| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2310 00000 2185 |
| Дугаар | 2025/ДШМ/983 |
| Огноо | 2025-08-20 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Т.Нансалмаа /томилолтоор/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 2025/ДШМ/983
Б.Ө-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Нансалмаа /томилолтоор/,
шүүгдэгч Б.Ө- /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Х-, Д.О-, тэдгээрийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/1515 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ө- болон түүний өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Ө-т холбогдох 2310 00000 2185 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Б-ы Ө-, ....................., /РД:............../,
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овогт Б-ы Ө-ыг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-т 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч Б.Ө-т оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ын цагдан хоригдсон 537 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ө-аас 12.644.500 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Х-д, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар 30.763.789 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Х-, Д.О- нарт олгож шийдвэрлэжээ.
2023 оны 12 дугаар сарын 13-ны өглөө намайг “хүрээд ирээч, ахад нь хэцүү байна, удахгүй Өмнөговь явж хоригдлоо, шоронд явлаа” гээд дуудсан. Г- нь Оюутолгойд ажиллаж байхдаа хулгайн хэрэгт шалгагдаж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хоригдож байгаад ирсэн байсан. Ингээд тухайн 12 дугаар сарын 13-ны өдөр дээрх зүйлийг яриад залгахаар нь би эр хүний зан гаргаж хэцүү газар руу явах гэж байна гэж ойлгоод очсон. Тэр өдөр гэрийнх нь тог тасарсан байсан, хамт гэрт нь ууж хоносон. Маргааш нь ТЭЦ-3-ийн хоёр ажилтан тогийг нь залгаж өгөөд явсан, 12 цагт тог нь ирсэн, удахгүй ээж нь ярьсан бөгөөд “тог нь ирсэн үү, хоол унд идсэн үү” гэж асуугаад “ээж нь зээл рүү чинь 950.000 төгрөг хийсэн” гэж хэлсэн. Ээждээ бол надтай хамт байна гэж хэлээгүй. “сая тог ирсэн, талх, мантуу хийж байна” гэж хэлээд тасалсан. “Ах нь одоо зээл авч болохоор болчихлоо” гээд апплэйкишнээс 50.000 төгрөгийн зээл авч миний дансанд 25.000 төгрөг хийгээд 0,5 литрийн архи 1 ширхэг, 2 ширхэг чанадаг гоймон аваад ир” гээд явуулсан. Дараагийн 2 ширхэг архийг нь хохирогч Г- бид 2-р хамт явж авсан нь “******” мини маркетын камерын бичлэгт буусан бөгөөд хэрэгт авагдсан байгаа. Сүүлийн архийг 21 цаг өнгөрөөж дууссан. Би цэнэглэж байсан утсаа аваад газар зассан орондоо хэвтээд унтсан. Хохирогчийг гарч явсныг би мэдээгүй, шөнө хаалга цохих чимээгээр сэрсэн, цаг харахад 2 цаг болж байсан. “Хэн бэ” гэж асуухад “Г- ах нь байна аа, үүдээ” гэж хэлсэн. Хаалга онгойлгож өгөхөд Г- доошоо харсан хэвтэж байсан. “Яасан бэ” гэж асуухад “гадаа 2-р хүнтэй маргалдаад, дуудаад байхаар нь эргээд харахад хатуу юмаар цохичихлоо, ах нь бие ээ дийлэхгүй байна, өргөөд босгоод өгөөч” гэхээр нь баруун суГ-с нь өргөж босгоход гэртээ орж ирээд гутал, хувцсаа тайлаад өөрийнхөө унтдаг буйдан дээр алхаж ирээд хэвтсэн. “Зүгээр юм уу, ахаа, эмч, цагдаа дуудах уу” гэж асуухад “Ах нь жаахан унтаадахъя, өглөө болъё” гээд унтсан. Удалгүй “Ө- ах нь болохоо байлаа, эмч, цагдаа дуудаарай” гэж хэлээд ухаан алдсан. Би эхлээд 103-руу, дараа нь 102-руу залгаж дуудлага өгсөн. Очоод сэрээхээр гараас нь татахад шээс, баас нь гарч чацга алдсан. Түргэний эмч ирээд “яасан хүн билээ” гэж асуухаар нь “гадаа хүнтэй маргалдаад орж ирсэн, сая надтай зүгээр юм ярьж байгаад ухаан алдчихлаа” гэж хэлсэн. Түргэний эмч Г-ийн аймхай хэсэгт нь 3-н удаа дараад “яаралтай гэмтлийн эмнэлэг авч явах шаардлагатай, хувцсыг нь өмсүүл” гэсэн. Би өмд, гутал, куртикийг нь өмсүүлээд үүрээд гарсан. Эмч “тэр үед нь дуудлага өгөхгүй яасан юм бэ” гэж асуухад нь “ах нь жаахан унтаадахъя, өглөө болъё” гэж хэлсэн гэдгээ хэлсэн. Би үүрч гараад түргэний машинд суулгаад гэмтлийн эмнэлэг явсан. Гэмтлийн эмнэлэгт очоод хүлээлгэж өгөхөд “яаралтай хагалгаанд орно, ар гэрээс нь хүн байна уу” гэхээр нь би танил дүү Б- гэдэг хүнд хэлсэн. Би гэмтлийн эмнэлгийн цагдаагийн хэлтэст очсон. Надаас “ар гэрээс нь тавьдаг хүн байна уу” гэхээр нь би “Х- гэх дүүг нь танина” гэдгээ хэлсэн. Цагдаа нэрээр нь хайгаад ороогүй, намайг “чи дуудлага өгсөн үү, гараад байж бай” гэхээр нь би “дуудлага өгсөн” гэж хэлээд гарсан. Цагдаагийн хэлтсээс гарч ирэхэд сувилагч “хувцсыг нь аваарай” гэсэн, эмнэлэг дээр хүлээгээд цагдаагийн бүрэлдэхүүн ирэхгүй болохоор нь гэмтлийн цагдаа дээр очиход “наашаа бүрэлдэхүүн гарсан” гэсэн. 06 цагийн үед ахлах дэслэгч Өнөболдтой бүрэлдэхүүн ирсэн. Хохирогч Г-ийн биеийн байдлын зургийг нь дараад, хэргийн газрын үзлэг хийхээр цагдаагийн бүрэлдэхүүнтэй хамт гэр рүү нь явсан. Гэрт нь очоод эмнэлгээс авч ирсэн хувцсыг нь гэрт нь тавьсан бөгөөд хэргийн газрын үзлэгийг 3-н цагдаа хийсэн. Үзлэг хийж дуусаад намайг хэрэгт сэжиглэх үндэслэлгүй гээд гэрчийн мэдүүлэг авсан. Чацга, шээс, гэрт байгаа цусны талаар асуусан, дараа нь гэрээс нь гараад Амар супер маркетын хяналтын камерыг шүүсэн. Адилхан хүн гарч ирэхээр нь “энэ байна” гэхэд “биш ээ” гээд намайг хэлтэс рүү аваад яв гэсэн. Тэндээс гараад дэслэгч Тэмүүлэнгийн хамт Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст очсон. 3-н давхарт эрүүгийн мөрдөн байцаах тасгийн дарга ахмад Цэнгэлийн өрөөнд орсон ба шөнийн 02 цагаас хойших болсон үйл явдлын талаар хэдэн цагт орсон, гарсан, хэзээ архи авсан гээд бүх зүйлийг яриад дуусахад “худлаа шаагаад бай” гэж хэлээд өөр өрөөнд оруулж хувцас тайлуулаад зодсон. Хэргээ хүлээ гээд 5-н цагдаа 3-н өөр өрөөнд оруулж хүч хэрэглэн тулгаж, хэргээ хүлээ гэж шаардаж, тамласан. Өдөр 3-н цагийн үед Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтэс дээр гэрч Р- ирсэн бөгөөд Р-ын хохирогчтой чаталсан чатаас 2023 оны 11 дүгээр сард болсон явдлын зургийг гаргаж ирсэн. Тэгээд би тэр үед юу болсон талаар ярьсан ба “алиа хорлохыг завдсан, тэр үед үүссэн хөхрөлт” гэж хэлэхэд тагтнаас үүрч оруулсныг нь үүрч шидсэн болгож, чамархай хэсэгт нь цохисон гэж мэдүүлгээ өөрсдөө өөрчилж бичсэн. Тэгээд намайг “явж болно, үүн дээр гарын үсэг зур” гэсэн. Би “зурахгүй” гэхэд хүч хэрэглэж гарын үсэг хүчээр зуруулсан. Дараа нь Мөнх-Эрдэнэ дэслэгч дээр оруулж гавлаад миний эд зүйлийг хураан авсан. Ар гэрийнхэнтэйгээ холбогдох, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгүүлээгүй ба өөрсдийн хүссэн мэдүүлэгтээ хүч хэрэглэж гарын үсэг зуруулсан, сэжигтний эрх, үүрэг, мэдүүлэг авах журам танилцуулаагүй.
Миний эрх зүйн байдлыг дордуулж, өөрийгөө өмгөөлөх эрхийг маань хязгаарлаж хүний эрхийг ноцтой зөрчсөн. Эрүүдэн шүүж байхдаа миний амьдардаг орон сууц болох Хан-Уул дүүргийн 26 дугаар хороо, Тэнүүн хотхоны камерын бичлэг шүүж 2-р өөр хувцастай, цамцтай гарсан зургийг дарж 1009 тоот болох гэрт маань нэгжлэг хийсэн. Хойшлуулшгүй тохиолдол гэх нэрийн доор хувийн орон сууцанд халдаж, хууль бус эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба “гэмт хэрэг үйлдээд зугтах үед нь барьсан”, “байрны оршин суугч И- гэх хүн намайг заасан” гэж нотлох баримт хэлсэн. Би огт оргон зайлаагүй, цагдаа болон гэмтлийн эмнэлгээс өөр газарт очоогүй. Намайг хилс хэрэгт гүтгэхийн тулд бусдын орон байранд нэгжлэг хийж, хэрэг тулгаж, эрүүдэн шүүж мэдүүлэг аваад өөрсдөө мэдүүлгээ хөтөлж хуурамч нотлох баримт үйлдсэн. Тухайн хуурамч нотлох баримтыг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахмад Цэнгэл гэж хүн үйлдсэн. Би 2023 оны 12 дугаар сарын 15-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс гараагүй гавтай 1 хоносон ба намайг 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 20-н цагт шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих 0461 дүгээр хорих ангид шүүхийн зөвшөөрөлгүй хорьсон. Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах хугацаа 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дууссан бөгөөд тэндээс гарахад дэслэгч Мөнх-Эрдэнэ нь надаас яллагдагчаар мэдүүлэг авсан ба тулган шаардаж, “өмнөх мэдүүлгээсээ зөрүүлэхгүй мэдүүлэг өг, тэгвэл ял чинь хөнгөрнө, 2-3 жил суугаад гарч ирнэ, хэрэв тэгэхгүй бол таньдаг хүндээ захина” гэж хэлсэн.
Хэрэгт авагдсан зарим баримт алга болсон бөгөөд намайг оргон зайлсан гэх үндэслэлээр 6-н сар цагдан хорьсон. Дэлэгч Мөнх-Эрдэнэ нь надад 1 сард хавтас хэрэг танилцуулахад байсан ба байрны урд талаас нь дарсан зураг байхгүй болсон байна.
Мөн 2024 оны 04 дүгээр сард дэслэгч Анхбаярын танилцуулахад байсан “явган хүний зам руу гарахад харагддаг шар тоосгон байшингийн камертай зураг” байхгүй болсон. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан миний хүсэлтийг шийдвэрлээгүй. Хэргийн газрын үзлэг хийсэн авагдан паарны хажуугийн цус нь хүний цус гэсэн боловч хохирогч бид 2-н ДНК-тай тохироогүй, тэр цус нь хоол хийх гээд мах тавихад урссан цус юм. Гэмт хэргийн нөхцөл байдлыг 2 дэлгүүрийн камерыг шүүх үзээд тогтоосон. “*****” мини маркетын камерын бичлэгт Г- ах бид 2-н бараа худалдан авч байгаа зураг, “***” супер маркетын бичлэгт түргэний тэрэг ирж байгаа зургаар хэргийн бодит байдлыг тогтоосон.
Гэтэл дэлгүүрийн камерын бичлэгт авагдсанаар бол хохирогч бид 2-ын маргалдсан, зодолдсон зүйл огт байгаагүй. Дэлгүүр орж архи, ундаа аваад гарсан ба тухайн өдөр архи уусан нь үнэн боловч гэмт хэрэг гарах үед байгаагүй 2-р гэрчийн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоосон. Гэрч Р- нь тухай үед буюу 2023 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө байгаагүй. Мөн *** байрны оршин суугч И- гэх хүний “орцонд хүмүүс маргалдаад байсан” гэх мэдүүлгээр гэрч намайг заасан гэж нотлох баримт болгон намайг ялласан. Эдгээр нотлох баримтуудаар таамаглалд үндэслэн намайг ялласанд итгэж чадахгүй байна. Би Г- ахтай төрснөөс өөрцгүй байсан ба хүнд хэцүү үед нь тус дэм болох юмсан гэж хичээж явдаг. Би эх орныхоо өмнөөс энх тайвны төлөө зүтгэж явсан төрийн албан хаагч юм. Хэрэв би энэ гэмт хэргийг үйлдсэн бол чин шударгаар хүлээх байсан. Хийгээгүй гэмт хэргийн маань төлөө эргэлзээтэй нотлох баримтаар ялласан тул үнэн зөвөөр шийдэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь шударга ёсны зарчимтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэргийн бодит байдалтай нийцээгүй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж үзэж байна.
Үүнд: 1. Б.Ө-т холбогдох хэрэгт 2025 оны 03 дугаар арын 10-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025/ШТ/104 дугаартай тогтоолоор 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн. Уг тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг”, 1.3 дахь заалтад “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг нотолбол зохих байдал болгон заасан байх тул шүүхээс хэргийн нэг тал болох мөрдөгч, прокурорт хийх мөрдөн шалгах ажиллагааг нэг бүрчлэн тоочин зааварлах нь зохимжгүйг дурдаад, захирамжид дурдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагааг явуулах, прокурор хяналт тавих, нотлох баримтыг шалгах, үнэлэх явцад үүссэн, мөн оролцогч нараас гаргасан санал, хүсэлтийн хүрээнд шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг тухай бүр шийдвэрлэхийг анхаарах нь зүйтэй байна гэж дүгнэсэн атал прокуророос энэ талаар ажиллагаа хийгээгүй, мөн өмгөөлөгчөөс прокурорт хүсэлт гаргасан ч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, ямар нэгэн хариу өгөөгүй, хэрэгт өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг огт хийлгүй хэт яллах талыг барьж ажилласан гэж үзэж байна.
2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Б.Ө-ыг гэм буруутай гэж дүгнэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “...өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” нь тодорхойгүй, хэрхэн яаж үгүйсгэсэн болох нь ойлгомжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Үүнд 1 дүгээр хавтаст хэргийн 156-158 дугаар талд авагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 714 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 591 дугаартай дүгнэлтэд гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх болон гэмтлийн эмчийн үзлэг, мэс заслын бичлэгийн талаар дурдан дүгнэлт гаргасан байх боловч хавтаст хэрэгт 2023 оны 12 дугаар сарын 15-аас 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл амь хохирогч З.Г- гэмтэл согог судлалын төв эмнэлэгт хэвтэн эмчлэгдсэн байх ба дүгнэлтэд заасан Гэмтэл согог судлалын төвийн өвчний түүх, гэмтлийн эмчийн үзлэгийн баримт, мэс засал хийгдсэн баримт хэрэгт огт байхгүй, мөн гэмтлийн эмчлэгч эмч нараас З.Г-ийн эрүүл мэндийн байдал хэр байсан эмчилгээ яагаад үр дүнд хүрээгүй талаар тодруулж огт мэдүүлэг аваагүй атлаа “Энэрхүй харц хөнгөвчлөх” эмнэлгийн өвчний түүх болон тус эмнэлгийн эмч Д.Оюунчимэгээс авсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж Б.Ө-ыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.
3. 2 дугаар хавтаст хэргийн 1-4 дүгээр талд Б.Ө-аас 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17 цаг 12 минутад сэжигтнээр авсан мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 18-19 дүгээр талд “...“Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах” 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 20 цаг 25 минут..” гэх Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн тогтоол, 2 дугаар хавтаст хэргийн 20 дугаар талд “...2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Б.Ө-ыг 20 цаг 11 минутад ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хүргэв...” гэх сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл зэрэг авагдсан ба Б.Ө-аас 2023 оны 12 дугаар сарын 15-нд 17 цагт сэжигтнээр мэдүүлэг авснаас хойш маргааш орой буюу 2023 оны 12 дугаар сарын 16-ны 20 цаг хүртэл Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт явуулахгүй байлган залхаан цээрлүүлж, эрүүдэн шүүсэн байх магадлалтай байхад анхан шатны шүүхээс энэ талаар хэрхэн яаж дүгнэлт хийн үгүйсгэсэн болох нь ойлгомжгүй.
4. 2 дугаар хавтаст хэргийн 12-14 дүгээр тал: Б.Ө-т яллагдагчаар татсан тогтоол танилцуулан 2023 оны 12 дугаар сарын 18-нд 15 цаг40 минутад яллагдагчаар мэдүүлэг авсан байх ба мэдүүлэгт Асуулт: Та мэдүүлэг тайлбар өгөхдөө өмгөөлөгч оролцуулах уу? гэхэд, Хариулт: Мэдүүлэг тайлбар өгөхдөө өмгөөлөгч оролцуулна гэж мэдүүлсэн байхад Асуулт: Та хэргийн талаах өөрийн мэдэх зүйлээ ярина уу гэж үргэлжлүүлэн асууж мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж заасан эрхийг нь хязгаарласан болох нь харагдаж байхад шүүхээс дүгнэлт хийлгүй орхигдуулж шийдвэрлэсэн.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-т зааснаар хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Б.Ө-ыг гэмт хэргийн эзэн холбогдогч болгохын тулд түүний өгсөн мэдүүлгийн үйл баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийг хэн үйлдсэн” гэж заасныг мөрдөн шалгах ажиллагааны явцад нарийн тогтоогоогүй. Уг гэмт хэрэгт эргэлзээ бүхий нөхцөл байдал байгаа. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 714 дүгээр дугаартай дүгнэлтэд амь хохирогчийн биед баруун талд бөмбөлгийн зулай, чамархайн дээд талд цусан хураа авч тарих доргихоос үйлдэлтэй хүнд гэмтлийн улмаас нас барсан талаарх шинжээчийн дүгнэлт гарсан. Шүүгдэгч Б.Ө-ын мэдүүлэгт “би баруун гараараа зүүн чамархай орчимд” цохисон гэж мэдүүлэг өсөн. Энэ үйл баримтаас харахад үндэслэлгүй байна. Талийгаачийн өвчний түүхийг гаргаж өгөх талаар гомдол гаргасан. Талийгаач анх эмнэлэгт ирэхдээ ямар гэмтэл авсан, түүнд зориулж ямар эмчилгээ хийсэн талаарх тодорхой баримт байхгүй. Талийгаачийн овог, регистрийн дугаар зөрүүтэй бичсэн талаар өмгөөлөгч гомдолдоо дурдсан. Гэмт хэргийн гэрч И-, АР- нарын мэдүүлгийг үндэслэлтэй болгохын тулд бусад эх сурвалжийг тогтоох учиртай. И- гэх хүний мэдүүлэгт “45 номерын айлд зодоон болоод” байсан. Дараа нь 48 тоот гэдгийг 47 тоот болгоод зассан гэж прокурор бид нарыг гүтгэсэн. Хавтаст хэрэгт байгаа материалыг бид засах боломжгүй. Уг мөрдөн шалгах ажиллагааг хэт нэг талыг барьж явуулсан. “Имрэстэй” өвчтэй хүнд мэс ажилбар хийх боломжгүй. Мэс засалд хийлгэхээр бол заавал давхар эмчилгээ хийгдсэн байхыг шаарддаг. “Имрэстэй” хүнд ямар ч эмчилгээ хийсэн үр дүн өгдөггүй. Орцны камер шалгах хэрэгтэй байсан. Талийгаач “орж ирэхдээ хоёр хүнээр зодууллаа тархины ар дагз хэсэгт цохиулсан” гэж ярьдаг. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Ө-ыг гэм буруутай гэж үзээгүй. Энэ нөхцөл байдлаас харахад эргэлзээтэй нөхцөл үүссэн. Иймд гэмт хэрэгт хууль ёсны зохих ажиллагаа бүрэн дүүрэн хийгдээгүй. Хэн нэгэн хүнийг гэм буруутайд гэж дүгнэх боломжгүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Х- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөгч Мөнх-Эрдэнийг ахыг эмнэлэгт байхад ямар гэмтэлтэй байгаа талаар үзэх хэрэгтэй гэдгийг удаа дараа хэлсэн. Зөндөө гуйсан сүүлд мөрдөгч “ирээд үзсэн таны ахын бие хүнд байсан байна” гээд уучлалт хүсээд, зураг дараад явсан. Б.Ө-ын гомдол болон түүний өгсөн мэдүүлэгтэй танилцсан. Бүх мэдүүлэг нь зөрүүтэй, ахыг минь амиа хорлох гэж байсан гэдэг бүгд худлаа, энэ бүгд чиний зохиосон зохиол, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт энэ талаар ярьсан. Чи манай гэр бүлийн хүмүүжлийг мэдэх байх, Б.Ө- болсон бүх зүйлийг мэдэж байгаа. 2022 оны зун манай эхийг, ах дуудаад очиход Б.Ө- манай ахын гэрийн хойморт суучихсан байсан, найзыгаа хүндэлдэг хүн ийм нөхцөл байдалтай байхгүй. Манай эх Б.Ө-ыг “чи гэртээ харь” гэхэд Б.Ө- “байж бай, би унтаж байгаад явна” гэж хэлж байсан. Сүүлдээ манай эх аргаа бараад Б.Ө-ыг “чи яг одоо яв, гээд гэр бүлийнхэн хүмүүс рүү ярьсан байдаг. Гэтэл Б.Ө- “яваагүй, зун байсан учраас хүмүүсийн гардаг хаалганы үүдэнд хөндлөнгөөрөө хэвтчихсэн байсан” Энэ талаар Б.Ө-ын эхэд хэлэхэд “хүүхэд маань тэгээд байдаг юм аа” гэж хэлсэн. Б.Ө- анхны мэдүүлэгтээ “хоорондоо маргалдаад баруун мөрөн дээр хавсраад шидчихсэн” гэх мэдүүлэг үнэн мэдүүлэг. Хэрэг хянан шийдвэрлэгдэхгүй олон жил болсонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний талийгаач хүүхдийг үхсэн хүн үг хэлж чадахгүй гэгчээр янз бүрээр хэлж, ярьж байгаад гомдолтой байна. Миний сэтгэл зүрхэнд надтай хамт амьдраад явж байгаа. Хэргийн газар өөр хүн байхгүй байсан учраас юу ч гэж ярьж болно гэх байдлаар ор үндэсгүй худал ярьж болохгүй. Би төрийн албанд 37 жил ажилласан. Хүмүүсийн харилцаа хандлагыг ойлгох чадвартай. Хэрэг гарахаас өмнөх өдөр би хүүхэдтэйгээ утсаар ярьсан. Талийгаачийг гудамжны хүн аятай зүйлийг шүүгдэгчээс ярьж байна. Би хүүхэдтэйгээ амьдарлаа ярилцах үедээ ярилцдаг, аашлахдаа аашилдаг, өрөвдөхдөө өрөвдөж, хайрлахдаа хайрладаг байсан. Гэтэл хагас сайн өдөр ажилттай байсан учраас ажил төрлөө зохицуулаад, гарын хоолоо өгөөд ярилцаж байсан. Ажилдаа нямбаа, тусархуу, сайн хүн байсан. Гэтэл хамгийн муу хүн, худалч, хулгайч гэх мэтээр есөн шидээр ярьж байна. Энэ бүгд худлаа, Цагдаагийн газраас залгаад “танай хүү эмнэлэгт ирсэн бие нь муу байна. Та хүрээд ирээрэй, одоо хагалгаанд орох гэж байна” гэж холбогдсон. Тухайн үед хагалгаанд орсон, 8 хоногийн дараа тархины битүү гэмтэлтэй мөн гуяныхаа ар талд гэмтэлтэй байсан, дахин хагалгаанд миний гарын үсэг аваад оруулсан. Миний хүү эмнэлэгт ирээд нүдээ ч нээгээгүй, нэг ч үг хэлээгүй. Сүүлдээ хүлээн авах эмнэлэг олдохгүй учраас өөр эмнэлэг олж хэвтүүлсэн. Тухайн үед мөрдөгч ирж үзчихээд “бие нь ийм хүнд байсан юм уу”, гээд уучлалт гуйгаад мэхийгээд гараад явсан. Тэгээд удаагүй нас барсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг гэмт хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүнд гэмтэл учруулсан гэдгээр зүйлчилсэн байсан. Уг хэрэгт Б.Ө-ын хэргийг өмгөөлөгч Идэрхангай, Баярмагнай, Баттулга, Оюун-Эрдэнэ, Тэнгис гэх 5 өмгөөлөгч дамжсан. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй учраас шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах хүсэлт гаргаснаар хэргийн нөхцөл байдал тодорхой болсон. Анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх боломжтой болсон. Шүүгдэгчийн талаас хэргийг удаа дараа хойшлуулж байсан. Талийгаачийг шүүгдэгч Б.Ө-аас өөр хүн хөнөөсөн гэх нотлох баримт гарч ирэхгүй. Б.Ө- архины эмгэгтэй учраас дэмийрсэндээ есөн шидийн зүйлийг ярьдаг. Мэдүүлгүүд нь бүгд өөр өөр байдаг. Харин өмгөөлөгч Баярмагнайтай хамт өгсөн мэдүүлэг үнэн. 2022 оны 06 дугаар сард талийгаачийн эх очиход, талийгаачийг “ээжийгээ гэрээс гарга” гэж байсныг бодвол талийгаачийг дарамталдаг байсан. Харин талийгаач хүний аяар зөөлөн зантай хүн байсан байх, хэрэг учрал болсон шөнө талийгаачийн утаснаас шүүгдэгч Б.Ө- цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг. Талийгаач дүү рүүгээ залгасан байдаг. Тэр үед зодуулаад амь нас аюултай байдалд хүрэхээр нь Б.Ө- цагдаад дуудлага өгсөн. Яагаад гэвэл түргэний эмч очоод “энэ хүн ухаангүй болоод 7-8 цаг болсон байна. Цагдаа дуудахгүй яасан юм бэ,” гэж хэлсэн байдаг. Шүүгдэгч Б.Ө- архи гартал хүлээсэн юм шиг байгаа юм. Энэ нөхцөл байдлаас үзэхэд талийгаачийн авсан цусан хураа гэмтэл тайлагдахгүй, үхлийн шарах авчихсан хүн эмнэлэгт очоод ухаан орохгүй байсаар байгаад нас барсан байдаг. Талийгаачийн хөлд учирсан гэмтэл мэдэгдэхгүй 8 хоносон, сүүлд эмч нар мэдсэн. Хэргийн ул мөр баллаж цус арилгадаг ч юм уу, хувцас нуусан байж мэднэ. Гэмт хэргийн талаар одоо дахин 2 хүн хайх тухай үлгэр сонсох шаардлага байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Прокурор Т.Нансалмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Ө-ын зүгээс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөхдөө “амь хохирогчийг гаднаас хүнд зодуулсан байдалтай орж ирээд нас барсан” талаар мэдүүлдэг. Уг мэдүүлгийн эх сурвалжийг шалгахад амь хохирогч ганцаараа гарч яваад бусдад зодуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа. Мөн гэрч нарын мэдүүлгүүд авагдсан, шүүгдэгч Б.Ө-ын зүгээс мөрдөгч эрүүдэн шүүсэн талаар гомдол гаргасан. Авилгатай тэмцэх газраас шалгаж, гомдлыг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Энэ асуудлаар шүүгдэгч Б.Ө- шат шатны байгууллагад гомдол гаргаагүй. Өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авч шүүгдэгчийн эрхийг зөрчсөн талаар ярьж байна. Хавтаст хэргийн материалтай танилцахад яллагдагчийг уг мэдүүлгээр ялласан үйл баримт тогтоогдоогүй. Харьцуулсан дүгнэлт хийж анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан. Шинжээчийн дүгнэлт удаа дараа гарсан. Амь хохирогчид зохих журмын дагуу эмчилгээ хийгдсэн. Амь хохирогч тархины битүү гэмтлийн улмаас тархины комд орж эмчилгээнд үр дүн өгөлгүй нас барсан гэх дүгнэлт гаргасан. Амь хохирогчийн өвчний түүхийг авснаар ямар мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар тодорхойгүй байна. Шүүгдэгч Б.Ө-ыг гэмт хэрэг үйлдсэнийг хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотолж байна. Шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн эрхийг ноцтой зөрчсөн зүйл тогтоогдохгүй байгаа учраас шүүгдэгч Б.Ө-, түүний өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнээс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Ө-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Ө- болон түүний өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
2. Шүүгдэгч Б.Ө- нь 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 15-нд шилжих шөнө Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хавай таун” хотхоны *** байрны 48 тоотод хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан З.Г-тэй маргалдаж, түүнийг зодсоны улмаас хохирогч З.Г- тархины битүү гэмтлийн улмаас тархины комд орж сэргэхгүй байсаар 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нас барсан болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Х-гийн “...Эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ л ухаангүй байсан, одоо ч хэвэндээ байгаа. ...Гэмтэл нь гадны нөлөөтэй гэж эмч нар хэлсэн, анх тархины цус хуралттай хавантай гэж хэлж байсан боловч үзлэгээр уушигний няцралттай, зүүн хөлний булчингийн задралттай гэж шинжилгээгээр гарсан. ...” /1хх53-54/,
дахин өгсөн “...Биеийн байдал нь урдын хэвээр тархи үхэжсэн, ухаан ороогүй гүн комын байдалтай байгаа. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гавал тархины тасагт 2023 оны 12 дугаар сарын 15-ны үүрийн 04 цагаас 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлж байгаад Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс эмчилгээ дууссан гээд үйл ажиллагааны журамд заасны дагуу гаргахаар болсон. Дүүргийн эмнэлэгт хандах гэтэл ухаангүй хүнийг дүүргийн эмнэлэг авахгүй гэсэн. Бид хайж байгаад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлалтай “Энэрэнгүй харц” гэх эмнэлэгт эмчилгээ хийлгүүлэхээр хэвтүүлсэн. ...Манай ахыг ухаан орох боломжгүй гэсэн, одоо ямар нэгэн эмчилгээ байхгүй гэж хэлсэн. Энэ асуудлаас болж ар гэр нь хөрөнгө мөнгө болон сэтгэл санаагаар маш их хохирч байна. ...” /1хх57-58/,
дахин өгсөн “...Бидний зүгээс маш их гомдолтой байна. Тухайн гэмт хэргийг үйлдсэн хүн бид нартай нэг ч удаа уулзаагүй, уучлалт гуйгаагүй, хохирол мөнгөөс нэг ч төгрөг төлөөгүй, мөн шинжээчийн дүгнэлттэй танилцахад хэргийн газрын үзлэгээр хураан авсан цус нь хүний цус байсан ба Ө- нь тухайн цусыг малын цус гэж худлаа яриад байгаа. ...” /1хх121-122/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-гийн “...охин Х-гийн гэрт байсан ба өглөө 08 цаг өнгөрч байхад ...цагдаагийн байгууллагаас холбогдсон. Г-ийн биеийн байдал хүнд, хагалгаанд орох гэж байна, та яаралтай хүрээд ирээч гэхээр нь шууд гэмтлийн эмнэлэгт очсон. Миний сэтгэл санаа хүнд байна, надад ганцхан хүү минь л байсан. Би одоо ч хүүгээсээ салж чадахгүй байна. ...” /1хх109-110/,
гэрч Г.Н-ын “...Би талийгаач Г-ийн төрсөн охин, намайг 6 настай байхад аав Г-, ээж Үүрийнтуяа нар салаад би бага наснаасаа ээжийн хамт байсан. Одоо хүртэл ээжтэйгээ амьдарч байгаа. Тухайн хэрэг болох үед эгч Х- нь над руу залгаж энэ асуудлыг анх мэдсэн. Би талийгаач аавтайгаа сүүлийн 4-5 жил уулзаагүй, утсаар залгах болон чат бичих зэргээр холбогдож байсан. Хамгийн сүүлд 2023 оны 11 дүгээр сард утсаар яриад түүнээс хойш холбоо бариагүй. Миний талийгаач аав дуу цөөтэй, даруухан хүн байсан. Би гомдолтой байна. ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй байна...” /3хх101-102/
гэрч Э.Р-ын “...Би Г-тэй 2020 онд танилцаж нэг газарт хамт ажиллаж байсан. Найз нөхдийн харилцаа хамааралтай. Хамгийн сүүлд энэ сарын 17, 18-ны өдрүүдэд уулзсан. ...Урьд орой нь Г- фейсбүүк чатаар над руу зургаа явуулаад Ө- намайг ийм болгочихлоо гээд бие нь хөх няц болсон байсан. Тэгээд би маргааш өглөө нь очиж Ө-тай уулзаад “дахин битгий ингээрэй, Г-тэй битгий уулзаарай” гээд хэлсэн. Түүнээс хойш өдөр бүр холбоотой байсан, өчигдөр орой хамгийн сүүлд 16-н цагийн үед бие нь дажгүй юу гэж чат бичсэн байсан. Эргүүлээд залгасан чинь утсаа авахгүй байсан, түүнээс хойш холбоо бариагүй, өглөө дүү нар нь над руу залгаад “манай ах гэмтэлд хэвтэж байна, ийм зүйл болчихлоо” гэж хэлсэн. ...Ө- гэх хүнийг танина цуг ажиллаж байсан, уг нь хүний хувьд гайгүй л санагддаг. Бид 2 хоорондоо таардаггүй, Г- нь Ө-тай архи ууж байна, Ө-ыг ирээд ав гэж сүүлийн үед их хэлдэг болсон. ...” 1хх120-121/,
гэрч А.И-гийн “...Өчигдөр буюу 2023.12.14-ний өдрийн 22:00 цаг өнгөрч байхад орцонд чанга дуу чимээ гараад пижигнээд хүмүүс зодолдоод байсан. Тухайн үед гарч зодооныг нь зогсооё гэж бодсон боловч хүүхэд унтаж байсан болохоор гарч чадаагүй. Тэр дуу чимээ 48-н тоотоос гарч байсан. Тус тоотод 40 орчим насны ганц бие эрэгтэй амьдардаг. Ер нь нам гүм даруухан хүн байх шиг байсан. Хааяа гэрт нь хүн ирэхээр архи уугаад байх шиг байдаг. ...” /1хх128/,
дахин өгсөн “...Би тухайн өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо “Хавай” хотхоны *** байрны 7-н давхрын 44 тоотод гэртээ байсан. Энэ өдөр яг цаг хугацааг нь нарийн сайн санахгүй байна, орой орцонд эрэгтэй хүмүүс өндөр дуутай шуугилдаад маргалдаад байх дуу чимээ 2-3 минут орчим дуугарч байгаад алга болсон. Уг давхрын 48-н тоотод ганц бие эрэгтэй байнга архи уучихсан, шуугилдах чимээ гаргадаг байсан учраас эднийг ямар нэгэн хүмүүс ирчхээд чимээ гаргаад маргалдаад байна гэж бодсон. Би нялх хүүхэдтэй байсан учраас гараад харж чадаагүй...” /3хх105-106/,
шинжээч эмч М.Золжаргалын “...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйл гэдэгт гар, хөл, тоосго, чулуу гэх мэт хатуу биетийг ойлгож болно. Ир үзүүртэйгээс бусад зүйлийг мохоо зүйлд хамруулж болно. Гэмтэл согог судлалын өвчний түүхэнд зүүн гуяны ар хэсэгт булчингууд бүрэн тасарч, үхэжсэн, цусан хураа үүссэн байсныг 3-н хэлбэрийн зүслэг хийсэн гэж тодорхойлсон байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ гэмтлийг авсан тохиолдолд эмнэлзүйн шинж буюу доголох, өвдөх, хавдах, улайх зэрэг шИ-үд илэрч болно. Ямар хугацаанд хөлөөрөө явах эсэхийг тодорхойлох боломжгүй. Хохирогчийн идэвхтэй үйл хөдлөл хийх, ухамсартай байх эсэх нь тархинд үүссэн цусан хураанаас хамаарна. Уг гэмтлийг авсны дараа тархинд үүссэн цусан хураа ямар хэмжээгээр үүссэн гэдгийг тодорхойлох боломжгүй учраас гэмтэл авсан даруй ухаан алдах эсхүл идэвхтэй үйл хөдлөл хийсэн гэдгийг нарийн тодорхой дүгнэх боломжгүй. ...” /1хх193-194/,
гэрч Ё.Б-ын “...гэртээ байхдаа бусдад зодуулж гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн очоод хагалгаанд ороод “одоо гар гээд байгаа” гэх тайлбартай энэ оны 01 дүгээр сарын 10-ны өдөр авч ирсэн. Өвчтөн З.Г- нь гавал тархины хүнд гэмтэл, гэмтлийн дараах тархины цус харвалт, уушигний хатгаа, зүүн гуяны ар хэсэгт хагалгааны дараах шархтай комын байдалтай гуурс холбуулсан, гуурсаар цэр гаргасан байдалтай ирсэн. Уг өвчтөнд хордлого тайлах, үрэвслийн эсрэг, уураг тэжээлийн эмчилгээ зэрэг эмчилгээнүүдийг 12 хоног үргэлжлүүлэн хийж байгаад 01 дүгээр сарын 22-ны өдрийн үүрээр нас барсан. ...Ямар ч ухаан байхгүй, биеийн байдал хүнд байсан...” /1хх124-125/,
гэрч Б.Т-ийн “...Тухайн өдөр эмчээр үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд шөнийн 04 цаг өнгөрч байхад уг газраас дуудлага мэдээлэл ирсний дагуу гар утас руу нь ярьж байгаад хаягийг нь заалгаж очсон. Намайг хэрэг учрал болсон газарт очих үед 2 эрэгтэй хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нэг залуу нь орон дээрээ ухаангүй байхаар нь амин үзүүлэлтийг үзэхэд даралт унасан, хүүхэн хараа гэрлийн урвалд эвэрлэгийн рефлексээс багассан өвдөлтөд хариу урвал үзүүлэхгүй байсан. Хамт байсан гэх залуугаас юу болсон талаар асуухад “хамт архи ууж байгаад би унтчихсан байсан. Харин энэ залуу шөнө гарч яваад зодуулчихлаа гээд мөлхөөд орж ирсэн” гэсэн тайлбар өгч байсан. Ингээд өвчтөнийг шууд гэмтлийн эмнэлэг рүү авч явж, хүлээлгэн өгсөн. Тухайн өвчтөн хариу урвал үзүүлэхгүй, ухаангүй байсан. ...Шал нь дээр 2 ширхэг архины шил байсан, өөр онц зүйл ажиглагдаагүй. Намайг үзэхэд ямар нэгэн цус болсон зүйл байгаагүй. Зураг дээрх гэмтэл бол том хэмжээнийх байна. Иймд гэмтэл авсан тохиолдолд их хэмжээний цус гарах ёстой. Гэтэл тухайн үед ийм хэмжээний цус гараагүй байсан болохоор уг гэмтлийг хараагүй. ...” /1хх129-130/ гэх мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 714 дугаартай “...З.Г-ийн биед баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, цусан хураа авч тархи дарагдал чөлөөлөх мэс засал /2023.12.15/, зүүн гуяны арын хоёр толгойт, хагас шөрмөст булчингийн бүрэн тасрал, няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. ...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх156-158/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 591 дугаартай “...Талийгаачийн цогцост толгойн хуйх, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн суурь, дагзны дэлбэн, зүүн тал бөмбөлгийн таламус, уртавтар тархины эдийн няцрал, зүүн гуяны арын хоёр толгойт, хагас шөрмөст булчингийн бүрэн тасрал, няцрал, зүүн уушигны бүрэн бус авчилт, зүүн талын плеврийн хөндийд хий хуралдалт, баруун, зүүн уушигны цулцангийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачид учирсан толгойн хуйх, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн суурь, дагзны дэлбэн, зүүн тал бөмбөлгийн таламус, уртавтар тархины эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн гуяны арын хоёр толгойт, хагас шөрмөст булчингийн бүрэн тасрал, няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Талийгаач нь тархины битүү гэмтлийг авсан даруйд идэвхтэй үйл хөдөлгөөн хийх боломжтой ба хэдий хэр хугацаанд амьд явах болон идэвхтэй үйл хөдөлгөөн хийх эсэх нь тархинд үүссэн цусан хураанаас хамаарна. Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас тархины комд орж, эмчилгээнд үр дүн өгөлгүй нас баржээ. ...” /1хх185-191/ гэсэн шинжээчийн дүгнэлт,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх6-16/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх17-24/, *****” супермаркетын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх28-38/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх39-44/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
3. Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.Ө- ямар буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Б.Ө- нь амь хохирогч З.Г-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодсоны улмаас хохирогч З.Г-т тархины битүү гэмтлийг учруулж уг гэмтлийн улмаас хохирогч тархины комд орж нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ө-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
4. Шүүгдэгч Б.Ө- нь “...Тухайн үед хэргийн газарт байгаагүй 2 гэрчийн мэдүүлгээр намайг буруутгасан, ...З.Г- нь гаднаас хүнд зодуулчихлаа гээд мөлхөж орж ирсэн, ...мөрдөн шалгах ажиллагааны шатанд намайг эрүүдэн шүүсэн, ...үнэн зөвөөр шийдэж өгнө үү. ...” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ нь “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, ...шийтгэх тогтоолд өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл нь тодорхойгүй, ...З.Г-ийн Гэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, гэмтлийн эмчийн үзлэгийн баримт, мэс засал хийгдсэн баримт хэрэгт огт байхгүй, ...мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Ө-ыг эрүүдэн шүүсэн байх магадлалтай, мөн өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү....” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасан бөгөөд эдгээр нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байна.
Тодруулбал, 1 дүгээр хавтас хэргийн 28-38 дугаар талд “*****” минимаркетын хяналтын камерын бичлэг авагдсан байх ба тус хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тухайн хэрэг учрал болсон өдөр оройн 19 цаг 15 минутад З.Г-, Б.Ө- нар нь хамтдаа “*****” минимаркет руу орж, 19 цаг 21 минутад тус минимаркетаас гарч буцаж хохирогчийн гэр лүү явж байгаа бичлэг байх ба энэхүү үйл явдлаас хойш үүрийн 04 цаг 56 минутад яаралтай түргэн тусламжийн эмнэлгийн машин ирж байгаа нь тогтоогджээ.
Дээрх хяналтын камерын бичлэг, гэрч А.И-гийн “...Өчигдөр буюу 2023.12.14-ний өдрийн 22:00 цаг өнгөрч байхад орцонд чанга дуу чимээ гараад пижигнээд хүмүүс зодолдоод байсан. ...Орой орцонд эрэгтэй хүмүүс өндөр дуутай шуугилдаад маргалдаад байх дуу чимээ 2-3 минут орчим дуугарч байгаад алга болсон...” гэх /1хх128, 3хх105-106/ мэдүүлэг, хэргийн бусад нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлж дүгнэхэд харилцан бие биеэнээ дэмжиж нотолсон шинжтэй буюу хамгийн сүүлд хохирогч, шүүгдэгч нар хохирогчийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж, улмаар маргалдаж байсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд хэрэг учрал болсон өдрийн 19 цаг 21 минутаас үүрийн 04 цаг 56 минут хүртэл яаралтай түргэн тусламжийн машин ирэх хүртэл хугацаанд хохирогч З.Г- гэрээсээ гарч явсан, өөр этгээдтэй уулзаж зодуулсан гэж үзэх үйл баримт нотлогдон тогтоогдоогүй байна.
Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх, мөн шүүгдэгч Б.Ө-ыг эрүүдэн шүүсэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй ба анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэлээр улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарын дүгнэлтэд тодорхой хууль зүйн дүгнэлт хийжээ.
5. Эрүүгийн эрх зүйн онол, практикт хүнийг алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийг өөр хооронд нь ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилгоор, мөн хохирогч уг гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсэж нас барсан үйл баримтыг чухалчлан үздэг бөгөөд тухайн хэргийн хувьд шүүгдэгчийн шууд санаатай үйлдлийн улмаас хохирогчийн амь насанд аюултай хүнд гэмтэл учирч, ухаан орохгүй байсаар нас барсан байна.
Өөрөөр хэлбэл, хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.
Иймд, шүүгдэгч Б.Ө-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 15-нд шилжих шөнө З.Г-тэй маргалдаж, түүнийг зодсоны улмаас хохирогч З.Г- тархины битүү гэмтлийн улмаас тархины комд орж, эмчилгээ үр дүн өгөлгүй байсаар 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нас барсан нөхцөл байдал тогтоогдсон, энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Харин, анхан шатны шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг буюу Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгийг хэрэглээгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад энэ талаарх зохих өөрчлөлтийг оруулж, бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.Ө-ын шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон 75 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/1515 дугаар шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “...Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг...” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Б.Ө- болон түүний өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын сарын 20-ны өдрийг хүртэл нийт 75 /далан тав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА