| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2311 01665 0035 |
| Дугаар | 2025/ДШМ/973 |
| Огноо | 2025-08-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2025/ДШМ/973
Э.Т-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнгөншагай,
шүүгдэгч Э.Т- /цахимаар/,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/1406 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Т-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2311 01665 0035 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Т- овгийн Э-ын Т-, ................, урьд
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/1133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 902 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 8 сар 16 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-ийн цагдан хоригдсон 5 сар 11 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 3 сар 5 хоногоор тогтоож шийдвэрлэсэн, одоо хорих ял эдэлж байгаа, /РД:................/.
Шүүгдэгч Э.Т- нь хялбар аргаар мөнгө олох зорилгоор Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн ******* тоотод оршин суух иргэн Г.Б-гаас “Үл хөдлөх хөрөнгө зуучлал маркетинг” хийж өгнө гэж зуучлалын хөлс нэрээр түүний Хаан банкны ******* дугаарын данснаас 2023 оны 08 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр өөрийн Хаан банкны эзэмшлийн ******* дугаарын данс руу нийт 800.000 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Т- овогт Э-ын Т-ийг “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-т 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-т энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 902 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 3 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 9 сар 11 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 04 жил 03 сар 11 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байх хугацаандаа Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 902 дугаартай шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялтай уг ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн. Улмаар 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1406 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.
Дээрх дурдсан 3 шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэх боломжтой хэдий ч заавал эрх зүйн байдлыг маань дордуулж 3-н шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулсанд гомдолтой байна.
Мөн уг хэргүүд нь үргэлжилсэн үйлдлээр үйлдэгдсэн гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой байсан хэдий ч 3 шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулж уг хэргийг шийдвэрлэсэн нь миний эрх зүйн байдлыг үндэслэлгүйгээр маш ихээр дордуулсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна...” гэж хуульчилсан байтал миний бие нэг удаа үйлдсэн гэмт хэрэгтээ 3 удаа ял шийтгүүлсэн нь дээрх шийтгэх тогтоолуудаар тогтоогдож байна.
1406 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулсан хэргийн хохирогч Д.Б- нь цагдаагийн байгууллагад хандаж 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан байтал уг хэргийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр буюу 1 жил 9-н сарын дараа анхан шатны шүүхээр шийдвэрлэж байгаа нь өөрөө учир дутагдалтай байна.
Мөн би уг гэмт хэргийн гэм буруугийн асуудал дээр маргаагүй, эрүүгийн хэрэгт үүссэн хохирол төлбөрийг бүрэн нөхөн төлж барагдуулсан, хохирогчоос уучлалт гуйсан зэрэг нөхцөл байдлуудыг минь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 1406 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Т- нь 2023 оны 08 дугаар сард гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээрээ маргадаггүй. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Прокуророос энэ гэмт хэрэг нь өмнөх 2 шийтгэх тогтоолын үед үйлдэгдсэн, үргэлжилсэн үйлдэл байх боломжтой гэж үзэж, торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлагыг тус тусад нь эдлүүлэх ялын санал гаргасан. Анхан шатны шүүх нэмж, нэгтгэн хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.Т-ийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч Э.Т- нь хялбар аргаар мөнгө олох зорилгоор Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо Сургуулийн ******* тоотод оршин суух иргэн Г.Б-гаас “Үл хөдлөх хөрөнгө зуучлал маркетинг” хийж өгнө гэж зуучлалын хөлс нэрээр түүний Хаан банкны ******* дугаарын данснаас 2023 оны 08 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр өөрийн Хаан банкны эзэмшлийн ******* дугаарын данс руу нийт 800.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Г.Б-гийн “...Би Т- гэх хүнтэй ******* дугаарын утсаар холбогдож ярьсан. Тухайн залуу надад өөрийгөө танилцуулахдаа “Манайх үл хөдлөх хөрөнгө авах гэж байгаа хүнд тусалдаг, байршил санал болгодог, мөн үнийн дүнд уян хатан нөхцөлтэйгөөр байр санал болгож зуучилдаг, хэрэв сонирхож байвал зуучлалын 300.000 төгрөг өгдөг гэсэн. Тэгээд би тухайн хүнд итгээд байр авахаар тохиролцож, эхний ээлжид 300.000 төгрөгийг Э.Т-ийн данс руу шилжүүлсэн. Тэгээд мөнгөө авсны дараа “таны хүсэлтийг хүлээн авлаа, манайхаас 7 хоногийн дараа холбогдоно” гэж хэлээд утсаа салгасан. Маргааш нь дахин надаас 500.000 төгрөг шилжүүл гэж хэлсэн. Тухайн үед “мөнгөө барилгын хүмүүст өгнө, мөн татвар төлөх мөнгө юм” гэж хэлсэн. Тэгээд би 500.000 төгрөг шилжүүлсэн. ...Өөрийн эзэмшлийн ******* тоот данснаас Э.Т- гэх хүний ******* дугаарын данс руу “Г.Б- *******”, “bair” гэх утгаар шилжүүлсэн. ...Мөнгө шилжүүлэхдээ Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо сургуулийн ******* тоот гэртээ байх үедээ шилжүүлсэн. ...” /хх39-40/,
гэрч И.Ц-ын “...******* дугаарыг өнгөрсөн оны буюу 2023 оны 01 дүгээр сараас 08 дугаар сарын хооронд миний төрсөн хүү болох Э-ын Т- ашиглаж байсан. ...” /хх47-48/,
Э.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Би тухайн хүнтэй үл хөдлөх хөрөнгийг нь 800.000 төгрөгөөр олж өгөхөөр ярилцаж тохиролцсон. ...Байгууллагад байсан хэдэн газрын зураг болон мэдээллийг нь тухайн хүний фейсбүүк чатаар үзүүлж байсан. ...Би тухайн хүнтэй холбогдохоосоо өмнө Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр асуудалтай байсан бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шүүгчийн захирамжаар цагдан хоригдож түүнээс хойш хоригдсон хэвээрээ байгаа юм. Тухайн хүнтэй холбоогүй таг чиг болсон нь бөгөөд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. ...” /хх70-72/,
гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх33/, хохирогч Г.Б-гийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх35/, Г.Б-гийн Хаан банкны ******* тоот дансны хуулга /хх102/, Г.Б-гийн Хаан банкны ******* тоот дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх103/, Э.Т-ийн Хаан банкны ******* тоот дансны хуулга /хх107/, Э.Т-ийн Хаан банкны ******* тоот дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх108-109/, фейсбүүк харилцан яриа болох зурвасууд /хх114-119/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Т-ийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.Т- нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхлэх нэрийдлээр хохирогч Г.Б-гийн хямдралтай үнээр, түргэн шуурхай, өөрийн хүссэн байршилд үл хөдлөх хөрөнгөтэй болох хүсэл зоригийг нь далимдуулан түүнээс 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 300.000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 500.000 төгрөг, нийт 800.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ******* тоот дансаар шилжүүлсэн авсан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-ийг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болжээ.
Шүүгдэгч Э.Т- “...Хэргүүд нь үргэлжилсэн үйлдлээр үйлдэгдсэн байтал миний бие нэг удаа үйлдсэн гэмт хэрэгтээ 3-н удаа ял шийтгүүлсэн. ...Мөн би уг гэмт хэргийн гэм буруугийн асуудал дээр маргаагүй, эрүүгийн хэрэгт үүссэн хохирол төлбөрийг бүрэн нөхөн төлж барагдуулсан, хохирогчоос уучлалт гуйсан зэрэг нөхцөл байдлуудыг минь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар ял хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Учир нь, шүүгдэгч Э.Т- урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/1*******3 дугаартай шийтгэх тогтоолоор үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 902 дугаар шийтгэх тогтоолоор үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж, бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориуд бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 3 сар 5 хоногоор тогтоож шийдвэрлэсэн шийтгэх тогтоолууд хүчин төгөлдөр болсон байна.
Тодруулбал, шүүгдэгч Э.Т- нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хооронд үйлдсэн гэмт хэрэгтээ 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/1*******3 дугаартай шийтгэх тогтоолоор, 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хооронд үйлдсэн гэмт хэрэгтээ 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 902 дугаар шийтгэх тогтоолоор тус тус гэм буруутайд тооцогдсон байгаагаас дүгнэхэд тэрээр өмнөх гэмт хэргүүдээ шалгагдаж байх хугацаандаа буюу мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд байхдаа дахин үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байх ба хохирогч Г.Б-г залилсан 2023 оны 08 дугаар сарын 05, 06-ны өдөр үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруутайд тооцогдоогүй байна.
Иймд, анхан шатны шүүхээс түүний дээрх үйлдэлд буюу хохирогч Г.Б-г залилж, 2023 оны 08 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд нийт 800.000 төгрөг шилжүүлэн авсан үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулсныг буруутган дүгнэх үндэслэлгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна”, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж тус тус заасан эрүүгийн хуулийн зарчим, хэм хэмжээнд нийцжээ.
Түүнчлэн, анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Т- нь хохирогч Г.Б-д учруулсан хохирол төлбөр болох 800.000 төгрөгийг төлж барагдуулсан /хх*******3-*******4/ байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчмыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрлөөс хорих ялыг сонгож, шүүгдэгчийг хуульд заасан хамгийн бага хугацаагаар буюу 6 сар хорих ялаар шийтгэсэн байх ба хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэх шатанд анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгчийн “...үргэлжилсэн үйлдлээр үйлдэгдсэн нэг гэмт хэрэгтээ 3 удаа ял шийтгүүлсэн, ...хохирол төлсөн, хохирогчоос уучлал гуйсан зэргийг харгалзан ял хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн утга, агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Харин, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/1406 дугаартай шийтгэх тогтоол гаргахдаа удиртгал хэсэгт “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх...” гэхийг “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх...” гэж, тодорхойлох хэсэгт “...шүүгдэгч Э.Т-...” гэхийг “...шүүгдэгч Б.У-ыг...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүрэнг “...Б.Бадамсүрэн...” гэж тус тус хайнга, хариуцлагагүй байдлаар техникийн шинжтэй алдаанууд гаргасан болохыг зөвтгөж, цаашид анхаарвал зохихыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Т-ийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 85 хоног хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/1406 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүдэгч Э.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-ийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 85 /наян тав/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА