Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2017/01104

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2017/01104

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Номингийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/00834 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч М.Номингийн нэхэмжлэлтэй

Хариуцагч О.Батсуурьт холбогдох

 

Орон сууц хөлслөх гэрээний үлдэгдэл төлбөр 8 400 000 төгрөг, алданги 4 200 000 төгрөг, байрны төлбөр 112 000 төгрөг, газар шилжүүлэхэд гарсан зардал 194 000 төгрөг, нийт 12 906 000 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Номин болон түүний өмгөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие өөрийн Баянзүрх дүүрэг дэх 2 өрөө орон сууцыг О.Батсуурьт 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1 жил 6 сарын хугацаатай 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сарын 700 000 төгрөгөөр хөлсөлж, гэрээ байгуулсан. Уг байрыг банкны зээлээр авсан тул өмчлөх эрх нь зээлийн гэрээ хийсэн ээж, ах хоёрын нэр дээр байдаг. О.Батсуурьтай гэрээ хийх зэрэг бүх тохиролцоонд ээж хамт байсан. Гэрээгээр О.Батсуурь нь 700 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, 7 700 000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, 4 200 000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн. Гэрээнд зааснаар хариуцагч нийт 12 600 000 төгрөг төлөх байсан боловч 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1 400 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 700 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2 100 000 төгрөг, нийт 4 200 000 төгрөг өгч үлдэгдэл 8 400 000 төгрөгийг төлөөгүй. 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байрыг чөлөөлж өгсөн. О.Батсуурь нь байрнаас гарахдаа 2016 оны 01 дүгээр сарын байрны мөнгө төлөөгүй. Бидний өмнөөс төлбөр хий, дараа тооцож өгнө гэсэн тул 2016 оны 01 дүгээр сарын байрны мөнгө 112 000 төгрөгийг төлсөн. Эдгээр мөнгийг төлж чадаагүй тул өөрийнх нь санал болгосноор Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Бурхант 5-1 дүгээр гудамж 515а тоотод байрлах /өөрийнх нь хэлснээр О.Батсуурийнх боловч эгч О.Амгалангийнх нь нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй / газрыг М.Номин миний нэр дээр шилжүүлэн өгөхийг зөвшөөрч авсан. Гэрээ хийхэд нотариатын зардал, үл хөдлөх эд хөрөнгийн зардал гэх мэтийг бас л төлөх мөнгө байхгүй гэсэн учир 194 000 төгрөгийг төлсөн. Бид Бурхант 5-1-ийн 515а тоот газрыг үлдэгдэл төлбөр 8 400 000 төгрөгт тооцон авах талаар тохирч гэрээ хийсэн боловч үл хөдлөх эд хөрөнгийн газраас материалыг буцааж, "заавал худалдах худалдан авах гэрээ хий" гээд байсан тул арга буюу худалдах худалдан авах гэрээгээр газрын өмчлөх эрхийг шилжүүлэн авч 10 000 000 төгрөгөөр зарах гэсэн боловч зарагдаагүй. Тэр хавьд байдаг газрын үнэ нь хашаа татсан бол 5 000 000 төгрөг, хоосон бол 3 000 000 төгрөг гэсэн. О.Батсуурийн өгсөн газар нь хоосон, ямар нэг тэмдэглэгээ хийгээгүй, үерийн далангийн хажууд байрлах, хашаа татаагүй юм. Иймд орон сууц хөлслөх гэрээний үлдэгдэл төлбөр 8 400 000 төгрөг, гэрээний 1-ийн "г"- д зааснаар алданги 4 200 000 төгрөг, суусан хугацааны байрны 2016 оны 01 дүгээр сарын төлбөр 112 000 төгрөг, газар шилжүүлэхэд гарсан зардал 194 000 төгрөг, нийт 12 906 000 төгрөгийг О.Батсууриас гаргуулж өгнө үү. М.Номин миний нэр дээр шилжүүлэн өгсөн Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Бурхант 5-1 дүгээр гудамж, 515 а тоотод байрлах газрыг нь буцааж өгөхөд татгалзахгүй. 12 906 000 төгрөгийг авсны дараа нь газар өмчлөх эрхийг буцааж О.Амгалангийн нэр дээр шилжүүлж өгнө. Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахад түрээслүүлэгч заавал өмчлөгч байхыг шаардахгүй. Итгэмжлэлийг бичгээр хийнэ гэсэн зохицуулалт байхгүй бөгөөд М.Номин нь 1991 онд төрсөн, эрх зүйн бүрэн чадамжтай этгээд байдаг. Өр төлбөрт газар шилжүүлэх гэрээ хийсэн. Өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл нь худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр шилжсэн. Худалдах худалдан авах гэрээ нь ямар ч харилцан тооцож дуусгавар болох зохицуулалт агуулаагүй юм. Газар нь үндсэн төлбөрийн тал хувьд ч хүрэхгүй байхад төлбөр дууссан гэж үзэх үндэслэл байхгүй. Худалдах худалдан авах гэрээгээр өмчлөх эрх шилжсэн. Дуусгавар болсон гэрээнд нэмэлт хугацаа тогтоож татгалзах эрхийг хэрэгжүүлэх нэмэлт хугацаа тогтоосны дараа хэрэгжүүлнэ, татгалзах эрхийг гэрээнээс хэрэгжүүлнэ гэсэн асуудал яригдахгүй. Талууд хэдийд ч татгалзаж болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Батсуурь болон түүний өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Иргэн О.Батсуурь нь М.Номинтой Баянзүрх дүүргийн 18 хороо 27-1 дүгээр байрны 1102 тоот орон сууцыг хөлслөх гэрээ байсуулсан. Энэ орон сууц тухайн үед М.Номингийн нэр дээр байгаагүй, Б.Ундрах, Б.Бат-Эрдэнэ нарын нэр дээр байсан. Гэрээ байгуулахдаа өөрийн ээж, ах нараас итгэмжлэл аваагүй байдаг. Тийм учраас орон сууц хөлслөх гэрээ хуулийн хүчин төгөлдөр бус байх тул 4 200 000 төгрөгийн алданги нэхэх эрх хаалттай байна. Түрээсийн төлбөрт 8 400 000 төгрөг үлдсэн. 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр М.Номин, О.Батсуурь нар харилцан тохироод орон сууц хөлслөх гэрээний төлбөрт шилжүүлэн тооцох гэрээ байгуулсан. 10 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий газрыг 7 700 000 төгрөгт шилжүүлэхээр тохиров гээд газрыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, 243 дугаар зүйлийг үндэслэн М.Номингийн нэр дээр шилжүүлсэн байдаг. 4 200 000 төгрөгийг мөнгөөр нь өгөөд үлдсэн 7 700 000 төгрөгийг газраар шилжүүлээд М.Номингийн нэр дээр өмчлөх эрх шилжсэн байгаа тохиолдолд төлбөр барагдаж дууссан гэж үзэж байна. Иргэний хуулийн 63 дугаар зүйлд төлөөллийг зохицуулсан. Энэ хүн өөрийн өмчийг бусдад өгөөд тэр хүн цааш нь түрээслүүлж байгаа тохиолдолд итгэмжлэлийг бичгээр хийнэ. Тийм учраас бичгээр ээж болон ахаасаа итгэмжлэл авах ёстой байсан. Газар худалдан авах гэрээний тухайд өр шилжүүлэн авах гэсэн ба гэрээний 2.1 дэх заалтад газрыг худалдан авагч тал 10 000 000 төгрөгийн үнэ бүхий газрыг 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээний төлбөрийн дутууд гэсэн байдаг. Яагаад худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэхээр орон сууц хөлслөх гэрээний төлбөрийн дутуу 7 700 000 төгрөгт талууд тохиролцсон бөгөөд хөрөнгө шилжсэн. Газрын өмчлөгч нь М.Номин байдаг. Дэд бүтцэд холбогдох бололцоотой. Худалдах худалдан авах гэрээгээ зөрчсөн бол буцаахаар шаардлага гаргаж болно. М.Номингийн эрх ашиг хөндөгдөөгүй. Хариуцагч орон сууц хөлслөх гэрээний үүрэгтээ мөнгө болон газраа шилжүүлэн өгсөн. Нэхэмжлэгчийг хохироосон зүйл байхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлага болох 12 906 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3, 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч О.Батсууриас 12 712 000 /арван хоёр сая долоон зуун арван хоёр мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Номинд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 194 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар
зүйлийн
7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 221 446
/хоёр зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун дөчин зургаа/ төгрөгийг нөхөн гаргуулж,
улсын орлогод оруулж, хариуцагч О.Батсууриас улсын тэмдэгтийн хураамжид
218 342 /хоёр зуун арван найман мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж,
нэхэмжлэгч М.Номинд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх ба шүүх М.Номингийн гаргасан нэхэмжлэлийг ИХШХТХуулийн 115 дугаap зүйлийн 115.2.3-т заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой байсан.

Нэхэмжлэгч М.Номин, хариуцагч О.Батсуурь нар 2014 оны 10-р сарын 11-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулах үед орон сууц иргэн Б.Ундрах, Б.Бат-Эрдэнэ нарын нэр дээр байсан. М.Номин орон сууцыг түрээслүүлэх талаар эдгээр хүмүүсээс итгэмжлэл аваагүй тул дээрх гэрээ хуулийн хүчин төгөлдөр бус байна.

М.Номин, О.Батсуурь нар 2016 оны 6-р сарын 03-ны өдөр харилцан тохиролцож Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийг үндэслэн орон сууцны түрээсийн үлдэгдэл 7 700 000 төгрөгийн төлбөрт 700 м.кв талбайтай, 10 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий газрыг М.Номингийн нэр дээр шилжүүлж хохирлыг барагдуулсан. Нэхэмжлэгч М.Номин 12 712 000 төгрөгөөр хохирсон гэдэг нь тогтоогдоогүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчсөн байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч М.Номин нь хариуцагч О.Батсуурьт холбогдуулан орон сууцны хөлс 8 400 000 төгрөг, алданги 4 200 000 төгрөг, орон сууцны ашиглалтын төлбөр 112 000 төгрөг, газар шилжүүлэхэд гарсан зардал 194 000 төгрөг нийт 12 906 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 27/1 дүгээр байр, 1102 тоот, 2 өрөө орон сууцыг 1 жил 6 сарын хугацаатай, сарын 700 000 төгрөгөөр хөлслөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Дээрх гэрээний дагуу хөлслүүлэгч М.Номин орон сууцыг хөлслөгч О.Батсуурийн эзэмшилд шилжүүлсэн, хариуцагч нь хэлэлцэн тохирсон хөлсийг 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 700 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 7 700 000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 4 200 000 төгрөг нийт 12 600 000 төгрөг төлөх үүргээс 4 200 000 төгрөг төлж, 8 400 000 төгрөг төлөөгүй, мөн 2016 оны 01 дүгээр сарын орон сууц ашиглалтын төлбөр 112 000 төгрөг төлөөгүй болох нь нь зохигчдын тайлбар, хэргийн 4-5 дугаар талд авагдсан байрны түрээсийн төлбөр төлсөн баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

 

Хариуцагч тал орон сууцны хөлсийг тогтоосон хугацаанд төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр гэрээний 2г-д тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн төлбөр 8 400 000 төгрөг, алданги 4 200 000 төгрөг, байрны төлбөр 112 000 төгрөг, нийт 12 712 000 төгрөг нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 294 дүгээр зүйлийн 294.4, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч нь уг орон сууц Б.Ундрах, Б.Бат-Эрдэнэ нарын өмчлөлийнх бөгөөд М.Номин орон сууц хөлслөх гэрээ байгуулахдаа өмчлөгч нараас итгэмжлэл аваагүй тул гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарладаг боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний хөлслүүлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх талаар хуульд зохицуулаагүйгээс гадна тэрээр уг орон сууцны эзэмшигч мөн эсэх талаар маргаагүй тул энэ үндэслэлээр гэрээ хүчин төгөлдөр бус гэж дүгнэх боломжгүй юм.

 

Хариуцагч О.Батсуурь 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр орон сууц хөлслөх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7 700 000 төгрөгт 10 000 000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхант 5-1 гудамж, 515а тоот хаягт байрлах 700 м.кв газрыг өмчлөлд шилжүүлэхээр нэхэмжлэгч М.Номинтой тохиролцсон гэрээ хэргийн 9 дүгээр талд авагдсан байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний зүйл болох газрын өмчлөх эрх шилжүүлэх гэрээнээс зах зээлийн үнэ 10 000 000 төгрөг хүрэхгүй байна гэх үндэслэлээр татгалзсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцэх тул орон сууц хөлслөх гэрээний үүргийг буцаан шаардсаныг буруутгах хуулийн үндэслэлгүй. Газар өмчлөх гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шилжүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болно.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/00834 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

, د Э.ЗОЛЗАЯА

 

د Д.ЦОГТСАЙХАН