Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2018/0364

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 20 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2018/0364

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, өмгөөлөгч П.Б, Ш.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, өмгөөлөгч З.С, Б.Х нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 128/ШШ2018/0145 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдлоор, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 42 дугаар тушаалаар томилогдсон Сонгон шалгаруулалтын комисст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал У.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ……… кодтой сонгон шалгаруулалтад дүгнэлт гаргасан Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг хүчингүй болгож, дээрх дүгнэлтийг үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/120 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, тус газраас зарласан тусгай зөвшөөрөл олгох ………. кодтой сонгон шалгаруулалтад ирүүлсэн оролцогчдын материалд дахин үнэлгээ өгүүлэхийг даалгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 434 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 128/ШШ2018/0145 дугаар шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.1, 20.3, 20.5-д тус тус заасныг баримтлан “Б” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 42 дугаар тушаалаар байгуулагдсан Сонгон шалгаруулалтын комисс, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад тус тус холбогдуулан гаргасан Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ……… кодтой сонгон шалгаруулалтад дүгнэлт гаргасан Сонгон шалгаруулалтын комисс-ын дүгнэлтийг хүчингүй болгож, дээрх дүгнэлтийг үндэслэн гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/120 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, тус газраас зарласан тусгай зөвшөөрөл олгох ………. кодтой сонгон шалгаруулалтад ирүүлсэн оролцогчдын материалд дахин үнэлгээ өгүүлэхийг даалгуулах, Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 434 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нэхэмжлэлийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох …… кодтой сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулж, ……… кодтой сонгон шалгаруулалтад ирүүлсэн оролцогчдын материалд дахин үнэлгээ өгүүлэхийг даалгуулах”-ыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараахь дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй болсон.

1. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 10 дугаар талд “...хэргийн оролцогчдоос комиссын гишүүн тус бүрийн оролцогч компани бүрт өгсөн үнэлгээг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд комиссын гишүүдийн нэгтгэн дүгнэсэн дүгнэлтийг хүчингүй болгох боломжгүй...” гэсэн нь нэг талаас комиссын гишүүн нь захиргааны байгууллага, албан тушаалтан болох шаардлагыг хангахгүй, нөгөө талаас 1 гишүүний гаргасан үнэлгээний хуудас нь захиргааны актад тавигдах шаардлагыг бүрэн хангахгүй байхад үүнийг зөрчиж шаардлагаа тодорхойлох байсан гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн хувьд Захиргааны ерөнхий хууль 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын шинжийг бүрэн агуулсан, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндсөн үр дагавар бий болгож байгаа, захирамжилсан шинжтэй комиссын дүгнэлтийн …….. дугаартай холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар шаардлагаа тодорхойлсон нь үндэслэлтэй бөгөөд дээрх дүгнэлт нь ямар ч хуульд үндэслээгүй буруу дүгнэлт болсон байх ба энэ нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болох ёсгүй юм.

2. Мөн 10 дугаар талд “...Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын дагуу Сонгон шалгаруулалтын материалд дахин үнэлгээ хийсний дараа түүний үр дүнгээс хамаарч нэхэмжлэгч “Б” ХХК нь дахин маргахыг үгүйсгэх үндэслэлгүй бөгөөд энэ тохиолдолд хариуцагчийн хуулиар олгогдсон эрхэд халдахаар байна гэж шүүх үзлээ...” гэх дүгнэлтээс үзэхэд иргэн, хуулийн этгээдэд хуулиар олгосон хамгийн чухал эрх болох төрийн захиргааны байгууллагын эрхийг нь хөндөж байгаа акттай холбогдуулж шүүхэд болон дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргах эрхээ хэрэгжүүлж магадгүй учир шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүх үзжээ хэмээн ойлгогдохоор байна.

Захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр иргэн, хуулийн этгээдийн эрхийг зөрчсөн эсэх, зөрчигдсөн эрхийг нь хамгаалах үүрэгтэй Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч компани дахин манай шүүхэд хандах магадлалтай учир хариуцагч байгууллагын эрхэд халдахаар байна гэж ямар ч утга учиргүй дүгнэлт хийж байгаа нь шүүгч хэт нэг талыг барьж хуулийн дагуу гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхдээ анхаарч үзээгүй, цаашлаад захиргааны акт гэдэг зүйл юу болохыг шүүх өөрсдөө тодорхойлж чадахгүй, нэхэмжлэгчийн маргах эрхийг нь хязгаарлах, буруу мэтээр дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Яг энэхүү дүгнэлтийг хийж хариуцагчийн эрхийг хөндөхөөр байна гэж тодорхойлохдоо хариуцагч байгууллагын хуулиар хамгаалагдсан ямар эрхэд нь халдах гэж байгааг тодорхойлж чадаагүй, тодорхойлох ч боломжгүй учир ийм дүгнэлт хийсэн нь тодорхой ойлгогдохоор байна.

3. Шүүхийн шийдвэрийн 12 дугаар талд “...Сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 6 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгох боломжгүй, дээрх шийдвэрүүдээр зөвхөн “Б” ХХК-ийн асуудлыг шийдвэрлээгүй, 4 талбайд ирүүлсэн 15 компанийн асуудлыг шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу бусад талбайд шалгарсан компанийн үнийн саналыг хүчингүй болгох нь үндэслэлгүй юм” гэжээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн хувьд Ховд аймгийн Алтай, Мөст сумын нутаг …….. га бүхий “Мөст” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ……… талбайн кодтой сонгон шалгаруулалтанд оролцсон бөгөөд уг сонгон шалгаруулалт хууль бус явагдаж, эрх ашиг нь зөрчигдсөн хэмээн үзэж шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ оролцсон сонгон шалгаруулалтын талбайн нэр, код, өрсөлдсөн аж ахуйн нэгжүүдийн нэр, хууль бус гэж үзсэн захиргааны актыг тодорхой дурьдсан байгааг шүүх олж хараагүйд харамсаж байна.

4. Хууль буруу хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд хэрэгт маргаж буй сонгон шалгаруулалтад оролцсон 4 компанийн материал бүрэн татагдсан, комиссын гишүүдийн өгсөн үнэлгээний хуудас нь мөн ирсэн байдаг.

Тус баримтуудаас үзэхэд комиссын үнэлгээ, дүгнэлтийг гаргаж байгаа гишүүдийн зарим нь илэрхий хуурамч баримтыг бүрдүүлэн өгсөн нотлох баримтууд эх хувиараа авагдсан байхад түүнийг үнэлээгүй.

Жишээлбэл ялсан гэх “Б” ХХК-ийн төсөлд хавсарган ирүүлсэн баримтын 70-73 дугаар хуудсанд 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 17/07 дугаар “Худалдах, худалдан авах гэрээ”-г “Б” ХХК-тай байгуулж, тус компаниас техник хэрэгслийг гэрээ байгуулснаас хойш 5 хоногийн дотор нийлүүлэхээр тохиролцсон

- Өрмийн машин-1 ш /арлын дугаар ………../

- Эксковатор-1 ш /арлын дугаар …………/,... техник хэрэгслийг тус шалгаруулалтад оролцсон “М” ХХК-ийн “Б” ХХК-тай байгуулсан 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “Ашигт малтмалын эрэл хайгуул, судалгааны ажил явуулах, техник тоног төхөөрөмжөөр хангах” гэрээгээр түрээсээр ашиглахаар тохиролцсон байгаагаас харахад хариуцагч комиссын хуульд заасан шаардлагыг хамгийн их хангаж өндөр оноо авсан гэж шалгаруулсан “Б” ХХК нь баримт бичигтээ нотариатаар баталгаажаагүй, хуулийн шаардлага хангаагүй гэрээг ирүүлсэн байхад өөрийнх нь техник хэрэгсэл гэж үзэн оноо өгч байгаа нь хууль, журмаар хүлээсэн бодит, шударга үнэлгээ өгөх, илт хуурамч баримт ирсэн байхад хууль ёсны дагуу үнэлгээ өгөх үүргээ хэрэгжүүлээгүй комиссыг хуульд нийцсэн дүгнэлт гаргасан гэж шүүх үзсэн нь уг баримтуудыг буруу үнэлсэн, үнэлэхийг хүсээгүй гэж үзэхээр байна.

5. Үнэлгээ хийх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт ялагчийг тодруулахдаа өргөдөл өгсөн этгээдийн мэргэжлийн боловсон хүчний чадварыг харгалзан энэ хуулийн 10.1.2-т заасан журамд заасны дагуу үнэлгээ өгч, хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчид тусгай зөвшөөрөл олгох” гэж зааснаас үзэхэд өргөдөл өгч байгаа хуулийн этгээдийн боловсон хүчний чадварыг харгалзсан эсэх нь энэ тохиолдолд маш эргэлзээтэй, ялсан гэх компанийн тухайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл явуулсан ямар ч туршлага байхгүй, өөр нэг компанийн ажилтан /сонгон шалгаруулалтад оролцогч “С” ХХК мөн авч ажиллуулж буй/ нарыг авч ажиллуулах тус компанитай хамтран ажиллах гэрээ байгуулснаар боловсон хүчний чадвараа үнэлүүлж нэхэмжлэгчээс өндөр оноо авч байгаа нь дээрх хуулийн шаардлагыг комисс хэрхэн хангаж ажилласан нь хэрэгт авагдсан баримтаас маш тодорхой байна.

Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн харилцаа нь ажилтан, ажил олгогчийн хоорондын гэрээгээр тодорхойлогддог болохоос компанийн хооронд тохиролцох харилцаа биш бөгөөд тус гэрээнд дурдсан ажиллана гэсэн мэргэжилтэнгүүд өөрсдөө зөвшөөрч гарын үсэг зурсан гэрээ байхгүй байхад түүнийг ажилтан гэж үнэлгээ өгсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасны дагуу нэхэмжлэгч “Бүрдэнговь групп” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн 128/Ш32018/0148 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр шийдлийн хувьд үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Гэхдээ “Б” ХХК-иас сонгон шалгаруулах комиссын үнэлгээг эс зөвшөөрч маргаж байхад “…комиссын гишүүн бүрийн өгсөн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэж, мөн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд дахин хийгдэх үнэлгээтэй нэхэмжлэгчийг маргахыг үгүйсгэх үндэслэлгүй…” гэх мэтээр захиргааны актад хамаарахгүй асуудлаар маргаж болох мэтээр, цаашлаад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд ирээдүйд болох үр дагаврыг харгалзсан байдлаар хийсэн эдгээр дүгнэлтүүд нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, агуулгын хувьд ойлгомжгүй, тухайн маргаандаа хамааралгүй болжээ.

Тухайлбал комиссын гишүүдийн тус тусын гаргасан үнэлгээ дангаараа захиргааны актын шинжийг агуулахгүй, мөн гишүүд дангаараа комиссын үнэлгээтэй холбогдуулж хариуцагчаар татагдах боломжгүй.

Түүнчлэн сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 6 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг “Б” ХХК-иас гаргаагүй, харин уг дүгнэлтээс өөрийн оролцсон Ховд аймгийн Алтай, Мөст сумдын нутгийг хамарсан Мөст нэртэй талбай /…………/-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан, энэ хүрээнд ч захиргааны хэрэг үүсгэн шалгасан байдаг.

Өөрөөр хэлбэл бусад 3 талбайд зарласан сонгон шалгаруулалтын үнэлгээний талаар огт маргаагүй, маргах ч үндэслэлгүй байхад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тэдгээрийн үнэлгээг хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.

Үндсэндээ анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтүүдэд үндэслэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй, харин ч энэ талаарх давж заалдах гомдлын хэсгийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй. 

Үнэлгээний тухайд ……… тендерт оролцогч 4 компанийн техникийн оноог адил буюу 34 гэж үнэлээгүй, бодит байдалд анх 5 компани тухайн шалгаруулалтад оролцсоноос “Б” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материал тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 5 дугаар зүйлийн 5.4.3-т заасан шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр шалгаруулалтаас хасагдсан байх бөгөөд үлдсэн 4 компаниас “М” ХХК-ийг 33.6 оноогоор үнэлсэн байна.

“Б” ХХК-ийн  тендерийн баримт бичгийн 144-145 дугаар хуудсанд буй техник, тоног төхөөрөмжийн жагсаалтаас үзэхэд  экскаватор, өөрөө буулгагч, өрмийн машин тус бүр 1 ширхэг, гэтэл өрмийн машин нь техник ашиглалтын паспортод тэмдэглэснээр БНСУ-д үйлдвэрлэгдсэн ROWER7000SD маркын DOOSAN загварынх гэх боловч 149 дэх талд NANJIN D&B CO.,LTD компанийн ROWER7000SD маркын өрмийн машины танилцуулга хавсаргасан, 163 дугаар хуудсанд улсын дугааргүй 1 автомашины зургийг 6 дараалан авч хавсаргасан, цахилгааны үүсгүүр 2 ширхэг гэсэн боловч 166 дугаар, усны помп 1 ширхэг гэсэн боловч 167 дугаар хуудсанд тус тус авагдсан техникийн зурган дахь төхөөрөмжийг нэхэмжлэгч компанийнх гэх шууд дүгнэхэд эргэлзээтэй, өөрөөр хэлбэл зурган дахь усны помп шинээрээ огт ашиглагдаагүй, цахилгааны үүсгүүр мөн адил байдалтайгаар авагджээ.

Түүнчлэн “Б” ХХК нь мэргэжлийн боловсон хүчний хувьд төслийн удирдагч бөгөөд ерөнхий геологич, төслийн менежер, санхүүч, зөвлөх геологич, геологич 2, өрмийн инженер гээд нийт 7 ажилтантай байхаар тусгасан байна.

Харин гуравдагч этгээд “Б” ХХК-ийн тухайд тендерийн баримт бичгээс нь үзэхэд “Б” ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээгээр өрмийн машин, экскаватор тус бүр 1 ширхэг, өөрөө буулгагч 2 ширхэг буюу нийт 485 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, мөн оны 6 дугаар сарын 9-ний өдөр “С” ХХК-тай ашигт малтмалын эрэл хайгуул, судалгааны ажил явуулах мэргэжлийн боловсон хүчнээр хангах, 6 дугаар сарын 12-ны өдөр “Ю” ХХК-тай Цооногийн геофизикийн судалгааны ажилд болон геофизикийн цахилгаан, соронзон хайгуулын ажилд хамтран ажиллах гэрээг тус тус байгуулжээ.

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгчийн хувьд өөрийгөө одоогийн шалгарсан “Б” ХХК-иас ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах туршлага, техник тоног төхөөрөмжийн хангамж, мэргэжлийн боловсон хүчний хувьд хамаагүй илүү байхад 34 оноогоор адил үнэлсэн хууль бус гэх тайлбарыг зөвтгөх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин ч комиссын гишүүдийн үнэлгээний хуудсанд тэмдэглэснээр ажлын дадлага туршлагын тухайд нэхэмжлэгч “Б” ХХК-д бүгд 5 оноо, харин гуравдагч этгээд “Б” ХХК-д бүгд 3 оноо өгсөн, мөн уг үнэлгээний хуудсанд зөвхөн мэргэшлийн боловсон хүчин болон техник тоног төхөөрөмжөөр хангагдсан байдал, геологи хайгуулын ажлын туршлагаас гадна геологи хайгуулын ажил явуулах төслийн баримт бичгийн үнэлгээ, сонгон шалгаруулалтын үнийн санал зэргийг харгалзан үзэж 100 оноо өгөхөөр тусгасан байх тул сонгон шалгаруулах комиссын үнэлгээг илт үндэслэлгүй гэж үзэхгүй.

“Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулах журам”-ын 8.2.1-д зааснаар хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчид нийт үнэлгээний 50 хүртэл хувийн оноо өгөхөөр зохицуулсны дагуу …….. тендерт нэхэмжлэгчээс ………… төгрөгөөр илүү буюу ……….. төгрөгийн хамгийн өндөр үнэ санал болгосон гуравдагч этгээдийг шалгаруулсныг буруутгах боломжгүй.

Уг журмын 8.2.3, 8.2.4-д заасан хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах техник тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчин нь заавал тухайн тендерт оролцогч аж ахуйн нэгжийн эзэмшлийн, эсхүл өмчлөлийн, мөн ажиллах хүчин нь тухайн компанид хамааралтай байх шаардлага тавигдаагүй байгааг ч тэмдэглэх нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 128/ШШ2018/0145 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН