Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 59

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Д.Пүрэвдагва Шүүгдэгч О.Дү- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Дү-т холбогдох 1823000650059 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн,1998 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн Завханмандал суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, ээж, ах, дүү нарын хамт Завхан аймгийн Завханмандал сумын Нуга багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Анж тайж овогт О-ийн Дү- РД:/ИЕ********/

Шүүгдэгч О.Дү- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг буюу бусдын 2 даагыг/ хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн Завханмандал сумын иргэн Я.Эн- 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд тус сумын Олонбулаг багийн Төлгөний арын хөндий гэдэг газраас им, тамгагүй хээр зүсмийн даагаа, мөн сумын иргэн Ц.До нь Нуга багийн Бүдүүн улаан гэдэг газраас 2018 оны 03 дугаар сарын 10-наас 11-ний өдрийн хооронд им, тамгагүй хээр зүсмийн даагаа тус тус алдсан болох нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Я.Эн-ийн өгсөн “...2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр адуугаа Завханмандал сумын Олонбулаг багийн нутаг Төлөгний арын хөндийд бүртгээд үлдээсэн. Тэгээд 10 гаруй хоноод адуугаа эргэхэд им тамгагүй, хээр зүсмийн 2 настай адуу алга болсон байсан. Би тэр хавийн айлуудаар эрж хайгаад олоогүй. Миний алдсан даага адуунаасаа тасарч байгаагүй. Би Дү-т даагаа тэжээлгэхээр өгөөгүй” гэсэн, хохирогч Ц.До-ын өгсөн “...2018 оны 01 дүгээр сарын сүүлээр адуунаасаа хээр зүсмийн даага барьж аваад сумын төв дээр тэжээж байгаад 3 сарын 10-ны өдөр Бүдүүн улаан гэдэг газар адуундаа аваачиж тавьсан. ...сумын төв орж 1 хоночихоод хөдөө гэртээ иртэл нөгөө хээр алаг даага минь ганцаараа алга болсон байсан. Би адуугаа өөрөө малладаг. Алдсан даага минь дэлтэй, хээр зүсмийн, им тамгагүй даага байсан. Манай сумын иргэн Дү-ийн адуунд миний даага байгаа сураг байсан. ...2018 оны 05 дугаар сарын 25-ны үед Завханмандал сумын Нуга багт О.Дү- миний хээр даагыг манай хашаанд авч ирж өгсөн. Даагаа буцаагаад авсан болохоор надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Шүүгдэгч О.Дү- Я.Эн-ийн болон Ц.До-ын даагыг хэзээ, хэрхэн авснаа мөрдөн байцаалтын шатанд тодорхой мэдүүлжээ. Мөн гэрч Д.Га, М.Ха нар О.Дү- шар хээр даага авч ирэн өөрийн тэжээж байсан даагануудын хамт тэжээж байсан тухай, уг даага нь Эн- гэдэг хүний даага гэдгийг мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч хохирогч Ц.До-д хээр даагыг нь буцаан өгсөн, Я.Эн-ид дааганы үнэнд 300000 төгрөг төлсөн нь тогтоогдож байна. Гэрчүүдийн дээрх мэдүүлэг болон шүүгдэгчийн хохирол төлсөн байдал нь түүний мэдүүлгийг давхар нотолж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болгох боломжтой. Ийнхүү шүүгдэгч О.Дү- бусдын 2 даагыг хулгайлсан нь нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч О.Дү-, хохирогч Я.Эн-ид дааганы үнэ 300000 төгрөгийг төлсөн, хохирогч Ц.До-д хээр даагыг нь буцаан өгсөн бөгөөд хохирогчид хохиролгүй болгосон тул гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байна. Шүүгдэгч О.Дү- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд улсын яллагч, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдааны үед дээрх саналаа дэмжжээ. Шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 1.9 болон 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Анж тайж овогт О-ийн Дү-ийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан О.Дү-ийг 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар О.Дү-т тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4.Шүүгдэгч О.Дү- тэнссэн хугацаанд хүлээлгэсэн дээрх албадлагын арга хэмжээг зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч О.Дү-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч О.Дү- нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол нөхөн төлөгдсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн хуулбар нь хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгчийн эд хөрөнгө гэх нийт 1000000 төгрөгийн үнэлгээтэй 2 тооны адууг битүүмжилсэн прокурорын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 5/49 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Д.НЯМ