Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 207/МА2020/00015

 

 

*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч

Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх

сүлжээ ТӨХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/01382 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ТӨХК-д холбогдох,

Байрнаас албадан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, засварын хөлс 13.818.585 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ******* нь нас барсан нөхөр н.Жаргалсайханы өмч хөрөнгө болох Булган аймгийн Хангал сумын Хялганат баг Найрамдал гудамж 107 байрны 8 тоот орон сууцыг өвлөх эрхийн дагуу 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр уг орон сууцны өмчлөгч болсон. Тухайн орон сууц эзгүй, өмчлөх эрхийн гэрчилгээгээ хөөцөлдөн явж байхад 2018 оны 11 дүгээр сард Эрдэнэт Булганы цахилгаан түгээр сүлжээ ТӨХК-ийн ажилчид ажлын байр болгон дураар эзэмшин орсон ба тухайн орон сууцанд яаж орсон тухай тодруулахад хажуу айлын 2 давхарын 3 өрөө байрыг эзэмшдэг гэх Ж.Энхбаатар дур мэдэн оруулсан гэдгийг мэдээд Ж.Энхбаатартай уулзахад дуугарахгүй байсан. Ингээд уг орон сууцнаас гарах шаардлага тавихад удахгүй гарна гэж байснаа тухайн байранд засвар хийгээд ханыг нь буулгаад, хаалга гаргах ажлыг хийж эхэлсэн тул ажлын байрны зориулалтаар эзэмшин үйл ажиллагаа явуулж байгаа Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, түүний ажилчдыг албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай компани нь өөрийн Булган аймгийн Хялганат тосгоны 35 дугаар байрны 8 тоот 2 өрөө байрыг 2013 оны хавар иргэн Э.Батаагийн Хялганат тосгонд байрлах 6 дугаар байрны 8 тоотын 2 өрөө байрнаас сольсон. Иргэн Э.Батаа нь тухайн үед миний байр гэж байсан бөгөөд Хялганатын техникч Ж.Эрдэнэбаатараар дамжуулан солих санал тавьсан. Манай компанийн хувьд хэрэглэгчдэд үйлчилэхэд нэг давхарын байрыг ашиглах боломжтой юм байна гэж үзсэн тул санхүүгийн хэлтсийн дарга Х.Жаргаланбаатар, хуулийн зөвлөх С.Нуваантая нар очиж газар дээр нь үзэж байр солих ажлыг гүйцэтгэсэн байдаг. Ингэхдээ ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгээгүй болно. Иргэн ******* нь 6 дугаар байрны 8 тоот байрыг өөрийн өмчлөлийн байр гэх маргаан үүсэхэд иргэн Э.Батаагаас энэ талаар тодруулахад би н.Баяраа гэдэг хүнээс авсан, н.Баяраа гэдэг нь Саран гэдэг хүнээс авсан гэсэн ба иргэн н.Баяраа *******тай уулзахад танай байр бол гэрчилгээгээ авч болно гэсэн хариу өгсөн байдаг. Ингээд Э.Батаатай уулзаж 6 дугаар байрны 8 тоот байрны гэрчилгээгээ аваад манай компанийн нэр дээр шилжүүлэх талаар тохирсон боловч ******* танай 2 өрөө байраа солиод удаж байгаа учраас чамд хамаагүй би шугам сүлжээтэй өөрөө учраа олно гээд хариу өгсөн гэдэг. Иймээс нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Манай компани 2014 онд уг байрыг иргэн Б.Мөнхцэцэгтэй солихдоо ямар нэгэн гэрээ хэлцэл хийж баримтаар баталгаажуулаагүй болно. Мөн дээрх байр нь өөр иргэний өмчлөлийн байр гэдгийг мэдээгүй, иргэн Б.Мөнхцэцэгийн байр гэж ойлгож байсан. Манай компани Хялганат тосгоны Найрамдалын гудамжны 107 дугаар байрны 8 тоот байрыг өөрийн өмчлөлийн байр гэж үзэж байсан учир засан сайжруулалт хийхээр шийдвэрлэж, 2019 оны 05 дугаар сард тендер зарлан 6 дугаар сард ЭПО ХХК-тай ЭБЦТС/А-03/2019 дугаартай гэрээг байгуулж, 13.818.585 төгрөгийн засварын ажил гүйцэтгүүлсэн. Иймд иргэн *******аас Хялганат тосгоны Найрамдалын гудамжны 107 дугаар байрны 8 тоотод байрлах 2 өрөө байрыг засан сайжруулсны хөлс болох 13.818.585 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Булган аймгийн Хангал сумын Хялганат баг Найрамдал гудамж 107 байрны 8 тоот байрны хууль ёсны дагуу өмчилж авсан бөгөөд миний байрыг дур мэдэн хэн нэгэн бусдад зарсан гэх үйлдлийг би мэдэхгүй. Учир нь тус байрыг тухайн компани өөрийн байртайгаа солиод орж байна гэж миний орон сууцанд орохыг мэдээд очиход засвар хийгээд эхэлсэн ба байр миний өмчлөлийн байр болох талаар хэлж, дур мэдэн засвар хийж болохгүй гэхэд таньд хамаагүй, манай удирдлага шийдвэрлэсэн гээд хаалга гарган засвар хийгээд эхэлсэн учир арга буюу шүүхэд хандсан. Энэхүү асуудлаас болж харин ч би хохирсон бөгөөд өөрийн өмчлөлийн орон сууцны зориулалтыг өөрчлүүлэн, ханыг нураалгаж, гал зуухны өрөөгөөр гадагшаа хаалга гарган, хүн амьдрах том өрөөний зориулалтыг өөрчлөн, ашиглах боломжгүй болгосон. Хариуцагч байгууллагын удирдлагатай хоёр ч удаа ирж уулзах гэхэд нэгэнд нь байхгүй, нөгөө нь хүлээн авч уулзах боломжгүй гэх хариу өгсөн учир шүүхэд хандсан. Б.Мөнхцэцэг гэх хүнийг танихгүй бөгөөд дур мэдэн бусдын байрыг зарах эрх түүнд байхгүй. Би орон сууцанд засвар хийх байтугай боль энэ миний өмчлөлийн байр гэхэд нэг ч хүн тоогоогүй засварыг хийсэн. Миний байранд ийм их хэмжээний үнэ бүхий засвар ороогүй бөгөөд өөрийн зах зээлийн үнэ 8 000 000- 15 000 000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа билээ. Мөн засвар хийхээр байгаагүй бөгөөд түүний зориулалтыг өөрчлөх зорилгоор засвар хийсэн гэж ойлгож байна. Тухайн засвар хийх зөвшөөрлийг би өгөөгүй учир хариуцахгүй бөгөөд буруутай этгээдээс засвар болон бусад зардлаа нэхэмжлэх болов уу. Иймд уг засварыг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Хариуцагч нь миний орон сууцыг зориулалтын бус болгож, дураар гадагшаа хаалга гаргаж, зориулалтыг өөрчилсөн хууль бус үйлдлээ таслан зогсоож, орон сууцыг зориулалтын дагуу ашиглах, эзэмших хэвийн болгож өгнө гэдэгт найдаж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/01382 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасныг баримтлан Булган аймгийн Хангал сумын Хялганат баг Найрамдал гудамж 107 байрны 8 тоот орон сууцнаас Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК болон тус компанийн ажилчдыг албадан гаргуулж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан *******аас 4.155.755 төгрөг гаргуулж Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 9.662.830 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 264.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******аас 81.422 төгрөг гаргуулан Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-нд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК Булган аймгийн Хангал сумын Хялганат багийн Найрамдал гудамжны 107 байрны 08 тоот орон сууцанд засвар хийсэн зардал 30 хувийг нэхэмжлэгчээр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тухайн орон сууцны зориулалтыг өөрчлөн засвар хийсэнд нэхэмжлэгч буруугүй. Тухайн орон сууц бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж бусдаас худалдан авсан гэх шалтгаанаар орж орон сууцны зориулалтыг өөрчлөн ажлын байрны зориулалтаар засвар хийхэд нь зогсоох гэж удирдлагатай нь уулзах гэж 2 удаа ирэхэд нэхэмжлэгчтэй уулзаагүй. Тухайн засварыг зогсоохыг шаардахад үл ойшоож, засвар хийж эхэлсэн учир үүнийг зигсоохоор шүүхэд хандсан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж байх явцад уг засварыг хийгээд дууссан ба энэ үйлдэлд нэхэмжлэгч буруутүй байхад орон сууцны зориулалтыг өөрчилсөн завсарын төлбөрийг нэхэмжлэгчээс гаргуулсан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 492 р зүйлийн 492.1.1 заасныг баримтлан 4.155.755 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд биш бөгөөд нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэгч байгаагүй. Хариуцагч байгууллага өөрийг нь хохироосон хүмүүсийг мэдэж байгаа атлаа энэ асуудлаар огт хөөцөлдөж яваагүй ба хохироосон гэх Мөнхцэцэг, түүний ах хариуцагч байгууллагын Хялганат дахь салбарыг хариуцсан Ж. Эрдэнэбаатар нар нь тухайн байрны зориулалтыг /ажлын байр болгосон/ өөрчлөн хийсэн засвар болон бусад хохиролыг барагдуулах үндэслэлтэй. Энэ хүмүүс нь бусдын орон сууцыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй бусдад худалдсан залилангийн гэмг хэрэг үйлдсэн байж болзошгүй байх ба энэ асуудлаас болж, хариуцагч нэхэмжлэгчийн орон сууцны зориулалтыг өөрчлөн гадагшаа хаалга гарган ажлын байрны зориулалтаар зориулалтыг нь өөрчилж нэхэмжлэгчийг хохироосон байхад орон сууцанд засвар хийсэн гэж хариуцагчийн тайлбарыг үндэслэн орон сууцны хүн амьдрах зориулалтыг өөрчилсөн засварын үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Харин нь өмчлөгчийн зөвшөөрөлгүй орон сууцны зориулалтыг өөрчлөн ажлын байрны зориулалтаар засвар хийж нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосныг хариуцагч тал өөрийн тайлбараар тайлбарласныг шүүх анхаарч үзээгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 заалтыг анхаарч үзээгүй. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.28-ны өдрийн 142/ШШ2019/01382 тоот шийдвэрийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* ТӨХК-д холбогдуулан Байрнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч засварын хөлс 13.818.585 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Булган аймгийн Хангал сумын Хялганат баг Найрамдал гудамж 107 байрны 8 тоот орон сууцыг нэхэмжлэгч *******ын нөхөр асан Жаргалсайхан 1991 онд өмч хувьчлалаар худалдан авч улмаар 2018 оны 9 дүгээр сарын 17 ны өдөр Ү-0413000428 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авснаар уг байрны хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд асан Жаргалсайхан нь 2008 оны 9 дүгээр сард нас барсан, нэхэмжлэгч ******* уг байрыг өөрийн өмчлөлд шилжүүлж авахаас өмнө хэнд ашиглуулж, эзэмшүүлж байсан нь тодорхойгүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг байранд засвар хийхээс өмнө зохих байгууллагаас гаргуулж авсан атлаа хариуцагч талд хүргүүлж мэдэгдээгүй, хариуцагч байгууллага 2019 оны 6 сард тендэр шалгаруулж байранд засвар хийж, цонх, хаалгыг бүрэн сольсон, байрны засварт нийт 13.818.585 төгрөг зарцуулсан нь тогтоогджээ.

Хэдийгээр нэхэмжлэгч *******ын зөвшөөрөлгүйгээр уг байранд засвар хийсэн боловч тухайн байрны цонх, хаалга, шалыг сольж засварласнаар байрны чанар сайжирсан байх тул анхан шатны шүүхээс байрны засварын төлбөрөөс 30 хувь буюу 4.155.755 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч тал эрх бүхий этгээдэд учирсан хохиролыг нөхөн төлөх үүрэг хүлээхээр зохицуулагдсан ба хариуцагч өөрийн гаргасан зардлаа нэхэмжлэгчээс нэхэмжилж байгаа нь дээрх хуулийн зохицуулалтанд хамааралгүй юм.

Хариуцагч тал байранд засвар хийснээр нэхэмжлэгч уг байрыг орон сууцны зориулалтаар ашиглах боломжгүй болгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, өмчлөгчийн эрх хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбар, татгалзлалаа нотолж чадаагүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан өмчлөгчийн зөвшөөрөлгүй орон сууцны зориулалтыг өөрчлөн ажлын байрны зориулалтаар засвар хийж нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон, шүүх Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д заасныг анхаарч үзээгүй тул шийдвэрийн 2 дахь заалтанд өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/01382 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 81.422 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

Б.ОЮУНЦЭЦЭГ