| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2018/0061/Э |
| Дугаар | 63 |
| Огноо | 2018-07-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 63
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт Э-ийн Өн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ө-д холбогдох 1823000920072 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл- 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багийн ***** хэсгийн **-** тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Э-ийн Ө, /Регистрийн дугаар: ИЮ********/
Шүүгдэгч Э.Өн нь 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэн Б.Да-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* овогт *******гийн Ө нь 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн орчимд Завхан аймгийн *******хаан сумын ******* багийн нутаг Хужир толгой гэх газарт иргэн Б.Да-тэй маргалдаж түүний нүүрэн тус газар өшиглөсөн, мөн цээжинд нь хазаж цохисон хэргийн үйл баримт нь хохирогч Б.Да-ийн “ 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн *******хаан сумын ******* багийн нутаг Хужир толгой гэх газар... На... Мо... бид гурав 1 шил архи хувааж уугаад сууж байсан...Мо намайг баян хулгайч гээд зодсон...Нүүр лүү нэг удаа цохисон. Нүд рүү өшиглөсөн цээжнээс хазсан...” гэсэн мэдүүлэг, Б.Да-г Э.Өн зодохыг харсан талаараа мэдүүлсэн гэрч Б.На-ийн “Да-г цамцаа өмсөөд тонгойж байтал Мо гүйж очоод өшиглөсөн ...” гэсэн мэдүүлэг, Б.Да гэртээ нүдэндээ гэмтэл авсан байдалтай ирснийг нотолсон гэрч С.Бя-ын “... 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Да орой 20 цагийн орчим гэртээ ирэхдээ ... Мо гэдэг залууд зодуулчихлаа гэж... нүд нь битүү хамартайгаа үргэлж болсон, тэр чигээрээ хөхөрсөн ирсэн...” гэсэн мэдүүлгээр тогтоогджээ. Шүүгдэгч Э.Өн-ийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 201820162 дугаартай шинжээчийн “ Иргэн Б.Да-ийн биед баруун талын ухархайн дотор ханын хугарал, баруун талын нүдний ухархайн зөөлөн эдэд хаван, хамрын хянга ясны хугарал, хамрын таславч ясны мурийлт, баруун чамархайн урт хэсэгт, баруун хөхний дээр сорви гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно... Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй гэрч, хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Э.Ө нь хохирогчийг өшиглөж зодсон үйлдэлдээ шууд санаатай хандсан байна. Э.Ө нь шууд санаатай үйлдлээрээ хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Э.Ө иргэн Б.Да-ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчин зодож хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Э.Ө-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч Э.Өн хохирогчид хохирлыг нөхөн төлсөн нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул түүнээс гаргуулах хохирол төлбөр байхгүй гэж үзлээ. Шүүгдэгч Э.Өн-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эмчилгээний зардал нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа учир прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Хохирол нөхөн төлөгдсөн учир шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь үндэстэй байна Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн хохирогчийн амбулаториор эмчлүүлэгчийн карт, тархины бичлэгийн CD-г хохирогчид буцаан олгох нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Э-ийн Өн-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Өн-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 / дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өн-д оногдуулсан 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2/хоёр/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Э.Өн-н нь 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч Э.Өн-д өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгчийн өмчлөлийн 10 тооны эр хонийг битүүмжилсэн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 5/60 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн Б.Даваасүрэнгийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт-1 ширхэг, тархины бичлэгийн СD-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгосугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ