Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2025/ДШМ/991

 

2025            08             21                                                                                     2025/ДШМ/991                                                                                       

О.Г-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Б.Бум-Аюуш /томилолтоор/,

шүүгдэгч О.Г-ын өмгөөлөгч Ж.Баасанжав,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/1519 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Г- болон түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн О.Г-ад холбогдох эрүүгийн 2505 00000 0285 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн О-ийн Г-, .............., урьд

Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 19-ний 366 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:................/.

Шүүгдэгч О.Г- нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн зүүн талын зам дээр албан үүргээ гүйцэтгэж байсан Замын цагдаагийн албан хаагч Б.Ж-ийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж авто тээврийн хэрэгслээр мөргөж, улмаар зугтаж, албан хаагчийн дохиурыг эвдэлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: О.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овогт О-ийн Г-ыг “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч О.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Г-ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч О.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өндөр ээжийн хамт амьдардаг бөгөөд хувиараа хөдөлмөр эрхэлдэг.  Анх удаа хууль сахиулагчийг эсэргүүцсэн хэрэгт холбогдсондоо гэмшиж өөрийн зүгээс уучлал хүсэж дохиурын төлбөрийг төлж барагдуулсан. Надад цагдаагийн албан хаагчийг мөргөх, гэмтээх зорилго огт байгаагүй, архи уусан үеийн болчимгүй үйлдэлдээ маш их харамсаж байна. Би 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хөлөө хугалсан. Гэмтлийн эмнэлэгт хагалгаа хийлгэх гэсэн боловч суурь өвчин болох “нурууны барьцалдаат өрөвсөл” буюу системийн өвчний улмаас хагалгаанд орж чадахгүй, бүтэн наркозтой орох гэхээр хамрын гамритаас болж хагалгааны явцад амьсгалын дутмаг үүсэж үхэх эрсдэлтэй гэсэн, мөн нугасаар мэдээ алдуулахаар системийн өвчнөөс шалтгаалж нугасанд мэдээ алдуулах боломжгүй, хөдөлгөөн хориотой зэрэг эрүүл мэндийн хувьд хүнд нөхцөл байдалд орсон бөгөөд хөдөлмөр эрхлэх боломжгүй болж таягтайгаар хөлөө эдгээж байгаа. Энэ өвчин нь ховор тохиолдол бөгөөд Монгол-Японы эмнэлэгт н.Дэвшил эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж байгаа. Анхан шатны шүүхэд болон улсын яллагчид эрүүл мэндийн магадалгаа, болон холбогдох зураг зэрэг материалаа гаргаж өгсөн боловч харгалзаж үзээгүй юм. Иймд надад оногдуулсан торгох ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Г-ын өмгөөлөгч Ж.Баасанжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны тойргийн шүүх хэргийг хянаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч О.Г- нь цагдаагийн алба хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцэх болсон санаа зорилго, цагдаагийн алба хаагч руу чиглэсэн хүч хэрэглэсэн хүч хэрэглэхээр заналхийлсэн ямар үйлдэл гаргасан зэрэг тухайн гэмт хэргийн объектив болон субьектив шинжүүд тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхээс “...шүүгдэгч О.Г- нь цагдаагийн албан хаагч Б.Ж-ийг хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж авто тээврийн хэрэгслээр мөргөж зугтаан, дохиурыг нь эвдсэн идэвхтэй үйлдэл байна. ...”, “...Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн. ..." гэж дүгнэхдээ эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн төдийгүй хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримт болох Д.Ц-ы гэрчээр өгсөн мэдүүлэгт “...орой 19 цагийн үед Ж-тэй холбогдож чи мөргүүлсэн юм уу, энэ талаар яагаад мэдээлэл өгөөгүй юм бэ гэж асуухад “тухайн жолоочийг зогс гээд дохиур модоороо дохих үед машины зүүн урд хэсгээр алба хаагчийг шүргэсэн, гараараа машиныг тулаад эрчиндээ хойшоо газар унасан” гэж хэлсэн. “Бие чинь яаж байна” гэхэд “биед ямар нэгэн бэртэл гэмтэл алга байна, өвдөж байгаа юм байхгүй, хэвийн байна” гэж хэлсэн. Цагдаагийн ерөнхий газрын хуулийн хэлтсээс яриад алба хаагчийг аваад Баянголын дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст аваад оч, бид нар очно, тэнд уулзъя гээд гомдлоо гаргасан..." гэх мэдүүлэг хавтас хэргийн 67-68 дахь талд авагдсан байна. Мөн хохирогч Б.Ж-ийн шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэгт “шүүгдэгчид мөргүүлээд хойш унахдаа дохиураа хугалсан, намайг шаардлага тавихад эсэргүүцээгүй, цонхоо хагас онгойлгоод уучлаарай гэж хэлээд дахин шахаад явган хүний зам дээгүүр гарч зугтсан. Тэр цагаас хойш шөнийн 2 цагт машиныг олж шүүгдэгчийг гэрээс нь олсон.” гэж мэдүүлдэг.

Гэтэл шүүх ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.

Хууль сахиулагч Б.Ж-ийг “үл тоож, цохих, зодох, боох, хүч хэрэглэхээр заналхийлж зориуд мөргөж унагаах” гэх мэт хууль сахиулагч руу чиглэсэн санаа зорилго, идэвхтэй үйлдэл гаргаагүй, шүүгдэгчийн үйлдэлд хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг зориуд, санаатай буюу хохирогчийг гэмтээх гэсэн зорилгоор хүч хэрэглэсэн үйлдлээр эсэргүүцсэн нөхцөл байдал шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй атал хэргийн нөхцөлд хэт объектив шалгуураар хандсан нь хэргийн бодит нөхцөлтэй нийцээгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинж нь хууль сахиулагч буюу хохирогчийн тавьсан хууль ёсны шаардлага байх ба гэм буруутай этгээд нь алба хаагчийн ажил үүргийн хүрээнд тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэл хийсэн байхыг шаардахаар хуульчилсан.

Түүнчлэн “Албаны үргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодид халдсаныг, “хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн" гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийг болон ойр дотнын хүний эрх, эрх чөлөөг хязгаарлана хэмээн сүрдүүлснийг тус тус ойлгохоор хуульчилсан байна.

О.Г-ын үйлдэл нь Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт "Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно" гэж заасны дагуу гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж, түүнийг таслан зогсоох эрхийнхээ хүрээнд Б Ж- хууль ёсны шаардлага тавьсан бөгөөд түүнийг биелүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 15.12 дугаар зүйлд заасан цагдаагийн албан хаагчийг эсэргүүцсэн, зүй ёсны шаардлагыг биелүүлээгүй зөрчлийн шинжтэй үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй" мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл эс үйлдэхүй, хохирол хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж, гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заасан.

Иймд эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан хэргийн бодит байдалтай нийцүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ..." гэв.

Прокурор Б.Бум-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч О.Г-ын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн зүүн талын зам дээр албан үүргээ гүйцэтгэж байсан Замын цагдаагийн албан хаагч Б.Ж-ийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж авто тээврийн хэрэгслээр мөргөж, улмаар зугтаж, албан хаагчийн дохиурыг эвдэлсэн гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй анхан шатны шүүх хуралдаанд маргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч О.Г-ын үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл гэж үздэг. Гэвч шүүгдэгч нь хохирогчийн ажлын чиг үүрэгтэйгээ хамааралтай тавьсан зүй ёсны шаардлагыг хүлээж авахгүй хариу үйлдэл гаргаж хууль сахиулагчийг эсэргүүцсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Өөрөөр хэлбэл Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч О.Г- болон түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нарын гаргасан давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч О.Г- нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн зүүн талын зам дээр албан үүргээ гүйцэтгэж байсан Замын цагдаагийн албан хаагч Б.Ж-ийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, албан хаагчийн дохиурыг эвдэлсэн, авто тээврийн хэрэгслээр мөргөж зугтаасан болох нь:

Хохирогч Б.Ж-ийн “...Тасганы овооны баруун талаас цагаан өнгийн Харрер маркийн тээврийн хэрэгсэл хоёрдугаар эгнээнээс давхар эргэж, эгнээ байр зөрчих дүрэм зөрчсөн. Би тухайн тээврийн хэрэгсэл рүү шүгэл үлээж, дохиур модоор дохих үед зохицуулагчийн дохиог зөрчиж хойш чиглэлд явсан. ...Тухайн тээврийн хэрэгсэл хойш 80 метр орчим яваад түгжирч зогссон. Би тухайн зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн араас очих үед үргэлжилсэн цагаан зурааж давж буцаж эргэх үйлдэл гүйцэтгэсэн. Би тухайн тээврийн хэрэгслийг зогсоон шалгах үүднээс шүгэл үлээж дохиур модоор баруун шахаж зогсохыг шаардсан. ...Жолоочийн эсрэг талын цонхыг нь тогшиход онгойлгохгүй, хаалгыг нь татахад хаалга нь түгжээтэй байсан. Тухайн машин эргэх үйлдэл хийх гээд машин тэгшрэхээр нь урд нь зогсоод дохиур модоор баруун шахаж зогсохыг харагдахуйц байдлаар шаардахад харчхаад огцом урагшилж миний биеийн хоёр өвдөг, цээж, хэвлий хэсэгт мөргөөд би хойшоо газарт савж унасан. 2024 оны 12 дугаар сарын эхээр дохиур модыг 50.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөргөж унагах үед нь хугарч ашиглах боломжгүй болсон...” /хх54-55, 59/,

дахин өгсөн “...Надад дохиур модны 40.000 төгрөг өгсөн. Эм тариа аваагүй. Миний нуруу үйл явдлаас хойш 4 хоногийн дараагаас нурууны доод, баруун хэсгээр өвдөөд баруун талын хөл бадайраад байдаг болсон. ...” /хх63/,

гэрч Д.Ц-ы “...Тухайн өдөр Б.Ж- нь батлагдсан хуваарийн дагуу тасганы овооны уулзвар дээр 2 дугаар ээлжээр 15 цагаас 22 цагийн хооронд үүрэг гүйцэтгэж байсан. ...16 цаг 40 минутын үед станцаар 25 дугаар сувгаар Б.Ж- тасганы овооны уулзвараас Баянбүрд чиглэлд цагаан өнгийн **** УНҮ улсын дугаартай “Харрейр” маркийн тээврийн хэрэгсэл зогсохгүй зугтчихлаа гэсэн мэдээлэл өгсөн. Тухайн мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн чиглэлийн ахлах зохицуулагч цагдаагийн дэд хурандаа Оюун-Эрдэнэд мэдээллийг өгч Баянбүрд дээр үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчийг өмнө нь угтуулж явуулсан. ...Машин дээр очиход нөгөө машин цонхоо онгойлгохгүй, хаалгаа нээхгүй хэсэг зогсож байгаад явган хүний зам руу зорчих хэсгээр гарч Гэсэр сүм чиглэлд зугтаасан. ...хяналтын камераар харахад нөгөө машин Гэсэр сүмийн зүүн хойд байрнууд руу орж хяналтын камераас гарсан. ...Тэгээд хэсэг хугацааны дараа Метро моллын урд зам дээр Дөлгөөн нуур дээр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч мэдээлэл өгөөд тухайн алба хаагч тээврийн хэрэгслийг зогсохыг шаардаж дохиход үргэлжлүүлж цааш зугтаагаад хүнсний 4 дүгээр дэлгүүрээр ертөнцийн зүгээр урагшаа эргээд хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон. ...Тэгээд орой 19 цагийн үед сошиал дээр иргэнээс “цагдаагийн алба хаагч машинд мөргүүлсэн” мэдээлэл явж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор Б.Ж-ээс “чи мөргүүлсэн юм уу, энэ талаар яагаад мэдээлэл өгөөгүй юм бэ” гэхэд “тухайн жолоочийг зогс гээд дохиход машин зүүн урд хэсгээрээ алба хаагчийг шүргэхэд гараараа машин тулаад эрчиндээ хойшоогоо газарт унасан” гэж хэлсэн. ...” /хх67-68/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх1/, шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас /хх2/, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх4-5/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх6-8/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх9-10/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх12-14, 20-23/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, ослийн газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх15-16/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх17-19/, согтуурлын зэрэг шалгах багажаар шалгаж 2,960 хувийн согтууралтай гэх баримт, гэрэл зураг /хх24-25/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх26-29/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх30-33/, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаагийн ахмад С.Болдбаатар би 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Энэхэн төвийн зүүн замд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчийг мөргөсөн Тоёота Харрейр маркийн **** УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг олж Баянгол дүүргийн Цагдаагийн газрын цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Цэнд-Аюушид хүлээлгэн өгсөн болохыг илтгэн танилцуулав.” гэх илтгэх хуудас /хх42/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ЕГО725/2729 дугаартай “...Б.Ж-ийн биед баруун чамархай, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.” гэх дүгнэлт /хх81-82/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №БГ1-25-77 дугаартай үнэлгээний тайлан /хх74-75/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч О.Г-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Г-ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч О.Г- нь “...хохирол төлж барагдуулсан, мөн миний эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан торгох ялыг багасгаж өгнө үү...” гэсэн,

түүний өмгөөлөгч  Ж.Баасанжав нь “...1. О.Г- нь цагдаагийн алба хаагч руу чиглэсэн хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл гаргаагүй. О.Г-ын үйлдэл нь зөрчлийн шинжтэй юм. 2. Гэрч Д.Ц-ы гэрчийн мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримтаа заагаагүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн утга агуулгын хувьд хоорондоо зөрчилдөөнтэй давж заалдах гомдлууд гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Ж-ийн өгсөн “...Би тухайн тээврийн хэрэгсэл рүү шүгэл үлээж, дохиур модоор дохих үед зохицуулагчийн дохиог зөрчиж хойш чиглэлд явсан. ...Тухайн тээврийн хэрэгслийг зогсоон шалгах үүднээс шүгэл үлээж дохиур модоор баруун шахаж зогсохыг шаардах үед тус тээврийн хэрэгсэл зогсохгүй чигээрээ явж намайг мөргөж газарт унагаагаад тээврийн хэрэгслээ хойш хөдөлгөж намайг тойрч зугтаасан. ...” /хх54-55/, дахин өгсөн “...машин тэгшрэхээр нь урд нь зогсоод дохиур модоор баруун шахаж зогсохыг харагдахуйц байдлаар шаардахад хараад огцом урагшилж  миний биеийн хоёр өвдөг, цээж, хэвлий хэсэгт мөргөөд би хойшоо газарт савж унасан. ...” /хх59/, гэрч Д.Ц-ы “...орой 19 цагийн үед сошиал дээр иргэнээс “цагдаагийн алба хаагч машинд мөргүүлсэн” мэдээлэл явж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор Б.Ж-ээс “чи мөргүүлсэн юм уу, энэ талаар яагаад мэдээлэл өгөөгүй юм бэ” гэхэд “тухайн жолоочийг зогс гээд дохиход машин зүүн урд хэсгээрээ алба хаагчийг шүргэхэд гараараа машин тулаад эрчиндээ хойшоогоо газарт унасан” гэж хэлсэн. ...” /хх67-68/ гэх мэдүүлгүүд болон хавтас хэргийн 81-82 дугаар талд авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ЕГО725/2729 дугаартай хохирогчийн биед гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, 74-75 дугаар талд авагдсан “Дамно” хөрөнгийн үнэлгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №БГ1-25-77 дугаартай цагдаагийн албаны техник хэрэгсэл болох дохиур модыг үнэлсэн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлж дүгнэхэд шүүгдэгч нь цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй байхаас гадна идэвхтэй үйлдлээр буюу машинаараа хохирогчийг мөргөх, албаны техник хэрэгслийг эвдэх зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн байна.

Шүүгдэгчийн дээр дурдсан гэм буруутай үйлдэлд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, тухайн зүйл, хэсэгт зааснаар торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, түүний гэм бурууд анхан шатны шүүхээс оногдуулсан ял тохирсон гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Нөгөө талаар, шүүгдэгч О.Г-ын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ялын төрлөөс хамгийн хөнгөн төрлийн ялыг сонгон оногдуулсан байх тул анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг хүндэдсэн гэж үзэх боломжгүй юм.

Мөн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баасанжавын “О.Г-ын үйлдэл нь хууль сахиулагчид хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл бус зөрчлийн хэргийн шинжийг агуулсан үйлдэл” гэсэн гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.  

 

 

Учир нь, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах” зөрчлийн шинжээс Эрүүгийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинж нь хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа этгээдийн албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдлээр хууль хэрэглээний хувьд ялган зүйлчлэгдэнэ.

Өөрөөр хэлбэл, хууль сахиулагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан, эсхүл хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, доромжилсон үйлдэл зөрчлийн шинжтэй байдаг бол дээрх үйлдлийг хүч хэрэглэж эсэргүүцсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн нь эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулдаг.

 Хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх хууль зүйн ойлголтод хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэх, дарах зорилготой хэрэгжүүлж байгаа аливаа идэвхтэй үйлдэл хамаарна.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч О.Г- ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж, улмаар шууд санаатай үйлдлээр буюу цагдаагийн амь насанд эрсдэл учруулж болох байдлаар хөдөлгөөнөө үргэлжлүүлэн машинаараа мөргөж унагаан зугтаасан үйлдэл нь хүч хэрэглэн эсэргүүцсэнд тооцогдох бөгөөд бодитойгоор хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас цагдаагийн дохиур мод хугарч, цагдаагийн албан хаагч Б.Ж- нь газарт унаж, түүний биед баруун чамархай, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан үр дагавар үүссэн байна.

Иймд, шүүгдэгч О.Г- болон түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/1519 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/1519 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Г- болон түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МӨНХӨӨ

 

                                       ШҮҮГЧ                                    Н.БААСАНБАТ

 

                                       ШҮҮГЧ                                    С.БОЛОРТУЯА