Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2018/0345/З |
Дугаар | 180 |
Огноо | 2020-05-20 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 180
“УБП” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
УБЕГ, НИТХ, НӨАУГ-т тус тус холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ч.Тунгалаг,
Шүүгчид: М.Батсуурь,
Г.Банзрагч,
Д.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 000048604 дугаартай “МСМ” ХХК-ийн нэр дээрх, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 000459489 дугаартай “УБС” ХХК-ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах, “УБП” ХХК-ийн нэр дээр гэрчилгээ гаргахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, UB palace цогцолборын 1944 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “УБП” ХХК-ийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, УБЕГ-т даалгах, дугаар бүхий 8 үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,
Гуравдагч этгээд “УБС” ХХК-ийн бие даасан шаардлага: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 3/15 тогтоолын “УБП” цогцолборын барилга байгууламжид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, “УБП” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй дугаар бүхий 7 үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулах,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0757 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 57 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч Б.Согоосүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд, С.Мандахбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Даваасүрэн, Ц.Бат-Эрдэнэ, гуравдагч этгээд “УБС” ХХК-ийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд, Р.Мөнхзул, гуравдагч этгээд “Номин холдинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0757 дугаар шийдвэрээр: 1 дэх заалтаар Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1997 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-д заасныг баримтлан “2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 000048604 дугаар “МСМ” ХХК-ийн нэр дээрх, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 000459489 дугаар “УБС” ХХК-ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах, “УБП” ХХК-ийн нэр дээр гэрчилгээ гаргахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Баянгол дүүрэг, 6 дугаар хороонд байрлах, UB palace цогцолборын 1944 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “УБП” ХХК-ийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, УБЕГт даалгуулах, Улсын бүртгэлийн Ү-2205018404 дугаар бүртгэл болон энэхүү бүртгэлийг үндэслэж гарсан “УБП” ХХК-ийн нэр дээрх 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 0088603 дугаартай, “Номин холдинг” ХХК-ийн нэр дээрх 2003 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 0088619 дугаартай, иргэн Ч.Отгонбаатарын нэр дээрх 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 000175608 дугаартай, иргэн О.Баянмөнхийн нэр дээрх 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 000175681 дугаартай, “Голден гейм” ХХК-ийн нэр дээрх 2006 оны 03 дугаар сарын 01-ний 000178583 дугаартай, “Скайтел” ХХК ийн нэр дээрх 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 000183566 дугаартай, “Вэй рич ресорсез Монголиа” ХХК-ийн нэр дээрх 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 000459485 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “УБП” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд “УБС” ХХК-ийн “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3/15 тогтоолын Нийслэлийн өмчөөс 2005 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтын Баянгол дүүрэгт байрлах “УБП” цогцолборын барилга байгууламжид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах болон Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр Өмчлөгчийн эрх олгох тухай тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах”-ыг хүссэн бие даасан шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, үлдэх ““УБП" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Улсын бүртгэлийн 2000 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Ү-2205017044, 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Ү-2205017112, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2205017113, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2205017114, 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2205017115, 2002 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Ү-2205018016, 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ү-2205018076 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн бие даасан шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 57 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 757 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “УБП” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Нэхэмжлэгч “УБП” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тодорхойлогдсон 10 улсын бүртгэлийг хууль ёсны гэж дүгнэхдээ зөвхөн Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Мэдүүлэгт хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлүүдийг тусгах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана”, 1-д “тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотлох бичиг баримт", 2-т “тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэлгээг тогтоосон эрх бүхий байгууллагын бичиг баримт", 3-д “газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ”, 3-д “өмчийн газрын кадастрын зураг” гэж заасныг л хэрэглэжээ. Мэдүүлэгтээ хуулиар тодорхойлсон баримт бичгүүдийг хавсаргаснаар л тухайн үл хөдлөх мэдүүлэг гаргагчийнх болох ёстой гэж дүгнэж, хуулийг буруу хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа материаллаг хуулийг огт хэрэглээгүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд зөвхөн үйл баримтад дүгнэлт өгчээ.
4. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 тоот тогтоол гарахаас өмнө Нийслэлийн өмч байсан. Улмаар нэхэмжлэгч “Улаанбаатар папасе” ХХК нь зохих үнийг төлж, цогцолборыг бүхэлд нь хувьчилж авсан байдаг. Тус тогтоолын 3 дахь заалтад дурдсанаар энэхүү үл хөдлөх эд хөрөнгө нийслэлийн өмчийн бүртгэлд байжээ. Гэтэл жинхэнэ өмчлөгчөөс хамааралгүй, түүнд мэдэгдэлгүй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэж, гэрчилгээ олгож, шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцэхгүй байна.
5. Давж заалдах шатны шүүх нийслэлийн болон нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг бүрэн үгүйсгээгүй бөгөөд “...нийслэлийн өмчийн хөрөнгийг давхардуулан бүртгэсэн талаар нийслэлийн өмчийн асуудал эрхэлсэн байгууллага нэхэмжлэх эрхтэй бөгөөд, нэхэмжлэгч нь хувьчлалын дагуу шилжүүлэн авснаар өмчлөх эрх үүссэн гэж үзэж байгаа бол төлбөрийг авч, өмчлөх эрхийг шилжүүлсэн этгээдтэй маргах эрх нь нээлттэй” гэж дүгнэжээ. Шүүх гуравдагч этгээдийн тухайд энэхүү дүгнэлтээ хийх нь зүйтэй байсан. Өөрөөр хэлбэл, 2003 онд хууль зөрчиж өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан, үүний улмаас өмчлөх эрхийг шилжүүлэн авсан этгээдүүд иргэний журмаар маргаж, учирсан хохирол, төлбөрөө гаргуулах эрх нь нээлттэй. Гэтэл Давж заалдах шатны шүүх хөрөнгийн эзний хуулийн хүрээнд явуулсан хувьчлалаар өмчлөх эрхийг шилжүүлэн авсан этгээдийн эрхийг зөрчсөн дүгнэлт хийсэн байна.
6. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх болон түүнийг төрийн байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхгүй” гэж заасны дагуу төрийн 9 өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн “Эрхийн улсын бүртгэл дараах зарчимд үндэслэгдэнэ”, 5.1.2-т “бүртгэл үнэн зөв байх" гэж заажээ. Иргэний хуулийн 183 дугаар зүйлд“Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх", 183.2-т “Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно”, 183.3-д “Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй” гэж тус тус заасны дагуу хууль ёсны өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа “УБП” ХХК нь улсын бүртгэлийн байгууллагад, шүүхэд энэхүү асуудлаар гомдол, нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй юм.
7. Шүүх Иргэний хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дээр дурдсан заалтуудыг хэрэглэн, захиргааны байгууллагын үйл ажиллагаа үүнд нийцсэн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.
8. Маргаан бүхий улсын бүртгэлүүд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй", 9.1.9-д “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэж зааснаар илт хууль бус бөгөөд жинхэнэ өмчлөгчөөс хамааралгүй хийгдсэн захиргааны үйл ажиллагаа юм. Хариуцагч НӨАУГ-, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхбаяр “яагаад нийслэлийн өмч байсан хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдэж, шилжээд явсныг ойлгохгүй байна” гэх тайлбарыг шүүх хуралдаанд хэд хэдэн удаа хэлсэн. Өөрөөр хэлбэл маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нэг ижил цаг хугацаанд 2 этгээдийн өмчлөлд нэгэн зэрэг байсан болчхоод байна. Үүнээс дүгнэхэд захиргааны байгууллага илэрхий алдаатай шийдвэр гаргасан байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон бүртгэл, улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
9. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон бие даасан шаардлагыг шийдвэрлэхдээ зөрчилдсөн дүгнэлт хийсэн байна. Гуравдагч этгээдүүдэд олгосон гэрчилгээ, улсын бүртгэл хууль ёсны буюу эдгээр компаниуд хууль ёсны өмчлөгч гэж дүгнэсэн атлаа “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Аймаг, нийслэлийн Хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 19.1.3-д “орон нутгийн өмчийг хувьчлах бодлого, чиглэл, хувьчилж үл болох орон нутгийн өмчийн жагсаалтыг Засаг даргын өргөн мэдүүлснээр хэлэлцэж батлах, түүнд өөрчлөлт оруулах”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна”, 2-т “Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхтэй”, 3-д “орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах” гэж тус тус хуульчилсан байна..." гэж дүгнэжээ. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлттэй нэхэмжлэгчийн хувьд санал нэг байгаа бөгөөд хуульд дээрх байдлаар зохицуулсанчлан маргаан бүхий эд хөрөнгө нийслэлийн өмчид хамаарна.
10. Анхан шатны шүүхийн энэхүү эсрэг, харилцан нэгнээ үгүйсгэсэн дүгнэлтийг харахад “тэгээд хэний өмч гэж үзэх юм бэ” гэх асуулт урган гарч байна. Үүнээс гадна шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон, нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлүүдэд хариу өгөөгүй, акт тус бүрд, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрийг шалгаж, дүгнээгүйд гомдолтой байна.
11. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
12. Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
13. Нэхэмжлэгч “УБП” ХХК-иас “2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 000048604 дугаартай “МСМ” ХХК-ийн нэр дээрх болон 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 000459489 дугаартай “УБС” ХХК-ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах, дугаар бүхий 8 үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, “УБП” ХХК-ийн нэр дээр гэрчилгээ гаргахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, “UB palace” цогцолборын 1944 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “УБП” ХХК-ийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, УБЕГт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
14. Нэхэмжлэгчээс “хувьчилж авсан үл хөдлөх хөрөнгийг жинхэнэ өмчлөгч болох Нийслэлийн өмчийн газарт мэдэгдэхгүй бусдад шилжүүлж бүртгэсэн нь хууль бус” гэж, хариуцагчаас “нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтээр “Номин холдинг” ХХК-ийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн бүртгэсэн, хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.
15. 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороолол, Спорт цогцолборын дуусаагүй барилгын хойд талд байрлах соёл урлаг, спорт, үйлчилгээний зориулалттай 1944 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-2205018404 дугаарт бүртгэж, 00886603 тоот гэрчилгээг “УБП” ХХК-д олгосон байна. Улмаар уг хөрөнгийг 2003 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “УБП” ХХК болон “Номин холдинг” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу “УБП” ХХК-ийн өмчлөлөөс “Номин холдинг” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэсэн байна.
16. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1997 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Мэдүүлэгт энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлүүдийг тусгах бөгөөд дараахь бичиг баримтыг хавсаргана”: 1-д “тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотлох бичиг баримт” гэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д “үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна” гэж, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд маргаан бүхий улсын бүртгэл хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн “өмчлөгчид мэдэгдээгүй шилжүүлсэн” гэх гомдол няцаагдаж байна.
17. Нэхэмжлэгчийн “хөрөнгө нэг ижил цаг хугацаанд хоёр өөр этгээдийн өмчлөлд бүртгэлтэй байсан буюу 2013 онд өмч хувьчлал явагдах хүртэл нийслэлийн өмч байсан тул “УБП” ХХК-ийн өмчлөлд 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдөр бүртгэгдэх үндэслэлгүй” гэх гомдлын тухайд: “УБП” ХХК-ийн 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн мэдүүлэг, нийслэлийн Засаг даргын 1999 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/157 дугаар захирамж, газар ашиглах гэрээ зэрэг бичиг баримтыг үндэслэн 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 0088603 дугаарт 1944 мкв дуусаагүй барилгын хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч хуулийн этгээдийг бүртгэсэн нь хуульд нийцсэн, хэдийгээр 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Нийслэлийн өмч хувьчлах комиссын тогтоол гарч, 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өмчлөлийн эрх олгогдсон боловч нийслэлийн Засаг даргын 1999 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/157 дугаар захирамжаар “Спорт цогцолборын дуусаагүй барилгыг “Үүрэг трейд” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар гүйцээж барихаар” шийдвэрлэж, гуравдагч этгээд тэргүүн ээлжинд худалдан авах эрх олгосон, энэ дагуу холбогдох төлбөр тооцоог бүрэн барагдуулснаар маргаан бүхий хөрөнгийг өмчлөх эрх үүссэн, үүнээс шалтгаалан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй юм. Учир нь 2003 оны анхны бүртгэл нь “УБП” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, энэ нь нэхэмжлэгчийн хувьд эерэг үр дагавартай шийдвэр бөгөөд “нийслэлийн өмч” хэмээн бусад этгээдийн өмнөөс зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо тодорхойлж маргах эрхгүй.
18. “УБП” ХХК-ийн удирдлага нь 2006 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр өөрчлөгдсөн, нэхэмжлэгчээс “2003 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэлийг мэдээгүй” гэж маргаж байгаа боловч өмнөх удирдлагын шийдвэрийн үр дагаврыг шинээр бий болсон удирдлага хариуцах ба 2006 онд компанийн холбогдох баримт бичгийг судлах бүрэн боломжтой байсан, энэ нь компанийн дотоод асуудалд хамаарах тул уг үндэслэлээр захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй.
19. Нэхэмжлэгчийн “шүүхээс шударга өмчлөгчийн эрхийг анхаарч үзээгүй” гэх гомдол нь захиргааны актын хууль зүйн үндэслэлд хамааралгүй, иргэний хэргийн шүүхээр дүгнэгдэх үйл баримт байна.
20. Мөн “анхан шатны шүүхийн тэмдэглэл нь шүүхийн шийдвэрээс зөрүүтэй, зарим гуравдагч этгээдэд захирамж гардуулаагүй” гэх гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан боловч давж заалдах шатны шүүхэд энэ үндэслэлээр гомдол гаргаж байгаагүй, нөгөө талаар шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийг “Номин холдинг” ХХК гэж алдаатай бичсэн нь буруу боловч энэ нь маргааны үйл баримт, хэргийн шийдэлд нөлөөлөхгүй.
21. Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0757 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 57 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ