 төгрөгийг төлсөн. Харин одоог хүртэл үлдэгдэл 1,750,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлэхгүй байна.
Миний хувьд түүнээс зээлсэн мөнгөө буцаан төлөхийг удаа дараа шаардахад элдэв шалтаг тоочоод, худал хэлэн аргацаасаар, хэзээ мөдгүй өгөх юм шиг итгэл найдвар төрүүлсээр өнөөдрийг хүрлээ.
Иймд Д.Б******* аас дараахь мөнгийг нэхэмжилнэ. Үүнд:
Үндсэн зээл: 1,750,000 төгрөг
Хүү: 750,000 төгрөг
Нийт: 2,500,000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн авна уу гэжээ.
2. Хариуцагч Д.Б******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Н.О******** ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч Н.О******** нь 2,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Бодит байдал дээр Н.О******** эгчээс 1,750,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Харин хүү бодох талаар бидний дунд ярьсан зүйлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас зээлж авсан 1,750,000 төгрөгийг төлнө. Харин хүү гэх 750,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Нэхэмжлэгч Н.О******** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Д.Б******* аас нэхэмжилсэн үндсэн авах 1,750,000 төгрөг авах хүсэлтэй байна. Хурдан шийдвэрлэхийн тулд хүү 750,000 төгрөгийг авахгүй. Над маш их чирэгдэл учруулсан эвлэрүүлэн зуучлахад 3 удаа хандсан. Энэ нөхрийг хайж олон удаа Мөрөн орсон бензин тосны асуудал, мөнб бизнесийн зээлийн хүү гээд яривал асуудал их байгаа. Их худалч худлаа ярьдаг. Энэ асуудлыг өөрт нь хэлж танилцуулах байна. Хүйтэнд нааш, цаашаа явах боломжгүй учраас үндсэн мөнгөө авах хүсэлт гаргаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.О******** нь хариуцагч Д.Б******* т холбогдуулан 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэхэмжлэгч Н.О******** нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,500,000 төгрөгөөс 750,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.Б******* нь үлдэх 1,750,000 төгрөгийг төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож, эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,950 (тавин дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгөөс 27,475 (хорин долоон мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Б******* аас 1,750,000 төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 42,950 (дөчин хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийн тал хувь 21,475 (хорин нэгэн мянга дөрвөн зуун далан тав) төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Н.О******** нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б******* т холбогдох 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Н.О******** нэхэмжлэлийн шаардлагаас 750,000 долоон зуун тавин мянга) төгрөг гаргуулахаас татгалзан, хариуцагч Д.Б******* 1,750,000 (нэг сая долоон зуун тавин мянга) төгрөгийг нэхэмжлэгч Д.Б******* төлж барагдуулахаар эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,950 (тавин дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгөөс 27,475 (хорин долоон мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Б******* аас 1,750,000 төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 42,950 (дөчин хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийн тал хувь 21,475 (хорин нэгэн мянга дөрвөн зуун далан тав) төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.О******** д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН