Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2017/01140

 

 

 

 

 

2017 05 15

1140

 

 

 

Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/00770 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Урансувдмаа, С.Цэвээн нарт холбогдох

204 053 393.99 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, барьцаа хөрөнгө нь зээлийн гэрээний үүргийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд зээлдэгчийн бусад хөрөнгөөс хангуулах тухай хэргийг

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуян, Д.Өсөхбаяр, Д.Эрдэнэцэцэг

Хариуцагч С.Цэвээн, С.Урансувдмаа

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Даваахүү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Сонинпил овогтой Урансувдмаа, Салзад овогтой Цэвээн нар 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ЗГ3455103021 тоот Зээлийн гэрээг Голомт банктай байгуулж 199 200 000.00 /Нэг зуун ерэн есөн сая хоёр зуун мянга/ төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй 180 сарын хугацаатайгаар зээлж авсан билээ. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож БГ3455103021 тоот Ипотекийн гэрээгээр иргэн С.Урансувдмаа, С.Цэвээн нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204075152 дугаартай, Баянзүрх дүүргийн 26-р хороо, 13312 хүннү гудамж 216 байрны 56 тоот хаягт байршилтай 80 м.кв талбайтай 4 өрөө орон сууц БГ3455103021A тоот Ипотекийн гэрээгээр иргэн С.Урансувдмаагийн өмчлөлийн упсын бүртгэлийн Ү-2202016983 дугаартай, Чингэлтэй дүүргийн 6-р хороо /15140/ Г.Бумцэндийн гудамж 58 байрны 4 тоот хаягт байршилтай 50.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан болно. С.Урансувдмаа, С.Цэвээн нар 2016 оны 5 сарын 30-ны өдрийг хүртэл зээлд 3 440 469.23 төгрөг, хүүд 7 983 624.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 836.03 төгрөг, нийт 11 424 930 төгрөг төлж, үүнээс хойш өнөөдрийг хүртэл зээл, хүүд огт төлбөр төлөөгүй. Тухайн үед С.Урансувдмаа нь Зэндмэнэ дэлгүүр ажиллуулдаг 4 574 199 төгрөгийн орлоготой гэсэн баримт бүрдүүлж өгч, хүсэлт гаргасныг судлаад манай банк зээл олгосон.

Гэтэл зээлдэгч нар нь ЗГ3455103021 тоот Зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 163 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөрт 195 759 530.77 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 8 280 258.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 13 604.43 төгрөг, нийт 204 053 393.99 /Хоёр зуун дөрвөн сая тавин гурван мянга гурван зуун ерэн гурван төгрөг ерэн есөн мөнгө/ төгрөг төлөөгүй тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг эргэн төлүүлэхээр буцаан дуудсан боловч хариуцагч нар нь өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, ЗГ3455103021 дугаарт Зээлийн гэрээ, БГ3455103021, БГ3455103021А дугаарт Ипотекийн гэрээнд тус тус заасныг үндэслэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд С.Урансувдмаа, С.Цэвээн нараас 204 053 393.99 төгрөгийг барьцаа хөрөнгүүд болох улсын бүртгэлийн Ү-2204075152 дугаартай, Баянзүрх дүүргийн 26-р хороо, 13312 хүннү гудамж 216 байр 56 тоот хаягт байршилтай, 80.0 м.кв бүхий С.Урансувдмаа болон С.Цэвээн нарын өмчлөлийн 4 өрөө орон сууц, Ү-2202016983 дугаартай, Чингэлтэй дүүргийн 6-р хороо /15140/ Г.Бумцэндийн гудамж 58 байрны 4 тоот хаягт байршилтай, 50.8 м.кв бүхий С.Урансувдмаагийн өмчлөлийн 2 өрөө орон сууц бүхий барьцаа хөрөнгүүдээс гаргуулан Голомт банкинд олгуулж өгнө үү. Барьцаа хөрөнгө нь зээлийн гэрээний үүргийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд зээлдэгчийн бусад хөрөнгөөс хангуулах эрхтэй болохыг шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Урансувдмаагийн шүүхэд гаргасан тайлбарт: Голомт банкны нэхэмжилсэн 204 053 393.99 төгрөгийг эс зөвшөөрч байна. Миний бие нь Ипотекийн зээлийг өөрөө санаачилж аваагүй. Харин тухайн ипотекийн зээлийн гэрээг Голомт банкны эдийн засагч К.Адилбек нь гэмт этгээдүүд болох О.Уламбаяр, эхнэр Л.Энхзул нарт миний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг шилжүүлсэн, намайг илтэд хөрөнгөгүй болгосон байдлаа мэдэгдүүлэхгүйн тулд миний 69 настай ээжтэй 2015 оны 10 сарын 28-ны өдөр ипотек барьцаалсан зээлийн гэрээ байгуулсан. Би 199 200 000 төгрөгийг аваагүй. Харин ээж С.Цэвээн болон бид хоёрын нэр дээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312, Хүннү гудамж, 216 байр, 56 тоот хаягтай 80 м.кв орон сууцыг шилжүүлсэн. К.Адилбек нь надад орон сууц өгсөн асуудлыг буцааж өгье гэсэн. 2015 оны 10 сарын 28-ны өдөр ямар нэгэн зээл аваагүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312, Хүннү гудамж, 216 байр, 56 тоот хаягтай 80 м.кв орон сууцанд манай дүү амьдарч байгаа. Тэнгис тооцооны төвийн захирал Ганзориг, эдийн засагч Адилбек нар над руу утсаар зээлээ төл гэж удаа дараа ярьж байсан. Би хохироод байна, орон сууцаа буцааж танайд өгч зээлээ буцаая гэж хүсэлт гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй. Миний бие зээлийг төлөх боломжгүй тул зээлийн гэрээнээсээ татгалзаж, орон сууцыг нь буцааж өгөх хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Урансувдмаа, С.Цэвээн нараас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 204 053 393 төгрөг 99 мөнгө гаргуулж нэхэмжлэгч Голомт банк" ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох С.Урансувдмаа, С.Цэвээн нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204075152 дугаартай, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 хүннү гудамж, 216 дугаар байр, 56 тоот хаягт байршилтай, 80 м.кв орон сууц, С.Урансувдмаагийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202016983 дугаартай, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, /15140/ Г.Бумцэндийн гудамж 58 дугаар байр, 4 тоот хаягт байршилтай, 50.8 м.кв орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 204 053 393.99 төгрөгийг гаргуулж, Голомт банкинд олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, С.Урансувдмаа, С.Цэвээн нарын бусад хөрөнгө, орлогоос барагдуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн
хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын
тэмдэгтийн хураамжид төлсөн 1 244 327 төгрөг 30 мөнгийг улсын орлогод хэвээр
үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 4 090 төгрөгийг Голомт банк" ХХК-иас
гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч С.Урансувдмаа, С.Цэвээн нараас
1
178 217 төгрөгийг гаргуулж Голомт банк" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Цэвээн давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

С.Урансувдмаагийн Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэгт хохирогч болсон факт нь:

О.Уламбаяр, түүний эхнэр Л.Энхзул нар нь С.Урансувдмаагийн ЧД-ийн 6 дугаар хороо, Г.Бумцэндийн гудамж, 58-03 тоот хаягтай орон сууцыг худалдан авах, төлбөрөө банкнаас ипотекийн зээл авах замаар төлөхөөр тохиролцсон. Улмаар Голомт банкны Тэнгис тооцооны төвөөс ипотекийн зээлийн барьцаанд уг орон сууцыг барьцаалан зээл олгохоор зөвшөөрөгдөж, С.Урансувдмаагийн шинээр нээсэн хадгаламжийн дансанд орон сууцны үнийн зарим хэсэг болох 78 000 000 төгрөгийг тус банкнаас шилжүүлэн байршуулсан. Гэтэл энэхүү хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр О.Уламбаяр тодорхойгүй шалтгаанаар бүртгэгдэж улмаар дээрх 78 000 000 төгрөгийг С.Урансувдмаад огт мэдэгдэлгүйгээр, нууцаар авч өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулах замаар С.Урансувдмааг залилан мэхлэж хохироосон.

Уг асуудлыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс эрүүгийн 2014240005666 тоот хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд уг хэрэгт Голомт банкны Тэнгис тооцооны төвийн ажилтан К.Адилбек хамтран оролцсон байж болзошгүй байх тул сэжигтнээр татагдсан.

Уг эрүүгийн хэрэгт хохирсон С.Урансувдмаагийн хохирлыг будлиантуулах, цайруулах зорилгоор хийсэн байж болзошгүй үйл ажиллагааг К.Адилбекийн зүгээс хийсэн байх бөгөөд тэрээр С.Урансувдмаад үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-2204075152 дугаартай, Баянзүрх дүүргийн 26-р хороо, 13312 хүннү гудамж, 216-56 тоот хаягтай, 80 метр квадрат бүхий орон сууцыг зээлийн гэрээ, ипотекийн гэрээ байгуулан өмчлөлд нь шилжүүлсэн. Зээлийн гэрээ болон ипотекийн гэрээг байгуулахад нэмэлт барьцаагаар С.Урансувдмаагийн Чингэлтэй дүүргийн 6-р хороо, Г.Бумцэндийи гудамж, 58-04 тоот орон сууцыг барьцаалсан.

Гэтэл 58-04 тоот орон сууц нь дээрх Л.Энхзулын өмчлөлд шилжүүлсэн улмаар залилан мэхлэх гэмт хэргийн хүрээнд маргаж байгаа 58-03 тоот орон сууцтай талбай нь холилдсон, хоорондын хил хязгаар нь тодорхойгүй, дэлгүүрийн зориулалтаар ашиглаж байгаа нэг том өрөө хэлбэртэй хөрөнгө байдаг, түүнчлэн К.Адилбекийн гэм буруугийн асуудлыг эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлээгүй байхад буюу дээрх эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуусаагүй байхад энэхүү иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэл журмын дагуу хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч энэ талаар шүүх анхаарч үзээгүй.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ С.Урансувдмаатай байгуулсан зээлийн гэрээ болон ипотекийн гэрээг цуцлах талаар ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлага огт гаргаагүй. Энэ тохиолдолд өнгөрсөн хугацааны төлбөл зохих төлөгдөөгүй зээлийн үндсэн төлбөр, мөн хүүг нэхэмжлэх эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч нь цуцлаагүй гэрээний ирээдүйд төлөгдөх үүрэг бүхий төлбөрүүдийг бүхэлд нь нэхэмжилсэн ба үүнийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэснийг бид зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл С.Урансувдмаа Голомт банк хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, ипотекийн гэрээг цуцлагдсан гэж шүүх дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад огт байхгүй асуудлаар шүүх шийдвэр гаргасан явдал болоод байна. Гэрээ цуцлагдаагүй байхад ирээдүйд төлөх хуваарь бүхий төлбөрүүдийг төлөх үүрэг үүсэхгүй, харин тухайн хугацаа өнгөрөх үед С.Урансувдмаа нь төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байвал Голомт банкинд шаардах эрх нь үүснэ.

Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах, эсхүл Голомт банкнаас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны төлөгдөөгүй төлбөр, түүний хүүг төлүүлэх, үүнээс илүүг төлүүлэхээр гарсан хэсгийг өөрчилж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд зохих өөрчлөлтийг оруулах шаардлагатай.

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК хариуцагч С.Урансувдмаа, С.Цэвээн нарт холбогдуулж зээлийн үндсэн төлбөр 195 759 530 төгрөг, зээлийн хүү 8 280 258 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13 604 төгрөг, нийт 204 053 393 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, барьцаа хөрөнгө нь зээлийн гэрээний үүргийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд зээлдэгчийн бусад хөрөнгөөс хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон, шүүхээс маргааны үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Хариуцагч С.Урансувдмаа нь Перфект пропертис ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 Хүннү гудамж, 216 дугаар байр, 56 тоот хаягт байрлах 80 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 1м.кв-ыг 2 490 000 төгрөгөөр нийт 199 200 000 төгрөгөөр орон сууц захиалан бариулахаар гэрээ байгуулж, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Голомт банк ХХК-ийн Тэнгис тооцооны төвд дээрх орон сууцыг 8 хувийн зээлээр авах тухай хүсэлт гаргажээ.

Нэхэмжлэгч Голомт банк ХХК хариуцагч С.Урансувдмаа, С.Цэвээн нарт 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 199 200 000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлд С.Урансувдмаа, С.Цэвээн нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 Хүннү гудамж, 216 дугаар байр, 56 тоот хаягт байрлах орон сууц, С.Урансувдмаагийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Г.Бумцэндийн гудамж, 58 дугаар байр, 4 тоот хаягт байрлах орон сууцыг барьцаалсан байна.

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зээл, барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв байна.

Хариуцагч тал гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 3 440 469 төгрөг, зээлийн хүүд 7 983 624 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 836 төгрөг нийт 11 424 930 төгрөг төлсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацаанд биелүүлээгүй нь тогтоогдож байх тул шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалж, үндсэн зээл 195 759 530 төгрөг, зээлийн хүү 8 280 258 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13 604 төгрөг, нийт 204 053 393 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Хариуцагчийн С.Уламбаяр, Л.Энхзул нар орон сууц худалдан авахаар Голомт банкны дансаар шилжүүлсэн 78 000 000 төгрөгөө буцаан авч, залилан мэхэлсэн. Уг хэрэгт К.Адилбек сэжигтнээр татагдсан гэх гомдол нь тухайн хэрэгт хамааралгүй байхын зэрэгцээ, хэргийн 99-100 дугаар талд авагдсан О.Уламбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн прокурорын тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хуулийн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчтай байгуулсан орон сууцны зээлийн болон ипотекийн гэрээг цуцалж, 204 053 393 төгрөг гаргуулах гэж тодруулсан байна. Талуудын хооронд байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээний 4.4.1-д зээлдэгч нь гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй бол банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар зохицуулсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/00770 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн гэсний дараа 225 дугаар зүйлийн 225.1 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

, د Ц.ИЧИНХОРЛОО

 

د М.НАРАНЦЭЦЭГ