Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 60

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Д.Пүрэвдагва Шүүгдэгч Б.Сү- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Сү-т холбогдох 1823000820066 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт Завхан аймгийн Идэр сумын Дархан-Уул багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Зурхайч овогт Б-ийн Сү- РД:/ИЖ********/

Шүүгдэгч Б.Сү- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Сү- нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн төвийн хэсэгт үйл ажиллагаа явуулдаг Ханжаргалант худалдааны төвд худалдагчаас Samsung galaxy S6 маркийн гар утсыг авч үзэж байгаад буцааж өгөлгүй авч явсан нь тус төвийн худалдагч Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “...2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би гар утасны лангуун дээрээ 12 цагийн үед 2, 3 хүнтэй наймаа хийж байтал нэг залуу S6 маркийн утас үзье гэхээр нь би адилхан хоёр S6-ын цэнэгтэйг нь авч өгчихөөд нөгөө хүмүүсдээ гар утасны гэр, наалт тааруулах гээд наймаа хийж байгаад эргээд хартал нөгөө S6 утас үздэг залуу утсаа өгөлгүй гараад явчихсан байсан. Тухайн гар утас нь Samsung galaxy S6 /edge/ маркийн шаргал өнгийн шинэ барьж байгаагүй утас байсан. Манайх 450.000 төгрөгөөр зарж байсан. Гар утсыг бүрэн бүтэн буцааж авсан, одоо гомдол, саналгүй” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн бэр эгч А.Н мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэхдээ “...худалдааны төв рүү ороход тэнд байсан нэг хүн Сү-ыг фейсбүүк дээр тавьсан байна гэхээр нь Ханжаргалант төв рүү ороод яасан юм бэ гэж асуутал утас хулгайлаад гараад явсан чи камерийн бичлэгийг нь үздээ гээд үзүүлсэн. Гэтэл тэр бичлэг дээр Сү- утсыг нь үзэж байгаад хойшоо ухраад аваад гараад явсан бичлэг үзүүлсэн...” гэснээр тогтоогджээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэгт “2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 12 цаг 01 минутад Ханжаргалант худалдааны төвд саарал өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн өмдтэй, ...залуу орж ирээд ... худалдагчаас утас авч үзэж байгаад утсыг буцааж өгөлгүй 12 цаг 07 минутад гадагшаа гарах хаалгаар гараад явсан” нь бичигдсэн бөгөөд энэ хүн нь шүүгдэгч Б.Сү- гэдгийг гэрч А.Н-ийн дээрх мэдүүлэг нотолж байна. Мөн гэрч А.Н, Сү-ыг тухайн өдрийн 15 цаг өнгөрч байхад шаргал өнгийн гар утас барьсан байсан гэдгийг мэдүүлжээ. Түүнчлэн шүүгдэгч Б.Сү- мөрдөн байцаалтын шатанд “Би ...утас үзэх гэж Ханжаргалант төв ороод утсан дээр зогсож байсан худалдагч эмэгтэйгээс S6 маркийн гар утсыг үзье гэж аваад, тэгээд үзээд зогсож байтал миний утас дуугараад тэр үзэж байсан S6 маркийн шаргал өнгийн утсыг тэр чигт нь өгөлгүй авч гарсан юм.” гэж өөрийн үйлдлийг хүлээн мэдүүлсэн байна. Хохирогч Д.Б шүүгдэгчийн утас авч гарсан үйлдлийн талаар мэдүүлэхдээ “...хяналтын камераа шүүгээд үзтэл ...үл таних залуу манай эхнэрээс Samsung galaxy S6 маркийн гар утас аваад үзэж байгаад өмднийхээ халаасанд хийгээд аваад гараад явсан байсан. ... ” гэжээ. Шүүгдэгчийн авсан Samsung galaxy S6 маркийн гар утас нь Ханжаргалант худалдааны төвд худалдаалагдаж байсан шинэ утас болох нь мөн хохирогчийн “...лангуун дээр зарах гэж тавьсан байсан, шинэ гар утас, 450000 төгрөгөөр зарагдаж байсан юм” гэсэн мэдүүлэг болон үнэ тогтоосон дүгнэлтээр нотлогджээ. Шүүгдэгч Б.Сү- ийнхүү бусдын худалдаалахаар тавьсан утсыг үзэх нэрээр худалдагчаас авч үнийг төлөлгүй, худалдагчийн анхаарал өөр зүйлд төвлөрсөн байх хугацаанд түүнд мэдэгдэлгүй авч гарсан нь тогтоогдож байна. Мөн дүрс бичигч/хяналтын камер/-ын бичлэгээс тэрээр утсыг нууцлан халаасалж улмаар бусдад болон худалдагчид мэдэгдэхгүйг хичээн худалдааны төвөөс ухарч явсаар гарч байгаа нь тодорхой харагдаж байна. Нөгөө талаар хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч гар утсыг авахдаа ямар нэгэн хүч хэрэглээгүй, нууцаар авч гарч байгаагаа мэдэж байгаа, худалдагч түүнийг гар утас авч гарахыг мэдээгүй болох нь тогтоогдсон бөгөөд гар утсыг эзэмшигчийн нүдэн дээр илээр авч байгаа шинж буюу дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй байх тул шүүгдэгч Б.Сү-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж үзэх үндэстэй. Иймд шүүгдэгч Б.Сү-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгчийн хулгайлсан гар утсыг түүнээс хураан авч хохирогч Д.Б олгосон учир нөхөн төлүүлэх хохиролгүй болжээ. Улсын яллагч, Б.Сү-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтайгаар ирүүлсэн бөгөөд шүүх хуралдааны үед дээрх саналаа дэмжжээ. Шүүгдэгч Б.Сү-ын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хулгайлсан гар утсыг буцаан өгсөн учир нөхөн төлөх хохиролгүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлд зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 1.9 болон 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зурхайч овогт Б-ийн Сү-ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Б.Сү-ыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Б.Сү-ыг тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4.Шүүгдэгч Б.Сү-ыг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн дээрх албадлагын арга хэмжээг зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Б.Сү-ыг өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Б.Сү- нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ханжаргалант худалдааны төвийн хяналтын дүрс бичлэгийн хэсэг бүхий DVD-г хэрэг хадгалах хугацаагаар хавтаст хэрэгт хавсарган хадгалсугай.

8. Шүүгдэгчийн эд хөрөнгө гэх нийт 100000 төгрөгийн үнэлгээтэй Samsung galaxy Note-1 маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 5/52 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Д.НЯМ