Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 0818

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                ,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Х.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн Б овогт Х.Н-д холбогдох эрүүгийн 1806037950985 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны 6 дугаар сарын 12-ны өдөр …  төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, … тоотод оршин суух, улсаас  авсан гавъяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй,  Б  овогт Х.Н, /РД:…/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Х.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Б Эл Жи маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 51.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ажлынхаа хүмүүстэй архи уучихаад 16.00 цагийн үед гэртээ орохоор Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 204 дүгээр байрны гадаа эхнэртэйгээ ярьж дуусаад явж байсан чинь цагдаад баригддаг улаан цамцтай залуу мэндлээд миний согтууг далимдуулаад гарнаас Эл Жи загварын гар утсыг гарнаас булааж аваад хамт явж байсан намхан залууд дамжуулаад зугтаахаар нь би араас нь хөөгөөд явж байтал цагдаад баригддаг залуу миний урдуур ороод нөгөө залуугаа зугтаалгасан. Тэгэхээр нь би уг залууг барьж аваад гэрт нь хамт очоод цагдаа дуудаж барьж өгсөн гэжээ. /хх-ийн 10/

Гэрч О.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 14.00 цагийн орчимд 203 дугаар байрны урд талд байдаг Они зоогийн газарт хоол идчихээд гарсан чинь хохирогч, улаан цамцтай Х-н хамт урагшаа гүйж байхаар нь замд нь саатуулаад Х ахыг явуулсан. Тэгээд хохирогч барьчихаад утас авсан хүмүүсээ олж өг гэж хэлээд явуулахгүй болохоор нь маахуурт байдаг Х ахын гэрийг зааж өгөөд цагдаа дуудсан. Хохирогчийн гар утсыг хэн авсаныг мэдэхгүй байна. Хоёр согтуу хүн Х ах руу дайраад байхаар нь би Х ахыг явуулсан. Би зүгээр л явж байгаад таарсан гэжээ. /хх-ийн 12/

Гэрч З.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Миний бие Х.Н-н эхнэр Д-н төрсөн дүү нь байгаа юм. Манай хүргэн ах Х.Н нь хүмүүстэй харьцаа сайтай, ямар нэгэн элдэв ааш зангүй, хүн байгаа юм. Манай ах эгч хоёр дундаасаа 4 хүүхэдтэй. Манай эгч бид хоёр гэрээрээ оедол оедог юм. Би хүргэн ахын найз нарын талаар мэдэхгүй гэжээ. /хх-ийн 15/

Гэрч З.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би Х.Н-н эхнэр байгаа юм. Бид хоёр 2008 оноос хойш хамт амьдарч байна. Бид хоёр дундаасаа 4 хүүхэдтэй. Манай нөхөр ямар нэгэн муу ааш зангүй, хааяа л нэг архи уудаг юм. Манай хадмууд тэтгэвэрт гарчихсан одоо Тэрэлжид амьдардаг юм. Манай нөхрийн найз нар нь гол төлөв барилга дээр ажилладаг юм. Манай нөхөр эрхэлсэн ажилгүй, өөрийн гэсэн орлогогүй байгаа гэжээ. /хх-ийн 16/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 26-27/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 34 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 33 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч  Х.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Б-н Эл Жи маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 51.000 төгрөгний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Х.Н-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Х.Н-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Г.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Х.Н-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:           

 

1. Б овогт Х.Н-г бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Н-г 2 жилээр тэнссүгэй.

            3. Х.Н-д хяналт тавихыг Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.Н нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, дээд шатны прокурор нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХТУЯА