| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2406000000545 |
| Дугаар | 2025/ДШМ/735 |
| Огноо | 2025-06-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2025/ДШМ/735
2025 06 12 2025/ДШМ/735
Б.Б холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Л.Төгсжаргал,
шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч С.Уламбаяр,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/767 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох 240 600 000 0545 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
И овгийн Б-ийн Б, **** оны * дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт ******* дүүргийн 2 дугаар хороо, ** дугаар хэсэг *******дугаар гудамжны ** тоотод оршин суух,
Урьд: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 429 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, /РД:***********/,
2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “******* зах”-ын урд М.Халиуны “Ай фоне-13” загварын гар ут утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,250,000 төгрөгийн,
2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Бөхийн өргөө"-ний автобусны буудлын орчимд М.Дөлгөөнжаргалын халааснаас "Ай фоне-12" загварын гар утсыг хүч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,225,000 төгрөгийн,
2024 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Си Юу” дэлгүүрт үйлчлүүлж байсан Г.Энхжингийн халааснаас “Ай фоне-13” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,375,000 төгрөгийн,
2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Монгол Улсын Их сургуулийн орчимд үйл ажиллагаа явуулах цахим тоглоомын газарт үйлчлүүлж байсан Г.Өсөхбаярын “Ай фоне-11про” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,400,000 төгрөгийн хохирлыг учруулж, үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий таван хохирогчид нийт 7,175,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
******* дүүргийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Болортуяагийн Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас нийт 7.175.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.Б- энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялд урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 1/нэг/ жил 2 /хоёр сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б- оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 145 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг СиДи хавтаст хэрэгт үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б- тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие өөрийн хийсэн гэмт үйлдлээ, гэм буруутай байдлаа бүрэн хүлээн зөвшөөрч гэм хорын төлбөрөө бүрэн барагдуулсан. Миний буруутай байдал, гэм хорын төлбөрөө бүрэн төлсөн зэргийг харгалзан үзэж Нийслэлийн давж заалдах шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгож хорихоос бусад төрлийн ялаар сольж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Уламбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Б.Б- үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж хохирол төлбөрийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү гэсэн агуулгаар гаргасан гомдлыг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байгаа. Мөн Б.Б- нь 260 гаруй хоног цагдан хоригдож байгаа бөгөөд үлдсэн хугацааны ялыг тэнсэж өгнө үү гэв.
Прокурор Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Учир нь, шүүгдэгч Б.Б- 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөн урьд 2 удаа өмчийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлээд засарч хүмүүжээгүй, нийгэмд аюултай дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэсэн нь үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдал, нийгмийн аюулын хэр хэмжээнд нийцэхгүй гэж үзэж байгаа анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
1. Шүүгдэгч Б.Б- нь 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Game Arina” нэртэй цахим тоглоомын газраас Г.А-ийн эзэмшлийн “Ай фоне-11 про” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 925,000 төгрөгийн,
2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, “******* зах”-ын урд явж байхдаа М.Халиуны “Ай фоне-13” загварын гар ут утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,250,000 төгрөгийн,
2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Бөхийн өргөө”-ний автобусны буудлын орчимд М.Дөлгөөнжаргалын халааснаас "Ай фоне-12" загварын гар утсыг хүч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,225,000 төгрөгийн,
2024 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Си Юу” дэлгүүрт үйлчлүүлж байсан Г.Энхжингийн халааснаас “Ай фоне-13” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,375,000 төгрөгийн,
2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Монгол Улсын Их сургуулийн орчмын цахим тоглоомын газарт үйлчлүүлж байсан Г.Өсөхбаярын “Ай фоне-11про” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,400,000 төгрөгийн хохирлыг учруулж, үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий таван хохирогчид нийт 7,175,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Насанд хүрээгүй хохирогч Г.А-ийн “... 2024 оны 02 дугаар сарын 19- ний өдрийн 15:40 цагийн үед ... ногоон куртик, цагаан юүдэнтэй малгайтай залуу орж ирээд, ширээн дээрээс миний гар утсыг авч байгаа нь гарч байсан....” гэх мэдүүлэг /1 хх 21-22 /,
Хохирогч М.Халиунаагийн “... Би 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ... миний баруун талын халаас хэсгээр нэг зүйл шүргэх шиг мэдрэгдсэн юм. .. хяналтын камерыг шүүж үзэхэд цэнхэр урт дээлэн загвартай юүдэнтэй куртиктэй, куртикнийхээ малгайг өмссөн, дотуураа давхар малгай өмссөн цагаан өнгийн гуталтай үл таних эрэгтэй хүн миний куртикний баруун талын халааснаас миний гар утсыг авч байгаа нь бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг /1 хх 203 /,
Насанд хүрээгүй хохирогч М.Дөлгөөнжаргалын “... 2023 оны 11 дүгээр сарын 18-ны орой нэг эрэгтэй хүн бид гурвын хажуугаар зөрөөд явахдаа эргэж хараад яваад байхаар нь би өөрийнхөө куртикнийхээ халаасанд гараа хийсэн чинь миний баруун гар талын халаасанд байсан “Айфоне 12” загварын гар утас алга болсон байсан... Тэгээд ойролцоох байгууллагын хяналтын камерыг шалгаж үзэхэд 1 эрэгтэй нь миний баруун талын халааснаас гар утас авч байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг /2 хх 39 /,
Хохирогч Г.Энхжингийн “...2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө ажлынхаа газрын хүмүүстэй “Хүүхдийн 100”-ийн “Си Юу” дэлгүүрт орж хоол идээд гарах үед утас маань алга болсон...” гэх мэдүүлэг /2 хх 117/,
Хохирогч Б.Өсөхбаярын “... Би 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ПС тоглоомын газрын хяналтын камерыг шүүж үзэхэд ногоон өнгийн богино куртик хар малгай, хар ороолт зүүсэн эрэгтэй орж ирээд миний гар утсыг аваад явж байгаа нь харагдсан ингээд цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /2 хх 168-169 дүгээр тал/,
Гэрч А.Цасчихэрийн “... Сансарын КТМС-ийн нэг РС тоглоомын газрын хажууд Бүрнээ намайг машиндаа хүлээж бай гэж хэлээд орсон, ...зогсоол хайж явтал Бүрнээ араас гүйж ирээд суусан. Тэгээд надад машиндаа бензин хийгээрэй гээд 20.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 хх 24/,
Мөн “...Тэр өдөр Бүрнээ КТМС-ийн замын эсрэг талд байдаг РС тоглоомын газар руу орсон. Орох үедээ ногоон алаг куртик, хар өнгийн өмд, хар пүүзэн гуталтай байсан бас ороолт, малгай, үүргэвч цүнхтэй байсан. Тэр хувцсыг хаанаас хэнээс авсныг нь мэдэхгүй байна. Надад хэлэхдээ манай найзын хувцас гээд шар өнгийн торонд хийчихсэн РС-ээс гарч ирсэн. Тэгээд машинд явж байхдаа тэр хувцсаа сольж өмссөн. Би Бүрнээг тухайн өдөр РС-ний хажуу талын зочид буудлын хажууд буулгаад өөрөө машинтайгаа хүлээж байсан. Бүрнээ буугаад удалгүй 10 орчим минутын дараа буцаж ирсэн...” гэх мэдүүлэг /1 хх 26/,
Гэрч Т.Болормаагийн “...2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 19 цаг 30 минутын үед миний охин Дөлгөөнжаргал “Гар утсаа алдчихлаа” гэж залгасан. Байршил заадаг life 360 аппликейшнийг ашиглаж, 37-52УНП улсын дугаартай саарал өнгийн “Приус-20” загварын автомашин дотор байсан. Тэр үед дотор нь 3 хүн байснаас хар урт куртиктэй залуу нь сая хяналтын камерын бичлэг дээр миний охины гар утсыг хулгайлж авч байсан залуу мөн байсан...” гэх мэдүүлэг /2 хх 43/,
Шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...Тухайн VIP өрөөнд нийт 10 компьютер байсан ба би очоод тоглож байсан хүүхдүүдийн голд сул байсан компьютер дээр нь сууж байгаад миний урд харалдаа байрласан компьютер болон миний сууж байсан компьютер хоёрын дунд ширээн дээр цагаан өнгийн “Айфоне” загварын гар утас байгааг хараад өөрийнхөө үүрч явсан цүнхээ тэр утасны дээр тавиад буцаагаад цүнхээ авахдаа утсыг нь цуг аваад гарсан ... Тэгээд би тухайн “Lof” гэх нэртэй РС тоглоомын газраас гараад тэр гар утсыг гаргаж ирээд шалгаж үзэхэд цагаан өнгийн “айфоне 11 про” загварын дэлгэц нь хагархай гар утас байсан. Тэгээд би тэндээсээ гараад 15 цаг өнгөрч байх үед тэр утсыг талбайн хажуу талын монтел нэртэй газар очоод гадаа утас аваад зогсож байсан хүмүүсийн нэг хар хувцастай махлаг биетэй 40 гаран насны эрэгтэй хүнд 80,000 төгрөгөөр зарсан ... /11 хх 38-39 /, “... ихэвчлэн Монтел гар утас худалдааны төвийн ойролцоо Цээгий гэх залууд зардаг байсан, ID-тай гар утас байвал утасны үндсэн үнэний 20 хувь ID-гүй утас байвал 70-80 хувийг өгдөг байсан тэр хүнд хулгайн утас гэдгээ хэлдэг байсан ...” гэх мэдүүлэг /1 хх 47 дугаар тал/, “... Тус тогтоолыг хүлээн авч уншиж танилцлаа. Тогтоолтой холбогдуулж ямар нэгэн санал хүсэлт байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна. Хохирлоо төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх 9-10 дугаар тал/, мэдүүлгүүд,
Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /1 хх 15/, 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн БЗД2-24-438 дугаар шинжээчийн дүгнэлт /1 хх 30-33/,мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 хх 48-53, 55-60/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 123-131/, гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /1 хх 199/, “Дамино үнэлгээ” ХХК-ийн БЗД2-24-223 дугаар шинжээчийн дүгнэлт /1 хх 204-209/,/, гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /2 хх 33/,Дамно үнэлгээ” ХХК-ийн БЗД2-23-2326 дугаартай шинжээчийн дүгнэлт / 2 хх 89-92/ хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /2 хх 57-58, 124-125/, гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /2 хх 114/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн СБ1-24-668 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 хх 138-139 /, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх 164/, эд зүйлст үзлэг хийсэн тэмдэглэл / 2 хх 178 /, “Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /2 хх 188-193/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Б- холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Б.Б- нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Шүүгдэгч Б.Б-ын хохирогч нарын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлан авч, 7.175.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.
4. Шүүгдэгч Б.Б- нь анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг эс зөвшөөрч, “Хохироос өөр төрлийн ялаар солиулах”-аар давж заалдах гомдол гаргасан.
Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.
Шүүгдэгч Б.Б-ын хувьд хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг бүрэн төлсөн, мөн тэрээр урьд хоёр удаа хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож байсан боловч энэхүү үйлдлүүддээ дүгнэлт хийлгүйгээр дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд, шүүгдэгч Б.Б-ын “Хорих ялыг хорихоос бусад төрлийн ялаар солиулах”-аар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин анхан шатны шүүх, шийтгэх тогтоолын 3 дахь хэсэгт шүүгдэгч Б.Б- хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ тооцооллыг буруу гаргасан байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 79 /далан ёс/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/767 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
3 дахь заалт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.Б- энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялд урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 1/нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай...” гэснийг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.Б- энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялд урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 62 /жаран хоёр/ хоног (2 сар, 2 хоног)-ийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 1/нэг/ жил 62 /жаран хоёр/ хоног (2/хоёр/ сар 2/хоёр/ хоног)-ийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай...” гэж,
4 дэх заалтын “...1 /нэг/ жил 2 /хоёр/ сар... гэснийг “...1 /нэг/ жил 62 /жаран хоёр/ хоног...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээн шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 79 /далан ёс/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ