Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
Хэргийн индекс | 142/2018/00206/И |
Дугаар | 14 |
Огноо | 2020-01-16 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 14
2020 оны 01 сарын 16 өдөр | Дугаар 207/МА2020/00014 |
*******-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч *******, *******
нарт сүлжээ ТӨХК-д холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/01384 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,
Гэм хорын хохирол 41.845.120 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******-ийн төлөөлөгч Б.Цэдэндорж, *******, Д.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
Нэхэмжлэгч *******-ийн захирал Б.Цэдэндорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө "Сэцэн" ХХК-ийн өмчлөлийн Булган аймаг Орхон сумын Халиун багийн Хөх чулуут гэх газарт байрлах 2 давхар сууцанд сахиул болох н.Амгаланбаатар төвд орж ирээд хонож байх хойгуур түүний найз гэх *******, ******* нар 2 эмэгтэйн хамт очиж архи ууж гал алдсанаас байшин шатаж компанид маань 41.845.120 төгрөгийн хохирол учирсан. 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө 06 цаг 16 минутанд Орхон аймгийн Онцгой байдлын газарт иргэн Т.Буянхишиг 99384673 дугаарын утсаар байшин шатаж байгаа тухай дуудлага өгснөөр Гал унтраах.аврах нэгдүгээр зэрэглэлийн 56-р ангийн 2-р салааны захирагч, ахлах ахлагч Б.Амарбаяр салааны захирагч 1 хүн, аврагч жолооч 1 хүн, аврагч гал сөнөөгч 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр DEIWOO ОРХ 99-94 улсын дугаартай автоцистерн /АЦ-40У/-1 авто машинтай 14 км замыг 15 минут туулж очоод гал түймрийг бүрэн унтраасан болох нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Гал түймэр гарсан тухай 118/28 дугаартай актаар нотлогдоно. Дээрх актыг үндэслээд эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан боловч хохирлын хэмжээгээр хэрэг хэрэгсэхгүй болгогдсон. Нэхэмжилж байгаа сууцны үнээс гадна 3.0 сая гаруй төгрөгийн хохирол учирсан болохыг хариуцагч нар мэдэж байгаа болно. Иймд дур мэдэн хүний орон байранд хууль бусаар орж улмаар эд хөрөнгийг маань галдан шатааж хохирол учруулсан *******, ******* нараас сууцны үнэ 41.845.120 төгрөг гаргуулан "Сэцэн" ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү? гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Самбадагва нь Б.Цэдэндоржийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Самбадагва нь Б.Цэдэндорж гэдэг хүнийг танихгүй. 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр таксинд явж байтал ******* Хүлэг захын урд тааралдсан. Тэрээр саяхан танилцсан 2 хүнтэйгээ жаахан ярьж архи машинд чинь ууя гэж гуйсаар би зөвшөөрсөн. ******* 2 эмэгтэй дагуулж ирээд машинаа гэртээ орхиод миний машинд 2 шил архи уусан. Ингээд би явлаа гэхэд хонох газар хайж 2 айлд очсон. Дараа нь Бүрэнбүст орно, тэнд байшин байгаа хүргээд өг гэсэн. Ингээд 10 000 төгрөгөөр бензин хийж хүргүүлсэн. Тэнд очоод байшингийн ойролцоо нэг айлд орсон. Нэг эмэгтэй хүн байсан. Тэр эмэгтэй ТАлтанхүүгийн асуусан Амгаа гэгч хүнийг байхгүй гэж хэлээд *******тэй машинд орж суун, байшинд очоод уг байшинг онгойлгож өгсөн. Энэ үед 24 цаг болж байсан байх. Би *******д хандан явлаа гэхэд биднийг нэг мөсөн явахад яв, буцах унаа байхгүй гэсэн. Тэр 3 нэг шил архи задалж ууж байгаад унтацгаасан. Би ч бас унтсан. Гэнэт чимээ гарах чимээгээр сэрээд хартал байшингийн яндангийн орчим таазнаас шатаж байсан. Ингээд бид тэднийг дуудаж сэрээгээд галыг унтраах гэсэн боловч дийлэхгүй байсан. Гал команд дуудах гэтэл гар утас унтарсан байсан. ******* хая, явъя гэсээр явсан. Энэ үед 04:30 цаг болж байсан. Миний хувьд энэ айлын байшин гал авалцсан шалтгааныг юунаас болсныг сайн мэдэхгүй байгаа. Би өөрөө галдаж шатаагаагүй, тэр байр саванд очих шаардлага байхгүй тул нэхэж буй 41.845.120 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй. Харин *******-ийн өмчлөлийн уг байшинг хэн хариуцаж, харж хамгаалж байсан, тэр хариуцаж буй хүмүүс нь *******тэй ямар харилцаа холбоотой болох зэргийг тогтоож байж хариуцах эзнийг олж зөв тогтоох ёстой гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие нь *******-ийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Тус амралтын газар 3 хүний хамт очсон бөгөөд бидний санамсар болгоомжгүй байдлаас болж уг гал түймэр гараагүй, тэгээд ч тус амралтын газрын сахиул н.Амгаланбаатарын эхнэр бидэнтэй хамт худаг орж 20 литр ус авч өгч өөрөө байшин онгойлгож гал түлж өгсөн. Түүнчлэн тус ******* пийшин зуухны галын аюулгүй байдлыг хангаагүйгээс гал түймэр гарсан гэж үзэж байна. Тольдох оюуны өгөөж ХХК-ийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гал түймэр хэний буруутай үйлдлээс болж гарсныг тогтоолгож байж буруутай этгээдүүд уг хохирлыг хувааж төлөх нь зүйтэй гэж үзэж байна. Байшин дотор нь 4 гэр хураалгаастай байсан, нарны энергийн толь, аккумлятор, паркетан шал зэрэг эд зүйлс байсан гэж нэхэмжилж байгаа. Тийм эд зүйлс огт байгаагүй. Би дараа нь манаач хийж байсан хүнтэй нь хүнсний зах дээр уулзаад та үнэн зөвөөр нь гэрчилж өгөхгүй яасан юм бэ? гэхэд Би сайн мэдэхгүй байна. Б.Цэдэндорж гуай л тэгж хэл гэсэн гэж хэлсэн. Тиймээс хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгөхийг хүсэж байна гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/01384 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан *******, ******* нараас 22.933.400 /хорин хоёр сая есөн зуун гучин гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18.911.720 /арван найман сая есөн зуун арван нэгэн мянга долоон зуун хорь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367.176 /гурван зуун жаран дооон мянга нэг зуун далан зургаа/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас тус бүр 136.308 /нэг зуун гучин зургаан мянга гурван зуун найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01384 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх ИХШХШТ хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн мөн хит нэг талд бариж шийдвэрлсэн гэж үзэж байна. Үндэслэх хэсэгт Орхон аймгийн Онцгой байдлын газрын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 118\28 дугаартай Гал түймэр гарсан тухай актанд гал анх хаанаас гарсан, хэн хэний буруугаас гарсан эсэх, юунаас болсон шалтгаан нөхцөлийн талаар огт дурьдаагүй байхад Шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгож хариуцагч *******, ******* нарыг нэхэмжлэлийн зарим хэсгийг гаргуулахаар шийдвэрлсэн нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцэхгүй байна. Хариуцагч *******, ******* нарыг гал гарсан талаар мэдэгдээгүй иргэний үүргээ биелүүлээгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй гэж үзэж байгаа юм бол мөн хамт байсан хүмүүс болоод гал түлж орох зөвшөөрөл өгсөн хүн хүртэл хамтран хариуцлага хүлээх ёстой энэ асуудлыг хамт шийдвэрлэх нь хуулид нийцсэн үйлдэл гэж үзэж байна. Иргэн бүр хуулийг дагаж мөрдөж биелүүлэх үүрэгтэй хуулиар тэгш эрх эдэлж үүрэг хүлээнэ гэж заасан байхад бусад нь мөн үүргээ биелүүлээгүй байхад хариуцлага хүлээлгэхгүй мөн нотлох онц ач холбогдолтой баримтуудыг анхан шатны шүүх тал бүрээс нь бодитойгоор харьцуулан судлаж эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадсангүй. Иймд Шүүх хэргийг шударгаар шийдвэрлээгүй тул анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01384 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү? гэжээ.
Нэхэмжлэгч *******-ийн захирал Б.Цэдэндорж давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01384 дугаартай шийдвэрийг *******, өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ. Энэ хэрэг гараад даруй 2 жил өолж удаа дараа шүүх хурал болж шийдвэр гарч байгаа боловч хариуцагч нар болоэ тэдний өмгөөлөгчид хийсэн хэргээ үл зөвшөөрөн аар саар шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах, сунжруулах, хууль засгийн цаг хугацаа хожих гэсэн оролдлого үйлдэл байнга хийж байгааг харгалзан уг хэргийг яаралтай авч хэлэлцэн үнэн зөв шийдвэрийг гаргаж өгнө үү? уг хэрэг нь ил тод хийсэн эзэд нь тодорхой юм. Энэ хугацаанд дээрх этгээдүүд нь хохирол барагдуулах нэг ч үйлдэл хийгээгүй болно гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гэм хорын хохирол 41.845.120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хариуцагч *******, ******* нараас 22.933.400 /хорин хоёр сая есөн зуун гучин гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18.911.720 /арван найман сая есөн зуун арван нэгэн мянга долоон зуун хорь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Сэцэн ХХК-ийн эзэмшлийн Булган аймаг Орхон сумын Халиун багийн Хөх чулуут гэх газарт байрлах 2 давхар сууцанд 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө хариуцагч *******, ******* нар орж хонох үед гал гарч уг сууцны байшин шатсан болох нь тогтоогдож, аймгийн Прокурорын тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив шинж болох хохирлын хэмжээнд хүрэхгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн болох нь тогтоогджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролын хэмжээг нийт 19.077.400 төгрөг болохыг шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон ба шүүх зах зээлийн үнэлгээг харгалзан үзэж хариуцагч *******, ******* нараас 22.933.400 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасны дагуу хариуцагч нар гал гарч байшин шатахад өөрсдөө гэм буруугүй болохоо нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагч нар нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээхээр байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч нарын санаатай хууль бус үйлдлээс бус харин тэдний болгоомжгүй байдлаас болж байшинд гал гарсан хариуцлагын хэр хэмжээ, хөрөнгийн чанар байдал зэргийг анхан шатны шүүх харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагаас 18.911.720 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/01384 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 136.309 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.БАТТӨР
Б.ОЮУНЦЭЦЭГ