Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 62

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.Одонтуяа Шүүгдэгч Г.Да- Хохирогч Б.Тө- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Одонтуяагаас Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Да-ид холбогдох 1823000370060 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерийн техник мэргэжилтэй, ам бүл 3, ээж, эмээгийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн ** айлын **-** тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Г-ын Да- РД:/ИЮ********/

Шүүгдэгч Г.Да- нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч Г.Да- согтуугаар нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны орой Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах FC тоглоомын газрын байранд хохирогч Б.Т-ийг алгадах, гараараа толгой руу нь цохих, баруун гуя руу нь өшиглөх, лааны шилэн суурь шидэж толгойг нь цохих зэргээр зодож улмаар зүүн бөөрөн тус газарт нь 1 удаа дэвсэж, 1 удаа өшиглөсөн болох нь хохирогч, гэрчүүдийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогджээ. Тухайлбал хохирогч Б.Т мэдүүлэхдээ “...Чи тоглоомын газар цэвэрлэгээ хийгээгүйгээс болж манай тоглоомын газар хаагдсан, чи надад хэлэлгүй хоол авч иддэг гэж Да ах над руу уурлан “ХҮЛЭГ” дэлгүүрийн ард байдаг “РС” тоглоомын газар намайг 2 удаа алагдаж, гараа атгаж байгаад баруун шанаанд 1 удаа цохиж, бөгс лүү 1 удаа өшиглөж аваад тэндээс гараад Чигэстэйн ард хуучин тоглоомын газар байсан байранд ирээд Да ах намайг өрөндөө архи аваад ир гэхээр нь Ба бид 2 гараад архинд яваад архи олдохгүй болохоор нь буцаад иртэл өмнөө суу гээд суулгаж байгаад дахиад өмнө ярьж байсан хоол нууж авч иддэг, тоглоомын газарт цэвэрлэгээ хийгээгүйгээс болж хаагдсан гэх зүйлүүдийг ярьж байгаад Да ах намайг хэд хэдэн удаа алагдаж, 2-3 удаа гараа атгаж байгаад толгой руу цохиж, миний баруун гуянд 2 удаа өшиглөөд автал Га ах Да ахыг одоо боль гээд надаас холдуулаад текнээс гаргаад бариад зогсож байтал Да ах Га ахад одоо би наад пиздааг чинь дахиж зодохгүй гээд гараа тавиулаад дахиад текний аман дээр ирээд намайг чи наад шалаа мөргө эсвэл би чамайг дэвсэх үү гэхээр нь би шалан дээр өвдөглөж суугаад шалыг зөөлхөн мөргөтөл Да ах миний зүүн талын бөөрөн дээр 1 удаа дэвсээд би шалан дээр унаад газар хэвтэж байтал намайг бос гэхээр нь босоод сандал дээр суутал Га ах Да ахыг чи дахиж зодохгүй гэсэн яасан бэ гээд зүүн гараас нь цааш нь чирээд өөрийнхөө зүүн талд гаргаад бариад зогсож байтал над руу ус буцалгагч аваад шидтэл Га ах баруун гараараа хаасан, дахиад савтай цэцэг аваад шидтэл намайг онолгүй хананд цохиод газар унаад хагарсан, дахиад шилэн лааны суурь авч шидээд миний толгойг хагалсан. Тэгээд миний толгойноос цус гартал Да ах миний нүдэнд цусаа харуулаад байвал ална шүү гэхээр нь би ноосон малгайгаа дараад өмсчихөөд сууж байтал хананд байсан зурагтын суурийг ав гэхээр нь босож очоод авах гэтэл хүчрэгдэхгүй зогсож байтал Лх ах текний урд буйдан дээр сууж байгаад чи наадахаа авч чадахгүй бид нар авах гээд чадаагүй юм авч чадахгүй байна гэж хэлээч гэхээр нь Да ахаа би энийг авч чадахгүй юм байна гээд буцаж очоод текний ард сууж байтал Да ах Ба-ийн зүүн мөрнөөс баруун гараараа бариад, Га ахын баруун гарнаас нь зүүн гараараа барьж байгаад үсрээд миний зүүн бөөрөнд тийрэхэд нь сандалтайгаа газар унахад сандлын тавцан дотогшоо цөмөрсөн байсан. Миний зүүн ташаан дээр халцарсан, зүүн бөөр хөндүүрлэж өвдөж, толгой оройн хэсэг бас өвдөж байсан. ...” гэсэн бөгөөд энэ үйл баримт болоход хамт байсан гэрч А.Га “Да Тө-г ...1 удаа нүүрэнд нь цохиж аваад ...хэд хэдэн удаа алгадаад бас хэд хэдэн удаа цохиод, ...баруун гуянд нь 2 удаа өшиглөөөд авахаар нь би Да-г боль гээд хойш нь татаад текний араас гаргаад иртэл..., ...Да Тө-г шал мөргө ... гэтэл Тө- шал мөргөөд босоогүй байхад нь Да Тө-гийн зүүн бөөрөн дээр нэг дэвссэн, ...Тө- текний ард сууж байтал Да Ба бид хоёрын дундуур гүйж орж ирээд Ба-ийн зүүн мөрнөөс баруун гараараа бариад миний баруун мөрнөөс зүүн гараараа барьж байгаад Тө-гийн зүүн бөөрөнд тийртэл Тө- сандалтайгаа газар унасан.” гэж мэдүүлжээ. Мөн хамт байсан гэрч М.Ба хэргийн үйл баримтын талаар хохирогч Б.Тө, гэрч А.Га нарын мэдүүлэгтэй адил агуулгатай мэдүүлэг өгчээ. Хохирогч болон гэрчүүдийн дээрх мэдүүлэг хэргийн үйл баримтыг хангалттай нотолж байна. Ийнхүү хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, тэдний мэдүүлэг харилцан бие биенээ баталж байгаагаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шүүгдэгчийн үйлдлийг нотолж энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шинжийг хангаж байх тул шүүх бүрэн үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Б.Тө-ийн биед гэмтлийн гаралтай бөөр/зүүн/-ний цус хуралт/бөөр усжих/, цус алдалт гэмтэл учирч улмаар мэс ажилбараар зүүн бөөрийг авсан болох нь эмнэлгийн бичиг баримт, мэс заслын эмчилгээний тэмдэглэл, мэс заслын эмчийн мэдүүлэг зэргээр уг гэмтэл нь хүнд зэргийн гэмтэл болох нь шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 201820086 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна. Түүнчлэн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрчээ. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ хохирогчийг өрөө төлөөгүй, цэвэрлэгээ муу хийснээс болж тоглоомын газар хаалгасан гэж буруутган цээртэй үг хэллэг хэрэглэн, шал мөргүүлэх зэргээр хандан хэд хэдэн удаа алгадах, хэд хэдэн удаа цохих, улмаар өшиглөх, дэвсэх үйлдэл хийсэн нь тогтоогдож байгаа ч Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан бие махбодь, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн байдал тогтоогдоогүй, энэ талаар ямар нэгэн нотлох баримт авагдаагүй, хохирогчийн зүгээс ийм байдал үүссэн гэдгийг илэрхийлээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Иймд шүүгдэгч Г.Да-ийг 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Хохирогч Б.Тө- эрүүл мэндэд учирсан гэмтлээ эмчлүүлэхдээ 1600000/нэг сая зургаан зуун мөнгөн/ төгрөгний хор уршиг учирсан гэж нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч уг 1600000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан нь мөнгөн шилжүүлсэн баримтууд болон хохирогчийн шүүх хуралдаанд энэ талаар өгсөн мэдүүлгээр нотлогджээ. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч гэм буруугаа хүлээн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч мөн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.” гэж заасны дагуу Г.Да-ид 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналаа түүнд танилцуулжээ. Шүүгдэгч Г.Да- уг ялыг зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Түүнчлэн улсын яллагч шүүх хуралдааны үед дээрх саналаа дэмжсэн бөгөөд Г.Да- уг ялын саналыг хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулах ялыг прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.5-1.9, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сартуул овогт Г-ын Да-ийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Да-ийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000/арван сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Да-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 10.000.000/арван сая / төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойших 3/гурван/ жилийн хугацаанд жил тутам тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Г.Да- торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж/15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Г.Да-ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Г.Да- нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хасаг түрийтэй, үдээстэй саарал өнгийн гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Да-ид буцаан олгосугай.

8. Шүүгдэгчийн өмчлөлийн хөрөнгө гэх Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн 20 айлын/халуун усны ард байрлах/ гэх орон сууцны 1-12 тоот буюу 30 м2 талбай бүхий орон сууцны байшинг битүүмжилсэн прокурорын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 5/50 дугаартай тогтоолыг энэ тогтоолын торгох ял оногдуулсан заалтыг биелэгдэж дуустал хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Д.НЯМ