Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2025/ДШМ/990

 

2025            08             21                                                                      2025/ДШМ/990                                                                                          

Г.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Н.Түвшинбаяр,

шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Д.Дэмбэрэлдагва,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1228 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2411 00114 0903 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х- Б- овгийн Г-ын Б-, ..........., /РД:.........../.

Шүүгдэгч Г.Б- нь 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” нэртэй пабын В1 давхарт хохирогч Д.М-тай маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа хэд хэдэн удаа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х- Б- овогт Г-ын Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б- нь шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б-аас 3.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М-д олгож, хохирогч Д.М- нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Г.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа маш хангалтгүй явагдан миний бага балчир, насанд хүрээгүй байсныг далимдуулан хэрэгтэн болгож шийтгүүлж байгаад би маш гомдолтой байна. Би иргэн Д.М-ын бие, эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулахаар үйлдэл гаргаагүй болох нь хохирогчийн өөрийн нь удаа дараагийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Тухайлбал, хохирогч Д.М- 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн мэдүүлгүүддээ “Б- гэх хүн өөрийг нь цохисон, нүүр рүү нь өшиглөсөн” талаар мэдүүлэг өгсөн байхад үүнийг анхан шатны шүүх огт анхаарсангүй. Мөн хохирогч Д.М- 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан дээр “мөрдөгч намайг хэн нь гэмтээсэн нь тодорхойгүй байна” гэж мэдүүлсэн нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа маш хангалтгүй явагдсаныг харуулж байна.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Алтангэрэл ч 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогчийг жинхэнэ зодсон хүн нь тогтоогдоогүй гэж дүгнээд Б- иргэний хариуцагч ч болох ёстой гэж байсан. Гэтэл н.Б-, Д.М- нарын зодооныг таслан зогсоосон намайг хэрэгтэн болгон шийтгэж байгаад би үнэхээр гайхаж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Б-ын өмгөөлөгч Д.Дэмбэрэлдагва тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийн гомдлыг бүрэн дэмжиж байна. Миний үйлчлүүлэгчийн цохисон үйлдлийн улмаас хохирогч Д.М-ын биед гэмтэл учраагүй гэж үзэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирогч Д.М- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Би ариун цэврийн өрөө орох шаардлагатай болоод тус барилгын B1 давхарт байрлах нойлд биеэ засах гээд очтол нэг залуу хаалга дээр нь зогсож байснаа надад хандаж “чи манай найз охины урдуур орж биеэ засдаг хэн бэ” гэж хэлсэн. Би тэр залуутай заамдалцаад нойлоос гарсан. Тэгсэн миний нүүр лүү өшиглөсөн. Тэнд хэдэн хүн байсан, хэн нь миний нүүр лүү өшиглөсөн талаар мэдэхгүй байна. Миний бодож байгаагаар надтай маргалдсан залуу л намайг өшиглөсөн байх. Би цохиулсныхаа дараа босож ирээд “яаж байгаа юм бэ” гэж асуухад дунд зэргийн өндөртэй залуу надад хандаж “би чамайг өшиглөсөн юм” гэж хэлсэн. Тэр залууг манай найз Э- таньж байсан нэрийг нь Б- гэдэг гэсэн. Би тэр залууг дахиж харвал танина...” гэж мэдүүлсэн байдаг. Уг хэрэг дээр Мөрдөн шалгах ажиллагаа учир дутагдалтай явагдсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй. Иймд миний үйлчлүүлэгчийн гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг болон Шүүх шинжилгээний байгууллагаас гаргасан шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн оролцогч нарын эрхийг хязгаарласан ямар нэг процессын алдаа гаргаагүй. Уг хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа удааширсан нөхцөл байдал нь шүүгдэгчийн оршин суугаа газартаа байдаггүй, биеийн байцаалтад авагдсан ажлаасаа гарсан нөхцөл байдал байсан учир мөрдөн шалгах ажиллагаа удааширсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байсан тул анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Б-ыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

           ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна. 

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,

шүүгдэгч Г.Б- нь 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” нэртэй пабын В1 давхарт хохирогч Д.М-тай маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

               Хохирогч Д.М-ын “...ариун цэврийн өрөөний үүдэнд зогсож байгаад хүмүүс байхаар нь гялс орчихьё гэхэд тэнд байсан нэг залуу “чи манай найз охины урдуур орж шээдэг хэн бэ” гээд намайг хавсарсан. Би тэр үед нь заамдаад газарт унасан, дээрээс миний нүүр рүү өшиглөсөн. Тэнд яг хэдэн хүн байсан гэдгийг би мэдэхгүй байна, яг хэн нь өшиглөсөн гэдгийг бас мэдэхгүй байна. Миний нүүр рүү өшиглөөд би босож ирээд яаж байгаа юм бэ гэхэд дундавтар нуруутай шар царайтай залуу “...би чамайг өшиглөсөн юм, хоёулаа маргааш зүгээр учраа ольё” гээд маргалдаад зогсож байтал тэнд байсан хүмүүс зөөгч нар ирээд салгасан. ...” /хх12/,

               дахин өгсөн “...хажуугаар нь гараад бие засах гэсэн чинь нэг залуу намайг хавсарч унагасан, хажуугаараа унаад босох гэсэн чинь хэн нэгэн нь миний баруун шанаа, нүд хэсэгт хэд хэдэн удаа цохисон. ...” /хх13/,

               гэрч Э.Э-ийн “...Хэсэг хүмүүс маргалдах чимээ гарахаар нь би юу болоод байгааг харахаар доошоо буутал М- ариун цэврийн өрөөний үүдэнд шал дээр дээшээ хараад уначихсан, манай “*****” пабд ажилладаг Б- нь М-ын нүүр рүү нь гараараа цохиж байгаа харагдсан. ...” /хх15/,

               гэрч Э.Б-ын “...миний хоолойноос багалзуурдаад миний сорочкийг урж хаяад хамар руу цохиод цус гаргасан, тэр хүн намайг цохиод байхаар нь би өөрийгөө хамгаалж тэр залууг түлхсэн ба цохиогүй. Тэгээд цаанаас хүмүүс ирж салгасан. ...” /хх17/,

               дахин өгсөн “...Би тухайн залуутай маргахын хувьд бол маргасан, гэхдээ би ерөөсөө цохиогүй, өшиглөж, хөмрөөгүй. Нэгдүгээрт би шар царайтай биш, би бор царайтай. Надтай маргасан залуу одоог хүртэл яагаад ингээд яваад байгаад мэдэхгүй байна. Энэ бүх маргааныг тухайн залуу өөрөө эхлүүлсэн. Өөрөө бүх хүмүүс рүү дайрч давшилж, тэнд байсан хүмүүсийг өдөж, хоргоож, хүмүүст гар хүрч уурыг нь хүргэж байсан. Тухайн үедээ би гадаад явах гэж байсан, тэгээд “за за яах вэ” гэж бодоод тэр залууд гомдол гаргаагүй. ... тэр зөөгч залуу салгах гэж иртэл надтай маргасан залуу агсраад үзэлцээд байсан тэгээд тэр зөөгч хүүхэд цохиод байсан түүнд санаа зовж байна. ...” /хх122-125/,

               Г.Б-ын яллагдагчаар өгсөн “...Би харин хохирогч гэх залууг бариад үйлдлийг нь таслан зогсоох гэж байсан чинь тэр хохирогч гэх хүн “бүгдийг чинь ална шүү” гэх зэргээр намайг зодох гэж оролдсон, түрүүлээд миний шанаа, толгой хэсэг рүү цохисон. Тэр үед надтай зууралдаж байгаад эмэгтэй 00-н шал хэсэг рүү уначихсан. ...тэгээд би босгох гэхэд над руу даХ- дайрах байх гэж бодоод 1-5 удаа толгойн дагз хэсэг рүү нь гараараа цохисон. ...” /хх48/ гэх мэдүүлгүүд,

               гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх9/,  Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 28 дугаартай “Д.М-ын биед баруун чамархай, шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, духны цус хуралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх21-25/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх бөгөөд анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн төдийгүй түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Г.Б- нь “...Би тус гэмт хэргийг үйлдээгүй, үйлдээгүй хэргийн маань төлөө эрүүгийн хариуцлага оногдуулж байна” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.  

Учир нь, хавтас хэргийн 12 дугаар талд авагдсан хохирогч Д.М-ын “...Миний нүүр рүү өшиглөөд би босож ирээд яаж байгаа юм бэ гэхэд дундавтар нуруутай шар царайтай залуу “...би чамайг өшиглөсөн юм, хоёулаа маргааш зүгээр учраа ольё” гээд маргалдаад зогсож байтал тэнд байсан хүмүүс зөөгч нар ирээд салгасан. ...” гэх, 15 дугаар авагдсан талд авагдсан гэрч Э.Э-ийн “...М- ариун цэврийн өрөөний үүдэнд шал дээр дээшээ хараад уначихсан, манай “*****” пабд ажилладаг Б- нь М-ын нүүр рүү нь гараараа цохиж байгаа харагдсан...” гэх, 125 дугаар талд авагдсан гэрч Э.Б-ийн “...тэр зөөгч залуу салгах гэж иртэл надтай маргасан залуу агсраад үзэлцээд байсан тэгээд тэр зөөгч хүүхэд цохиод байсан түүнд санаа зовж байна...” гэх хэргийн үйл баримтыг мэдүүлсэн мэдүүлгүүдийг өөр хооронд нь харьцуулан үнэлэхэд хохирогч Д.М-ын биед учирсан хөнгөн гэмтлийг шүүгдэгч Г.Б- учруулсан гэж дүгнэхээр байна.

Мөн эдгээр нотлох баримтууд яллагдагчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тухайн эрэгтэй сэрсэн, надад цохиулж байгаагаа мэдээгүй гэж бодож байна. Босож ирээд намайг хэн цохисон бэ, чи цохисон уу, чи цохисон уу гээд бусад зөөгч нар луу дайраад уурлаад байсан. Тэгэхээр нь би “уучлаарай би цохисон юмаа” гэж хэлсэн чинь “за нааш ир одоо чамайг дагуулаад цагдаа руу явна гээд миний үснээс зулгаагаад байсан...” гэсэн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 28 дугаартай “...Д.М-ын биед баруун чамархай, шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, духны цус хуралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.” гэсэн шинжээчийн дүгнэлттэй бүрэн нийцэж байх ба дээрх үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд, шүүгдэгч Г.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин, анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан ямар гэмтэл, хор уршиг учирсан болохыг шүүх шинжилгээний байгууллага тогтоогоогүй байхад шүүгдэгч Г.Б-аас 3.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М-д олгохоор шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг болон мөн зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчилсан байна.

Тодруулбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), ...заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.

Дээр дурдсан хууль болон журмаар тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан тул анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хор уршгийг хүлээн зөвшөөрсөн мөрдөгчийн танилцуулсан маягтаар /хх109/ хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 3.300.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй болно.

Иймд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1228 дугаар шийтгэх тогтоолд энэ талаарх зохих өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1228 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Б-аас 3.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М-д олгосугай.” гэсэн заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Г.Б-ын гаргасан “гэмт хэрэг үйлдээгүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХӨӨ

 

           ШҮҮГЧ                                   Н.БААСАНБАТ

 

                       ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА