| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2201 00033 0185 |
| Дугаар | 2025/ДШМ/974 |
| Огноо | 2025-08-19 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Л.Содбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2025/ДШМ/974
Б.Э-, Н.Д- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Л.Содбаяр,
шүүгдэгч Н.Д-, түүний өмгөөлөгч Б.Оюунбаатар, Х.Баатарбилэг,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1112 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Д-ий өмгөөлөгч Х.Баатарбилэг болон шүүгдэгч Б.Э- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Э-, Н.Д- нарт холбогдох эрүүгийн 2201 00033 0185 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. С- овгийн Б-ийн Э- .............., /РД:............../.
2. Б- овгийн Н-ын Д-, ................., /РД:............../.
Б.Э- нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ********** Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээврийн ухаалаг систем, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнээр буюу нийтийн албан тушаалтнаар 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа:
Авлигын эсрэг хуулийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.7-т заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 37.1.2-т заасан өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх” гэснийг,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйл /Үйл ажиллагааны зарчим/-ийн 6.1 дүгээр зүйлд заасан “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэж заасныг тус тус зөрчиж,
Н.Д-ий “тээврийн хэрэгсэл худалдан авсан үйлчлүүлэгчдээ азын болон сонирхол татахуйц улсын дугаарыг олж өгөх” гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болох зорилгоор түүнтэй урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж,
Зам, тээврийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 296 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 1.3 дахь хэсгийн 1.3.2-д, “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/21 дугаартай тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн үйл ажиллагааг зохицуулах журам шинэчлэн батлах тухай журам”-ын 2.1 дэх хэсгийн 2.1.1, 2.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу өөрт олгогдсон “Систем администраторын эрх бүхий хэрэглэгч”-ийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг хонжоо олох зорилгод урвуулан ашиглаж, нэр бүхий 32 иргэнд авто машины улсын дугааруудыг худалдаж, нийт 34.210.000 төгрөгийг Н.Д-ий эзэмшлийн Голомт банкны ******* тоот дансаар дамжуулан, А.Э-ийн нэр дээрх Хаан банкны ******* тоот данс, С.Н-ийн нэр дээрх Хаан банкны ****** тоот дансаар ашиглан 23.550.000 төгрөгийн давуу байдлыг өөртөө, Н.Д-д 10.660.000 төгрөгийн давуу байдлыг бий болгосон,
Н.Д- нь Б.Э-тай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, түүний үйлдсэн “...Б.Э- нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ********** Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээврийн ухаалаг систем, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнээр 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа, холбогдох хууль тогтоомж зөрчиж, өөрт олгогдсон “Систем администраторын эрх бүхий хэрэглэгч”-ийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг хонжоо олох зорилгод урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон...” гэх гэмт хэрэгт “улсын дугаар худалдан авагчийг олж өгөх, өөрийн дансаар төлбөрийг дамжуулан авах” арга хэлбэрээр дэмжлэг үзүүлж, нийт 32 иргэнд авто машины дугаарыг худалдаж нийт 34.210.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Голомт банкны ******* тоот дансаар авч, өөртөө 10.660.000 төгрөгийн, Б.Э-д 23.550.000 төгрөгийн давуу байдлыг бий болгосон гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хамжигчаар хамтран үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Н.Д-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч С- овогт Б-ийн Э-г үргэлжилсэн үйлдлээр, Н.Д-тэй үйлдлээрээ санаатай нэгдэж, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн шүүгдэгч Б- овогт Н-ын Д-ийг үргэлжилсэн үйлдлээр, Б.Э-тай үйлдлээрээ санаатай нэгдэж нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 18.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-ий нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-, Н.Д- нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгч нарт сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-, Н.Д- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-гийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийн 1 хоногийг 15 нэгжээр тооцон түүний эдлэх ялаас нь хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-гийн гэмт хэрэг үйлдэж олсон 23.550.000 төгрөг, шүүгдэгч Н.Д-ий гэмт хэрэг үйлдэж олсон 10.660.000 төгрөгийг тус тус хурааж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Д-ий өмгөөлөгч Х.Баатарбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэргийн нөхцөл байдалд хуульд нийцсэн дүгнэлт хийгээгүй гэж тус тус үзэн 1112 тоот шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт зааснаар Н.Д-ийг гэмт хэрэг үйлдэж 10.660.000 төгрөгийн орлого олсон хэмээн дүгнэж, түүнийг улсын орлого болгохоор дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь тус 10.660.000 төгрөгөөс улсын дугаарын хэвлэлт, гэрчилгээ, авто тээврийн татвар, зардал зэрэг, зайлшгүй гарах шаардлагатай зардлуудыг хасаад үлдэх хэсгийг нь хохиролд тооцох ёстой байсан.
Шүүх хэргийн бодит хохирлыг буруу тооцоолсон явдал нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Мөн Н.Д- нь анхнаасаа тухайн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэдгийг мэдээгүй буюу ойлгоогүй байсан ба энэ талаар шүүх оновчтой дүгнэлт хийгээгүй. Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлыг шүүх хүлээн аваагүй нь хэргийн бодит байдалд бүрэн дүүрэн дүгнэлт өгөөгүй гэж үзэж байна. Мөн Н.Д-ийг тухайн гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Н.Д- нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэргийн субъект болохгүй.
Н.Д-ий үйлдэл нь өөрөө дээрх гэмт хэргийн объектив шинжийг хангахгүй ба анхнаасаа Б.Э-г яаманд мэргэжилтэн хийдэг гэдгийг мэдэхгүй байсан, зарын дагуу дугаар захиалж авдаг байсан үйлдлээрээ хамтран нэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
Н.Д- нь хуулиар хориглосон нийтийн албан тушаалтан биш учир ямар нэг байдлаар өөртөө ашиг олох үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулахгүй гэж өмгөөллийн байр суурийг илэрхийлж оролцсон.
Гэтэл анхан шатны шүүх хэргийн үйл баримт дээр хууль зүйн дүгнэлт хийхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1.2 дах хэсгүүдийг тус тус баримтлан эрүүгийн 2201 00033 0185 тоот хэргээс Н.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3 дахь заалтад тус тус заасан “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч Н.Д-д хавтаст хэрэгт дурдагдаад байгаа 32 ширхэг тээврийн хэрэгслийн дугаарыг бүгдийг нь би зарж худалдаагүй юм. Мөрдөн байцаалтын явцад энэ тоо ширхэг бүрэн шалгагдаж тогтоогдоогүй. Энэ нөхцөл байдал нь анх 12 ширхэг дугаар гэж байснаа намайг хялбаршуулах хүсэлтийг хяналтын прокурорт гаргасны дараа гэнэт 32 ширхэг болж өөрчлөгдөн нэмэгдсэн бөгөөд яг ямар үндэслэлээр эдгээр дугааруудыг олж нэмээд байгааг миний хувьд ойлгохгүй байна. Тус 32 дугаарыг дангаараа намайг бусдад худалдсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Шүүгдэгч Н.Д- бидний холбогдсон хэрэгт анхан шатны болон давж заалдах шатны шүүх тус бүр 1 удаа шинжээч томилох нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргаж, “үйлдэл тус бүрийг шалгаж тогтоо” гэсэн атал өнөөдрийг болтол шинжээчийг томилж шалгах ажиллагаа хийгээгүй нь хэрэгт бодитой дүгнэлт хийж болохуйц дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна. Шүүхийн захирамж, тогтоол, магадлал нь заавал биелүүлэх ёстой хийгдвэл зохих ажиллагааг хийгээгүй байхад хэргийг шууд тулган шийдвэрлэж байна.
Хэргийн үйл баримтууд харилцан зөрүүтэй. Н.Д- өөрөө эдгээр дугааруудын зарим хэсгийг миний оролцоогүйгээр захиалж авсан гэдгээ бодитой үнэн зөвөөр мэдүүлсээр байхад намайг ийнхүү буруутгаж байгаад гомдолтой байна. Би дээрх дугаартай холбоотой асуудлыг хийгээгүй гэж маргаагүй, харин бодит үнэнг тогтоож өгөөч гэж хүссэн бөгөөд хийгээгүй зүйлээр нэмж буруутгаж байгаад гайхаж байна.
Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлээр сүүлд нэмэгдсэн дугааруудыг намайг захиалж өгөөгүй болохыг тогтоож, эдгээр дугаарт хамааралгүй гэдэг үндэслэлээр зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2.3 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хэргийг шийдвэрлүүлэн оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, миний хувьд бусдад төлөх төлбөргүй, улсад учруулсан хохиролгүй тул торгох ялын доод хэмжээгээр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Н.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой санал нийлэхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг зүйлчилж, ял оногдуулсанд гомдолтой байна. Миний бие зарын группэд зар тавьж, хүнээс утсыг нь авч, Б.Э-тай холбогдсон. Б.Э-гийн царай харж, уулзаж байгаагүй, таньдаггүй байсан. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас үнэн, зөвөөр мэдүүлэг өгч байсан. Тийм байхад нийтийн албан тушаалтантай хамжсан, хатгасан гэж үзсэнтэй санал нийлэхгүй байна. ...” гэв.
Шүүгдэгч Н.Д-ий өмгөөлөгч Б.Оюунбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өмгөөлөгч Х.Баатарбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн Н.Д-ий гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Субъект биш гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Гэхдээ хамтран оролцсон учраас Н.Д- нийтийн албан тушаалтан байх шаардлагагүй гэдэг байдлаар тайлбарласан. Н.Д- гэмт хэрэгт ямар байдлаар хамтран оролцсон бэ, үндэслэж байгаа хуулийн зүйл, заалт бодит байдалтай нийцэж байна уу гэдэг дээр дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Н.Д-ийг Б.Э-гийн үйлдэлд хамжигчаар оролцсон” гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж тодорхойлсон. Яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд “Н.Д-, Б.Э- нар гэмт хэргийн талаар урьдчилан үгсэн тохиролцсон талаар тогтоогдохгүй байна” гэж дурдсан. Ингэж дүгнэсэн атлаа гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шийтгэх тогтоолын 38 талд “шүүгдэгч Б.Э-, Н.Д- нар өмнө нь тухайн гэмт хэргийг үйлдэх талаар тохиролцоог хийгээгүй боловч” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийг үгүйсгэсэн дүгнэлтийг хийсэн. Гадуур азын дугаарыг зарж, авдаг зүйл байдаг. Зарын группээр дамжуулан утасны дугаарыг нь авч, ярьсан гэдэг үйл баримт дээр маргадаггүй. Гэхдээ шүүгдэгч Н.Д- энэ үйл явдал эхлэхэд Б.Э-г төрийн албанд ажилладаг гэдгийг мэдээгүй байсан. Дугаарын ченж гэж ойлгон харилцаа үүсгэсэн. Мөрдөн шалгах ажиллагаа эхэлсний дараа шүүгдэгч Б.Э-г ********** мэргэжилтэн байсныг мэдсэн. Санаатайгаар нийтийн албан тушаалтны албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, энэ гэмт хэргийг үйлдэхээр тохиролцох байхын тулд Н.Д- урьдчилан Б.Э-гийн албан тушаал, нөлөөг нь мэдэж, ашигласнаар хамжсан болох байсан. Гэтэл тухайн цаг хугацаанд Б.Э-г нийтийн албан тушаалтан болохыг мэдээгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоно. Прокурор, анхан шатны шүүх Н.Д-ийг өөртөө 10.660.000 төгрөгийн давуу байдал олгосон гэж дүгнэсэн. Авлигын эсрэг хууль, албан тушаалын тухай хуулиар Н.Д- нь үүрэг хүлээсэн этгээд биш бөгөөд хувийн бизнесийн үйл ажиллагаа явуулдаг компанид ажилладаг, цалингаасаа гадна нэмэлт орлого олох эрх нь нээлттэй байгаа. Хуулиар хориглосон зохицуулалт байхгүй байхад “давуу байдал бий болгосон” гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүгч “яагаад мөнгөний задаргаагаа тайлбарлаагүй вэ” гэж асууж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэргийн талаарх бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг. Яллагдагч хэргийн талаарх бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэг хүлээдэггүй. Шүүгдэгч, өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр маргаж байсан учраас энэ тооцооллыг хийгээгүй. Н.Д-ий дансанд орсон 10.660.000 төгрөг тухайн зардалдаа зарцуулагдсан гэдэг тооцоолол мөрдөн шалгах ажиллагааны шатанд яригдаж байсан. Мөрдөгч, прокурор шинжээч томилж, хэргийн талаарх бодит нөхцөл байдлыг тогтоох боломжтой байсан. Нийтийн албан тушаалтан гэдгийг мэдээгүй, ямар нэг санаа, зорилго байгаагүй. Н.Д-ий үйлдэл гэмт хэргийн субьектив шинжийг хангахгүй байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, түүний үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор Л.Содбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Тус хэрэгт 2023 оны 09 дүгээр сард яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд 2 жилийн хугацаанд анхан шатны шүүхээр 2 удаа, давж заалдах шатны шүүх 3 дахь удаагаа хэлэлцэгдэж байна. Давж заалдах шатны шүүх тус хэргийг урьд 2 удаа хэлэлцэхдээ “хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Д-ий өмгөөлөгч Б.Оюунбаатар, Х.Баатарбилэг, шүүгдэгч Б.Э- нарын дурдаж байгаа шинжээч томилж, тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хэрхэн, яаж авсан бэ гэдгийг тогтоох ажиллагааг зайлшгүй хийх шаардлагагүй гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, тус магадлал хүчин төгөлдөр хэвээр байгаа. Шүүгдэгч Б.Э- давж заалдах гомдолдоо хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан тухайгаа дурдсан байна. Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засагтай тэмцэх газраас Б.Э-г бусдад өөр 12 дугаар зарсан асуудлыг шалгаж, үүнтэй холбоотойгоор яллагдагчаар татагдаж, хэргийг шүүхэд шилжүүлэх Б.Э- “гэм буруу дээрээ маргахгүй, би өөрийнхөө эрхийг ашиглаж, ийм дугааруудыг авч, өгсөн нь үнэн” гэж өөрийнх нь гараар бичсэн, гарын үсэгтэй хүсэлт байгаа. Прокуророос хэргийг хянан шалгах явцад н.Э-, н.Н- гэдэг хүмүүсийн дансаар “бараа, үйлчилгээний төлбөр” гэдэг байдлаар Н.Д-өөс 32 удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлж авсан болох нь дансны хуулга, тухайн дугаарыг худалдаж авсан гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай тогтоогдсон. Шүүгдэгч Б.Э- нь “энэ бол нээлттэй мэдээлэл, хүн болгонд нээлттэй учраас хэн ч ороод захиалах боломжтой асуудал байсан” гэж мэдүүлдэг. Б.Э- нь нийтийн албан тушаалтан буюу тэр дундаа ********** систем администраторын супер эрхийг эзэмшиж байсан. Иргэд 16.000 төгрөгөөр тээврийн хэрэгслийн гэрчилгээ авч, тээврийн хэрэгслийн улсын дугаар үнэ төлбөргүй олгогдох ёстой. Гэтэл хүмүүсийн авахыг сонирхдог 02-02, 09-19 гэх мэт азын дугаарыг 200.000-2.150.000 төгрөгөөр худалдан борлуулсан. ********** сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/21 дугаартай тушаалаар батлагдсан журамд систем администраторын эрх бүхий хэрэглэгч нь улсын дугаар олгогдож байгаа өгөгдлийн санд чөлөөтэй нэвтрэх, гадны хууль бус нэвтрэлт, бүртгэлийн системийг зүй бусаар ашиглах, өгөгдлийн сангийн аюулгүй байдлыг хангах, улсын дугаарт шинээр сери үүсгэх, илгээх, хэрэгслийн бүртгэлийн системд тавигдах ерөнхий шаардлагыг хангуулах зэрэг бүхий л үйлдлийг хийж болох талаар заасан. Transdep гэдэг улсын дугаар хадгалагдаж байгаа it баазыг зохион бүтээсэн инженер н.Ш-, н.С-, н.Ц- нар, Автотээврийн Үндэсний төвөөс н.Б-, Зам, тээврийн хөгжлийн яамнаас н.П- гэдэг хүмүүс гэрчийн мэдүүлэг өгсөн. н.Ш-, н.С- нар “Систем администраторын супер эрх л зөвхөн ямар ч дугаарыг захиалах, бүхий л төлөвт оруулах боломжтой. Бусад эрхээр хандах боломж байхгүй” гэж мэдүүлсэн. Б.Э- шинэ дугаар хэзээ үүсэх, шинэ дугаараас аль нь азын дугаар болохыг, яаж авахыг мэдэж байсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Гэрчүүдийн мэдүүлгээс гадна Б.Э-гийн өөрийнх нь мэдүүлэг, Н.Д-ий мэдүүлэг байдаг. Шүүгдэгч Н.Д- “Б.Э-гаас номер авч, машин авсан хүмүүст зардаг байсан. Энгийн бид нарт олддог байсан бол Б.Э-гаар дамжуулж, олуулах шаардлага байхгүй. Манайхаас машин авсан хүмүүсийн сонирхсон дугаар, эсхүл гоё тоо орсон дугаар бүртгэлийн программаас олддоггүй. Тэгээд Б.Э-гаар дамжуулж олдог байсан. Машин авсан хүний регистрийн дугаарыг машиных нь арлын сүүлийн дугаарыг Б.Э-гийн viber руу текст хэлбэрээр бичиж явуулдаг байсан. Б.Э- дугаарыг чинь захиалгат оруулчихсан шүү. Автотээврийн аль нэг салбар дээр очиж аваарай гэж хэлдэг байсан” гэж мэдүүлсэн. Мөн гэрч н.Ц-, н.П- нар “Б.Э-гийн эзэмшиж байсан эрх ямар ч дугаарыг захиалгын төлөвт оруулах боломжтой” гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, энгийн иргэдэд харагдахгүй, захиалах боломжгүй азын дугаарыг Б.Э- өөрийн эрхээр орж захиалсныхаа төлөө жилийн хугацаанд 32 удаагийн үйлдлээр мөнгө авч, өөртөө эдийн давуу байдал бий болгосон. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийтийн албан тушаалтан ямар ч тохиолдолд өөрийн албан тушаалын байдлаа хувийн ашиг сонжоо олох хэрэгсэл болгон хувиргаж, урвуулан ашиглаж болохгүй талаар хуульчилсан. Шүүгдэгч Н.Д-ий өмгөөлөгч Х.Баатарбилэг “шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж байна. Шийтгэх тогтоолын 37-39 дүгээр талд шүүгдэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаа хамжигчаар оролцсон, нийтийн албан тушаалтан биш боловч нийтийн албан тушаалтны үйлдсэн гэмт хэргийг төгсгөхөд туслалцаа, дэмжлэг үзүүлсэн талаар дүгнэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч шийтгэх тогтоолын энэ өгүүлбэр нь ийм баримтаар хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж огт ярьсангүй. 10.660.000 төгрөгөөс гэрчилгээ, даатгалын мөнгийг хасах ёстой гэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Д- хэд хэдэн удаа мэдүүлэг өгч байсан боловч энэ асуудлыг талаар огт ярьж байгаагүй. Гэрчилгээ, даатгалын мөнгө байдаг л гэж хэлдэг. Гэрчилгээний мөнгө нь 15.000-16.000 төгрөг байдаг. Н.Д-ий хууль бусаар олж авсан мөнгөнөөс гэрчилгээний мөнгийг хасах үндэслэлгүй гэж үзэж байгаа. Н.Д- тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалж өгч, жолоочийн хариуцлагын даатгал байгуулдаг. Даатгалын гэрээтэй холбоотой асуудал гарвал хэн хариуцлага хүлээх вэ, тухайн жолооч өөрөө гэрээ байгуулж, танилцах ёстой. “**** ГРУПП” ХХК-иас машин авсан хүмүүсийн сэтгэл хангамжтай байлгахын тулд бүхий л зүйлийг мөнгө авч, хийдэг” гэж тайлбарлаж байна. Н.Д- өөрөө үүрэг хүлээгээгүй байж, тээврийн хэрэгслийн улсын дугаар авах гэж байгаа хүмүүсийн олж өгч, хууль бусаар мөнгө авч, тээврийн хэрэгслийн улсын дугаарыг зарж, Б.Э-д давуу байдал бий болгосон. Б.Э- энэ мөнгийг өөрийнхөө дансаар авч байгаагүй, дандаа өөр хүмүүсийн дансыг ашиглаж, “бараа, барааны үнэ” гэх байдлаар шилжүүлэн авч байсан. Н.Д- нь нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулж ашигласан гэмт хэргийг төгсгөхөд бүхий л байдлаар дэмжлэг үзүүлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч “урьдчилан амлах гэмт хэргийн шинж байхгүй” гэж байна. Анхан шатны шүүх “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн” гэж дүгнэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүхийн энэ дүгнэлтийг няцаах үндэслэлээ хэлсэнгүй. Тиймээс анхан шатны шүүх хэргийн талаар зөв дүгнэлт хийж, хуулийг буруу хэрэглээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий анги 3.5 дугаар зүйлд “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж хуульчилсан. Б.Э-тай шууд харилцаж, энэ дугаарыг авъя гэж урьдчилан амлаж, мөнгө шилжүүлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлд заасан шинжийг хангасан гэж үзэж байна. Гэмт хэрэг байсан уу, үгүй юу гэдгийг мэдэж байж энэ шинж хангагдана гэсэн үг биш. Гэмт хэрэг болохыг мэдээгүй нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э- болон шүүгдэгч Н.Д-ий өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
2. Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч Б.Э- нь нийтийн албан тушаалтнаар буюу Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ********** Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээврийн ухаалаг систем, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнээр 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр Н.Д-ий “тээврийн хэрэгсэл худалдан авсан үйлчлүүлэгчдээ азын болон сонирхол татахуйц улсын дугаарыг олж өгөх” гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болох зорилгоор түүнтэй урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж,
Зам, тээврийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 296 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 1.3 дахь хэсгийн 1.3.2-д, “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/21 дугаартай тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн үйл ажиллагааг зохицуулах журам шинэчлэн батлах тухай журам”-ын 2.1 дэх хэсгийн 2.1.1, 2.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу өөрт олгогдсон “Систем администраторын эрх бүхий хэрэглэгч”-ийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг хонжоо олох зорилгод урвуулан ашиглаж, нэр бүхий 32 иргэнд авто машины улсын дугааруудыг худалдаж, нийт 34.210.000 төгрөгийг Н.Д-ий эзэмшлийн Голомт банкны ******* тоот дансаар дамжуулан, А.Э-ийн нэр дээрх Хаан банкны ******* тоот данс, С.Н-ийн нэр дээрх Хаан банкны ****** тоот дансаар ашиглан 23.550.000 төгрөгийн давуу байдлыг өөртөө, Н.Д-д 10.660.000 төгрөгийн давуу байдлыг бий болгосон,
Н.Д- нь Б.Э-тай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, түүний үйлдсэн “...Б.Э- нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ********** Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээврийн ухаалаг систем, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнээр 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа, холбогдох хууль тогтоомж зөрчиж, өөрт олгогдсон “Систем администраторын эрх бүхий хэрэглэгч”-ийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг хонжоо олох зорилгод урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон...” гэх гэмт хэрэгт “улсын дугаар худалдан авагчийг олж өгөх, өөрийн дансаар төлбөрийг дамжуулан авах” арга хэлбэрээр дэмжлэг үзүүлж, нийт 32 иргэнд авто машины дугаарыг худалдаж нийт 34.210.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Голомт банкны ******* тоот дансаар авч, өөртөө 10.660.000 төгрөгийн, Б.Э-д 23.550.000 төгрөгийн давуу байдлыг бий болгосон гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хамжигчаар хамтран үйлдсэн болох нь:
Гэрч П.Б- /1хх183-184/, П.Б- /2хх58-61/, Б.А- /1хх195-197, 4хх229-230/, С.Д- /1хх202-203/, П.Б- /1хх210, 2хх77-82/, Ц.Л- /2хх157-161/, Г.Д- /4хх212-213/, Т.О- /1хх232, 2хх177-180/, Г.Э- /2хх37-40/, Ж.Э- /2хх45-50/, М.Б-э /3хх69-70/, П.Х- /3хх83-127/, Г.О- /3хх130-131/, П.Ц- /3хх141-142/, Б.Б- /3хх150-151/, М.О- /3хх171-173/, Э.Э- /3хх187-188/, О.М- /3хх203-204/, З.М- /3хх208-209/, Н.Б- /3хх208-209/, О.ГанЦ- /3хх213-214/, Ш.Ч- /3хх221-226/, Г.Б-э /4хх5-7/, Э.Б- /4хх11-12/, С.Т- /4хх23-24/, Б.А- /4хх29-30/, Т.Ц- /4хх34-35/, Ц.Энх-А- /4хх40-41/, Б.У- /4хх72-73/, Ц.С- /4хх77-78/, Д.П- /4хх85-86/, А.Ж- /4хх92-93/, Б.Х- /4хх104-105/,Х.Б-э/4хх110-111/, Ч.Э- /4хх118-119/, Н.О- /4хх135-136/, Б.Э- /4хх146-147/, Б.О- /4хх156-157/, С.Т- /4хх199-200/, Б.А- /4хх205-206/ нарын мэдүүлгүүд,
гэрч Б.А-гийн эзэмшлийн 5041216245 тоот данснаас 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 750.000 төгрөгийг Б.Б-ын дансанд шилжүүлсэн дансны хуулга /4хх234/, Татварын ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр А/34 дүгээр тушаалаар батлагдсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам” /2хх107-121/, мөрдөгчөөс 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр П.Б-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх212-214/, гэрч Г.Д-ын ******* данснаас 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 2.000.000 төгрөгийг Н.Д-ий эзэмшлийн Голомт банкны ******* дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /4хх152/, Монгол Улсын ********** 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 04/2577 дугаартай албан бичиг, түүний хавсралт “Б.Э-д ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт” /2хх20-38/, мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсралт /2хх121-133/, Голомт банкны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3481 дугаартай албан бичгээр ирүүлсэн Н.Д-ий эзэмшлийн ******* тоот дансны гүйлгээний хуулга, мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Н.Д-ий Голомт банкны ******* тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, /2хх151-154/, дансны хуулга /2хх155-185/, мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн \/РS программд үзлэг хийсэн тухай” тэмдэглэл /2хх209-226/, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн өгөгдлийн сан, серверт хандах эрхийг хүлээлцсэн акт /2хх233/, гэрч М.О-ын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ******* дугаартай данснаас 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 1.300.000 төгрөгийг Н.Д-ий эзэмшлийн Голомт банкны ******* дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /3хх175/, гэрч Т.О--Э-ийн эзэмшлийн Хаан банкны ***** дугаартай данснаас 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1.600.000 төгрөгийг Н.Д-ий эзэмшлийн Голомт банкны ******* дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /3хх181/, гэрч З.М-ын эзэмшлийн Хаан банкны ***** дугаартай данснаас 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 650.000 төгрөгийг Н.Д-ий эзэмшлийн Голомт банкны ******* дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /3хх210/, гэрч О.ГанЦ-гийн эзэмшлийн Голомт банкны ***** дугаартай данснаас 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 900.000 төгрөгийг Н.Д-ий эзэмшлийн Голомт банкны ******* дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /3хх216/, гэрч Б.Д-ийн эзэмшлийн Голомт банкны ******* дугаартай данснаас 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөгийг Н.Д-ий эзэмшлийн Голомт банкны ******* дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /3хх223/, гэрч Э.Б-ы эзэмшлийн ******* дугаартай данснаас 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 500.000 төгрөгийг Н.Д-ий эзэмшлийн Голомт банкны ******* дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /4хх13/, гэрч Т.Ц-ийн эзэмшлийн ******* дугаартай данснаас 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 700.000 төгрөгийг Н.Д-ий эзэмшлийн Голомт банкны ******* дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /4хх37/, “*******” ХХК-ийн эзэмшлийн ******* дугаартай данснаас 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1.500.000 төгрөгийг Н.Д-ий эзэмшлийн Голомт банкны ******* дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /4хх89/, гэрч Ч.Э-ийн данснаас 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөгийг Н.Д-ий эзэмшлийн Голомт банкны ******* дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /4хх121/, гэрч Н.Б-гийн данснаас 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөгийг Н.Д-ий эзэмшлийн Голомт банкны ******* дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /4хх131/, гэрч Н.О-ийн данснаас 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 800.000 төгрөгийг Н.Д-ий эзэмшлийн Голомт банкны ******* дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /4хх131/, гэрч Б.Э-ын данснаас 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 700.000 төгрөгийг Н.Д-ий эзэмшлийн Голомт банкны ******* дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /4хх152/, гэрч С.Т-ийн эзэмшлийн ******* тоот данснаас 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 600.000 төгрөгийг Н.Д-ий эзэмшлийн Голомт банкны ******* дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /4хх202/, гэрч Ц.Э-ын эзэмшлийн ******* тоот данснаас 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 850.000 төгрөгийг Н.Д-ий эзэмшлийн Голомт банкны ******* дугаарын дансанд шилжүүлсэн дансны хуулга /4хх223/, Авто тээврийн Үндэсний төвийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1/290 дугаартай албан бичиг, түүний хавсралт /5хх220-237/, Монгол Улсын ********** 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 07/1650 дугаартай албан бичиг “тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн УАА, УАН, УАМ, УАВ, УАК, УАС, УАР, УАЕ, УАУ, УНХ, УАХ дугааруудын задарсан болон захиалгын цонхонд орсон мэдээлэл” /6хх48-49/, Авто тээврийн Үндэсний төвийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1/290 дугаартай албан бичиг, түүний хавсралт /6хх52-59/, хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн яллагдагч нарын мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
3. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Э-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд, Н.Д-ийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байхаас гадна шүүгдэгч Б.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Д-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Мөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 18.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18.000.000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Н.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулж шийтгэсэн нь тэдний гэм бурууд тохирчээ.
4. Шүүгдэгч Н.Д-ий өмгөөлөгч Х.Баатарбилэгээс “...Н.Д-ий гэмт хэргийн улмаас олгон хөрөнгө орлого гэх 10.660.000 төгрөгийг улсын орлого болгож байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь тухайн хүмүүсийн шилжүүлсэн мөнгөнөөс хэдэн төгрөг нь улсын дугаарын хэвлэлт, гэрчилгээ, автотээврийн татвар зэрэг зардалд зарцуулагдаад бодитоор яг хэдэн төгрөг нь Н.Д-ий гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого болохыг анхан шатны шүүх нарийн тогтоогоогүй. ...Н.Д- нь анхнаасаа гэмт хэрэг хийж байна гэж ойлгож мэдээгүй байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй. ...Н.Д- нь хуулиар хориглосон нийтийн албан тушаалтан биш бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект биш учир өөртөө ашиг олох үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулахгүй байна. Иймд Н.Д-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, шүүгдэгч Н.Д- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект биш гэх гомдлын хувьд тэрээр Эрүүгийн хуульд заасан нийтийн албан тушаалтан болох Б.Э-гийн үйлдэлд хамжигчаар оролцсоноор тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэж үздэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, практикт тогтсон ойлголт болно.
Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө, үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо 2 түүнээс олон хүн нэгдэж, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлсэн бол гэмт хэргийн хамтран оролцох хэлбэрт тооцдог бөгөөд энэ нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хангалттай үндэслэл юм.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон тохиолдолд заавал нийтийн албан тушаалтан байхыг шаардахгүй.
Мөн 6 дугаар хавтаст хэргийн 197-199, 202-203 дахь талуудад авагдсан Н.Д-ий яллагдагчаар өгсөн “...2019 оны 08, 09 сар хавьцаа улсын дугаар зардаг нэг ченж Э-гийн утасны дугаарыг нь өгөөд машины дугаар асууж сураглах бол наад хүнтэйгээ вайбэраар нь холбогдоорой гээд надад дугаарыг нь өгч байсан. ...Э- над руу вайбэраараа холбогдоод “танайхаас машин, тэрэг аваад дугаар хайж байгаа хүн байна уу, шинэ сери задарсан шүү, дугаар авах хүн байвал хэлээрэй” гэдэг. Тухайн үед би манайхаас машин худалдан авч байгаа хүн хэд гэсэн улсын дугаар авъя гэдэг саналаа гэх юм уу, хүсэлтээ хэлэхээр нь би тэр саналынх нь дагуу захиалагчийн хүссэн дугаарыг Э-гаас асуудаг, хэрэв асуусан дугаар нь Э-д байвал авдаг ба байхгүй гэвэл эргэж дугаар асуусан хүндээ таны сонирхсон дугаар алга байна, төстэй ойролцоо дугаар бол байна шүү гэдэг. Тэгэхээр машины дугаар сонирхсон буюу манай компаниас машин авч буй тухайн харилцагч санал болгосон дугаарыг авъя гэх юм бол буцаж Э-тай холбогдоод “тэр дугаарыг чинь авъя” гээд авдаг. Ийм байдлаар Э-гаас дугаар авдаг байсан. Харин Э-гаас миний вайбэр луу текст хэлбэрээр “ийм, ийм дугаарууд байна шүү” гээд чат бичээд явуулдаг. ...Жишээ нь гэхэд Э-гаас надад ирсэн дугааруудаас манайхаас машин авсан нэг хүн энэ дугаар чинь хэд вэ гэхээр нь би тэр хүндээ “би асууж өгье гээд Э- руу холбогдож үнийг нь асуугаад Э-гийн хэлсэн үнийг нөгөө хүндээ хэлдэг, ийм байдлаар машины дугаарыг Э-гаас олж захиалагч нарын машинд тавьж өгдөг байсан. Машин авсан хүнийхээ регистрийн дугаарыг мөн машиных нь арлын сүүлийн 5 орон тоог Э-гийн вайбэр луу нь текст хэлбэрээр бичээд явуулдаг байсан. Тэгж явуулаад Э-г хүлээдэг. Э- хэсэг хугацааны дараа над руу холбогдоод дугаарыг чинь захиалгад оруулчихсан, захиалчихсан шүү Авто тээврийн аль нэг салбар дээр нь очиж дугаараа хэлээд аваарай гэдэг. ...” гэх мэдүүлгээр Автотээврийн азын дугаар болон анхаарал татахуйц дугаарууд нь “бүх иргэдэд нээлттэй байдаг” гэх тайлбар няцаагдаж байх ба Н.Д-ий дээрх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудтай нийцэж байх тул түүнийг Б.Э-гийн үйлдэл хууль бус, гэмт хэргийн шинжтэй болохыг ухамсарлаж мэдэж үйлдсэн гэж үзнэ.
Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна" гэж заажээ.
Хэргийн үйл баримтаар Б.Э- нь Н.Д-ий эзэмшлийн Голомт банкны ******* тоот дансаар дамжуулан А.Э-ийн нэр дээрх Хаан банкны ******* тоот данс, С.Н-ийн нэр дээрх Хаан банкны ****** тоот дансыг ашиглаж өөртөө 23.550.000 төгрөгийн орлого олсон, Н.Д- нь 10.660.000 төгрөгийн орлого олсон болох нь Б.Б-, Б.Э-, Н.Д-, А.Э-, С.Н- нарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх121-133/, Н.Д-ий Голомт банкны ******* тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /2хх155-185/ болон мөн тээврийн хэрэгслийн дугаар авсан гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдэж олсон орлогын мөнгөн дүнгийн хэмжээг анхан шатны шүүхээс бодитой тогтоосон байна.
Шүүгдэгч нар нэгэнт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсны улмаас буюу гэмт хэрэг үйлдэх замаар орлого олсон тул тухайн орлогоо хэрхэн зарцуулах нь хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээнд хамаарахгүй юм.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарын хууль бусаар буюу албан тушаалын байдлаа ашиглаж, автотээврийн азын болон сонирхол татахуйц дугаарыг бусдад худалдсан үйлдлээс олсон орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэх бөгөөд үүнээс улсын дугаарын хэвлэлт, гэрчилгээ, автотээврийн татвар зэрэгт зарцуулсныг хасаж тооцох боломжгүй, мөн энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй болно.
Иймд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 23.550.000 төгрөгийг шүүгдэгч Б.Э-гаас, 10.660.000 төгрөгийг шүүгдэгч Н.Д-өөс тус тус гаргуулж, улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
5. Шүүгдэгч Б.Э-гаас “...шүүгдэгч Н.Д-д хавтаст хэрэгт дурдагдаад байгаа 32 ширхэг тээврийн хэрэгслийн дугаарыг бүгдийг би зарж худалдаагүй..., анх 12 ширхэг дугаар гэж байснаа намайг хялбаршуулах хүсэлт гаргасны дараа 32 болж нэмэгдсэн..., шинжээч томилж шалгах ажиллагаа хийгээгүй, надад оногдуулсан торгох ялыг багасгаж, нийтийн албанд ажиллах жилийг 3 жилээр тогтоосныг багасгаж 2 жил болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэрч Э.Ш-гийн “...Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийг анх 2018 оны 05 дугаар сард хүлээн авч хариуцаж эхэлсэн. 2019 оны 07 дугаар сард шинэчлэгдээд Э- хариуцаж эхэлсэн. ...Админы хувьд системийн үйл ажиллагааг бүхэлд нь хариуцаж, статистик мэдээллийг гаргах, өгөгдлийн сантай харилцах үндсэн үүрэгтэй. ...” /1хх104-105/,
гэрч С.Ч-гийн “...Сайдын гаргасан тэрхүү журмаар тээврийн хэрэгслийн бүртгэлийн программ руу нэвтэрч орох, хандах, уг программтай харьцах эрх хэмжээг тодорхойлж өгсөн байдаг. Нэг үгээр хэлбэл хамгийн том эрхтэй админ нь ийм, ийм ажил хариуцаж ажиллана, түүний дараагийн эрхтэй ордог админ нь тийм ажлыг хариуцаж ажиллана гэдгийг нарийн зохицуулж өгсөн. Сайдын журмаараа бол том эрхтэй админ нь ********** нэг ажилтан байхаар тэр нь тухайн үед Э- байсан, дараагийн давуу эрхтэй админ нь Авто тээврийн үндэсний төвийн бүртгэлийн хэлтсийн дарга байхаар ч гэдэг ч юм уу ингэж зохицуулж өгсөн байдаг. ...Энэ хоёр л тухайн үед бүртгэлийн программ руу нэвтэрч орох, хандах эрхтэй байсан гэсэн үг. ...Тээврийн хэрэгслийн улсын дугаарын нэг сери 0001-9999 хүртэл байдаг. Жил ирэх тусам тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаатай холбоотой шинэ сери дуусах нь хурдан болсон. Дараагийн шинэ сери нээх тохиолдолд Автотээврийн үндэсний төвөөс манай яаманд албан хүсэлтийг ирүүлдэг бөгөөд ямар учиртай албан хүсэлт вэ гэхээр шинэ сери нээх зөвшөөрөл олгож өгнө үү л гэсэн хүсэлт юм. ...Тухайн үед намайг мэргэжилтнээр ажиллаж байхад Авто тээврийн төвөөс ирсэн албан хүсэлт нь ажил үүргийн дагуу над дээр цохогдож ирдэг байсан ба би дээд шатны газрын даргад танилцуулаад зөвшөөрөл олгох уу, яах уу эсэхийг асууж лавладаг. ...Автотээврийн төвийн удирдах албан тушаалтантай аман байдлаар холбогдож урд задарсан сери нь дуусаж байгааг мөн шинэ сери нээх шаардлагатай юу гэдгийг нягталж асуухаас гадна мөн яаманд бүртгэл хариуцаж ажиллаж байсан Э-гаас хүртэл нягталж асууж лавлаад тэгээд зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэдэг байсан. Ингээд газрын дарга шинэ сери нээх зөвшөөрлийг өг гэвэл би тухайн зөвшөөрлийг албажуулж албан тоот дээр төлөвлөж бичээд газрын даргаар хянуулаад тэгээд Авто тээврийн үндэсний төв рүү хүргүүлдэг. Манайхаас Авто тээврийн төвд зөвшөөрөл хүргэгдэж очсоны дараа шинэ сери нээх эрхийг Автотээврийн төвөөс улсын хэмжээнд “нээх” эрх нь үүсэж байгаа юм. Авто тээврийн төвөөс манайхаас бичиг очсоны дараа Э-тай холбогдож шинэ сери хэзээ нээх эсэхийг тохирч аваад товлосон өдрөө нээдэг байсан. Э- ингэхдээ программд шинэ сери нээх идэвхжүүлэх үйлдэл хийдэг байсан юм. ...” /2хх191-192/,
гэрч Ё.Ж-ы “...Тээврийн хэрэгслийн шинэ сери нээхтэй холбоотой асуудлын талаар мэдүүлэхэд улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн улсын дугаар сери дуусахаар Автотээврийн үндэсний төвөөс шинэ сери нээх эрхийг олгож өгнө үү гэсэн байдлаар манай яаманд бичиг ирүүлдэг юм. Журам өөрчлөлт орохоос өмнө би АТҮТ-аас ирсэн албан бичгийг газрынхаа мэргэжилтэнд нь цохож өгдөг байсан. Цохолтоор хүлээж авсан манай газрын мэргэжилтэн Б.Э- хариуцаж программ руу нэвтэрч шинэ сери нээх үйлдэл хийж ажилладаг байсан. ...Автотээврийн төвөөс ирсэн албан бичгүүдийг хариуг нь өгөх ёстой гэдэг байдлаар би Э-д цохож өгдөг байсан. ...Ажлын байраараа Б.Э-гийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажлуудтай дөхөм, чиг үүрэг нь ойрхон байсан болохоор Э-д хариуцуулж өгсөн. ...” /2хх194-196/,
гэрч С.Н-гийн “...Сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/21 дугаартай “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийг үйл ажиллагааг зохицуулах журам шинэчлэн батлах тухай журмаар ямар үйл ажиллагааг зохицуулж өгсөн бэ гэхээр ер нь системтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг зохицуулж өгсөн. Тухайлбал системийн том эрхтэй администратор нь ямар албан тушаалтан байхыг мөн тэр албан тушаалтан бүртгэлийн системд ямар чиг үүрэгтэй оролцож ажиллах талаар, мөн бүртгэлийн үйл ажиллагааг явуулах эрх бүхий байгууллагын эрх бүхий албан тушаалтан энэ журмаар ямар чиг үүрэг хэрэгжүүлэн ажиллах талаар нарийн тодорхойлж өгсөн. Дээрх журмын 2.2-д Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан тушаалтнаас хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулж өгсөн. Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэдэг нь болохоор манай Зам, тээврийн хөгжлийн яам байгаа юм. Харин журмын 2.3-д админ эрх бүхий хэрэглэгч нь тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх эрх бүхий байгууллагын албан тушаалтан байхаар зохицуулж өгсөн. Энэ нь болохоор Автотээврийн үндэсний төвийн тодорхой албан тушаалтан байгаа юмаа. Мөн журмын 2.4-д Зохицуулалтын эрх бүхий хэрэглэгч нь тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх эрх бүхий байгууллагын бүртгэлийн нэгжийн удирдах албан тушаалтан байхаар зохицуулж өгсөн ба энэ нь Автотээврийн үндэсний төвийн тодорхой албан тушаалтан. Сайдын 2022-06-15-ны өдрийн А/179 дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн сангийн үйл ажиллагааг зохицуулах журам”-аар бол одоо тээврийн хэрэгслийн админ эрх бүхий хэрэглэгч нь Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Авто тээврийн бодлогыг зохицуулах газрын даргад олгогдсон боловч тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой бүх ажилд оролцохгүй. Гагцхүү тээврийн хэрэгслийн улсын дугаарын шинэ сери үүсгэх, илгээх, бүртгэлийн системд тавих ерөнхий шаардлагыг тавих, хангах ерөнхий чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг болсон. Харин бусад үйл ажиллагааг АТҮТ-өөс хэрэгжүүлж ажиллахаар зохицуулагдаж өгсөн. Сайдын шинэ гаргасан журмаар бол манай яамны Автотээврийн бодлогыг зохицуулах газрын дарга Ж- нь Автотээврийн үндэсний төвөөс “шинэ сери үүсгэх” эсэхийг шийдвэрлүүлэх талаар ирүүлсэн албан хүсэлтийн дагуу тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд нэвтрэн орж шинэ үүсгэх, илгээх эрхтэй оролцож байгаа. Өөрөөр хэлбэл Автотээврийн төвөөс ирүүлсэн албан хүсэлт нь үндэслэлтэй байвал шинэ сери нээх эрхийг олгоод явж байгаа. Одоо ч гэсэн Автотээврийн төвөөс шинэ сериг нээлгэх талаар манайд албан хүсэлт ирүүлчихсэн байгаа...” /2хх198-199/,
гэрч Б.П-ийн “...burtgel.transdep.mn программ нь бол иргэдийн зүгээс тээврийн хэрэгслийн дугаар захиалж авах программ юм. ...урд өмнө нь сонирхол татахуйц улсын дугааруудыг яамны тусгай эрхтэй этгээд нэвтрэх кодоороо орж дэлгэцэд гаргах уу, үгүй юу гэдгийг шийдвэрлэдэг өөрөөр хэлбэл үйлдэл хийдэг байсан. ...өмнө нь Э- байсан одоо Ш- гэж залуу хариуцаж байгаа. Яамны тусгай эрхтэй админ нь сүлжээ болон нэвтрэх нэрээрээ үндэсний дата төвийн сервер дээр байгаа мэдээллийн бааз руу сүлжээ, нэвтрэх кодоороо нэвтэрч орж болно. Нэвтэрч орсон тохиолдолд бааз дээр хадгалагдсан мэдээллийг /тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах, өөрчлөх, устгах/ зэргийг бүгдийг хийж болно. Яамны тусгай эрхтэй админаас бааз руу нэвтэрч байгаа үйлдэлд Автотээврийн үндэсний төвөөс хяналт тавих ямар ч боломжгүй. Ганц л эрхтэй хүн нь урд өмнө Э- байсан одоо, Ш- гээд мэргэжилтэн байгаа. ...захиалгын төлөвийг өөрчилж болно, шар төлөвт байгаа дугаараас захиалж болно. ...” /2хх201-203/,
гэрч Н.Б-ийн “...программын дагуу эрх нь яамны эрх бүхий албан тушаалтанд олгогдсон. Яамны давуу эрхтэй админ нь шинэ сери дугаарыг захиалах төлөвт оруулах эрхтэй. Систем рүү нэвтэрч шинэ сери нээх үйлдлийг өмнө нь Б.Э- хийх эрхтэй байсан. ...” /2хх228-229/,
гэрч С.Б-ийн "...Системийг 2019 оны 07 дугаар сарын 24-нд үйл ажиллагаанд нэвтрүүлж улмаар зүгшрүүлэх хүртэлх хугацаанд санг би хариуцаж байсан. ...Системийг хурдхан шиг зүгшрүүлээд хурдхан шиг яаманд нь хүлээлгэж өгөхгүй бол аягүй хэцүү, хэл ам асуудал гарах гээд байсан болохоор юмыг нь хийж зүгшрүүлээд 2019 оны 08 дугаар сарын 12-нд акт үйлдээд яамны мэргэжилтэн Э-д нь хүлээлгэж өгсөн. Тэглээ ч мөн Автотээврийн тухай хуульд тээврийн хэрэгслийн бүртгэлийн систем нь Зам, тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар заалттай байдаг болохоор систем, сан руу нэвтэрч орох эрхийг яаманд нь шилжүүлж өгсөн нь ийм учиртай юм. ...Мэдээллийн санд хандах 3, серверт хандах 1 эрхийг Б.Э-д хүлээлгэж өгсөн. Үүнд, “system oracle” мэдээллийн бааз, мэдээллийн сан удирдах эрх”, \/РS “мэдээллийн сан дээр байгаа эрх, \/РS программ дотор тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой бүх мэдээлэл байгаа”, М\/IS “оношилгоо, техникийн хяналтын үзлэгийн бүртгэлийн хэрэглэгч” гээд ийм 3 сан руу нэвтэрч орох эрх юм...” /2хх231-232/,
гэрч Б.С-ын “...\/РS программ хүчээр өөрийн хүссэн дугаараа сонгож авах боломж байхгүй. Харин программ байршиж буй серверийн өгөгдлийн сангийн тусгай хандах эрхийг ашиглан эдгээр үйлдлийг хийх бүрэн боломжтой. ...өгөгдлийн санд хэн дуртай болгон нь тэр дундаа Авто тээврийн үндэсний төвийн бүртгэл, хяналтын ажилтан гэдэг ч юм уу, тийм ажилтнууд уг өгөгдлийн сан руу нэвтэрч орох ямар ч боломж байхгүй. ...” /2хх235-236/,
гэрч Г.Ц-ийн “...Өгөгдлийн сан руу Автотээврийн төвийн бүртгэлийн ажилтан хэн ч бай нэвтэрч орох боломжгүй, супер эрхтэй админууд нэвтэрч орох боломжтой. Өгөгдлийн санд нэвтэрч байгаа хэрэглэгч нь засах, устгах, нэмэх үйлдлүүдийг алийг нь ашиглах эсэхээс хамаарч админы эрхийн түвшин харилцан адилгүй байдаг. Харин супер админ нь дээрх үйлдлүүдийг бүгдийг нь хийх боломжтой. ...” /2хх238-241/,
гэрч Т.Мөнх-О-ын “...Тухайн иргэн, аж ахуй нэгж компани burtgel.transdep.mn сайтаас дугаараа захиална. Захиалсан дугаараа манай байгууллагын аль нэг салбар дээрээс ...захиалсан дугаараа хэлээд бичиг баримтын хамт өгнө. Бүртгэлийн ажилтан тухайн иргэний захиалсан байвал программд шивж оруулаад тэгээд гэрчилгээ дээр хэвлээд тухайн иргэнд өгдөг. ...” /3хх30-31/ гэсэн мэдүүлгүүд болон мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн \/РS программд үзлэг хийсэн тухай” тэмдэглэл /2хх209-226/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус хэрэгт тусгай мэдлэг бүхий шинжээч томилох шаардлагагүй, хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.Э- нь өөрийн админ онцгой эрхийг буюу “Систем администраторын эрх бүхий хэрэглэгч”-ийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, ингэснээр өөртөө 23.550.000 төгрөгийн, Н.Д-д 10.660.000 төгрөгийн ашиг буюу давуу байдал олж авсан нөхцөл байдал хангалттай тогтоогдож байна.
Мөн хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Н.Д- нь нийт 41 иргэнээс 46,560,000 төлбөр шилжүүлэн авсан байх бөгөөд тэдгээрээс прокурор нь автотээврийн хэрэгслийн улсын дугаар авч өгөхтэй холбоотойгоор 32 иргэнээс 34.210.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нотлогдон тогтоогдсон гэж дүгнэж, Б.Э-, Н.Д- нарыг яллагдагчаар татан, тэдгээрт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Иймд, шүүгдэгч Б.Э-гийн “...12 иргэнд дугаар худалдсан үйлдэл нь 32 иргэн болсон, ...зарим дугаарыг Д- өөрөө миний оролцоогүйгээр захиалж авсан...” гэсэн гомдол хэргийн баримтаар тогтоогдохгүй байхаас гадна прокуророос ирүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд анхан шатны шүүхээс дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.
Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.
Ийнхүү ялыг оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон императив шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон диспозитив шинжтэй хэм хэмжээг хэрэглэх эсэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан “гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Э-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн хэр хэмжээг харгалзан түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 18000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон, ял хүндэдсэн гэж дүгнэх боломжгүй байна.
Иймд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1112 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э- болон шүүгдэгч Н.Д-ий өмгөөлөгч Х.Баатарбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1112 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э- болон шүүгдэгч Н.Д-ий өмгөөлөгч Х.Баатарбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ С.Б-