| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2017/0084/Э |
| Дугаар | 58 |
| Огноо | 2018-06-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.2., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 58
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга ******* овогт *******ын Дорж-Очир Улсын яллагч ******* овогт *******ын ******* Шүүгдэгч ******* овогт Т-ийн Ня- Шүүгдэгчийн өмгөөлөгч Алаг адуу овогт *******ын ******* Хохирогч ******* овогт ийн Өл- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ня-д холбогдох 1723000840046 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Завхан аймгийн Улиастай сум Чигэстэй баг ** дугаар гудамж, ** тоотод оршин суудаг, улсаас явсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Т-ийн Ня- Регистрийн дугаар:/ ИЖ********/
Шүүгдэгч Т.Ня- нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн 3 дугаар гудамжны 01 тоотод байрлах “ ******” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж нэг бүр нь 190 төгрөгийн үнэтэй ESSE нэртэй тамхи 10 ширхэг, нэг бүр нь 185 төгрөгийн үнэтэй МEVIUS /mildseven/ нэртэй тамхи 14 ширхэг, 4400 төгрөгийн үнэтэй MAXFUN нэртэй шоколад, бэлнээр 106000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Ня- нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны орой Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн Жавхлантын хэсгийн **-** тоотод байрлах “******” хүнсний дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэн орж 190 төгрөгийн үнэтэй ESSE нэртэй тамхи 10 ширхэг, нэг бүр нь 185 төгрөгийн үнэтэй МEVIUS /mildseven/ нэртэй тамхи 14 ширхэг, 4400 төгрөгийн үнэтэй MAXFUN нэртэй шоколад, бэлнээр 106000 төгрөг хулгайлсан хэргийн үйл баримт нь хохирогч Т.Өл-ын “...2017 оны 11 дүгээр сарын 09-ний орой 21 цаг өнгөрч байхад гэртээ орсон дэлгүүр лүү ордог хаалга онгорхой, цоож нь эвдэрчихсэн, цонх нь хагарсан байсан. ...түрийвчинд 100000 орчим төгрөг байсан. ...би бүхэл 20.000, 10.000 төгрөгний дэвсгэртүүдээ хэтэвчиндээ хийдэг...” гэсэн мэдүүлэг, “******” нэртэй хүнсний дэлгүүрт хийсэн хэргийн газрын үзлэгээр илрүүлсэн гутлын мөр нь Т.Ня-гийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны орой өмсөж явсан гутлын мөртэй тохирсныг нотолсон Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны “...2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 201710067 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн гутлын мөрнүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжлэгдэж буй гутлын улны мөртэй гутлын улны хэлбэр, хэмжээ хээний зураглал хээ хоорондын хэмжээ хээний гүний хэмжээ зэрэг ерөнхий шинж тэмдэгээрээ Т.Ня-гийн баруун хөлний гутлын улны мөртэй тохирч байна...” гэсэн дүгнэлт, Гэрч Д.Н-ийн “...11 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн орчимд нэрийг нь мэдэхгүй доод сургуулийн хүүхэд орж ирээд цөөхөн хэдэн төгрөг хорьт, тавьт зуутын дэвсгэрт нийлсэн мөнгөнүүд бүхэл болгосон ...ойролцоогоор 4,5 мянган төгрөг байсан...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Т.Ня-гийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 10-ны орой хамар хашааны айлын дэлгүүр ажиллуулдаг Өл- эгчтэй уулзаж мөнгө зээлэх гээд хашааны үүдэн дээр нь очсон чинь цоожтой байхаар нь өөрийнхөө хашаагаар даваад ороод гэрийнх нь цонхон дээр очоод цонхыг нь нүдээд хүн байна уу? гээд дуудаж байсан чинь цонх нь хагарчихсан тэгээд би цонхоор нь тонгойсон чинь хүн байхгүй байсан. Тэгээд би дотогшоо ороод дэлгүүрт ордог хаалганы цоожийг эвдээд лангууны араар тойрч очоод лангуун доороос нь тамхи аваад мөн гурван тасалгаатай цаасан хайрцагнаас задгай мөнгө авч халаасандаа хийгээд хайрцагыг хөдөлгөсөн чинь бор өнгийн хэтэвч байсан. Хэтэвчинд 100000 төгрөг, задгай мөнгө нь 6000 төгрөг байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Т.Ня-гийн үйлдлийн улмаас хохирогч Т.Өл-т хохиролд 115250 төгрөг, 81.000 төгрөгний хор уршиг учирсан болох нь эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирол, хор уршиг тогтоогдсон гэж үзлээ. Гэрч, хохирогч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, тэдний мэдүүлгүүд нь шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан бодит хохирол, хор уршигийн шалтгаант холбоотой болохыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийнхээ үндэслэл болгов. Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн болно. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ня-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэнийг хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, хохирлын хэмжээ бага байгаа учир Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцохгүй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 д заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээ харгалзахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 115250 төгрөгийн хохирол, 81.000 төгрөгийн хор уршиг учирсан байна. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй..” гэж заасан ба хуулийн уг зохицуулалт нь шүүгдэгчийн үйлдлийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй байхыг шаардаж байна. Гэтэл Т.Ня-гийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан нь тогтоогдож байх тул түүний үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Шүүгдэгч Т.Ня- нь иргэн Т.Өл-ын дэлгүүрийн цонхыг хагалж, хаалганы цонхыг эвдэлж дэлгүүрт нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- д заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна. Шүүгдэгч Т.Ня-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчид учруулсан хор уршиг, хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд авч үзэж, хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ня-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөөч” гэсэн хүсэлтийг шүүх хуралдаанд гаргаж байгаа ч түүний хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй. Учир нь шүүгдэгч Т.Ня-гийн үйлдсэн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу гэмт хэргийн хүнд ангилалд хамаарч байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн ...бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж заажээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын дээд хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэсэн заалтыг хэрэглэх боломжтой гэж үзлээ. Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хиймэл үстэй хар өнгийн гутал 1 хос, хар өнгийн хос бээлий, “maxfun” гэсэн нэртэй шоколад 1 ширхэг, “Esse” нэртэй тамхи /хайрцаг дотроо 10 шихэг/, “Mildseven” нэртэй тамхи /хайрцаг дотроо 16 ширхэг/-ийг тус тус шүүгдэгчийн саналыг үндэслээд устгах нь зүйтэй. Мөн шүүгдэгч Т.Ня- нь 51 хоног хоригдсон бөгөөд түүнээс гаргуулах хохирол төлбөр хохирогч нэхэмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбарыг шүүхэд ирүүлээгүй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Т-ийн Ня-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн хохирогч Т.Өл-ын дэлгүүрээс эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ******* овогт ийн Ня-г 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ня-д ногдуулсан 01/нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Т.Ня-д 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
5. Шүүгдэгч Т.Ня-гийн эдлэх ялд 51 /тавин нэг/ хоногийг оруулан тооцсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хиймэл үстэй хар өнгийн гутал 1 хос, хар өнгийн хос бээлий, “maxfun” гэсэн нэртэй шоколад 1 ширхэг, “Esse” нэртэй тамхи /хайрцаг дотроо 10 шихэг/, “Mildseven” нэртэй тамхи /хайрцаг дотроо 16 ширхэг/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасуай.
7. Шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөнөөс 380.000 төгрөгийн үнэ бүхий I phone 5s маркийн гар утас битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Шүүгдэгч Т.Ня- нь энэ хэрэгт 51/тавин нэг/ хоног цагдан хоригдсон, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбарыг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМА