Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 786

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч М.Амарзаяа,

Шүүгдэгч Б.,

Шүүгдэгч Д.... тэдгээрийн өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1821/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Анган овогт ...гийн , Тайж овогт ...ийн ... нарт холбогдох 1808002350861 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Зүүн ханх” ХХК-д барилгын туслах ажилтан ажилтай, ам бүл 4, өвөө, эмээ, эх нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон-Лаагийн ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тайж овогт ...ийн ... /РД:.../.

Монгол Улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Шинэ  төв” мал нядалгааны газар ажилладаг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Анган овогт ...гийн  /РД: .../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дараахь нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийн мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцсон.

Шүүгдэгч  Б., Д.... нар 2018 оны 01 дүгээр сарын 02-ны шөнийн 01 цагийн үед гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт-Од” төв дотор үйл ажиллагаа явуулдаг “888” нэртэй цэнгээний газар үйлчлүүлж байсан иргэн Д.... нь өөрийн эзэмшлийн хаан банкны виза картаанаас тооцоо хийлгүүлэхээр Д....ад өгөхөд түүнийг согтуугаар нь далимдуулан Б.оор дамжуулан буцаан өгөхдөө банкны төлбөрийн картны оронд автобусны карт өгөн хуурч төөрөгдөлд оруулан уг картнаас 1,683,850 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

 

- Хохирогч Д....ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... “Гэрэлт-Од” төвийн бааранд орж үйлчлүүлсэн. ...Бааранд байхдаа авч уусан пивоныхоо тооцоог хийхдээ өөрийн хаан банкны картаар 3,000 төгрөгийн тооцоо хийсэн ....ингээд надад миний хаан банкны картыг буцааж өгөхийн оронд автобусны карт өгөөд гаргасан. ...тооцоо хийхдээ хаан банкныхаа картын пин кодыг миний картыг авч тооцоо хийсэн гэх хүнд хэлсэн. ... Би уг хохиролд уншуулсан мөнгөнөөс гадна АТМ-ээс шимтгэлийн мөнгө гэж авсан мөнгөн дүнгүүдийг оруулж тооцуулаад нийтдээ 1,673,850 төгрөг болсон. Үүн дээр чиптэй картын 10,000 төгрөгийн хохирлыг оруулаад нийт 1,683,850 төгрөгийн хохирол учирсан. ...би картнаас мөнгө ав гэж хэлсэн удаа бол байхгүй. Би картаа аваад харьсан гэж бодож байсан чинь харин миний хаан банкны картын оронд автобусны карт өгөөд явуулчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 16-18, 88-89 х/,

 

          - Шүүгдэгч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ байж байхад ... над руу залгаад “хаана байна, яваад ир, би ахтайгаа хамт байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад ...ын  байгаа “Гэрэлт-Од” дотор байдаг 888 нэртэй бааранд яваад очиход ... нэг ахтай /Д..../ пиво уугаад сууж байсан, тэгээд намайг яваад ортол “цаана сууж бай” гэж хэлэхээр нь би баарны үүд хавьцаа сандал дээр сууж байсан чинь ... нөгөө картыг авч очоод тэкэн дээр тооцоог нь өөрөө хийчихээд надаа нөгөө хүний /Д..../ хаан банкны виза картыг бас автобусны улаан өнгийн карттай өгсөн. Тэгснээ наад автобусны картаа нөгөө ахад /Д..../ өгчих гэж ... хэлэхээр нь би автобусны картыг нөгөө ахад /Д..../ өгчихсөн. ...Жигүүр дэлгүүрийн АТМ дээр очоод мөнгө аваад байж байтал ... миний араас машинтай яваад ирсэн. Тэгээд 500,000 төгрөгөөр гурван удаа уншуулж мөнгө аваад ...ын машин дотор орж суусан. ...Тэгээд Шөлөндөө ороод юм идчихээд тэндээ мөнгөө 800,000 төгрөгөөр 2 хувааж аваад картыг нь ...ад өгөөд бид хоёр Баянхошуу руу таксидаад би гудамжны үзүүрт бууж үлдсэн, ... яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 69-70 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

           - Шүүгдэгч Д....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд байж байтал  над руу залгаад “юу байна анд, наагуур чинь ах нар байна уу” гэхээр нь би энд мөнгөтэй ах байна хүрээд ир гэж хэлсэн. ...Тэгээд байж байтал гаднаас  орж ирэхээр нь цаана сууж бай гэж хэлээд ... надаа тооцоо хийгээд ир гээд хаан банкны виза картаа өгсөн. Тэгэхээр нь би нөгөө картыг авч явж тэкэн дээр очиж тооцоог нь хийж картыг нь уншуулчихаад ид хаан банкны картаа аваачиж өгөөд автобусны улаан картаа бас ид өгсөн. Тэгээд оор нөгөө ахад автобусны картаа аваачиж өгүүлсэн чинь ... гээд ах гараад яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 78-79 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

- Гэрч Д....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн хүний уусан пивоны тооцоо нь эхлээд 3,000 төгрөг болсон тооцоогоо өөрөө ирж хийсэн. Тэрний дараа тэр ах караокед сууж байгаад буцаад бааранд орж ирж суугаад 2-3 пиво авч уусан. Тэгэхэд тооцоог нь манайд хамгаалагчаар ажиллаж байгаад гарсан ...ю...ю гэх залуу манай ах байгаа юм гээд картыг нь авчраад уншуулаад тооцоог нь хийгээд байсан. ...Тэр хүний картыг нь ...авсан байх. ......манайд 2017 оны 12 дугаар сарын сүүлээр ирээд түр ажиллаж байгаад 01 дүгээр сарын эхээр ажлаасаа гарсан. Яг нэрийг нь сайн мэдэхгүй байна “...” гэж дуудаад байдаг юм. ...” гэх мэдүүлэг /хх 22-24 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүгдэгч нарын хувийн байдал, хохирол, төлбөрийн талаарх нотлох баримтууд:

           - Гэрч Д.Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... нь 1999 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн. Төрсөн эцэг нь Хаш-Эрдэнэ гэж хүн байсан, төрөхөөс нь өмнө салаад явчихсан байсан. Манай хүүгийн өвөөг ... гэдэг хүн байдаг. Өвөөгөөрөө овоглож явдаг юм. Төмөр замд өвөө ..., эмээ болон би бас манай эрэгтэй дүүтэй хамт амьдардаг. ... нь зан араншингийн хувьд ерөнхийдөе онгироодуу эрх хүүхэд байгаа юм. Манай аав ээж хоёр эрхлүүлсээр байгаад эрх болчихсон. Бага насаа цэцэрлэг сургуулиар хүмүүжиж байгаад 2006 онд сургуульд ороод 8 дугаар ангийн боловсрол эзэмшээд барилгын коллежид элсэн суралцаж байгаад төгссөн. Одоо мужаан мэргэжилтэй. Гэхдээ мэргэжлийн үнэмлэх зэргийг сургуулиасаа аваагүй байгаа. Урд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Архаг хууч өвчин гээд байх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 49-50 х/,

                        - Гэрч Н....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... нь 1999 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн жаргалант суманд төрсөн. ба миний нэрээр овоглож явдаг ба манай охин 1-р курсийн оюутан байхдаа хүүхэдтэй болоод ирж байсан. Тэрнээс хойш хүнтэй суугаагүй. ... нь бага наснаасаа эцэг эхийн гар дээр болон цэцэрлэгээр хүмүүжсэн. ... нь зан араншингийн хувьд жоохон биеэ тоосон зантай хүүхэд байгаа юм. Манай хүү ... нь жоохон зүрх муутай аймхай хүүхэд байж магадгүй гэж би боддог юм. Хэрэгт холбогдсон талаараа бидэнд ерөөсөө хэлэхгүй байгаад байсан. ..." гэх мэдүүлэг /хх 51-52 х/,

- Гэрч С.Цэндийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б. нь Төв        аймгийн Эрдэнэсант суманд 2000.05.21-ний өдөр ...гийн ууган хүү болж мэндэлсэн ба бага насаа эцэг эхийн гар дээр цэцэрлэгээр хүмүүжиж байгаад 2007 онд Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуульд элсэн орж 2016 онд 09 дүгээр ангиа төгсөөд 2016 онд Шинэ үе МСҮТ-д суралцаж цахилгаанчин мэргэжилтэй болсон. Гэхдээ сургуулийн гэрчилгээгээ аваагүй. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, надтай хамт арьс ширний үйлдвэрт ажиллаж байсан. Одоогоор  надтай эмээлтэд мал нядалгаа дээр ажилладаг. 3 хоногтоо 120.000 төгрөгний цалин бэлнээр авдаг. Цэргийн алба хаагаагүй.  нь аав ..., ээж Цэнд, дүү Нандин-Эрдэнэ, дүү Билгүүн нарын хамт СХД-ийн 7 дугаар хороо Баянхошууны 35-20 тоотод оршин сууж амьдардаг. Б. нь эхнэр аваагүй, цэргийн алба хаагаагүй байгаа.  зан араншингийн хувьд төлөв даруу зантай, эрхэлж өссөн, сурлага хүмүүжлийн хувьд сайн. Ямар нэг эд зүйлээр гачигдаж дутагдаад байдаггүй бүхий л бололцоогоор нь хангаж амьдардаг.  нь гэр орноосоо нэг их гараад байдаггүй. ..." гэх мэдүүлэг /хх 90-91 х/,

     - Гэрч С....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б. нь Төв аймгийн Эрдэнэсант суманд 2000.05.21-ний өдөр ...гийн ууган хүү болж мэндэлсэн ба бага насаа эцэг эхийн гар дээр цэцэрлэгээр хүмүүжиж байгаад 2007 онд Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуульд элсэн орж 2016 онд 09 дүгээрээ ангиа төгсөөд 2016 онд Шинэ үе МСҮТ-д суралцаж цахилгаанчин мэргэжилтэй болсон. Зан араншингийн хувьд төлөв даруу зантай, тусч, хар бор ажил сайн хийдэг. Доороо олон дүүтэй, дүү нартаа халамжтай харагддаг, дуу цөөтэй, гадуур дотуур нэг их дэмий тэнээд байдаггүй. ..." гэх мэдүүлэг /хх 92-93 х/,

 

  • “Аривжих-Эстимейт” ХХК-ийн  үнэлгээ / хх 54-55 х/

          - Хохирлын тооцоо /хх 87 х/

          - Д....ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 99 х/

          - Д....ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 106 х/

          - Д....ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 107 х/

          - Б.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 108 х/

          - Б.ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 112 х/

          - Б.ийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх 113 х/

          - Б.ийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 114 х/

          - Б.ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 115 х/

          - Хохирол төлсөн баримт /хх 138-139 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

          Залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх хууль зүйн дүгнэлт:

Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хор уршгийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой бөгөөд шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол Д.... өөрийн эзэмшлийн хаан банкны виза картнаасаа 1,600,000 төгрөгөө алдсан нь Б., Д.... нар түүний банкны төлбөрийн картыг согтуугаар нь далимдуулан автобусны картаар сольж өгсөн үйлдлээс үүдэлтэй бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.

 

Б., Д.... нар иргэн Д....ыг согтуу байгааг далимдуулан түүний эзэмшлийн хаан банкны виза картыг автобусанд зорчих картаар сольсон үйлдэл нь хүнийг хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлсэн авсан  байх залилах гэмт хэргийн объектив талын шинжийг хангаж байгаа.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг  

 

Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаар шүүгдэгч Б., Д.... нар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт-Од” төв дотор үйл ажиллагаа явуулдаг “888” нэртэй бааранд үйлчлүүлж байсан иргэн Д.... өөрийн эзэмшлийн хаан банкны виза картаа тооцоо хийхээр өгөхөд түүнийг согтуугаар нь далимдуулан банкны төлбөрийн картны оронд автобусны карт өгөн хуурч төөрөгдөлд оруулж 1,600,000 төгрөг авсан нь өөрсдийн үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж дүгнэх үндэслэл болж байгаа.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Б., Д....  нар хуулиар тогтоосон насанд хүрсэн болно.    

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б., Д.... нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Хохирогч Д....д учирсан хохирол болох 1,683,850 төгрөгийг төлсөн, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирол төлсөн баримт /хх 138-139 х/-аар нотлогдон тогтоогдсон.

 

             Б., Д.... нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрсдийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгож гэмшсэн, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч нарт 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн.

 

  Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б., Д.... нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хаан банкны хяналтын камерын бичлэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалах, улаан өнгийн автобусны картыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгахаар тус тус шийдвэрлэсэн болно.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Анган овогт ...гийн , Тайж овогт ...ийн ... нарыг Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.ийг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,  Д....ыг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Б., Д.... нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хаан банкны хяналтын камерын бичлэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалах, улаан өнгийн автобусны картыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б., Д.... нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Б.ДАШДОНДОВ