Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 978

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат даргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Б дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 27******* тоот актыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Н*******, Д.М, иргэдийн төлөөлөгч Ц.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “”Ц” ХХК-ийн захирал С.Б миний бие татварын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр уг актыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Б дүүргийн 1-р хороо тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө нь иргэн миний нэр дээр 2006 оны 06 сарын 07-ны өдрийн 00 тоот гэрчилгээ, Ү-22 бүртгэлийн гэрчилгээтэй олгогдсон.

Энэ үл хөдлөх хөрөнгийг хувиараа 2004 он хүртэл банкнаас өндөр хүүтэй зээл авч барьсан бөгөөд уг барилгад өөрийн өртөг шингээгүй. 2005 онд “Ц” ХХК-ийг миний төрсөн эгч С.Д үүсгэн байгуулсан бөгөөд 22810000 төгрөгийн дүрмийн сантайгаар өөрийн хөрөнгийн хэмжээг гаргаж өгсөн байдаг. 

Энэ дүрмийн сангийн хөрөнгийн үнэлгээний дүнд хуучин байсан гражийг 15000000 төгрөг, үлдсэн 7810000 төгрөгийг нь тавилга эд хогшил багтаан оруулан тооцон үнэлсэн байдаг.

Дээрхи Б дүүргийн 1-р хороо тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө нь иргэн миний нэр дээр 2006 оны 06 сарын 07-ны өдрийн 00 тоот гэрчилгээ, Ү-22 бүртгэлийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө нь С.Б миний нэр дээр иргэний зориулалтаар өмчилдөг нь “Ц” ХХК-ийн эзэмшилд хамаардаггүй.

Б дүүргийн татварын хэлтэс “Ц” ХХК компаний 2010-2011 оны санхүүгийн тайланд шалгалт хийж үл хөдлөх хөрөнгө борлуулсаны орлого болох 106727000 /нэг зуун зургаан сая долоон зуун хорин долоон мянга/ төгрөгөнд татвар ноогдуулж 10672700 төгрөгийн акт, 5336400 төгрөгийн торгууль, 32000 төгрөгийн хүү нийт 16041000 /арван зургаан сая дөчин нэгэн мянган/ төгрөгийн актыг тавьсан.

Иймд Б дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 27******* тоот актыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн бичгийн хариу тайлбартаа: “Б дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй “Ц” ХХК-ийн Татварын улсын байцаагчийн 2012 оны  27******* тоот актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн аваад дараах хариуг хүргүүлж байна.

“Ц” ХХК нь 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүнсний дэлгүүр, бар кафены чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдаж татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн бөгөөд бүртгүүлэх үеийн дүрмийн сангийн хөрөнгийн үнэлгээний дүнд 15000,0 мянган төгрөгийн барьсан барилга, 7810,0 мянган төгрөгийн бусад тавилга эд хөрөнгийг багтаан 22810,0 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан. Нэмэгдсэн өртгийн албан ттвар төлөгчөөр бүртгүүлэн 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдөр бүртгүүлэн 10 тоот гэрчилгээг авсан. 

Б дүүргийн 1-р хороо сургалтын задгайн тоотод байрлах дэлгүүр, барны үйл ажиллагаа эрхэлж байсан компаний дүрмийн санд багтсан үл хөдлөх эд хөрөнгийг захирал С.Б нь 2010.09.27-ны өдөр компанийг төлөөлөн А ХХК-нд Үл хөдлөх хөрөнгө  худалдах, худалдан авах гэрээ байгуулан 115.0 сая төгрөгөөр  худалдан борлуулж, улмаар “Ц” ХХК-ийн 2010 оны 04-р улирлын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогоор бүртгэсэн /орлогыг дутуу тусгасан/ боловч нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төлөөгүй нь татварын хяналт шалгалтаар тогтоогдсон тул татвар ногдох их хэмжээний орлого нуусан үндэслэлээр Татварын улсын байцаагчийн дүгнэлт бичин эрүүгийн хэрэг бүртгэлд хийлгэхээр Цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулахад “А” ХХК-нд үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулсан орлогоос нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу 10 хувийг буюу 10672.700 /арван сая зургаан зуун далан хоёр мянга долоон зуу/ төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь тогтоогдсон боловч Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлд заасан хохирлын хэмжээнд хүрээгүй гэсэн  үндэслэлээр хэргийг дүүргийн Прокурорын газрын прокурорын 2012 оны 08 сарын 30-ны өдрийн ******* тоот тогтоолоор 20******* тоот эрүүгийн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Иймд Татварын Ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Татварын улсын байцаагчийн дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байх тул нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу албан татвар төлөхөөс зайлсхийсэн 10672.7 / арван сая зургаан зуун далан хоёр мянга долоон зуу/ төгрөгийн зөрчилд татварын улсын байцаагч 27******* тоот актаар 16041.0 мянган төгрөгийн төлбөрийг тогтоосон.

Гэтэл тус компани нь анх уг барилгыг худалдан борлуулсан орлогоо аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгаснаа хүлээн зөвшөөрсөн боловч үл хөдлөх эд хөрөнгөд одоогийн мөрдөгдөж байгаа нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар албан татвар ногдуулахгүй болсон гэж үзэн актыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан Нийслэлийн татварын газрын маргаан таслах зөвлөлд хандаж байсан. харин дараа нь уг үл хөдлөх эд хөрөнгөө иргэний хувийн эд хөрөнгө тул татвар төлөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь:

1. Уг компани нь анх дэлгүүр, бар, кафены чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдан дүрмийн сан тусгасан барьсан байшин болон бусад эд хөрөнгийг компаний блансад тусгасан.

2. Б дүүргийн 1-р хороо тоотод байрлах өөрийн байранд үйл ажиллагаа явуулж байсан ба дээрх үйл ажиллагааг граж дотор явуулах боломжгүй.

3. 2004 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг “байшин барилга” гэж гарган 2005 оны 02 сарын 08-ны өдөр гарган тушаасан.

4. Барилга нь компаний дүрмийн сандоруулсан хөрөнгө учраас үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсан орлогоо аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгасан байсан. дээрх байдлаас харахад уг үл хөдлөх эд хөрөнгө нь Компаний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт “Компаний блансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийн компанийн хөрөнгө” гэнэ гэж заасны дагуу уг өд хөрөнгө нь компаний хөрөнгө байх тул Татварын улсын байцаагчийн акт тогтоосон

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т заасны дагуу татварын улсын байцаагчийн 27******* тоот актыг хэвээр үлдээх шийдвэрийг гаргаж өгнө үү.” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Т.Ц******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, тэдгээрийн хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд Б дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан ““Б дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 27******* тоот актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Ц” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Э*******, Ё.Н******* нар “Ц” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалтанд хяналт шалгалт хийж 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 27******* тоот актыг гаргажээ.

“Ц” ХХК нь дээрх актыг эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж 66 дугаар тогтоолоороо татварын улсын байцаагч нарын 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 27******* тоот актыг хэвээр баталсан бөгөөд Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор мөн татварын улсын байцаагч нарын актыг үндэслэлтэй гэж үзжээ.

Татварын улсын байцаагч нар нь 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 27******* тоот актаараа 2010 онд 106,727.0 мянган төгрөгийн үйлчилгээний зориулттай үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж тайланд тусгаагүй гэж үзэн 10,672.7 мянган төгрөгийн нөхөн татвар, 5,336.4 мянган төгрөгийн торгууль, 32.0 мянган төгрөгийн хүү буюу нийт 16,041.1 төгрөгийн төлбөрийг “Ц” ХХК-нд ногдуулжээ.

Эрхийн бүртгэлийн Ү-22 дугаартай Б дүүрэг 1 дүгээр хороо, ******* тоотод байрлах 195 м.кв тайлбайтай үйлчилгээний зориулттай үл хөдлөх эд хөрөнгө нь 2006 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 00******* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээр иргэн С.Бийн өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд тэрбээр 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-р “А” ХХК-нд борлуулсан байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй  холбоотой эд хөрөнгийн  бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэн С.Б өөрийн өмч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл бүхий объектоо гэрээ хэлцлийн үндсэн дээр “А” ХХК-нд шилжүүлсэн бөгөөд энэхүү үл хөдлөх эд хөрөнгө нь “Ц*******” ХХК-ийн өмчлөлд байгаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдлоо. 

Хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд хийсэн тайлбараар Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого”, 20 дугаар зүйлийн 20.1.1-д “үл хөдлөх эд хөрөнгө борлуулснаас олсон орлогыг дүнгээр нь”, 23 дугаар зүйлийн  23.2.1-т “энэ хуулийн 20.1.1-д заасан орлогын дүнд 2 хувиар” гэж заасны дагуу С.Б өөрийн өмчлөлийн хөрөнгөө борлуулсантай холбогдуулан албан татвар ногдуулах орлогоо хуулийн дагуу үнэн зөв тодорхойлж төсөвт төлсөн байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "борлуулалт" гэж барааг бусдын өмчлөлд төлбөртэйгээр шилжүүлэх...”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа импортолсон болон экспортолсон этгээд, түүнчлэн бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна”, 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа” гэж заасны дагуу борлуулалт хийсэн иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах, төсөвт төлөх, төсвөөс буцаан олгохтой холбогдох татварын харилцаанд ордог байна.

Гэтэл Б дүүргийн 1 дүгээр хороо, ******* тоотод байрлах 195 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг “Ц” ХХК өмчилж байгаагүй тул захиран зарцуулах эрхгүй бөгөөд “Ц” ХХК нь дээрх хөрөнгийг борлуулсан талаар татварын байгууллагад тайлагнах, татвар ногдуулах, төсөвт татвар төлөх хууль зүйн үндэслэлгүй болно.

Нөгөөтэйгүүр, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь хэсэгт зааснаар татварын улсын байцаагч нь татварын хяналт шалгалтад шаардагдах магадлагаа, баримтын хуулбар зэргийг холбогдох байгууллагаас үнэ төлбөргүй  гаргуулан авах эрхийн хүрээнд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө хэний өмчлөлд байсныг бүртгэлийн байгууллагаас тодруулалгүйгээр  2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 27******* тоот актыг гаргажээ.  

Түүнчлэн татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д “татвар төлөгч анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг хөтлөн татварын тайлан гаргах, орлого, татвараа тодорхойлох, баримт бүрдүүлэх ажлыг хууль тогтоомжид заасны дагуу хийж байгаа эсэхийг хянан шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх” гэж заасны дагуу иргэн С.Бийн үл хөдлөх хөрөнгө борлуулсан орлогыг компанийн орлого гэж үзэж болохгүй талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үүргээ хэрэгжүүлэлгүй маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна.

Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “ Татварын улсын байцаагч акт, дүгнэлтэнд /цаашид “акт, дүгнэлт” гэх/ татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татвар төлөгч нар гарын үсэг зурж...” гэж заажээ. Гэтэл хяналт шалгалтыг  хийж  2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 27******* тоот актыг гаргасан татварын улсын байцаагч Ё.Н******* нь актанд гарын үсэг зураагүй байх тул маргаан бүхий акт нь зөрчилтэй гэж үзэх үндэслэлтэй байгааг дурдах нь зүйтэй юм.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд, зохицуулалт бүхий хуулийн зүйл заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж маргаан бүхий актыг гаргасны улмаас “Ц” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн нь тогтоогдож байх тул  нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.1.7, 34 дүгээр зүйлийн 34.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.2.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй  холбоотой эд хөрөнгийн  бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Б дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 27******* тоот актыг хүчингүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                          

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ТӨМӨРБАТ

      ШҮҮГЧ                               Н.ДАМДИНСҮРЭН

      ШҮҮГЧ                                          Ц.ОДМАА