Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 302/ШШ2025/01132

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 302/ШШ2025/01132

Б аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын ... дүгээр багт оршин суух, У овогт С.З нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Мал эмнэлгийн газар (дарга Ч.Б)-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/23 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан үйлчлэгчийн ажилтнаар эгүүлэн тогтоолгох тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.И,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.З нь хариуцагч Б аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/23 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан үйлчлэгчийн ажилтнаар эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Б аймгийн Мал эмнэлгийн газарт үйлчлэгчийн орон тоонд тогтвор суурьшилтай ажиллаж ирсэн юм. Ажиллаж байх хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчиж байгаагүй болно.

1.2. Б аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/23 тоот Тушаалаар үйлчлэгчийн үүрэгт ажлаас маань чөлөөлсөн билээ. Улмаар Б аймгийн Ө сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан ба уг хорооноос хөдөлмөрийн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно.

1.3. Миний бие 2-10 насны 4 хүүхэдтэй. Нөхөр маань ажилгүй, банканд 12 сая төгрөгийн хэрэглээний зээлтэй, гэр бүлийн 2 хүн хоёулаа ажилгүй болж, үр хүүхдээ тэжээн тэтгэх, зээлийг эргэн төлөх хүнд байдалд орж байна. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т Энэ хуулийн 80 1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас, бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж хуульчилсан байхад намайг 3 нас хүрээгүй 1 хүүтэй, мөн 5-10 насны 3 хүүхэдтэй гэдгийг анхаарч үзээгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-дэх заалтаар Ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байна.

1.4. Иймд Б аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/23 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан үйлчлэгчийн ажилтнаар эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Ч.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

2.1. Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 267 дугаар тогтоолоор Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай шийдвэр гарч, аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар, сум, мал бүхий дүүрэгт Мал эмнэлгийн тасаг байгуулахаар батлагдсан. Аймгийн Мал эмнэлгийн газар 2019 оноос хойш батлагдсан дөрвөн удаагийн бүтэц, орон тоонд үйлчлэгч гэсэн албан тушаалын орон тоо батлагдаагүй байсан бөгөөд Н сумын Ц тосгоны Мал эмнэлгийн тасагт Улсын байцаагч 1, тархвар зүйч 1 буюу нийт 2 орон тоо батлагдсан боловч уг орон тоонд ажиллах хүн байхгүй байсан тул үйлчлэгч С.З л, сахиул Х.Х нарыг сул орон тооны цалингийн сангаас цалинжуулж ажиллуулсан.

2.2. С.З лийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар ТҮ-1 шатлалын цалингийн ангиллаар цалинжуулж, жил бүр нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж ирсэн. Дараа нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар С.З лийг үүрэгт ажлаас чөлөөлж, гэрээт ажилтнаар ажиллуулсан. Ажилтан С.З нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржих амралтад явах тухай хүсэлт гаргасны дагуу 2023 оны Б/06 дугаар тушаалаар жирэмсний болон амаржсаны чөлөө олгосон. 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр С.З лийн жирэмсний болон амаржсаны амралт дуусч, ажилдаа эргэн орох хүсэлт гаргасны дагуу 2025 оны Б/13 дугаар тушаалаар үйлчлэгчийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулсан.

2.3. 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цалингийн сангийн хүрэлцээ болон 3 хүртэлх насны хүүхэдтэй байсан тул ажлаас чөлөөлөх боломжгүй байсан. Гэтэл Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр хурапдааны тэмдэглэл, мөн Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 04 дүгээр албан даалгаврын дагуу Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт орж, улсын хэмжээнд төрийн байгууллагуудын орон тоог 9 хувиар бууруулах шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12 дахь заалтын дагуу Хүнс, хөдөө аж ахуй. хөнгөтушаалаар Аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газруудын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсан. Үүнд аймгийн Мал эмнэлгийн газар 2 хэлтэс, 1 лабораторитой байхаар тогтоож, уүнтэй уялдуулан сайдын өмнөх А/97 дугаар тушаалыг хүчингүй болгосон болно. Дээрх шийдвэрийн дагуу манай байгууллагаас нийт 4 орон тоо хасагдаж, сул орон тооны цалингийн сангаар үйлчлэгч албан тушаалд гэрээт ажилтан ажиллуулах боломжгүй болсон. Мөн А/342 дугаар тушаалаар аймаг бүрийн Захиргаа, санхүүгийн хэлтэст байсан сахиул (ТҮ-1) албан тушаалыг жолооч (сахиул, үйлчлэгч) (ТҮ-3) албан тушаалаар нэгтгэж, шинэчилсэн.

2.4. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын дагуу буюу байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, цомхотголын улмаас ажилтныг чөлөөлөх үндэслэлээр С.Зийг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2025 оны 08 дугаар сарын 05- ны өдөр гарган, хүлээлгэн өгч баримтжуулсан. Үүний дагуу 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/23 дугаар тушаалаар С.Зийг ажлаас чөлөөлсөн.

2.5. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох гэж заасан байдаг.

2.6. Иймд С.З ийн гомдлын дагуу мал эмнэлгийн газар нь холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөн ажилласан бөгөөд түүнийг ажлын байраар хангах, ажил эрхлэлтийг сэргээж тухайн орон тоонд дахин ажиллуулах боломж хуулийн хүрээнд байхгүй байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар Б аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/08 дугаартай тушаал ажилд томилох тухай тушаал, мөн даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаартай Гэрээт ажилтан томилох тухай тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Мал эмнэлгийн газрын дарга болон С.З нарын хооронд байгуулагдсан Гэрээт ажилтны гэрээ, Б аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/06 дугаартай Жирэмсний болон амаржсаны чөлөө олгох тухай тушаал, Б аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/23 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Б аймгийн Ө сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, нэхэмжлэгчийн хүүхдүүд болох 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн Е.Л, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн З.С, 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр сөрсөн Е.К, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн Е.К нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг,

Хариуцагчаас Б аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/41 дугаартай Ажилд томилох тухай тушаал, мөн даргын 2020 оны оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/21 дугаартай Жирэмсний болон амаржсаны чөлөө олгох тухай тушаал, 2022 оны 02 дүгээр сарын 01-ний өдрийн Б/20 дугаартай С.З-ийг үүрэгт ажлаас чөлөөлж гэрээт ажилтнаар ажиллуулах тухай тушаал, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Мал эмнэлгийн газрын дарга болон С.З нарын хооронд байгуулагдсан Гэрээт ажилтны гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаартай Гэрээт ажилтан томилох тухай тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Мал эмнэлгийн газрын дарга болон С.З нарын хооронд байгуулагдсан Гэрээт ажилтны гэрээ, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн мэдэгдэл, Б аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/23 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Мал эмнэлгийн газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэл, С.З-ийн бичсэн гэх 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн гарын баримт зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар хариуцагч талын хүсэлтээр Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдьэрийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-174 дугаартай Бүтэц, орон тоо батлах тухай тушаал, хавсралтын хамт, Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/17 дугаартай Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаал, хавсралтын хамт, Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/97 дугаартай Аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар, сум, дүүргийн мал эмнэлгийн тасгийн бүтэц, орон тоо, төрийн албан хаагчийн ангилал, зэрэглэлийг батлах тухай тушаал, хавсралтын хамт, мөн сайдын 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/342 дугаартай Аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар, сум, дүүргийн мал эмнэлгийн тасгийн бүтэц, орон тоо, төрийн албан хаагчийн ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай тушаал, хавсралтын хамт тус тус бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэгч С.З-ийн Б аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/23 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан үйлчлэгчийн ажилтнаар эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.

5. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Б аймгийн Мал эмнэлгийн газарт үйлчлэгчийн орон тоонд тогтвор суурьшилтай ажиллаж ирсэн ба ажиллаж байх хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчиж байгаагүй болно.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т Энэ хуулийн 80 1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас, бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж хуульчилсан байхад намайг 3 нас хүрээгүй хүүхэдтэй гэдгийнг анхаарч үзэхгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-дэх заалтаар буюу орон тоо хасагдсан үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хориглосон заалтыг зөрчиж байгаа болно гэжээ.

6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Аймгийн Мал эмнэлгийн газар 2019 оноос хойш батлагдсан дөрвөн удаагийн бүтэц, орон тоонд үйлчлэгч гэсэн албан тушаалын орон тоо батлагдаагүй байсан бөгөөд Н сумын Ц тосгоны Мал эмнэлгийн тасагт Улсын байцаагч 1, тархвар зүйч 1 буюу нийт 2 орон тоо батлагдсан боловч уг орон тоонд ажиллах хүн байхгүй байсан тул үйлчлэгч С.З ийг сул орон тооны цалингийн сангаас цалинжуулж ажиллуулсан. Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/342 дугаартай Аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар, сум, дүүргийн мал эмнэлгийн тасгийн бүтэц, орон тоо, төрийн албан хаагчийн ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай тушаалын дагуу манай байгууллагаас нийт 4 орон тоо хасагдаж, сул орон тооны цалингийн сангаар үйлчлэгч албан тушаалд гэрээт ажилтан ажиллуулах боломжгүй болсон. Мөн А/342 дугаар тушаалаар аймаг бүрийн Захиргаа, санхүүгийн хэлтэст байсан сахиул (ТҮ-1) албан тушаалыг жолооч (сахиул, үйлчлэгч) (ТҮ-3) албан тушаалаар нэгтгэж, шинэчилсэн. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох гэж заасан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтын дагуу буюу байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, цомхотголын улмаас ажилтныг чөлөөлөх үндэслэлээр С.З-ийг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/23 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн гэжээ.

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

7.1. Б аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/08 дугаартай тушаал ажилд томилох тухай тушаалаар С.З-ийг тус газрын сахиул /үйлчлэгч/-аар томилж ажиллуулсан байх ба 2022 оны 02 дүгээр сарын 01-ний өдрийн Б/20 дугаартай , 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаартай тушаалуудаар С.Зийг тус газрын үйлчлэгийн албан тушаалд гэрээт ажилтнаар томилж, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус тус гэрээт ажилтны гэрээ байгуулж ажил олгогч Б аймгийн Мал эмнэлгийн газрын дарга болон ажилтан С.З нарын хооронд үүсэх хөдөлмөрийн харилцааг зохицуулж байсан байна.

7.2. Б аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/23 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугар зүйлийн 80.1.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.5, 16.5.3, Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2025 оны А/342 дугаартай тушаалыг тус тус үндэслэн тус байгууллагад гэрээт ажилтнаар /үйлчлэгч/ ажиллаж буй С.Зийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

7.3. Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-174 дугаартай Бүтэц, орон тоо батлах тухай тушаалаар Аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газрын бүтэц орон тоог 1 дүгээр, сум, мал бүхий дүүргийн Мал эмнэлгийн тасгийн бүтэц, орон тоог 2 дугаар хавсралт ёсоор баталсан байх ба Б аймгийн Мал эмнэлгийн газрын бүтэц орон тоог Газрын дарга, улсын ахлах байцаагч 1, Мал амьтны эрүүл мэндийн албад 5, Захиргаа санхүүгийн албанд 7, Мал эмнэлгийн лабораторид 5, нийт 18 орон тоогоор, 2 дугаар хавсралтаар 14 сум тус бүрт улсын байцаагч 1, тархвар зүйч 1 байхаар тусгаж, нийт 28 орон тоотой байхаар баталсан байна. Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/17 дугаартай Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалаар, Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/97 дугаартай Аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар, сум, дүүргийн мал эмнэлгийн тасгийн бүтэц, орон тоо, төрийн албан хаагчийн агилал, зэрэглэлийг батлах тухай тушаалаар Аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар болон сум, мал бүхий дүүргийн Мал эмнэлгийн тасгийн бүтэц, орон тоо, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдын ангилал, зэрэглэлийг тус тус шинэчлэн баталсан байх ба уг тушаалын 3 дугаар хавсралтад Б аймгийн мал эмнэлгийн газрын бүтэц, орон тоог Газрын дарга 1, Мал амьтны эрүүл мэндийн хэлтэст 7, Захиргаа, санхүүгийн хэлтэст 6, Мал эмнэлгийн лабораторид 5, нийт 19 орон тоогоор, 4 дүгээр хавсралтаар Б аймгийн сумдын мал эмнэлгийн тасгийн бүтэц орон тоог 14 сум тус бүрт улсын байцаагч 1, тархвар зүйч 1 байхаар тусгаж, нийт 28 орон тоотой байхаар тус тус баталсан байна. Мөн сайдын 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/342 дугаартай Аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар, сум, дүүргийн мал эмнэлгийн тасгийн бүтэц, орон тоо, төрийн албан хаагчийн ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах тухай тушаалаар Аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар болон сум, мал бүхий дүүргийн Мал эмнэлгийн тасгийн бүтэц, орон тоо, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдын ангилал, зэрэглэлийг тус тус шинэчлэн баталсан байх ба уг тушаалын 3 дугаар хавсралтад Б аймгийн мал эмнэлгийн газрын бүтэц, орон тоог Газрын дарга, мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч 1, Мал, амьтны эрүүл мэнд, хяналт, хорио цээр баталгаажуулалтын хэлтэст 6, Захиргаа, санхүүгийн хэлтэст 6, Мал эмнэлгийн лабораторид 5, нийт 18 орон тоогоор, 4 дүгээр хавсралтаар Б аймгийн сумдын мал эмнэлгийн тасгийн бүтэц орон тоог Ө сумд улсын байцаагч 1, бусад 12 сум тус бүрт улсын байцаагч 1, тархвар зүйч 1 байхаар тусгаж, нийт 25 орон тоотой байхаар тус тус баталсан болох нь тогтоогджээ.

7.4.2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн мэдэгдлээр Б аймгийн Мал эмнэлгийн газарт гэрээт үйлчлэгчээр ажиллаж буй С.З-д Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 заасан үндэслэлээр 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болсныг мэдгэлдсэн байна.

7.5.2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Мал эмнэлгийн газрын Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Мал эмнэлгийн газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэлүүдээс үзэхэд Мал эмнэлгийн газрын бүтэц орон тоонд өөрчлөлт орж Цагааннуур тосгоны улсын байцаагч, тархвар зүйчийн орон тоо хасагдсан тул тухайн 2 орон тооны цалингийн сангаар цалинждаг сахиул болон үйлчлэгчийн цалингүй сан байхгүй болсон тул цомхолголд оруулах талаар, мөн С.З сахиул болон үйлчлэгчийн ажлыг давхар хийх талаар санал болгож байсан нь тогтоогджээ.

8.Нэхэмжлэгчээс хариуцагч нь хууль зөрчиж ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж маргасан байх ба ба хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

9.Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.

10.Нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч С.З орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан гэж үзэхээр байна.

11.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугар зүйлийн 80.1, 80.1.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж тус тус заажээ.

11. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж заажээ. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймгийн Ө сумын бүртгэлийн ажилтнаас олгосон 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн Е.К төрсний гэрчилгээгээр нэхэмжлэгч С.З нь гурав хүртэлх насны хүүхэдтэй эх болох нь тогтоогдож байх тул ажил олгогч түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна. Ажил олгогч Б аймгийн Мал эмнэлгийн газрын дарга нь тухайн байгууллагад үйлчлэгчээр ажиллаж байсан С.З-тэй байгуулсан хөдөлмөр эхлэлтийн харилцааг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар бүлэгт заасан хүн амын зарим бүлгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулсан заалтыг зөрчсөн байна.

12.Иймд Б аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/23 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, С.З-ийг урьд эрхэлж байсан үйлчлэгчийн ажилтнаар эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

13.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/23 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Мал эмнэлгийн газрын үйлчлэгчийн ажилтнаар эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагч Б аймгийн Мал эмнэлгийн газраас 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК