Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 55

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Буяннэмэх, Б.Чулуунчимэг, С.Мөнхчулуун

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Ц.Ариунжаргал

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Баярмаа

Шүүгдэгч С.Мөнхчулуун

Нарийн бичгийн дарга Б.Ренчиндорж нарыг оролцуулж

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүүгийн шийдвэрлэсэн  2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолтой хэргийг ялтан С.Мөнхчулууны давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүхэд 2016 оны 10 дугаар сарын  04-ний  өдөр хүлээн авч  шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Боржгон овгийн Батсүхийн Буяннэмэх, 1977 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Өмнөговь аймаг, Булган сум, 1 дүгээр баг, Зүлэгтий гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх, регистрийн дугаар КВ77041018,

            Бээлийн хушуу овгийн Бямбын Чулуунчимэг, 1980 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Өмнөговь аймаг, Булган сум, 1 дүгээр баг, Зүлэгтий гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх, регистрийн дугаар ЗИ80062004,

Баясах овгийн Самбуугийн Мөнхчулуун, 1971 онд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Өмнөговь аймаг, Булган сум, Дэн баг, Чачран гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх, регистрийн дугаар КВ71082901 Б.Буяннэмэх, Б.Чулуунчимэг,

С.Мөнхчулууннар нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн нутаг Баян заг гэх газраас нэн ховор ургамал болох  Цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёо 38.9 кг-ыг зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэн байгаль орчинд 2528500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Б.Буяннэмэх, Б.Чулуунчимэг, С.Мөнхчулуун нарт Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Буяннэмэх, Г.Чулуунчимэг, С.Мөнхчулуун нарыг урьдчилан үгсэж тохиролцож, бүлэглэн, байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчиж нэн ховор ургамал болох цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёог зохих зөвшөөрөлгүй түүж, бэлтгэсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,         Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Буяннэмэхийг 3 /гурав/ сар, 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ял, шүүгдэгч С.Мөнхчулуун, Б.Чулуунчимэг нарыг тус бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9792000  төгрөгөөр тус тус торгож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт зааснаар Б.Буяннэмэхээс 3438750 төгрөг, Б.Чулуунчимэгээс 3438750 төгрөг, С.Мөнхчулуунаас 4215000 төгрөгийг тус тус гаргуулан Өмнөговь аймгийн Байгаль хамгаалах санд оруулж,шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирүүлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 71-43 ӨМА улсын дугаартай, Тоуота Duet маркийн цагаан өнгийн автомашиныг улсын орлогод оруулж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хоёр ширхэг хүрзийг устгаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд гаргасан ялтан С.Мөнхчулуун гомдолдоо: ...Б.Буяннэмэх, С.Чулуунчимэг нар ирж малын тэжээл бэлдье гэхээр нь хамт явсан. Өглөө босоод баруун тийш элсэн дээр ногоон ууттай юм байхаар нь очиж үзэхэд гоёо байхаар нь авч хажууд нь хадармаг байсныг хийгээд явж байхад хэсгийн төлөөлөгч А.Хүдэр-Эрдэнэ ирж мотоцикльтой сундлаж авч явсан. Би газар ухаж гоёо түүгээгүй байхад надад торгох ял оногдуулж, Өмнөговь аймгийн Байгаль хамгаалах санд 4.215.000 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Хэрэгт оролцсон оролцоо гэм буруугийн хэлбэр, хэргийн байдлыг бүрэн бодитой тогтоогоогүй. Ял ялгамжтай байх зарчмыг зөрчиж бүлэглэж үйлдээгүй, гоёог түүгээгүй байхад ял халдааж байгааг зөвшөөрөхгүй байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтанд буцааж дахин шалгуулж өгөхийг хүсч байна гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: С.Мөнхчулуун, Б.Буяннэмэх, Б.Чулуунчимэг нар нь “2016 оны ... өдөр гоёо түүхээр автомашинтай, хүрз, уут бэлтгэн Булган сумын Баянзаг гэх газар очиж хоносон” байдаг. Иймд яллагдагч нарыг урьдчилан үгсэн тохиролцсон гэж Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан ял сонсгосон. С.Мөнхчулуун нь цагаан гоёо олсон гэж мэдүүлдэг боловч тухайн өдөр цагаан гоёог түүсэн талаараа цагдаагийн байгууллагад тайлбар өгсөн. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад хэсгийн төлөөлөгчтэй холбоотой асуудлаар дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж байгаагүй. Шүүх С.Мөнхчулууны хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасан хамгийн бага ялыг оногдуулсан. Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 тоот тушаалаар Цөлийн аргамжит цэцгийн экологи эдийн засгийн үнэлгээ нь тухайн үеийн жингийн нэг килограмм тутамд 65.000 төгрөгөөр үнэлсэн. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.3 дахь хэсэгт “Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож нөхөн төлбөрийг байгаль хамгаалах санд оруулна. Иймд шүүгдэгч нараас цагаан гоёоны үнэлгээг дээрх хуулийн дагуу 5 дахин нугалж төлүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй. Гэрэл зургийн үзүүлэлтээс харахад цагаан гоёо савласан уут нэг ижил ногоон өнгөтэй байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө  үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагаас: Давж заалдсан гомдлыг бүрэн дэмжиж байна. Анхан шатны шүүхийн оногдуулсан ял шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ гэмт хэргийн нөхцөл байдал нь тогтоогдоогүй гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байна. Миний үйлчлүүлэгч би 2 ширхэг гоёо ухаад сууж байхад хэсгийн төлөөлөгч ирсэн гэдэг. Тэгээд миний үйлчлүүлэгч уулзсан даруйдаа энэ миний гоёо биш гэж хэлсэн. Гэтэл хэсгийн төлөөлөгч чи битгий дэмий юм солиороод бай. Чи үүрээд явсан бол чиний юм байгаа биздээ гээд хэргийн материалыг бүрдүүлсэн. Энэ хүн эрх зүйн мэдлэг байхгүй, өмгөөлөгч авах мөнгөгүйн улмаас өдий хүрлээ гэдэг. Мөн Буяннэмэх, Чулуунчимэг нарыг байцаагч нь зодож, цохиж гавлаж, ухаагүй гоёог түүлгүүлээд уутан дээр нэмүүлсэн байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг тогтоосон байхыг шаарддаг. Миний үйлчлүүлэгчид ингэж хууль бус хандсан байхад яагаад шалгаж болдоггүй юм бэ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Мөнхчулуунаас: Би 2 ширхэг гоёо авсан. Замд ногоон ууттай гоёо байсныг аваад явсан. Одоо бол миний сэтгэл их өвдөж байна. Би одоо гоёоны хохирол төлбөрийг төлнө гэхэд амьдралын хувьд хүнд байна.  Манайх 100 гаруй малтай байдаг. Би муудсан малд гоёо сайн гэхээр авсан. Бусдаар бол хувийн ашиг хонжоо хайж аваагүй. Эзэнгүй байсан гоёог өөртөө авч явсандаа харамсаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

           Шүүгдэгч Б.Буяннэмэх, Б.Чулуунчимэг, С.Мөнхчулуун нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Булган сумын Баян заг гэх газраас 38,9 кг цагаан гоёог зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Б.Дамдинсүрэн, Б.Батхүү нарын болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлгүүд, хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, илтгэх хуудас, улсын байцаагчийн акт, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, шүүхээс тэндэнд оногдуулсан ял нь тэдний гэм бурууд тохирчээ.

            Энэ хэргийн талаар шүүгчдэгч С.Мөнхчулууны гаргасан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг шинжлэн судалбал:

          Шүүгдэгч С.Мөнхчулууны “ хэргийг бүлэглэж үйлдээгүй, цагаан гоёог олсон, гоёог түүгээгүй байхад ял халдааж байгааг зөвшөөрөхгүй байна” гэсэн давж заалдсан гомдол нь ...мэдээллийн дагуу хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах явцад Булган сумын 1 дүгээр багийн иргэн Б.Буяннэмэх, Б.Чулуунчимэг нар 22 кг 980 грамм, С.Мөнхчулуун 16 кг 400 грамм нэн ховор ургамал цагаан гоёог түүж тээвэрлэж байсныг илрүүллээ гэсэн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр цагдаагийн ахлах дэслэгч А.Хүдэр-Эрдэнэ, байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Дамдинсүрэн нарын бичсэн илтгэх хуудас /хх-11/, гэрч Б.Дамдинсүрэнгийн ...Би сумын хэсгийн төлөөлөгч Хүдэр-Эрдэнэтэй хамт 2016 оны 05 дугаар сарын 18-ны өглөө 10 цагийн үед Өмнөговь аймгийн Булган сумын Баян загийн хоолойд байгаль орчины хяналт шалгалтаар хоёр тийшээ салаад явж байтал Хүдэр-Эрдэнэ Мөнхчулууныг сундлаад ирсэн. Тэд нарын түүсэн цагаан гоёог хиллэж үзэхэд Буяннэмэх, Чулуунчимэг нарын нэг ууттай цагаан гоёо 22 кг, Мөнхчулууны түүсэн цагаан гоёо 16 кг болсон /хх34/, сэжигтэн, яллагдагч Б.Буяннэмэхийн ...2016 оны 05 дугаар сарын 17-ны орой 18 цагийн үед Булган сумын төвөөс өөрийн эзэмшлийн машинаар эхнэр Чулуунчимэг, Мөнхчулуун нартай хамт Баян загийн захад хоночихоод маргааш өглөө нь босоод эхнэр Чулуунчимэг, Мөнхчулуун нартай хамт цагаан гоёог хүрзээр ухаж аваад шуудайнд хийгээд байж байтал хэсгийн төлөөлөгч Хүдэр-Эрдэнэ, байгаль орчины байцаагч Дамдинсүрэн нар ирээд цагаан гоёоны зургийг аваад бид нарыг сумын төв рүү аваад явсан. Мөнхчлуун 16 кг цагаан гоёо түүсэн байсан /хх-49, 51/, сэжигтэн, яллагдагч Б.Чулуунчимэгийн ...2016 оны 05 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед Булган сумын төвөөс нөхөр Буяннэмэх, Мөнхчулуун нарын хамт Баян заг гэх газарт очиж цагаан гоёо түүхээр явсан. Мөнхчулуун бид хоёроос тусдаа яваад цагаан гоёо түүсэн /хх-53,55/, яллагдагч С.Мөнхчулууны ...Би хүлээн зөвшөөрч байна. Миний түүсэн гоёо 16,400 кг болсон /хх-59/ гэсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэлд ...хэргийн материалтай танилцав. Санал хүсэлт байхгүй. Яллагдагч С.Мөнхчулуун /хх-111, 141/ гэснээр няцаагдаж байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын түүж бэлтгэсэн цагаан гоёоны хэмжээгээр тооцож байгаль орчинд учирсан хохирлыг ялгамжтай тооцож төлж барагдуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд бүрэн шалгагдсан, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд байцаан шийтгэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй байх тул шүүгдэгч С.Мөнхчулууны “ хэргийг бүлэглэж үйлдээгүй, цагаан гоёог олсон, гоёог түүгээгүй байхад ял халдааж байгааг зөвшөөрөхгүй байна. Хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгөхийг хүссэн” давж заалдсан гомдлыг хүлээн авах нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэг, мөн хуулийн  325  дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Мөнхчулууны “ хэргийг бүлэглэж үйлдээгүй, цагаан гоёог олсон, гоёог түүгээгүй байхад ял халдааж байгааг зөвшөөрөхгүй байна. Хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгөхийг хүссэн” давж заалдсан гомдолыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч болон өмгөөлөгч гомдол гаргах, улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг дурдсугай.

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  П.ДОЛГОРМАА

                           ШҮҮГЧИД                                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                               Х.ГЭРЭЛМАА