Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/734

 

 

 

 

     2025          06            12                                        2025/ДШМ/734

                                                                 

Б.М-т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгч Б.М-,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

********, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/801 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч  Б.М-ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох 240 300 796 0123 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.      

Х овгийн Б-ын М, 19** оны * дугаар сарын **-ний өдөр ******** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт ******** дүүргийн ** дугаар хороо, *** дүгээр байр ***** тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:********/,

 Шүүгдэгч Б.М- нь ******** дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, Дарь эхийн замд 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “Lexus RX-450h” загварын **-** ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас “Daelim VF110V” загварын мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч Б.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

********, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Б-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу эмнэлгийн хяналт, эмчилгээнд очихоос бусад тохиолдолд Нийслэлийн ******** дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, ******** дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.М-аас 9.085.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-эд олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М- тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ******** дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, Дарь эхийн замд хойноос урд зүгт **-** ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үед миний хөдөлгөөнд оролцож чиглэл буюу хойноос урд зүгт түгжрэлтэй, харин урдаас хойд чиглэлд хэвийн, түгжрэлгүй байсан. Б.Б-э “Ертөнцийн зүгээс урд зүгт чиглэлтэй саарал өнгийн бага оврын жийп машин урсгал сөрөөд яваад байхаар” нь хэмээн худал мэдүүлсэн ба Б.Б-ийн энэхүү мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд зааснаар “мэдүүлгийг газар дээр нь шалгах” ажиллагааг мөрдөгч хийгээгүй. Б.Б-э шүүх хуралдаанд бидний зорчиж явсан зам нь хоёр урсгалыг тусгаарласан ямар нэг тэмдэглэгээгүй байхад үргэлжилсэн зураастай байсан хэмээн худал мэдүүлсэн.

Жолоодож явсан тээврийн хэрэгслээ анх мопед гэж мэдүүлж байсан бол Daelim CF110V загварын мотоцикл болох нь гаалийн мэдүүлгээр нотлогдсон. Ийм байхад Б.Б-э нь мотоциклдоо улсын бүртгэлийн дугаар авахгүй, Монгол Улсын тээврийн хэрэгслийг бүртгэлд бүртгүүлэхгүй, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт оруулахгүй, холбогдох татварыг төлөхгүй явсаар ирсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог.

Б.Б-э мэдүүлэгтээ “...би мотоциклийн гэрлийг анивчуулан, хурдаа хасаж, дуут дохио өгч” гэж мэдүүлсэн нь дор дурдагдах байдлаар үгүйсгэгдэж байна. Үүнд: 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 18:46 минутад нар шингэсэн байна. Үйл явдал 19:30 минутын үед болсон ба энэ үед урдаас хойшоо чиглэсэн тээврийн хэрэгсэл гэрлийг анивчуулсан бол хойноос урагшаа чиглэсэн машины салхины шил, аюулгүй байдлын олон улсын стандартын дагуу үйлдвэрлэгчээс үйлдвэрлэсэн гэрэл ойх ба гялбах хэсгүүдэд тусч жолооч ба түүний хажууд суусан хүнд гэрлийн гялбаа буюу зорилтот объектын гадаргуугийн гялбааны улмаас харж буй объект дээр гэрэл тусч хүний харааны шугамд мэдэгдэх буюу гялбах физик үзэгдэл явагдах зүй тогтолтой. Гэтэл ийм зүй ёсны физик үзэгдэл болоогүй нь Б.М- болон түүний жолоодож явсан машины жолоочийн хажуугийн сандалд сууж явсан гэрч Б.Д нарын мэдүүлгээр нотлогддог. Тухайлан иш татвал гэрч Б.Д зөвхөн “... нүх дайрах шиг чимээ гарсан” гэсэн нь Б.Б-э гэрлийг анивчуулаагүй буюу гадаргууд гэрэл тусч гялбах үзэгдэл болоогүй, дуут дохио өгөөгүй болохыг харин Б.Дгийн зорчиж явсан автомашиныг мотоцикл мөргөсний улмаас үүссэн чимээ сонсогдсон болохыг баталж байна.

Автотээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1, 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт заасныг биелүүлэхгүй явсаар байгаа нь мотоцикл стандартын шаардлага хангаагүйг нотолж, түүний гэрлийг анивчуулж, хурдаа хасаж, дуут дохио өгсөн гэдгийг үгүйсгэж байна. Өөрөөр хэлбэл Б.Б-ийн мотоциклийн гэрэл, торомз, дуут дохио зэрэг бүхий л эд анги стандартын шаардлагыг хангаж байсан тухай нотлох баримт байхгүй байна. Эдгээр нь баримтаар хөдөлшгүй нотлогдож байна.

2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №390 дугаартай үзлэгээр Б.М- миний жолоодож явсан машины баруун гар талын урд их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 00cd, хол дээрээ 9300cd стандартын шаардлагыг хангахгүй байна гэж үзсэн нь 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр миний машин стандартын шаардлагыг хангахгүй байсан гэж үзэх үндэслэл болохгүй, **-** ***дугаартай машиныг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлэх үүргээ биелүүлж, үзлэг хийлгэсэн. Гэтэл Б.Б-э 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хагас тонн жинтэй мотоциклоор Б.М- миний жолоодож явсан машиныг мөргөхөд машины эд ангид зориулалтын дагуу ашиглах боломжгүй болтол гэмтэж, эвдэрсэн нь хэрэгт авагдсан.

Хууль тогтоомжид зааснаар мотоциклийг техникийн оношилгоонд оруулж, стандартын шаардлага хангуулсны дараа улсын бүртгэлд бүртгэж, дугаар авч, тээврийн хэрэгслийн өмчлөгч болохоо бүртгүүлээгүй, замын хөдөлгөөнд орохыг хориглосон тээврийн хэрэгслээр мөн түүнийг жолоодох эрхгүй байж жолоодсон байх тул шийтгэх тогтоолд мотоциклийн үнэ/үнэлгээ болох 885.000 төгрөгийн Б.М- би төлөх үндэслэлгүй байна. Иймд хасаж шийдвэрлэж өгнө үү.

2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр техник ашиглалтын шаардлагыг хангаагүй мотоциклтэй хөдөлгөөнд орж, хүндэвтэр гэмтсэн нь харамсалтай үйл явдал боловч би гэм буруугүй, иргэний үүргээ бүрэн дүүрэн хүн ёсоор биелүүлж, Б.Б-эд эмч, эмнэлгийн байгууллагаас тодорхойлсон хэрэгцээ, шаардлагатай бүх эмчилгээ, үйлчилгээ, хүнс, эмнэлгийн хэрэгсэл, мөнгө, биет туслалцаа үзүүлэхээс огт татгалзаж байгаагүй. Энэ бол миний хүн ёсны үйлдэл, түүнээс гэм буруугийн учир арга буюу хуулийн дор хийсэн үйлдэл биш юм. Б.Б-ийн зүгээс гэмтлийн зэргийг хүндэвтрээс хүндэд шилжүүлэх хүсэл зориг илэрхийлж байсан үйл баримт ба анхан шатны шүүхээс надад ноогдуулаад буй ял нь намайг Эрүүгийн хуульд заасан хамгийн хүнд ялаар гэсгээн цээрлүүлэхийг эрмэлзсэн байгаад, үүнийг шүүгч хангасанд харамсаж байна.

Шүүгч нь шүүх хуралдааны танхимд орж ирэн ширээндээ суумагцаа хэргийн оролцогч бус хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулиар хамгаалагдсан хувийн мэдээллийг надаас хэд хэд асуусан нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг зөрчсөн. Би эхнэрийн цалин, орлогыг мэдэхгүй гэж хариулахад шогшрон гайхширан бусдын хувийн мэдээллийг надаас авч, хүний ба гэр бүлийн халдашгүй байх эрхийг зөрчсөн. Өмгөөлөгчийн маань миний хувийн байдлыг танилцуулсныг урвуулан өмгөөлөгчийн чинь торгуулийг багасгах гэснийг хангасан, бараа зөөж, буулгадаг, хүргэдэг хүн нэг жилээр жолоодох эрхээ хасуулсан болохоор ажил (Нарантуул зах)-даа ирж очихоос өөрөөр явах хэрэгцээ шаардлагагүй, торгууль төлж чадахгүй тул зорчих эрхийг хязгаарлаж байна хэмээхдээ Б.М- намайг Нарантуул захад ажилладаг нийгмийн байдал, эрхэлсэн ажлаар ялгаварлан гадуурхсан.

Эрүүгийн хуульд “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж зааснаас биш хөрөнгө, цалин хөлс, бусад орлого бага хүнд торгох ял ногдуулахгүй, зорчих эрхийг хязгаарлах ял ногдуулна гэсэн заалт байхгүй.

Миний өмгөөлөгч Ч.Баяртуул нар өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхийн хүрээнд, түүнчлэн мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэргийн бодит байдлын талаар хэлэх гэх бүрд бүрэн дүүрэн дуустал яриулахгүй байсан ба хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх эрхийг хязгаарлаж, ялгаварлан улсын яллагчаас гаргасан ялын санал, сэтгэцэд учирсан хохирлыг тооцох хэмжээг шүүгч өсгөн нэмэгдүүлсэн.

Би жолоодох эрхээ хасуулсан гэхэд Б.Б-эд хамаарах сэтгэцэд учирсан хохирлыг төлөх зорилгоор авсан зээлээ төлж барагдуулахын тулд орлоготой байх, хөдөлмөрлөх, насанд хүрээгүй хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхийн тулд орлоготой байх хэрэгцээ шаардлагатай байгааг илэрхийлэх нь жам ёсны эрх минь билээ.

Шүүгч нь эрүүгийн хариуцлага нь хуульд зааснаар цээрлүүлэх зорилготой байх тул надад найман сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял ногдуулсан хэмээн амаар тайлбарласан. Энэ нь аудио тэмдэглэлд бичигдсэн гэдэгт найдаж байна. Харин шийтгэх тогтоолд нийгэмшүүлэх зорилгоор зорчих эрхийг хязгаарлах ялыг оноосон гэж бичигдсэн байна. Би танхайрах, согтуурах, мансуурах, бүх төрөл хэлбэрийн хүчирхийлэл үйлдэгч биш, зөрчил гэмт хэрэг үйлдэж байгаагүй байтал найман сар ******** дүүргийн нутгаас гадуур зорчихгүй байлгах нь миний хувийн байдлыг улсын яллагчийн саналаас дордуулсан. Би Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд оршин суугч, Нарантуул захад ажил олгогч иргэний агуулахаас бараа гаргах, хүлээлгэн өгөх, гаалийн бүс, тээврийн байгууллагаас бараа хүлээн авах, харилцагчид илгээж байгаа хүнд жинтэй, овор ихтэй бараа буулгах, орон нутгийн харилцагчидтай харилцах зэрэг адилтган зүйрлэвэл нярвын чиг үүргийг хэрэгжүүлдэг нь хэргийн материалд өгсөн хувь хүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр нотлогдоно. Надад ногдуулсан 8 сарын турш зорчих эрхийг хязгаарласныг торгох ял болгож, торгох ялыг хамгийн бага нэгж буюу 2.700 нэгжээр торгох ял ногдуулж өгнө үү.

Шүүгч нь шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Б.М- хохирол, төлбөрийг төлж барагдуулахаар хуульд заасан тав хоногийн хугацаагаар завсарлага авч улмаар энэ хугацаанд эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 4.379.600 төгрөгийг төлж барагдуулсан гэж худал, буруу бичсэн байна. Энэхүү 4.379.600 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Санхүү бүртгэлийн хэлтэс тэр дор нь төлбөр бүрэн төлсөн болохыг тодорхойлсныг мөрдөгч болон шүүхэд санхүүгийн баримтын хамт хүргүүлсэн, хэргийн материалд өгсөн.

Шийтгэх тогтоолын 5 дугаар хуудас Эрүүгийн хариуцлагын талаар гэснээс доош 2 дахь догол мөрөнд Б.Лхагвасүрэнд гэж... бичсэн байна. Эдгээр Шүүхийн тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжид заасан шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх атал хааш яаш хандсаныг нь илтгэн харуулж байна.

Шийтгэх тогтоолд Б.Б-э нь эмчилгээний зардалд баримтаар төлбөр нэхэмжлээгүй болохыг, цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсан байх тул Б.М- би, Б.Б-ийн эх А.Э-ас хэлэх тутамд “Э А Хаан банк **********” дансанд нийт 9 удаагийн гүйлгээний нийлбэр дүн 1.180.000 төгрөг, Б.М- өөрийн санаачилгаар Рехамед эмнэлэгт Б.Б-ийг хэвтүүлэн эмчлүүлсэн эм, эмнэлгийн хэрэгсэл, эмчилгээ, ор хоногт төлсөн 2.439.090 төгрөг, үнэлгээчин болон журмын хашаанаас мотоциклийг авахад төлсөн нийт 137.000 төгрөг буюу нийт 3.756.000 төгрөгийг сэтгэцэд учирсан хохиролд төлөх дүнгээс хасаж тооцож өгнө үү. 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр сэтгэцэд учирсан хохиролд 5.000.000 төгрөг төлсөн бөгөөд Давж заалдах шатны шүүхээс тогтоох төлбөл зохих дүнгээс “урьдчилан төлсөн зардал”-ыг хасаж төлбөл зохих дүнг тодорхойлж өгнө үү.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг үндэслэн Б.М- надад ногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, жолоодох эрхийг нэг (1) жилийн хугацаагаар хасахыг хэвээр, 8 сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ял болгож, торгох ялыг хамгийн бага нэгж буюу 2700 нэгжээр торгохоор, сэтгэцэд учирсан хохиролд төлөх дүнг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож гаргуулахаар шийдвэрлэснийг багасгаж тогтоож миний гомдлын шаардлагыг бүхэлд нь шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өндөр шийтгэлийг оногдуулсан. Би хохирогчид анхнаасаа эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Тиймээс надад оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү гэв.

Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.М-т оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.М- нь 1.000.000 төгрөгийн цалин орлоготой тул хохирол төлбөр төлөх боломжгүй гэсэн зүйл ярьдаг. Анхан шатны шүүхийн шатанд хохирол төлбөр төлөх үндэслэлээр 5 хоногийн завсарлага авсан боловч төлбөрийг хохирогчийн данс руу шилжүүлээгүй шүүх хуралдаанд оролцсон тул тэр даруйд шүүгч та хохирол төлөх юм уу, төлөхгүй юм уу, одоо мөнгө нь байгаа бол шилжүүлээч гэсэн асуудал яригдаж байж 5.000.000 төгрөгийг 5 хоногийн завсарлага авсны дараа төлсөн байгаа. Мөн шүүгдэгчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд торгох ял оногдуулж өгнө үү хүсэлт гаргаж байна. Үүнтэй холбоотойгоор гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үйлдэлдээ хандаж буй хандлага зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

- Шүүгдэгч Б.М- нь ******** дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, Дарь эхийн замд 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “Lexus RX-450h” загварын **-** ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, “10.9.Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зүүн гар тийш эргэхдээ өөдөөс чигээрээ яваа “Daelim VF110V” загварын мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч Б.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б.Б-ийн “...Би 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ...ертөнцийн зүгээр хойд зүгээс урд зүг чиглэлтэй саарал өнгийн жийп машин урсгал сөрөөд яваад байхаар нь би мотоциклийн гэрлийг анивчуулан, хурдаа хасаж, дуут дохио өгч баруун гар тал руу шахаад явж байхад нөгөө авто машин ирээд намайг мөргөсөн ...” гэх /1 хх 23-24/,

-Жолооч Б.М- нь Lexus RX-450h загварын **-** ***улсын дугаартай тээврийн Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино:, 10.9. Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна. Мотоциклийн жолооч Б.Б-э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй гэсэн заалтыг зөрчсөн болохыг тогтоосон Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 0000081  дүгээр магадлагаа /хх 130/,

- Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Дгийн  “...Нөхөр бид хоёр ертөнцийн зүгээр хойд зүгээс урд зүг чиглэлтэй өөрийн эзэмшлийн “Lexus RX-450h” загварын **-** ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хажуу талын сандал дээр сууж явж байсан. Тэгээд явж байхад манай нөхөр тээврийн хэрэгсэл жолоодож явж байсан тэр үед зам нүх дайрах шиг чимээ гарсан... " гэх мэдүүлэг /1 хх 33/

- Гэрч Ч.Т-ын “...Тухайн үед үзлэгээр цээжний гэмтэл байгаагүй. Цээжний гэмтэлтэй холбоотой тэмдэглэл хийгээгүй томографик шинжилгээнд баруун уушги нэвчдэс сүүдэртэй байсан. Энэ онош нь хатгаа гэж үзээд сэжиглээд энгийн эмчилгээ хийсэн...” гэх мэдүүлэг /1 хх 39/

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр №12725 дугаартай дүгнэлтээр: “Б.Б-ийн биед зүүн дунд чөмөгт яс зүүн сарвууны 1-р шивнүүрийн далд хугарал, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /1 хх 54-55/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр №31 дугаартай дүгнэлтээр: “Б.Б-ийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний цээжний эгц рентген зурагт баруун уушгины дотор зоноор нэвчдэст сүүдэртэй, уушгины зураглал хоёр талд олширсон, угууд өргөн гэсэн нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй байна. Эдгээр өөрчлөлтүүд нь уушгины хатгалгаа, уушгины сүрьеэ, гуурсан хоолойн үрэвслийн улмаас үүсдэг архаг өөрчлөлтүүд юм. 2024 оны 10 дугаар сарын 08-ны №12725 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Шинжлүүлэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 24- нөөс 2024 оны 10 дугаар сарын 04-ний хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн насанд хүрэгсдийн мэс заслын тасагт зүүн дунд чөмөгт ясны гандан хэсгийн сэлтэрхийтэй далд хугарал, зүүн сарвууны нэгдүгээр хурууны шивнүүрийн далд хугарал оношоор 11 хоног хэвтэн эмчлүүлсэн байна" /1 хх 84-85/

- Автотээврийн үндэсний төв ТӨҮГ ******** техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 10 сарын 01-ний өдрийн №390 дугаартай дүгнэлтээр: “Тээврийн хэрэгсэл нь зуны улирлын дугуйнуудтай байна. Тус тээврийн хэрэгслийн баруун гар талын урд их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 00cd, хол дээрээ 9300 сd стандартын шаардлагыг хангахгүй байна...” гэх / 1 хх 65-66

-Хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө Эстимэйт ХХК-ний “Daelim CF110V” загварын мотоциклийн эвдрэл хохирлыг 885,000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээ /1 хх 73/,

- Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /1 хх 9/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-17/, жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 18/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Прокуророос замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шүүгдэгч Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу анхан шатны шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосон нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгч Б.М-ын “...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасахыг хэвээр, 8 сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ял болгож торгохоор, сэтгэцэд учирсан хохиролд төлөх дүнг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний буюу 660.000 төгрөгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож гаргуулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Давж заалдах шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгч нь анх удаа, гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг болон Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэн өөрчилж, тухайн зүйл хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан энэхүү торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж зааснаар шүүгдэгч нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хуульд заасан журмын дагуу шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг дурдаж байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчилсан.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” батлагдсан бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооно” гэж заасан.

Дээрх аргачлалтай уялдуулан гаргасан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам"-ын 2.5-д “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүндэвтэр хохирол учирсан бол хохирогчоор тогтоож сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана" гэж журамласан.

Иймд дээр дурдсан хууль болон журмаар тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан тул хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хохирогч Б.Б-эд сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 

Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг дээр дурдсан хууль болон журамд заасны дагуу гүйцэтгэсний эцэст хохирлыг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолд Хохирогч Б.Б-э гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх”-ийг заасан нэмэлт заалт оруулж, шүүгдэгчийн давж заалдах гомдлуудыг тус тус хангаж шийдвэрлэлээ.

Иймд ********, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/801 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ********, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/801 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын 3, 5, 6 дахь заалтыг тус тус хүчингүй болгож,

шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэсэн,

 “Хохирогч Б.Б-э гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт тус тус оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ГАНБААТАР

               ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                           Ц.ОЧ