Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 302/ШШ2025/00993

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 302/ШШ2025/00993

Б аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, Т овогт А.Сы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн С сумын 5 дугаар багт оршин суух, Х овогт Х.Ж-д холбогдох иргэний хэргийг тусгайлан журмаар хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Өвсний үнэ 8,529,000 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,

Хариуцагч Х.Ж,

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Т,

Орчуулагч Т.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч А.Сы хариуцагч Х.Жад холбогдуулан худалдан авсан өвсний үнэ болох 8,529,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч А.С дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэн Х.Ж нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээлээр малын бэлчээрт зориулаад шар болон ногоон боодол өвс худалдаж авсан билээ. 491 боодол шар өвс ширхгийг нь 11,000 төгрөгөөр, 184 боодол ногоон өвсийг ширхгийг нь 17,000 төгрөгөөр тус тус авсан юм. Нийт 8,529,000 төгрөг төлөх ёстой байсан. Иймд хариуцагч Х.Жаас өвсний үнэ 8,529,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

3.Хариуцагч Х.Ж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбарласан байна. Үүнд: 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр миний хүргэн ах над руу залгаад миний ахад Ногооннуурын ногоон болон шар өвс байна. Та бага багаар ч гэсэн борлуулж өгөх үү гэсэн. Би тэгээд ахтай нь өнөөдөр аваад маргааш борлуулж өгнө гэж амлаагүй, аажим аажмаар борлуулж өгье гэж тохиролцсон. 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 491 боодол шар өвс ширхгийг нь 11,000 төгрөгөөр, 184 боодол ногоон өвсийг ширхгийг 17,000 төгрөгөөр борлуулсны дараа мөнгийг өгөхөөр тохиролцсон тул өвсний үнийг зарагдсаны дараа өгнө, эсвэл өвсийг буцааж өгнө гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн хариуцагч Х.Жын бичсэн гэх баримтад 1.Шар-155+160+176=491ш 11000, 2. Ногоон-184ш 17000, 2025.01.10 өдөр би энэ хүнээс боодол өвс авсан, мөнгө өгөөгүй зарагдвал өгнө гэж бичигдсэн ба уг баримтыг хариуцагч Х.Ж бичиж өгсөн болохыг нэхэмжлэгч болон хариуцагч нараас тайлбарлажээ.

4.2.Гэрч Х.Ж-ээс Х.Ж миний төрсөн ах байгаа. А.С нь Х.Жад ногоон өвс 200 ширхэг, шар өвс 700 ширхэг байсан хүргэж өгсөн шиг санаж байна. Тэр үед нөхрийн хамт Стевер маркийн машинтай очсон. Х.Ж нь өвсийг шууд худалдаж авна гэж хэлээгүй. Өвсийг худалдаж дууссаны дараа мөнгийг нь өгнө гэж тохиролцсон. А.С нь Х.Жад 1 боодол ногоон өвсийг 17,000 төгрөгөөр, шар өвсийг 11,000 төгрөгөөр үнэлж өгсөн.

Х.Жын хашаанд буулгасан өвс одоо хүртэл тэр чигт нь байгаа. А.Сд өвсний үнэ буурч байсан талаар би биеэрээ очиж мэдэгдэж байсан. Утсаар ч гэсэн мэдэгдэж байсан. Та надад итгэхгүй бол С суманд очиж худалдаж байгаа өвсний үнийг асууж үзээрэй гэсэн. Өвсний үнэ буурчихсан байна, ядаж худалдаж байгаа өвсний үнийг буулгаж өгвөл хурдан борлуулагдах гэж байгаа гэж зөндөө олон удаа хэлж байсан. Тухайн үед А.С Ногооннуур сумаас өвс худалдах гэж байна гэж нөхөр бид хоёрт хэлсэн. Урьд нь манай ах ч гэсэн өвс борлуулдаг байсан. Тэгэхээр нь манай ах өвс борлуулдаг байсан, та зөвшөөрвөл өвсийг буулгаж өгөөрэй гэж хэлсэн. Тэр үед суманд өвс байхгүй байсан учраас өвсийг хурдан авч ирвэл чиний өвс хурдан зарагдах гэж байна, өвсийг борлуулж дууссаны дараа мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Бид хоёр зөвхөн Х.Ж, А.С нарыг холбож өгсөн байгаа гэж,

гэрч Б.Жаас А.С манай хамаатан ах, Х.Ж хадам ах болно. Боодол өвсийг А.Сы Стивер маркийн машин болон миний чиргүүлээр ачиж өгсөн. Тухайн үед хүйтэн улирал байсан. Он сарыг нь мартсан байна. А.С ах Ногооннуур сумаас ачиж ирсэн. Манай хадам ах өвс зараад зарсны дараа өвсний мөнгийг өгөхөөр тохиролцсон. Миний эхнэр болон А.Сы эхнэр дөрвүүлээ очиж манай хадам ах болох Х.Жад буулгаж өгөөд явсан. Үнийн хувьд ногоон өвсийг 17000 төгрөгөөр, шар өвсийг 11000 төгрөгөөр тохиролцсон байх. Хэдэн тооны шар өвс, хэдэн тооны ногоон өвс байсан бэ гэдгийг би сайн мэдэхгүй. Хоёулаа өөрсдөө тохиролцсон. Би хүргэж өгөх үед нь тусалсан. Замдаа жоохон саатаж машин тэрэг янзалсан. Манай эхнэр болон А.Сы эхнэр, А.С ах дөрвүүлээ очиж буулгаж өгсөн. Өвсийг зарж, борлуулсны дараа мөнгийг нь өгөхөөр тохиролцсон. Өвсний үнэ буурсан талаар утсаар болон бид нар очих үед ч гэсэн хэлж байсан. Тухайн үед хоёр хүн наймаа хийж байхад дундаа орохгүй гэж бодож байсан гэж тус тус мэдүүлжээ.

4.3.Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч Х.Жын хүсэлтээр түүний хашаанд буулгасан гэх ногоон өвс болон шар өвсөнд үзлэг хийсэн тэмдэглэлээр Х.Жын хашаанд буулгасан шар болон ногоон өвс нь анх авч ирж буулгасан газраас өвсний байршил өөрчлөгдөөгүй байгаа болох нь, бүх өвснүүд буулгасан хэвээрээ хураагдсан байдалтай байгаа болох нь, тухайн газарт байгаа өвсний тоо болон үнийн хувьд талууд ямар нэгэн байдлаар маргахгүй болох нь тогтоогджээ.

5. Нэхэмжлэгч А.С нь хариуцагч Х.Жаас 491 боодол шар өвс болон 184 боодол ногоон өвсний үнэ 8,529,000 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

6.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

7.Зохигч нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

8. Нэхэмжлэгч А.С нь хариуцагч Х.Ж нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээгээр хөрөнгийг худалдан авагч Х.Жын өмчлөлд шилжүүлж өгсөн буюу түүнийг хүлээж авсан нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна. Мөн тухайн үед буюу 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч Х.Ж, нэхэмжлэгч А.С нар нь шар өвсний нэг бүрийн үнийг 11,000 төгрөгөөр, ногоон өвсний үнийг 17,000 төгрөгөөр харилцан тохиролцож байсныг талууд *******сгээгүй байна.

9.Хариуцагч татгалзлын үндэслэлээ өвс зарагдсаны дараа үнийг өгнө гэж тохиролцсон ба тухайн өвс худалдагдаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарлажээ.

10.Нэхэмжлэгч А.Сы хувьд худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж худалдсан хөрөнгө буюу 491 боодол шар өвс, 184 боодол ногоон өвсийг хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул хариуцагчаас худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлөх үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

11. Хариуцагчийн тайлбараар тухайн гэрээг болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй байна.

12.Иймд нэхэмжлэгч А.Сы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Х.Жаас өвсний үнэ 8,529,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Сд олгох нь зүйтэй байна.

13.Нэхэмжлэгч А.Сы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Жаас 151,414 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2,116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Жаас өвсний үнэ 8,529,000 (найман сая таван зуун хорин есөн мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Сд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч А.Сы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,414 (нэг зуун тавин нэгэн мянган дөрвөн зуун арван дөрвөн) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Жаас 151,414 (нэг зуун тавин нэгэн мянган дөрвөн зуун арван дөрвөн) төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Сд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК