| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2307002180141 |
| Дугаар | 2025/ДШМ/674 |
| Огноо | 2025-05-29 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | М.Сэлэнгэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2025/ДШМ/674
2025 05 29 2025/ДШМ/674
Ц.Б холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Сэлэнгэ /цахимаар/,
хохирогч А.О-нхууль ёсны төлөөлөгч Н.Б/цахимаар/,
шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Н.Энхбаяр,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/75 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч А.О-нхууль ёсны төлөөлөгч Н.Болорын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ц.Б холбогдох эрүүгийн 230700 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б,
Ц.Б нь “БХЗ” ХХК-нд захирлаар ажиллахдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “БХЗ” ХХК-ийн блокийн үйлдвэрийн ажлын байранд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага дохиоллын систем, бүрдэл хэсэг нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх”, 9.1.2-т “машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттай байх” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас тус үйлдвэрийн байранд ажиллаж байсан хохирогч А.О-н үйлдвэрийн леботикны троссонд хөлөө хавчуулж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Баярт лайтан овогт Цээсүрэнгийн Быг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бын барилгын бараа материал үйлдвэрлэх компанийн удирдах албан тушаал буюу гүйцэтгэх захирлаар ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 1 жил 6 сарын хугацаанд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б оногдуулсан барилгын бараа, материал үйлдвэрлэх компанийн удирдах албан тушаал буюу гүйцэтгэх захирлаар ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Болорын нэхэмжилсэн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол буюу нөхөн олговор, олох байсан орлоготой холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.Баас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч А.О-нхууль ёсны төлөөлөгч Н.Бдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний нөхөр А.О-н нь 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “БХЗ” ХХК-нд ажиллаж байхдаа өдрийн 50.000 төгрөгийн цалинтай байсан. Тэр хугацаанд үйлдвэрийн осолд орж хөдөлмөрийн чадамжаа 65 хувь алдсан. Иймд ослын улмаас хохирлын нөхөн төлбөрт 9.450.000 төгрөг, /1.050.000*9=9.450.000/ мөн 2023 оны 06 дугаар сард осолд орж түүнээс хойш ажил хийж чадаагүй тул 2023 оны 06 дугаар сараас 2025 оны 03 дугаар сар хүртэл нийт 20 сарын хугацаанд 30.450.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн шүүгдэгч Ц.Бын гаргасан баримт нотолгоо нь шаардлага хангахгүй, тодорхой бус байгаа тул бодит хохирлоо гаргуулмаар байна. Гэмт хэргийн улмаас үүссэн бодит хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй байхад шүүхээс уг нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр бага ял оногдуулсан мөн зорчих эрх хязгаарлах ялыг хоёр дүүрэгт оногдуулсан нь тухайн ялыг цээрлүүлж эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй тул анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Н.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Ц.Б нь “Sonata 7” маркийн машин өгсөнтэй маргаагүй. Гэр ав гэж 3 сая төгрөг шилжүүлсэн. Мөн хохирогч өөрөө хувийн дансгүй бусдын дансаар дамжуулж хохирлын мөнгөө авдаг байсан тул яг хэдэн төгрөгийн хохирлын мөнгө авсан дээр маргаан үүсдэг. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохиролтой холбоотой тодорхой баримт гаргаж өгөөгүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна гээд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хохирогчийн эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Б оногдуулсан ял шийтгэл тохирсон. Аль аль талаас гаргаж өгч байгаа баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байсан тул шүүхээс нотлох баримтаа бүрдүүлээд иргэний шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
Прокурор М.Сэлэнгэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Sonata 7” маркийн автомашиныг 6.500.000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулж шилжүүлсэн гэдэг тал дээр хохирогчийн зүгээс хүлээн зөвшөөрдөг. Тухайн машин нь эвдрэлтэй байсан тул өөр машинаар сольсон гэдэг. Талийгаач А.О-нт “БХЗ” ХХК-иас 20 хоногийн цалин гэж 1.500.000 төгрөгийг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд нь олгосон байдаг. 1.500.000 төгрөгийг өгсөн, авсан дээрээ маргаагүй. Гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Sonata 7” маркийн автомашины үнэлгээн дээр маргасан байдаг. Тухайн автомашиныг 6.500.000 төгрөгөөр тооцож шилжүүлсэн байх боловч шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Бын талаас зах зээлийн одоогийн үнэлгээ 15.000.000 төгрөг байна гэж хэлсэнээс болж маргаан үүссэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн зүгээс баримтаар нэхэмжилсэн зүйлгүй. Гэр авах мөнгө болох 3.000.000 төгрөгийг хохирогчид өгсөн байдаг. 3 сая төгрөг өгсөн, авсан дээр маргаагүй. Хохирогчийн өмгөөлөгч Халиунаагаас хөдөлмөрийн чадвараа алдсаны нөхөн олговор нэхэмжилсэн. Гэвч энэ талаарх баримтаа гаргаж өгөөгүй тул анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Болорын нэхэмжилсэн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол буюу нөхөн олговор болон олох ёстой байсан орлоготой холбоотой асуудлыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бнь анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцсон бөгөөд шүүгдэгчийн нотлох баримтын шаардлага хангаагүй гаргасан баримтыг нотлох баримтаас хасуулах талаар ямар нэгэн санал гаргаагүй. Анхан шатны шүүх талуудын тэгш мэтгэлцээний үндсэн дээр хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтын хүрээнд хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Болорын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Ц.Б нь “БХЗ” ХХК-нд захирлаар ажиллахдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “БХЗ” ХХК-ийн блокийн үйлдвэрийн ажлын байранд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага дохиоллын систем, бүрдэл хэсэг нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх”, 9.1.2-т “машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттай байх” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас тус үйлдвэрийн байранд ажиллаж байсан хохирогч А.О-н үйлдвэрийн леботикны троссонд хөлөө хавчуулж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь:
цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 14-17/,
хохирогч А.О-нэмнэлгийн тусламж үйлчилгээ авсан Яаралтай тусламжийн хуудас, эмнэлэгт хэвтсэн өвчний түүх /1хх 60-89/,
“БХЗ” ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх 234-242/,
Шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 300 дугаартай “...Адъяагийн А.О-нын биед баруун шилбэний хугарал, баруун тахимын тараагуур, хураагуур судасны тасралын хүндрэл, баруун хөлийн дунд чөмөгт ясны доод хэсгийн тайрагдал тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн хавчигдах үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.17.103.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд их хэмжээгээр нөлөөлөх тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 65% нөлөөлнө. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна.” гэх /1хх 25-26/,
2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ХАБ 01-07/02 дугаартай: “...“БХЗ” ХХК-ийн ажил олгогч нь тухайн тоног төхөөрөмжийг ажиллуулах сургалтад хамрагдаагүй, шалгалт өгөөгүй, зааварчилгаа аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалтад “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, үйлдвэрлэлд ашиглаж байсан тоног төхөөрөмж нь хөдөлгөөнт хэсэг нь аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, эвдрэл гэмтэлтэй, машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны зааваргүй, баталж мөрдүүлээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсгийн “машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх”, 9.1.2 дэх хэсэгт “машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттай байх" гэж заасныг тус тус зөрчсөн байна. Тухайн байгууллагын ажил олгогч нь машин механизм, тоног төхөөрөмжид тавигдах шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй. Энэ талаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал эзэн, ажил олгогч шууд хариуцна” гэж заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэгтэй.” /1хх 34-36/ гэх дүгнэлтүүд,
хохирогч А.О-нын: “....” /1хх 21/,
гэрч Г.Ганцэцэгийн: “.... ...” /1хх 23/,
гэрч Т.Ц: “.... ...” /1хх 96-98/ гэх мэдүүлгүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Быг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн, шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 2 жилийн хугацаагаар эрх хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.
Хохирогч А.О-нхууль ёсны төлөөлөгч Н.Б“...ослын улмаас хохирлын нөхөн төлбөрт 9.450.000 төгрөг, мөн 2023 оны 06 дугаар сард осолд орж түүнээс хойш ажил хийж чадаагүй тул 2023 оны 06 дугаар сараас 2025 оны 03 дугаар сар хүртэл нийт 20 сарын хугацаанд 30.450.000 төгрөг нэхэмжилж байна. Гэмт хэргийн улмаас үүссэн бодит хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй байхад шүүхээс зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулсан нь хуульд нийцээгүй тул анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Анхан шатны шүүх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-ын хохирол төлбөрт “Соната-7” маркийн автомашин, гэрийн мөнгө 3.000.000 төгрөг, бусад зардалд тодорхой хэмжээнд мөнгө өгч байсан болох нь тогтоогдсон боловч “Соната-7” маркийн автомашиныг хэдэн төгрөгөөр үнэлсэн талаарх нотариатаар орсон гэрээг шүүхэд гаргаж ирүүлээгүй, талууд үнийн дүн дээр маргаж байгаа, хохирогчид хохирол төлбөрт мөнгө шилжүүлсэн гэх дансны хуулга нотлох баримтын шаардлага хангахгүй, хохирол төлбөрт хэдэн төгрөг бодитоор төлсөн нь тодорхойгүй, шүүхээс хохирлын хэмжээг тооцоолон гаргах боломжгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.Баас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн, Анхан шатны шүүх Ц.Б эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй боловч шүүгдэгчийн барилгын бараа материал үйлдвэрлэх компанийн удирдах албан тушаал буюу гүйцэтгэх захирлаар ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж байгаа нь үндэслэлгүй байх тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс тодруулж, шүүгдэгч Ц.Бын барилгын бараа материал үйлдвэрлэх эрхийг хасах нь зүйтэй гэж үзэв.
Иймд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/75 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Болорын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/75 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтад “... барилгын бараа материал үйлдвэрлэх компанийн удирдах албан тушаал буюу гүйцэтгэх захирлаар ажиллах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, ...” гэснийг “... барилгын бараа материал үйлдвэрлэх эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, ...” гэсэн өөрчлөлт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Болорын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ