| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2403007851106 |
| Дугаар | 2025/ДШМ/681 |
| Огноо | 2025-06-02 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Т.Амарзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/681
П.Г холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Амарзаяа /томилолтоор/,
хохирогч Д.Т өмгөөлөгч О.Оюунчимэг,
шүүгдэгч П.Гын өмгөөлөгч Д.Энхцэцэг,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/864 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн П.Г холбогдох эрүүгийн 2403007851106 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
П.Г, урьд:
- Дорноговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
- Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял,
- Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн;
П.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 21-ний шөнө 01 цаг 45 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Буянт-Ухаа 1 хорооллын, 57 дугаар байрны баруун замд Портер маркийн 36-22 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, 11.14-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.”, 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Toyota prius загварын 29-26 УКО улсын дугаартай автомашин болон авто зогсоолд зогсож байсан Toyota prius загварын 10-84 УЕА улсын дугаартай, Toyota County загварын 43-73 УНУ улсын дугаартай, Toyota Alphard загварын 24-93 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, мөн явган хүний замаар зорчин явсан, явган зорчигч Д.Тыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокуророос: П.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Түмэнт овогт Пүрэвдагвын П.Гыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар П.Гыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар П.Г оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Г оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолж, шүүгдэгч П.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч П.Г нь баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гаас хохирогч Д.Тт сэтгэцэд учирсан хохирол 20.565.500 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч О.А3.637.000 төгрөгийг, А.Д 6.985.000 төгрөгийг, О.Б 1.615.000 төгрөгийг тус тус гаргуулан олгож, хохирогч Д.Т нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Гаас 5.852.230 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Г авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч П.Гын өмгөөлөгч Д.Энхцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т “...эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн ...” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Хууль буруу хэрэглэсэн болон хохирол, хор уршгийг шийдвэрлэсэн талаар: Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч П.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т “...Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилээр хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шийдвэрлэхдээ хохирогч Д.Т сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг буюу 660.030 төгрөгийг 40 дахин нэмэгдүүлж, 26.400.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч П.Гаас хохирогч Д.Тхохиролд төлсөн 11.000.000 төгрөгөөс хохирогчийн мөрдөн байцаалтын явцад нэхэмжилсэн 5.165.500 төгрөгийг хасаж, үлдэх 5.834.500 төгрөгийг сэтгэцэд учирсан хохирол 26.400.000 төгрөгөөс хасаж үлдэх 20.565.500 төгрөгийг сэтгэцэд учруулсан хохиролд тооцож шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1, 2.1.5-т тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан. Өөрөөр хэлбэл, тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хууль болон журмаар зохицуулсан байхад анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч П.Гын хохирол хор уршгийг нөхөн төлсөн байдлын талаар: Миний үйлчлүүлэгч П.Г нь 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 1 хүний биед хүнд гэмтэл учруулсны улмаас эмчилгээний зардал 5.165.500 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 5.852.230 төгрөгийн хохирол, нэр бүхий 4 иргэний эзэмшлийн автомашиныг мөргөж 19.367.000 төгрөгийн хохирол нийт 30.384.730 төгрөгийн бодит хохирол учруулснаас 17.030.000 төгрөгийг шүүх хурал хүртэлх цаг хугацаанд нөхөн төлсөн байдаг. Мөн үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа болно. Шүүгдэгч П.Гын хувьд өөрийн хууль бус, гэм буруутай үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа төдийгүй мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Шүүх хуралдааны шатанд ч мөн гэм буруугийн талаар маргахгүй талаараа илэрхийлсэн. Мөн цаашид хохирлоо дулааны улирал ирж байгаатай холбоотой барилгын ажил эхлэх тул барилга дээр ажиллаж цалингаараа төлөх боломжтой болохоо илэрхийлсэн.Тэрээр зун нь барилгын ажил хийж, өвөл нь хувь хүний бизнес явуулдаг объектын манаачаар ажиллаж мөнгө олдог талаараа ч мөн шударгаар хэлж байсныг өмгөөлөгчийн зүгээс гомдолдоо дурдаж байна. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд Эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлсон ба мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж хуульчилжээ. Мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...” гэж хуульчилсан бөгөөд миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь дээрх хуулийн шаардлагад нийцэж байна. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд миний үйлчлүүлэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой байх тул хорих ялыг өөрчилж оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/864 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
Хохирогч Д.Т өмгөөлөгч О.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие мөрдөн шалгах ажиллагааны үеэс хохирогч Д.Т өмгөөлөгчөөр оролцож ирсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Дээд шүүхийн 25 дугаар тогтоолын дагуу хүснэгтээр гуравдугаар зэрэг дээр тогтоогдсон. 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх учраас хүснэгтийг хэрэглэж, шүүх шийдвэрлэсэн нь зөв гэж үзэж байна. Шүүгдэгч П.Гын өмгөөлөгч 5.834.500 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлөх ёстой байхад сэтгэцэд учирсан хохирлоос хасаж тооцсон нь буруу гэж байна. Энэ нь хууль хэрэглээний хувьд зөв. Шүүх хуралдаан дээр сэтгэцэд учирсан хохирлыг 26.400.000 төгрөгөөр тооцож, хохирогч Д.Т өгсөн 5.834.500 төгрөгийг хасч, нийт 20.565.500 төгрөгийг сэтгэцэд учруулсан хохиролд тооцож, шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн. Хохирогч Д.Т хувьд 60 гаруй насны хүн. Бүгд найрамдах Хятад ард улсад эмчлүүлж байгаа. Шүүх хуралдаанд оролцох гэсэн боловч амжиж, ирж чадаагүй. Байнгын эмчилгээтэй байгаа. Сэтгэл санааны хувьд хохиролтой байгаа талаар шүүх хуралдаан дээр илэрхийлж байсан. “...Би өмнө нь ямар нэгэн өвчтэй байгаагүй. Золгүй асуудлаас болоод байнгын зовуурьтай байх болсон. Иймд сэтгэл санааны хохирлыг гаргуулах хүсэлтэй байна. Миний сэтгэцэд учирсан хохирол, хор уршиг их гэдгийг...” илэрхийлсэн. Шүүгдэгчийн зүгээс 11.000.000 төгрөгийг хохиролд өгсөн гэдэг боловч хажууд нь байсан хүн нь 10.000.000 төгрөгийг нь өгсөн. Шүүгдэгчийн зүгээс эрүүл мэндийн талаас нэг ч асуудал шийдэж өгөхгүй байгаа учраас уг мөнгийг эрүүл мэндийн асуудал дээр зарцуулахаар болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Прокурор Т.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн гэмт хэрэг 2024 оны 09 дүгээр сард үйлдэгдсэн. Прокуророос хэргийг шүүхэд 2024 оны 1 дүгээр сард шилжүүлсэн. Сэтгэцэд учирсан хохирол төлбөртэй холбоотой асуудал 2024 оны 03 дугаар сараас эхэлж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шинжээчийн дүгнэлт гаргана гэж заасан. Иймд сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр гаргасан шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч П.Гын өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч П.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 21-ний шөнө 01 цаг 45 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Буянт-Ухаа 1 хорооллын, 57 дугаар байрны баруун замд Портер маркийн 36-22 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, 11.14-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.”, 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Toyota prius загварын 29-26 УКО улсын дугаартай автомашин болон авто зогсоолд зогсож байсан Toyota prius загварын 10-84 УЕА улсын дугаартай, Toyota County загварын 43-73 УНУ улсын дугаартай, Toyota Alphard загварын 24-93 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, мөн явган хүний замаар зорчин явсан, явган зорчигч Д.Тыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:
зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-13/,
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 155-157/,
жолооч П.Гын согтуурлын зэргийг шалгасан тэмдэглэл /хх 14/,
“Тэнцвэр Эстимэйт" ХХК-ийн Т.Приус 30 маркийн 29-26 УКО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн хөрөнгийн 6.667.000 төгрөгийн хохирлын үнэлгээ /хх 100/,
“Ашид Билгүүн” ХХК-ийн Т.Алфард маркийн 24-93 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн 2.442.500 төгрөгийн хохирлын үнэлгээ /хх 128/,
“Ашид Билгүүн” ХХК-ийн Х.Коунтри маркийн 43-73 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн хөрөнгийн 3.115.000 төгрөгийн хохирлын үнэлгээ /хх 140/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №12605 дугаартай “1.Д.Т биед духны баруун хажуу хэсгээс баруун чамархайд хоёрлосон суурь ясны их, бага далавч, баруун нүдний ухархайн гадна хана, духны хөндийн гадна дотор ялтас, баруун нүдний ухархайн дотор хана этмойд хөндийгөөр дамжин суурийн хөндий рүү үргэлжилсэн, баруун гайморын хөндийн гадна доод хана, баруун хацар яс суурь, их бие хэсгээр хоёрлосон нийлмэл хугарал, баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, хоёр талын духны дэлбэн дэх тархины эдийн няцрал, шулуун синусын аалзан хальсан доорх цус харвалт, зүүн дал яс, сээрний Тh3-р нугалам, баруун IV, V-р хавирга, зүүн III, IV, V, VI, VI 1-р хавирганы далд хугарал, хоёр уушгины эдийн няцрал, зүүн уушгины авчилт, цээжний зүүн хөндий дэх хий, шингэн хуралдалт, дух, хацар, цээж, зүүн сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, дух, нүүр, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. 2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэнэ. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” /хх 70-73/ гэх дүгнэлт,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Бямбажавын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1979 дугаартай “1. Toyota prius загварын 29-26 УКО улсын дугаартай автомашины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. 2. Ковонти маркийн 43-73 УНУ улсын дугаартай автомашины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. 3. Toyota prius загварын 10-84 УАЕ улсын дугаартай автомашины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. 4. Toyota alphard загварын 24-93 УНУ улсын дугаартай автомашины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. 6. Явган зорчигч Д.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. 7. Жолооч П.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна” /хх 145-146/ гэсэн магадлагаа,
хохирогч Д.Т: “...” /хх 20-21/,
иргэний нэхэмжлэгч О.Аийн: “....” /хх 25-26/,
иргэний нэхэмжлэгч А.Дын: “...Тухайн ослын талаар тэр шөнө мэдсэн. Ээж болох Эрдэнэцэцэг мэдэгдсэн. Үнэлгээний дагуу нэхэмжилнэ” /хх 29/,
иргэний нэхэмжлэгч О.Бий: “...Тухайн ослын талаар тэр шөнө мэдсэн. Үнэлгээний дагуу хохирол нэхэмжилнэ.” /хх 33/,
иргэний нэхэмжлэгч С.О: “...Тухайн ослын талаар өглөө мэдсэн. Өглөө босоод машин дээрээ ирэхэд машин мөргөсөн байдалтай байсан.” /хх 37/,
иргэний нэхэмжлэгч Д.Е “...Тухайн ослын талаар 2024 оны 10 дугаар сарын 01-нд мэдсэн. Үнэлгээний дагуу бодит хохирлоо нэхэмжилнэ.” /хх 44/,
иргэний нэхэмжлэгч Д.Г: “... ” /хх 60/,
гэрч Г.Ж: “...Т. ...” /хх 62/ гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч П.Гыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.
Шүүх, шүүгдэгч П.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Анхан шатны шүүх шүүгдэгч П.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан ялаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг нь “... Гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага хийхээр хууль болон журмаар зохицуулсан байхад анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой байх тул хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлд “Нөхөн төлбөр тогтооход баримтлах зарчим, аргачлал”-ын 3.2-т “Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно гэж заасан.
Анхан шатны шүүх, хохирогч Д.Т сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг шинжээч дүгнэлтээр тогтоогоогүй байхад шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, хэзээ дагаж мөрдсөнөөс үл хамааран сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг тусгай мэдлэг бүхий шинжээч тогтоох ёстой тул энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.
Харин хохирогчид сайн дураараа хохирол төлбөрт төлсөн 11.000.000 төгрөгөөс шүүхийн нотлох баримтаар тогтоогдсон 5.165.500 төгрөгийг хасаж үлдэгдэл 5.834.500 төгрөгийг сэтгэцэд учирсан хор уршигт тооцож хасаж тогтоосныг өөрчилж, дээрхи төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд төлөх мөнгөнөөс хасаж өгөөч гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.
Тухайлбал, шүүгдэгч хохирогчид сайн дураараа хохиролд тооцож шилжүүлсэн мөнгийг хохирогчоос буцаан олгож, Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхгүй тул энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хохирогч Д.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, мөн шүүгдэгч П.Г нь хохирол төлбөрт 11.000.000 төгрөг төлсөн болохыг заах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Мөн анхан шатны шүүх хохирогч Д.Т эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 5.852.230 төгрөг гарсныг шүүгдэгч П.Гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэсэнг зөвтгөж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэл бүхий өөрчлөлтүүдийг шийтгэх тогтоолд оруулж, шүүгдэгч П.Гын өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлын “...сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр гаргуулах ...” гэсэн хэсгийн хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч П.Г нь анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 66 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/864 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 8 дахь заалтын “... хохирогч Д.Тт сэтгэцэд учирсан хохирол 20.565.500 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч О.А3.637.000 төгрөгийг, А.Д 6.985.000 төгрөгийг, О.Б 1.615.000 төгрөгийг тус тус гаргуулан олгож, хохирогч Д.Т нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэснийг “... иргэний нэхэмжлэгч О.А3.637.000 төгрөгийг, А.Д 6.985.000 төгрөгийг, О.Б 1.615.000 төгрөгийг тус тус гаргуулан олгож, хохирогч Д.Т нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэж,
- 9 дэх заалтын “... П.Гаас 5.852.230 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.” гэснийг “...П.Гаас 5.852.230 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлын “...сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр гаргуулах ...” гэсэн хэсгийн хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Шүүгдэгч П.Г нь хохирогч Д.Тт хохиролд 11.000.000 төгрөг төлсөнг дурдсугай.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ