| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2018/0058/Э |
| Дугаар | 61 |
| Огноо | 2018-07-02 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 61
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга ******* дэмчиг овогт *******ын ******* Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* Ва- овогт Л-ын Ва- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ва-т холбогдох 1823000730064 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 04 дүгээр сарын сарын 11-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, малчин, *******, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Улиастай сум баг Цэнгэлдэх хэсэг ** дүгээр гудамж ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* Ва- овогт Л-ын Ва- Регистрийн дугаар: /ИА********/
Шүүгдэгч Л.Ва- нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Ва- нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн ******* сумын багийн нутаг “Хар бургасны шугуй” гэх газарт байрлах ойгоос 72 ширхэг бургас мод бэлтгэж, Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн хэргийн үйл баримт нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ж-ийн “...Сумын тамгын газраас намайг ******* сумын нутаг багийн нутаг “Хар бургас” гэх шугуйгаас хууль бусаар 72 ширхэг нойтон бургас бэлтгэсэн гэх үйлдэлд намайг хууль ёсны төлөөлөгчөөр явуулсан юм. Эзэн холбогдогчийг нь олж тогтоож хууль бусаар хэрэглээний нойтон мод бэлтгэсэн үйлдлийн хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор оролцож байна... ” гэсэн мэдүүлэг, Л.Ва-ийн хашаанаас нойтон бургас, монгол гэрийн ханийн зууравчийг хураан авсан талаар мэдүүлсэн гэрч Т.Б-ны “...2018 оны 05 сарын 30-ны өдөр хяналт шалгалт хийх явцад багийн 21-р хорооллын задгайд хашаанаас илүү гаргаж бургас хураасан байсан. Түүний мөрөөр шалгахад нойтон бургас байсан, холбогдох зурагнуудыг авч баталгаажуулж гэрийн эзэнд хүлээлгэн өгч, зөрчлөөр оруулж шалгаж харъяаллын дагуу шилжүүлсэн... Л.Ва- нь 58 ширхэг 2 метр орчим урттай нойтон бургас, 6 толгойтой монгол гэрийн зууравч бэлдсэн байсан. Би ЗДТГ-н жолооч Д.гийн хамт явж бургас хураан авсан...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Л.Ва- нь нойтон бургасыг зөвшөөрөлгүй бэлтгэснийг нотолсон гэрч З.гийн “Би ******* сумын Байгаль хамгаалагчийн ажлыг 5 дахь жилдээ хийж байна. Хар бургасыг мэднэ тус газарт бургас бэлтгэх зөвшөөрөл олгодоггүй бид нар жилийн өмнө санал явуулдаг боловч ямар нэгэн зөвшөөрөл олгодоггүй. Мод бэлтгэсэн газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй. Нойтон бургас нь хэрэгцээний модны төрөлд ордог ба ойн 2 дугаар бүсэд ордог...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Л.Ва- нь иргэн Д.М-ий машинаар бургасаа тээвэрлэсэн талаар мэдүүлсэн гэрч Д.М-ийн “... 2018 оны 04 сарын 25- ны орчим ******* сумын багийн нутаг дэвсгэр “Хар бургас” гэх газраас Л.Ва-ийг өвөлжөөн дээрээс нь ачаад Улиастай сумын багт задгай хашаанд буулгаж өгсөн... Баглаад уясан бургас ачсан нойтон хуурайг нь бол мэдээгүй. Би гэрийг нь нүүлгэж өгөхөд л хамт тавьж орж ирсэн...” гэсэн мэдүүлэг болон гэрэл зургийн үзүүлэлт зэргээр хангалттай тогтоогдож байна. Шүүгдэгчийн бургас мод бэлтгэж, тээвэрлэсэн бургас мод нь 2.2 метрийн урттай 72 ширхэг байсан нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилт хийсэн баримтаар тогтоогдож байгаа ба түүний үйлдлийн улмаас ойн санд 45.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь Экологи, эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдож байна. Монгол Улсын Ойн тухай хуулийн 29.1 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон бөгөөд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих ...зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заажээ. Мөн Ойн тухай хуулийн 20.1 дүгээр зүйлийн 20.1.4-д зааснаар иргэн түлшний мод бэлтгэх хүсэлтээ ойн анги/байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор, энэ зүйлийн 34.4-д ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэхэд гарал үүслийн гэрчилгээ авахаар хуульчилсан. Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-153 дугаартай тушаалаар баталсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 4.1, 4.2-д ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэх эрхийн бичиг олгох болон зохих журмын дагуу бэлтгэсэн мод, модон материалыг тээвэрлэхэд гарал үүслийн гэрчилгээ олгох талаар заажээ. Шүүгдэгч Л.Ва- нь хууль, болон журмын дээрх заалтуудыг зөрчиж ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, хэрэглээний зориулалтаар бургас мод бэлтгэн ачиж, улмаар гарал үүслийн гэрчилгээгүйгээр Завхан аймгийн ******* сумаас Улиастай сум руу тээвэрлэсэн нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгчийн мод бэлтгэсэн ойн сангийн 2-р мужлал, хууль зөрчсөн үйлдлийн улмаас ойн санд учирсан экологи эдийн засгийн хохирлын хэмжээ нь түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой. Мөн шүүгдэгч Л.Ва- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугийн талаар маргахгүй байна. Шүүгдэгч Ойн тухай хууль болон Гарал үүслийн гэрчилгээ олгох хяналт тавих журмыг зөрчиж, зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүй мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул Л.Ва-ийн хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Л.Ва- нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогджээ. Монгол Улсын Байгаль Орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан байна. Иймд шүүгдэгч Л.Ва-аас ойн санд учруулсан хохирлыг дээрх хуульд зааснаар тооцож 45600x3=136800 төгрөгийг гаргуулан Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын төрийн санд олгох нь зүйтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1,4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Л.Ва-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх сүх, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 58 ширхэг нойтон бургас, 6 толгойтой 14 ширхэг бургасаар хийсэн монгол гэрийн ханын зууравч 1 ширхэг, бургас бэлтгэхэд ашигласан гэх төмөр сүх 1 ширхэг, бургас хатаах зориулалт бүхий 4 талтай 1 талдаа 2 ширхэг банз нийт 8 банзаар хийсэн модон яндан 1 ширхэг, 2 модон шон 2 талд нь суулгасан голдоо төмөр турба газар суулгаж бэхэлсэн хөх өнгөтэй азарга 1 ширхэг зэрэг эд зүйлийг Завхан аймаг дахь Цагдаагийн газар эд мөрийн баримт хадгалах байрнаас гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан торгох ял оногдуулах саналыг хүлээн авах боломжтой гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 1.9, 36,8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* Ва- овогт Л-ын Ва-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Ва-ийг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460000/дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ва-ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 460000 / дөрвөн зуун жаран мянган/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойшх 3 /гурав/ сар тутам тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Л.Ва- нь торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж/15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Л.Ва-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1,4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Л.Ва-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх сүх, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 58 ширхэг нойтон бургас, 6 толгойтой 14 ширхэг бургасаар хийсэн монгол гэрийн ханын зууравч 1 ширхэг, бургас бэлтгэхэд ашигласан гэх төмөр сүх 1 ширхэг, бургас хатаах зориулалт бүхий 4 талтай 1 талдаа 2 ширхэг банз нийт 8 банзаар хийсэн модон яндан 1 ширхэг, 2 модон шон 2 талд нь суулгасан голдоо төмөр турба газар суулгаж бэхэлсэн хөх өнгөтэй азарга 1 ширхэг зэрэг эд зүйлийг Завхан аймаг дахь Цагдаагийн газар эд мөрийн баримт хадгалах байрнаас гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Шүүгдэгч Л.Ва- нь тогтоол гаргахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль Орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан Л.Ва-аас 45600x3=136800 төгрөгийг гаргуулж Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын төрийн санд олгосугай.
9. Шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс нэг бүр нь 150.000 төгрөгийн үнэ бүхий хонийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоолын 2,3,8,9 дүгээр заалтуудыг биелэгдтэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 11.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА