Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 0817

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Номин              ,

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц.О-д холбогдох эрүүгийн 1806038571006 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, 19.. оны 06 дугаар сарын 05-ны өдөр … төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, “… ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт … тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б овогт Ц.О /РД:…/

         Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

         Шүүгдэгч Ц.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Төмөр замын … тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Н.Н-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        Шүүгдэгч Ц.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:“…Тэгээд миний санаж байгаагаар эхнэртэйгээ юунаас ч болж маргалдсан юм мэдэхгүй хэрэлдчихсэн хашаан дотроо зогсож байсан ба би эхнэрээ нэг удаа алгадаад унагаачихсан. Эхнэр унахдаа хашаан дотор байсан мотор мөргөөд уначихсан юм…,Би урьд өмнө нь эхнэртээ гар хүрч цохиж байсан…”гэх мэдүүлэг/хх-ийн 29-30/

          Хохирогч Н.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “….Хүн ойртуулдаггүй юм би чиний нөхөр юмуу, биш юм уу гэж уурлаад шууд миний толгойны баруун хэсэг рүү цохисон…, хашаан дотор намайг үстэж татаад гэртээ ор гээд үгүй гээд эсрэл талруу нь зугтах гэтэл намайг үстэж хүчтэй угзраад улмаар би газар унахдаа зүүн шанаа, чих, эрүү хэсэг  газруудаараа хашаан дотор байсан машины мотор мөргөөд уначихсан…,О тэгвэл би бүгдийг чинь алчхаад явна гээд хүү Д-г тэвэрч байгаад толгойгоор нь хашаа нэг удаа мөргүүлсэн…,Би одоо уг хүнээс маш их айж байна, одоо уг уг хүнээс холбоогоо тасалмаар байна, надад ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг/хх-ийн11-12/

             Шүүхийн шинжилгээний 5568 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

            1.Д-н биед цох, духанд зулгаралт тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтэлийн зэрэг тогтоогдохгүй болно./хх-ийн 18/

           5567 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

            1.Н-н биед зүүн чихний гэдэс, зүүн эрүү хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хату мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэн.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

            4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй./хх-ийн 19/    

           Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 21 дүгээр хуудас/,

           Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 36 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Шүүгдэгч Ц.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Төмөр замын … тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Н.Н-г зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           Шүүгдэгч Ц.О-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь   хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

           Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

          Шүүх шүүгдэгч Ц.О-т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

          Хохирогч Н.Н нь нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.О бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

          Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Б овогт Ц.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.О-г 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.О торгуулийн 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.О-д  мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.О нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, дээд шатны прокурор нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.МӨНХТУЯА