Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2025/ДШМ/992

 

2025            08             21                                                                                       2025/ДШМ/992                                                                                     

Э.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Б.Амармөрөн,

шүүгдэгч Э.Г-,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1704 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Гал-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2509 00000 0871 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн Э-ын Г-, ............, /РД:............/.

Шүүгдэгч Э.Г- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Дархан Өргөө хотхоны ****** байрны 203 тоотод хохирогч Э.А-тай үл ялих зүйлээс болж маргалдан түүний хоолойг боож, толгойгоор нь хана мөргүүлэх, нүүрэн тус газар нь гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь хүзүү, зүүн алга, гуянд зүсэгдсэн шарх, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Гал-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овгийн Э-ын Г-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-ийг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-ийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Э.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч талд учирсан эмчилгээ болон бусад бүх зардлыг бүрэн төлсөн. Бид харилцан эвлэрсэн, улмаар цаашдын амьдралаа хамтран үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд бидэнд хамт гадаад улсад зорчих зайлшгүй шаардлага үүссэн. Энэхүү ялын хэлбэр нь гадаад зорчих эрх, нийгмийн олон талт харилцаанд сөргөөр нөлөөлж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу торгох ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Амармөрөн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Г- нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхэлж өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй, хүлээн зөвшөөрдөг. Прокурорын зүгээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.Г-ийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Э.Г- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэртээ хохирогч Э.А-тай маргалдан, хохирогчийн хоолойг боож, толгойгоор нь хана мөргүүлэх, нүүрэн тус газар нь гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь хүзүү, зүүн алга, гуянд зүсэгдсэн шарх, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Э.А-ын “...2025 оны 05 дугаар сарын 03-ны орой 22 цагийн орчим өмнө нь уулздаг байсан Г- гэх залуу манай хаалгыг нүдэж, хэл амаар доромжилж, харааж эхэлсэн. Эхэндээ би тоохгүй байсан ч давхрын хөршүүдээсээ санаа зовоод хаалгаа онгойлгосон. Тэгээд ярилцъя гэж хэлээд Г-ийн гэр манай хажуугийн хаалга бөгөөд тэдний гэрт буюу 203 тоот руу орсон. Тэгээд би “чи одоо уухаа боль” гэхэд “чи намайг ингэдэг хэн бэ, чи намайг мөнгөгүй болохоор тэгж байна уу, чи хайр гэж юу байдгийг мэдэхгүй” гэх мэтээр олон зүйл ярьсан. Бид 2 хамт амьдардаггүй бөгөөд нэгнийхээ гэрээр орж гардаг. ...Намайг үснээс зулгааж гал тогооны шилэн тавилга мөргүүлсэн, тэгээд шалан дээр унагаад дээрээс дарж хоолой боосон, тэгээд нүд рүү хар гээд орилсон. Би нүд рүү нь хараагүй, тэгтэл зүүн талын хацар руу нэг удаа шанаадсан. Тэгээд гал тогооны тавилга дээрээс шилэн сав авч газарт унагаж хагалсан, угаалтуурын хажуу талаас 2 хутга авч намайг ална гээд цээж дээр хутгатай гараараа дараад дахиад хоолой боосон. Түүний дараа унтлагын өрөө рүү чирээд орон дээр гаргаад дахиад хоолой боосон. Тухайн үед би ухаан алдаад сэрэхэд Г- намайг тэвэрчихсэн сууж байсан. Тэгээд би уурлаад гэр рүүгээ орлоо гээд гарах гэхэд хаанаас авсан юм мэдэхгүй аяганы хэлтэрхий барьчихсан байсан ба түүгээрээ хүзүү хэсэгтээ зүссэн. Би тэр аяганы хэлтэрхийг нь булааж авах гэж байгаад зүүн гараа зүссэн. Тэгээд хаалганы хажуу талын ханыг 1 удаа толгойн зүүн талаар, 1 удаа толгойн баруун талаар мөргүүлсэн. Би Г-ийн гэрээс гараад өөрийн гэртээ орж ирээд толинд харахад миний нүүр, ам цус болчихсон байсан. Тэгтэл Г- дахиад манай хаалгыг балбаад хутгаар онгойлгох гэж оролдсон тул цагдаад дуудлага өгсөн. ...” /хх15-16/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Э.А-ын биед хүзүү, зүүн алга, гуянд зүсэгдсэн шарх, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна...” гэсэн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ЕГО725/6431 дугаартай дүгнэлт /хх24-25/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх12/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Э.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чА-, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-ийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий этгээд болох хохирогч Э.А-ын өгсөн “...Намайг үснээс зулгааж гал тогооны шилэн тавилга мөргүүлсэн, шалан дээр унагаад дээрээс дарж хоолой боосон, тэгээд нүд рүү хар гээд орилсон. Би нүд рүү нь хараагүй, тэгтэл зүүн талын хацар руу нэг удаа шанаадсан. Гал тогооны тавилга дээрээс шилэн сав авч газарт унагаж хагалсан, угаалтуурын хажуу талаас 2 хутга авч намайг ална гээд цээж дээр хутгатай гараараа дараад дахиад хоолой боосон. Түүний дараа унтлагын өрөө рүү чирээд орон дээр гаргаад дахиад хоолой боосон. Тухайн үед би ухаан алдаад сэрэхэд Г- намайг тэвэрчихсэн сууж байсан. Тэгээд би уурлаад гэр рүүгээ орлоо гээд гарах гэхэд хаанаас авсан юм мэдэхгүй аяганы хэлтэрхий барьчихсан байсан ба түүгээрээ хүзүү хэсэгтээ зүссэн. Би тэр аяганы хэлтэрхийг нь булааж авах гэж байгаад зүүн гараа зүссэн. Тэгээд хаалганы хажуу талын ханыг 1 удаа толгойн зүүн талаар, 1 удаа толгойн баруун талаар мөргүүлсэн...” гэх хавтас хэргийн 15-16 дугаар талд авагдсан мэдүүлэг, тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтэл, шүүгдэгчийн үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чаджээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, тухайн зүйл, хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн дээр дурдсан гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

Шүүгдэгч Э.Г- “...хохирогчтой эвлэрсэн тул анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

Хэдийгээр шүүгдэгч Э.Г- нь “хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, бид эвлэрсэн” гэж байгаа боловч энэ нь түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг өөрчлөх үндэслэл болохгүй бөгөөд шүүгдэгч Э.Г-ийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүндэдсэн гэж үзэхээргүй байх тул шүүгдэгч Э.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд, шүүгдэгч Э.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1704 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1704 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.МӨНХӨӨ

 

                                      ШҮҮГЧ                                            Н.БААСАНБАТ

 

                                      ШҮҮГЧ                                            С.БОЛОРТУЯА