| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2018/0126/э |
| Дугаар | 780 |
| Огноо | 2018-09-11 |
| Зүйл хэсэг | 10.1.2, |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 780
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Р.Очирсүрэн,
иргэдийн төлөөлөгч C.Жаргалдулам,
шинжээч Ц.Ганболд,
гэрч Э.Ш,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц, түүний өмгөөлөгч М.Хувцагаан,
шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч П.Отгонбаяр, Б.Энх-Амгалан,
шүүгдэгч Э.Ө, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх заалтуудад зааснаар Б овогт Т.М, Б овогт Э.Ө нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708000000230 тоот эрүүгийн хэргийг шүүх 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлэг био технологийн сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Төв аймгийн Баянцогт сумын 2 дугаар багт оршин суух, урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1114 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Т.М /РД: /,
Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх, ах, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 66-24 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Э.Ө /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь
Прокуророос тогтоосон хэргийн агуулга:
Шүүгдэгч Э.Ө, Т.М нар бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Б-н цээжин тус газарт цохиж, газарт унаган өмдний халааснаас нь Nokia маркийн гар утас, мөн өмсөж явсан улаан өнгийн куртикийг өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор авч, Ц.Б-н толгойд “зүүн зулай чамархайн хатуу хальс доорх цус харвалт, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун зулайн хатуу хальс доорх цусан хураа, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт” бүхий гэмтэл учруулан алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М мэдүүлэхдээ:
2017 оны 11 дүгээр сарын 12-нд Ө-тай уулзсан. Яармаг яваад буцаад Ө-н гэрийн гадаа пиво уусан. Б яваад Ө бид хоёр уусан. Ингээд хохирогчтой таарсан. Ө хохирогчийн нүүрэнд нь нэг удаа цохьтол хохирогч унасан. Тэгэхээр нь би очоод хохирогчийн өмнө явсан улаан өнгийн куртикийг нь тайлж аваад Ө гар утсыг нь авсан. Би хохирогчийн ар гэрт 3,595,000 төгрөг өгсөн. Хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ө мэдүүлэхдээ:
2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр М уулзая гээд мессэж ирүүлээд бид хоёр уулзсан. Бид нар Б-н машинд дөрвүүлээ пиво уусан. Миний баруун гар гэмтсэн байсан. Бодьхүү улаан куртиктэй залуу явж байна гэж заасан. М бид хоёр машинаас бууж тэр залуу дээр очсон. Миний харсанаар М тэр залуугийн энгэр хэсгээс нь өргөж байгаад нүүрэнд нь нэг удаа цохьсон. Намайг очтол М куртик болон гар утсыг нь авчихсан. Энэ хүн үхчихсэн шиг боллоо гэж хэлсэн. Би ч 5-6 алхмын цаана байсан ба ойртолгүй буцаад явсан. Машинд суухад М тэр хүнийг гоё цохьсон, чи харсан уу гээд байсан. Тэр шөнө М, Б, Ш бид нар цуг хоносон. Хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц мэдүүлэхдээ:
Маш их гомдолтой байна. Шүүгдэгч нарын ар гэрээс нэг ч төгрөг өгөөгүй, амийг амиар солихыг хүсч байна. Сэтгэл санааны хохиролд 40 сая төгрөг нэхэмжилнэ. Oршуулгын зардалд 3 сая гаруй төгрөг өгсөн гэнэ лээ, би сайн мэдэхгүй байна. 9,157,193 төгрөг нэхэмжилсэнээс төлөгдсөн хохирлыг хасаад одоо үлдэгдэл зөрүү болон 40 сая төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн гэрч Э.Ш мэдүүлэхдээ:
Ө нь төлөв даруу, хүний үгэнд ордог, гэмт хэрэгт холбогдож байгаагүй хүн юм гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ц.Ганболд мэдүүлэхдээ:
Шүүх эмнэлгийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн задлан шинжилгээгээр талийгаачид баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорхи цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт, амны баруун хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдсон. Талийгаач өмнө нь гэмтэл авч байсантай сүүлийн авсан гэмтэл нь шалтгаант холбоо байхгүй, дандаа шинэ гэмтэл байсан. Хэрэв гэмтлийн зэрэг тогтоовол гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Амь насыг аврах боломжгүй байсан тул нас барсан байгаа. Хүний цохилтын хүчний улмаас гэмтэл үүссэн байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 05 дугаар сард...Б-н толгой нь өвдөөд яваад байсан. Томографид үзүүлэхэд “цус хуралт байна, авахуул” гээд эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон ...Тэгээд толгойны баруун талд нь ясгүй, онгорхой байдалтай үлдсэн...Ясгүй учир бэртэх аюултай, болгоомжтой явах талаар эмнэлгээс анхааруулж байсан...2017 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө 09-10 цагийн үед манай хамгийн бага эмэгтэй дүү Б залгаад “Б ах гэмтлийн эмнэлэгт ухаангүй ирээд хагалгаанд орчихжээ” гэж хэлсэн. Тэгээд л би яасан юу болсон гээд гэмтлийн эмнэлэг дээр очиход ухаангүй эмнэлэгт хүргэгдэж ирээд хагалгаанд орчихсон байсан. Эмнэлгийн зүгээс ар гэрийнхнээс асуух боломжгүй, яаралтай хагалгаанд оруулахгүй бол болохгүй, хүнд байдалтай байсан учраас шууд оруулчихсан юм байна лээ. Хагалгааны дараа ч ухаан орохгүй байсаар нас барсан. Б гэх залуугийн гэрээс эмнэлэг рүү хүргэгдэж ирсэн байсан бөгөөд манай дүү нартай уулзаад шөнө орж ирэхдээ куртик, утасгүй “найз нь дээрэмдүүлээд зодуулчихлаа” гээд орж ирсэн юм байна лээ. Тэгээд өглөө эрт өмдөндөө шээчихсэн, ухаангүй байхаар нь 103-т дуудлага өгөөд Гэмтлийн эмнэлэг рүү хүргэгдэж ирсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-36-37/,
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр...дэлгүүрээс 0,5 литрийн “Хараа” архи авч Б бид 2 хувааж уусан. Б гадаа гарч тамхи татчихаад ирье гээд алга болсон...Шөнийн 02 цагийн үед хаалга нүдээд “Б байна, хаалгаа тайлаарай” гэхээр нь би хаалга тайлтал куртик нь байхгүй, хамар ам нь цус болчихсон, чихнээс нь жоохон цус гоожсон болохоор нь би “хаана, хэнтэй зодолдсон юм” гэтэл “маргааш ярья, найз нь хөлдөж үхлээ” гээд газраар унтаад өгсөн. Тэгээд Б үүрээр “найз нь хөлдөж үхлээ” гээд миний өвөрт ороод ирсэн. Өглөө 08 цагийн үед би босоод гэрээ галлах нүүрс оруулж иртэл Б орон дотроо шээчихсэн байсан...Б ухаангүй болохоор нь 103 дугаар луу залгаад дуудлага өгсөн...Б улаан өнгийн юүдэнтэй, богино куртиктэй байсан...” гэх мэдүүлэг /1хх-41-45/,
Гэрч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ц.Б цэнхэр өнгийн даавуундуу малгайтай, улаан куртиктэй, шар даавуун өмдтэй, хар өнгийн цасны гуталтай явсан. Тухайн үедээ машины түлхүүр Нарангийн голд байх хашаа байшингийн түлхүүр, гар утас зэрэг эд зүйлстэйгээ байсан...Гар утас нь Нокиа загварынх байсан...” гэх мэдүүлэг /1хх-53-54/,
Гэрч С.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 11 сарын 13-ны өдөр ...сургуулийн гадна 10 цаг 10 минутын үед зогсож байхад М, Т, Б ах 3 зогсож байсан. Тэгээд намайг тэд нар дээр очиход М нэг улаан өнгийн куртик барьчихсан “ахын дүү энийг авах уу, сайхан угаагаад цэвэрлээд өмсчих” гээд өгсөн. Тэгэхээр нь ямар нэгэн зүйл асуугаагүй “за баярлалаа” гэж хэлээд авсан...Уг куртик нь улаан өнгийн урдуураа цахилгаантай, юүдэнтэй малгайтай, Tiger Force гэсэн бичиглэлтэй куртик байсан...” гэх мэдүүлэг /хх-46-48/,
Гэрч Л.Б-н мөрдөн шалгах шатанд өгсөн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 12-нд ...Нарангийн голд байх дэлгүүрээс пиво аваад уусан. М ууж байгаа харагдаагүй, Ө нь уугаад байсан. 2,5 литрийн хуванцар савтай пиво хувааж уучихаад тэр хоёр тэндээ буугаад би халтууранд явсан...20-21 цагийн хооронд л байсан байх. Тэгээд шөнө 23-24 цагийн орчим халтууранд явж байхад М над руу утасдаад хүрээд ирээч гэсэн. Тэгэхээр нь Нарангийн голд явж очиход М, Ө тэр хоёр хоёулаа байж байсан...М, Ө хоёр нэг улаан куртик барьчихсан машинд суусан. Би Ө-н куртик гэж бодсон. Ө пиво ууж байгаад орой нь салах үедээ хувцсаа солино, куртикны суга урагдсан гэж ярьж байсан. Тийм учраас Ө-г гэрээсээ куртик авч гарч ирсэн байлгүй дээ гэж бодсон. Маргааш өглөө нь Ө өөрийнхөө барьж байсан Цагаан өнгийн Самсунг маркийн гар утсыг найз охиндоо өгөөд, өөрөө утасгүй болсон. Тэгэхэд М өөрийнхөө барьж байсан утсыг Ө-т өгсөн. Утасных нь маркийг мэдэхгүй байна, ямар ч байсан нэг утас өгсөн. Ө утасгүй болчихлоо гэж гуйгаад байсан. М тэгэхэд нь өгчихсөн. Өглөө сургууль дээр очсон хойно М нөгөө улаан куртикийг барьчихсан явж байсан. Дараа нь харсан чинь Ц бариад явж байсан. М Ц-т өгсөн юм байна лээ...” гэх мэдүүлэг /1хх-49-51/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2264 дүгнэлтэд:
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: Толгойн битүү гэмтэл: Баруун зулайн шугаман хугарал. Баруун зулай чамархайн хатуу хальс доорхи цус харвалт: Зүүн тал бөмбөлөгийн аалзан бүрхүүл доорхи цус харвалт. Зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт. Зүүн хажуугийн ба гурав дөрөв дүгээр ховдол руу иврэлт. Баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт. Зүүн зулай чамархайн хатуу хальс доорхи цусан хурааг авах мэс засал. 2017.11.33
-Суман хөндийн цусан бүлэн. Тархины их хаван. Тархи дарагдал, шахагдал. Гүүрэн дэх хоёрдогч , голомтлог цус харвалтууд, Уушигны хаван, Цөсний хүүдий чулуужих өвчин.
Дүгнэлт:
1. Талийгаачид баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, зүүн тал бөмөбөлгийн аалзан бүрхүүл доорхи цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт, амны баруун хэсгийн цус хуралт тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих үед үүснэ.
2.4. Баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорхи цусан хураа, зүүн тал бөмбөлөгийн аалзан бүрхүүл доорхи цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун зулайн хатуу хальс доорхи цусан хурааны улмаас суман хөндийд цусан бүлэн үүсэж, тархи хавагнаж гүүрэнд хоёдогчоор цус хуран үхэлд хүргэжээ.
3. Шинжилгээгээр цөсний хүүдийн чулуужих өвчтэй байсан ба энэ нь үхэлд нөлөөлөхгүй.
5. Эмнэлэгт хоёр хоног эмчлэгдсэн тул согтууруулах бодис тогтоосонгүй.
6. Цус нь 1-р бүлэг байна гэх дүгнэлт /1хх-89-91/,
Шүүхийн криминалистикийн шинжээчийн №6595 дүгнэлтэд:
Шинжилгээнд ирүүлсэн гадуур хүрмэнд үзлэг хийхэд:
“TIGER FORCE, M” гэсэн хар өнгийн шошготой , хагас босоо захтай, баруун энгэрт “TIGER FORCE” гэсэн саарал өнгийн бичигтэй, зүүн урд энгэрт цахилгаантай босоо халаастай, доод хоёр талдаа цахилгаантай босоо далд халаастай , цахилгаантай задгай энгэртэй, малгайтай улаан өнгийн гадуур хүрэм /зураг 2/ байна.
Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн малгайтай гадуур хүрмэнд урагдалт, цооролт байгаа эсэх, ямар хүxин зүйлийн үйлчлэлээр шинэ, хуучин аль нь болохыг тогтоох зорилгоор XTL маркийн өсгөгч шил ашиглан ажиглалтын аргаар шинжилж үзэхэд оёдлын утас бүрэн , суналтгүй, сэмрэлтгүй, цооролтгүй байгаа нь улаан нөгийн малгайтай гадуур хүрэм гэмтэлгүй гэсэн дүгнэлтийг өгөх үндэслэлтэй байна.
Дүгнэлт:
Шүүх сэтгэц эмгэг судлалын 1073 дугаар дүгнэлтэд:
1. Т.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон гэмт хэрэг үйлдэхийн өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна.
2. Т.М нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Т.М нь гэмт хэргийн үйлдлээ хариуцах чадвартай байна.
3. Т.М нь гэмт хэргийн үйлдлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. /1хх-102-103/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 1074 дүгээр дүгнэлтэд:
1. Э.Ө нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон гэмт хэрэг үйлдэхийн өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна.
2. Э.Ө нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
Э.Ө нь гэмт хэргийн үйлдлээ хариуцах чадвартай байна.
3. Э.Ө нь гэмт хэргийн үйлдлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. /1хх-107-108/,
Шинжээч Ц.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Энэ гэмтлийг авснаас хойш баруун зулайн хатуу хальсан доорх цусан хураа үүсч тархийг дарах хүртэл ухаантай байж байгаад ухаан алдана. Ухаан алдаад комын байдалд байж байгаад мэс засал болон эмийн эмчилгээ хийгдсэн тул нас барах процессыг удаашруулсан байна. Энэхүү гэмтлийг авсан хүн гэмтэл аваад ухаан алдах хугацаа нь цус алдалтын байдлаас шалтгаалан 1 цагаас 6 цаг хүртэл хугацаанд байх боломжтой. Талийгаачийн биед баруун зулайн хугарал үүссэн байсан ба энэ гэмтэл нь цохих үед үүснэ. Талийгаачид учирсан гэмтлийг үзэхэд 2-3 удаа цохих үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл юм. Мохоо зүйл гэдэгт гараар цохих, хөлөөр өшиглөх аль алиныг нь ойлгож болно...Толгойнд учирсан хугарал нь мэс заслын үед шинэ гэсэн байсан. Мөн цусан хураа, зөөлөн эдийн гэмтлүүд нь задлан шинжилгээгээр шинэ болох нь тогтоогдож байна. Талийгаачийн 2015 онд авсан гэмтэл нь үхэлд хүргэсэн гэмтлүүдтэй хамааралгүй. Үхэлд хүргэсэн гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байсан...” гэх мэдүүлэг /1хх-86-87/,
Шүүгдэгч Т.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр...Ө бид хоёрыг Б Сонгинохайрхан дүүргийн 5-шард 19-20 цагийн үед хүргэж өгсөн...Ө маргааш нь хөдөө Сэлэнгэ аймаг руу явах байсан болохоор бид 2 шоудах санаатай хотын төв рүү Ө-н гэрийн гудамжнаас зүүн зүгт 1 гудамж өнгөрөөд дараагийн гудамжинд явж байтал 1 м 70 см орчим өндөртэй улаан өнгийн малгайгүй куртиктэй, доогуураа бараан өнгийн өмдтэй, 20-30 орчим настай бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн эрэгтэй гуйвсан алхаа байхгүй хэвийн алхаад өнгөрсөн. Тэгэхэд Ө тэр хүн дээр очоод ямар нэгэн зүйл ярилгүй шууд цээж рүү нь цохиж унагаасан. Тэгэхээр нь би гүйгээд очиход Ө халаасыг нь ухаж байсан. Тэгэхээр нь би тэр хүний өмсөж байсан куртикийг нь зүүн гарын ханцуйнаас нь татаж тайлж авч байх үед Ө гудамж уруудаад хотын төв рүү чиглээд гүйсэн. Тэгэхээр нь би араас нь гүйхээсээ өмнө газар унасан хүний малгайг хажуугаас нь авч толгойд нь өмсүүлэх үед тэр хүн босох гээд хөдөлж байсан. “Хөөе хөөе” гээд зөөлөн дуугаар хэлж байсан. Тэгээд би Ө-н араас гүйсэн. Ө бид 2 нилээн гудамжаар гүйж байгаад зам руу гарч зам дагаж алхаад Саппоро хүртэл алхаад шөнийн 1, 2 цаг болж байсан байх. Ө гудамжинд цохиж унагаасан хүний халааснаас Нокиа гар утас авсан гэж хэлсэн. Би тэр хүний куртикийг тайлж авсан. Бид хоёр Саппоро дээрээс салсан...Ө утсаа найз охиндоо өгчихсөн болохоор утасгүй гээд урьд...нөгөө хүнээс дээрэмдэж авсан Нокиа гар утасны сим нь хөндийрөөд байна гээд надад тэр утсыг өгөөд, миний 2 сим ордог Нокиа гар утсыг аваад Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум руу явсан...Хохирогчтой таарахад шөнийн 00 цаг болчихсон байсан байх...” гэх мэдүүлэг /1хх-134-139, 140-142/,
Шүүгдэгч Э.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр...М-тэй 17 цагийн өнгөрч байхад уулзсан. М бид 2 Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойт руу автобусаар явсан. Автобуснаас Толгойтын Гүнгэрваа худалдааны төвийн наад талын автобусны буудал дээр буугаад “Амагийн зам” гэсэн нэртэй дэлгүүрээс 2,5 литрийн том Боргио нэртэй пиво авч гудамжны булан тойроод Сүмийн урд гадаа хоёулаа хувааж уух үед харанхуй болчихсон байсан, пиво ууж дуусгаад цэнхэр дэлгүүр дээр нүүрс, мод зарж, борлуулж ажилладаг аав Э дээр очих гээд гудамжаар М-н хамт явж байтал улаан куртиктэй эрэгтэй хүн явж байсан. Тэр үед М надад юу ч хэлэлгүй тэр хүнийг чиглээд гүйсэн. Тэгэхээр нь би араас нь яаж байгаа юм бол гэж бодоод харж байгаад араас нь гүйгээд очихын завдалгүй тэр улаан куртиктэй хүнийг М унагаачихсан. Энгэр хэсгээс нь дээш бага зэрэг татаж өндийлгэж байгаад нүүр хэсэг рүү нь гараараа цохисон. Тэгэхэд тэр хүн гараараа өөрийгөө хаахгүй ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүй байсан. Тэгээд би очоод М-г “болиоч ээ” гээд дөхөөд очиход М тэр хүний улаан куртикийг нь тайлж аваад, өмднийх нь халааснаас Нокиа маркийн товчлууртай өнгийг нь мэдэхгүй утас аваад миний урдаас явъя гээд ирсэн. Тэгэхээр нь би “харилаа” гэхэд М би ч гэсэн явлаа гээд явсан. Явахаасаа өмнө намайг тэр хүнээс авсан улаан өнгийн куртикийг “авах уу” гэж асуухаар нь “үгүй үгүй” гээд би гэр лүүгээ алхаад харьсан. М Цэнхэр дэлгүүрийн хажуугийн гудамжинд салсан...” гэх мэдүүлэг /1хх-150-153, 157-158/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-8-12/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-15-19/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-33/, эд зүйлийн үнэлгээ /1хх-160/, гомдол хүлээн авсан тэмдэглэл /1хх-3-4/, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-7/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэл, схем зураг /1хх-8-26/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх-27/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-28/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-29-32/, Сонгингохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /2хх-14х/, Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /2хх-17/, Иргэний үнэмлэхний хуулбар /2хх-18/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-32/, Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар /1хх-217-218/, Сурагчийн хувийн хэргийн хуулбар /1хх-219-227/, Иргэний үнэмлэхний хуулбар /1хх-231/, М-н 2016 оны Монгол Улсын шилдэг сурагч болсон талаар гэрчилгээний хуулбар, математикийн хичээл, сагсан бөмбөг болон бөхийн спортоор гаргаж байсан амжилт, өргөмжлөлүүдийн хуулбар /1хх-232,235-250,2хх-1-2/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт /2хх-3-12/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-33/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Ө, Т.М нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Ө, Т.М нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Б-н цээжин тус газарт цохиж газарт унаган зодож Nokia маркийн гар утас, мөн өмсөж явсан улаан өнгийн куртикийг өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор авч, Ц.Б-н толгойд зүүн зулай чамархайн хатуу хальс доорх цус харвалт, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун зулайн хатуу хальс доорх цусан хураа, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт бүхий гэмтэл учруулан алсан болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-н “...2017 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө 09-10 цагийн үед манай хамгийн бага эмэгтэй дүү Б залгаад “Б ах гэмтлийн эмнэлэгт ухаангүй ирээд хагалгаанд орчихжээ” гэж хэлсэн...Б гэх залуугийн гэрээс эмнэлэг рүү хүргэгдэж ирсэн байсан бөгөөд манай дүү нартай уулзаад шөнө орж ирэхдээ куртик, утасгүй “найз нь дээрэмдүүлээд зодуулчихлаа” гээд орж ирсэн юм байна лээ. Тэгээд өглөө эрт өмдөндөө шээчихсэн, ухаангүй байхаар нь 103-т дуудлага өгөөд Гэмтлийн эмнэлэг рүү хүргэгдэж ирсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-36-37/,
Гэрч Б.Б-н “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ...дэлгүүрээс 0,5 литрийн “Хараа” архи авч Б бид 2 хувааж уусан. Б гадаа гарч тамхи татчихаад ирье гээд алга болсон...Шөнийн 02 цагийн үед хаалга нүдээд “Б байна, хаалгаа тайлаарай” гэхээр нь би хаалга тайлтал куртик нь байхгүй, хамар ам нь цус болчихсон чихнээс нь жоохон цус гоожсон...газраар унтаад өгсөн...Өглөө 08 цагийн үед би босоод гэрээ галлах нүүрс оруулж иртэл Б орон дотроо шээчихсэн байсан...Б ухаангүй болохоор нь 103 дугаар луу залгаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-41-45/,
Гэрч Б.С-н “...Ц.Б цэнхэр өнгийн даавуундуу малгайтай, улаан куртиктэй шар даавуун өмдтэй, хар өнгийн цасны гуталтай...Гар утас нь Нокиа загварынх байсан...” гэх мэдүүлэг /1хх-53-54/,
Гэрч С.Ц-н “...2017 оны 11 сарын 13-ны өдөр...сургуулийн гадна 10 цаг 10 минутын үед зогсож байхад М, Т, Б ах 3 зогсож байсан...М нэг улаан өнгийн куртик барьчихсан “ахын дүү энийг авах уу, сайхан угаагаад цэвэрлээд өмсчих” гээд өгсөн...Уг куртик нь улаан өнгийн урдуураа цахилгаантай, юүдэнтэй малгайтай, Tiger Force гэсэн бичиглэлтэй куртик байсан...” гэх мэдүүлэг /1хх-46-48/,
Гэрч Л.Б-н “...Би 2017 оны 11 дүгээр сарын 12-нд...Нарангийн голд...тэр хоёр тэндээ буугаад би халтууранд явсан...20-21 цагийн хооронд л байсан байх. Тэгээд шөнө 23-24 цагийн орчим халтууранд явж байхад М над руу утасдаад хүрээд ирээч гэсэн...Нарангийн голд явж очиход М, Ө тэр хоёр хоёулаа байж байсан...М, Ө хоёр нэг улаан куртик барьчихсан машинд суусан...Өглөө сургууль дээр очсон хойно М нөгөө улаан куртикийг барьчихсан явж байсан. Дараа нь харсан чинь Ц бариад явж байсан. М Ц-т өгсөн юм байна лээ...” гэх мэдүүлэг /1 хх-49-51/,
Шинжээч Ц.Ганболдын “...Энэ гэмтлийг авснаас хойш баруун зулайн хатуу хальсан доорх цусан хураа, үүсч тархийг дарах хүртэл ухаантай байж байгаад ухаан алдана...Толгойнд учирсан хугарал нь мэс заслын үед шинэ гэсэн байсан. Мөн цусан хураа, зөөлөн эдийн гэмтлүүд нь задлан шинжилгээгээр шинэ болох нь тогтоогдож байна. Талийгаачийн 2015 онд авсан гэмтэл нь үхэлд хүргэсэн гэмтлүүдтэй хамааралгүй. Үхэлд хүргэсэн гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байсан...” гэх мэдүүлэг /1хх-86-87/,
Шүүгдэгч Т.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ө тэр хүн дээр очоод ямар нэгэн зүйл ярилгүй шууд цээж рүү нь цохиж унагаасан...би гүйгээд очиход Ө халаасыг нь ухаж байсан...би тэр хүний өмсөж байсан куртикийг нь зүүн гарын ханцуйнаас нь татаж тайлж авсан...Ө гудамжинд цохиж унагаасан хүний халааснаас Нокиа гар утас авсан гэж хэлсэн. Би тэр хүний куртикийг тайлж авсан. Бид хоёр Саппоро дээрээс салсан...Хохирогчтой таарахад шөнийн 00 цаг болчихсон байсан байх...” гэх мэдүүлэг /1хх-134-139, 140-142/,
Шүүгдэгч Э.Ө-н мөрдөн шалгах ажиллааганд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр...гудамжаар М-н хамт явж байтал улаан куртиктэй эрэгтэй хүн явж байсан. Тэр үед М надад юу ч хэлэлгүй тэр хүнийг чиглээд гүйсэн...араас нь гүйгээд очихын завдалгүй тэр улаан куртиктэй хүнийг М унагаачихсан. Энгэр хэсгээс нь дээш бага зэрэг татаж өндийлгэж байгаад нүүр хэсэг рүү нь гараараа цохисон...М тэр хүний улаан куртикийг нь тайлж аваад, өмднийх нь халааснаас Нокиа маркийн товчлууртай өнгийг нь мэдэхгүй утас аваад миний урдаас явъя гээд ирсэн...М Цэнхэр дэлгүүрийн хажуугийн гудамжинд салсан...” гэх мэдүүлэг /1хх- 150-153,157-158/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2264, 6595, 11403 дүгнэлтүүд, шүүх сэтгэц эмгэг судлалын №1073, 1074 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, ялллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.М, Э.Ө нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Иймд шүүгдэгч Т.М, Э.Ө нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж, өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх заалтуудад зааснаар тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц оршуулгын зардалд 7.991.403 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгч Т.М, Э.Ө нар хувь тэнцүү бүрэн төлж барагдуулсан байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчид төлсөн 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журамд заасан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалд хамаарахгүй, мөн хохирогч нь талийгаачийн амь, сэтгэл санааны хохиролд 40.000.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 зааснаар “ эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлнө”-өөр хуульчилсан ба хүний амь нас...сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй, мөнгөөр нөхөн төлүүлэх боломжгүй тул хохирогчоос нэхэмжилж буй 41.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нараас гаргуулбал зохих баримт бүхий хохирол төлбөргүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.М, Э.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.5, 2.11-д заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргасан, Э.Ө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзсэн ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.М Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1114 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэх үндэслэлтэй гэж үзнэ.
Шүүгдэгч Т.М-н өмнө нь үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-д заасан гэмт хэргийн шинж нь “давтан үйлдлээр, урьдчилан тохиролцож, бүлэглэж” байх ба 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх шинж нь хасагдсан, хорих ялын доод хэмжээ багассан байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тухайн хуулийг буцаан хэрэглэж хорих ялыг дүйцүүлэн хасах үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхэд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 4 сар хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн хорих ялыг математик статистикийн аргачлалаар дүйцүүлэн тооцоход 1 жил 3 сар хорих ял болж байх ба энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн Т.М-н эдлэх ялын хугацааг тогтоох нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгөтэй куртик 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Т.М 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 296 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд, шүүгдэгч Э.Ө-н 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 294 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд тус тус оруулан тооцов. /1 хх-ийн 116, 122, 125, 130, 133/,
Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ш-н өгсөн мэдүүлгийг шүүх үнэлэх боломжгүй гэж үзсэн болно.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Т.М-н өмгөөлөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан байдал нь мөн хуулийн 16.1 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар нотлогдох ёстой, шүүгдэгч нар бие биенээ гэрчилдэг, гэхдээ Ө-н хувьд өгсөн мэдүүлэг нь зөрүүтэй тул М-н мэдүүлгийг зөвд үзэж зүйлчлэлийг өөрчлөх боломжтой. Хохирогчийг Ө цохиод унагаасны дараа М куртикийг нь авсан гэдгээ хүлээдэг. Иймд М-н зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйл болгох талаар дүгнэлт гаргасан. Мөн шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.Ө-н өмгөөлөгч нар гэмт хэргийг хэн яаж үйлдсэнийг тогтоож чадаагүй, талийгаачид өмнө нь байсан хуучин гэмтэл, сүүлд авсан гэмтэл хоёрыг яаж салгаж ойлгоод байгааг шинжээч хэлсэнгүй, гэрч Бодьхүүгийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэхэд учир дутагдалтай байна, шүүгдэгч нарын оролцоог ялгаж салгаагүй, эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн хувьд шүүхэд шилжсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах ба шүүгдэгч Т.М, Э.Ө нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгасан, шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, шүүхээс шүүгдэгч нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж, өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэсэн тул Т.М, Э.Ө нарын өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.