Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/21

 

                                                                                                         С.Д, Н.Б нарт

                                                                                       холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, шүүгч З.Нандинцэцэг, Ерөнхий шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн

          Прокурор                                                                     Б.Ч /цахимаар/

          Шүүгдэгч                                                                     С.Д

          Шүүгдэгч                                                                     Н.Б /цахимаар/

          Шүүгдэгчийн нарын өмгөөлөгч                              Б.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Б-ын давж заалдах гомдлоор С.Д, Н.Б нарт холбогдох 2424000000035 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 22-ны өдөр, Завхан аймгийн .... сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, ах, дүүгийн хамт амьдардаг, Завхан аймгийн .... сумын .... багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, .... овогт ...-ын Д, /РД:............/,

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 09-ний өдөр, Завхан аймгийн ........ сумд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, ахын хамт амьдардаг, Завхан аймгийн ........... сумын ............ багийн ............ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ........... овогт ...-ын Б, /РД:.............../,                             

Шүүгдэгч С.Д, Н.Б нар нь бүлэглэн 2024 оны 01 дүгээр сард Завхан аймгийн ........... сумын ............ багийн нутаг “............” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн хэрэглээний, хуурай 15.2955 метр куб модыг бэлтгэж, сумын ойн санд 4.643.392,59 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

1. Анхан шатны шүүх: Шүүгдэгч ………. овогт …-ын Д, ………….. овогт ….-ын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан бүлэглэн, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч С.Д, Н.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар шүүгдэгч С.Д, Н.Б нарт тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршиг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д. Н.Б нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хориглосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д, Н.Б нар нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдаж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч С.Д, Н.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 4 метрийн урттай 149 ширхэг шинэс төрлийн модыг тус тус улсын орлого болгож, шүүгдэгч С.Д, Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчид хохиролд 4,643,392 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д, Н.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т зааснаар шүүгдэгч С.Д, Н.Б нараас 9,286,785 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Шүүгдэгч нар болон түүний өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: …Миний бие Б.Б нь С.Д, Н.Б нарын өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолыг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлагыг багасгуулахаар давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийж зүйлчилсэн боловч, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзалгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн. Шүүгдэгч нарын хувьд байгаль экологид учирсан шууд хохирлыг төлсөн, учирсан хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугийн хувьд маргаангүй орсон болно. Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж багасгаж өгнө үү гэжээ.

3. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчилсэн. Хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн маргаан байхгүй. Анхан шатны шүүх хуулийн этгээдийг оролцуулах ёстой байсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Анхан шатны шүүх хуралдаан 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр явагдсан. Тухайн үед гэмт хэргийн улмаас хохирсон хохирлыг бүрэн төлөх боломжтой байсан. Давж заалдах шатны шүүх хуралдааныг 2025 оны 06 дугаар сард болно гэж тооцоолж, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэмт хэргийн улмаас хохирсон хохирол төлбөрийг байгаль орчин уур амьсгалын санд төлж баримтыг гаргаж өгч байна. Шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн хувьд нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зохицуулалттай. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулсан. Шүүгдэгч нарын тухайд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч нарт оногдуулсан ялд өөрчлөлт оруулж 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэв.

4. Шүүгдэгч С.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэнсэн харгалзах ялын хугацааг багасгаж өгөөч гэв.

5. Шүүгдэгч Н.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тэнсэн харгалзах ялын хугацааг багасгаж өгнө үү гэв.

6. Прокурор Б.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулсныг багасгуулахаар давж заалдах гомдол гаргасан байна. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн зорилт, зарчимд нийцсэн шийдвэр гаргасан гэж прокурорын зүгээс үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаан 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр товлогдон явагдсан. Шүүх хуралдаан явагдах үед гэмт хэргийн улмаас үүссэн хохирол бүрэн төлөгдөөгүй, байгаль орчинд учруулсан хохирол нийтдээ 13,930,117 /арван гурван сая есөн зуун гучин мянга нэг зуун арван долоо/ төгрөгөөс экологид учирсан шууд хохирол 4,643,392 /дөрвөн сая гурван зуун дөчин гурван мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгийг төлж барагдуулсан, үлдсэн 9,286,785 /есөн сая хоёр зуун наян зургаан мянга долоон зуун наян тав/ төгрөгийг ойн санд учруулсан Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар нэмэгдүүлж төлөх акт тогтоосныг төлж барагдуулаагүй, өөрсдийн бэлтгэсэн модыг хуулийн этгээдээс захиалга өгч бэлтгүүлсэн гэж тайлбарлаж гэм буруу дээр маргаж байсан. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр дээрх байр суурьтай оролцож байсан. Шүүх хуралдаанд тухайн хуулийн этгээд ….. ХХК-ийн захирал н.Б мөн бусад гэрчүүд анхан шатны шүүх хуралдаанд оролцож, мэдүүлэг тайлбар өгсөн байдаг. Анхан шатны шүүх тухайн гэмт хэрэг үйлдэхэд ..... ХХК болон захирал н.Б нарын оролцоо байхгүй гэж дүгнэж, шүүгдэгч С.Д, Н.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үед хохирлыг бүрэн барагдуулаагүй байсан. Мөн гэм буруу дээр маргаж байсан. Мод бэлтгэх ..... ХХК-ийн захирал манай тусгаарлалтын талбайн ойролцоо мод бэлтгэ гэсэн гэж тайлбарлаж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Анхан шатны шүүх нь шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг журамлан эрүүгийн хариуцлага оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр эргэлзээгүй, үндэслэл бүхий гарсан байх тул хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгч нар нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн. Ойн санд учруулсан хохирол нь бага хэмжээний бус 15.0299 куб хэрэглээний мод бэлтгэсэн. Тухайн гэмт хэргийн үйлдсэн нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргийг харгалзан оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

  1. Хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч С.Д, Н.Б нар нь бүлэглэн 2024 оны 01 дүгээр сард Завхан аймгийн ....... сумын ....... багийн нутаг ........... гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн хэрэглээний, хуурай 15.2955 метр куб модыг бэлтгэж, сумын ойн санд 4.643.392,59 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

2.1. Иргэний нэхэмжлэгч Л.О-ийн “...Тухайн иргэдийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй байх. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг, нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ...   ..... гэхээр угаасаа улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

2.2. Гэрч Г.Т-ын “...Би 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгаль хамгаалагч О.Б-ны хамт ........... багийн нутаг .......... гэх газарт хяналт шалгалтаар ажилласан. Хяналт шалгалтаар явах үед ......... гэх газарт шинэс төрлийн 4 метрийн урттай хэрэглээний 200 орчим ширхэг модыг ойгоос бэлтгэж хураасан байсан. Тэгээд тухайн мод бэлтгэсэн асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулах гэж хандсан юм...Тухайн моднууд нь бүгд хуурай шинэс төрлийн хэрэглээний моднууд байсан. Огтлолын хувьд энэ онд бэлтгэсэн болов уу гэмээр моднууд байсан. Тухайн моднуудыг 3-4 хэсэг газарт бага багаар нь хураасан байсан...Тухайн газар ойн нэгдүгээр мужлал буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна...Улсын тусгай хамгаалалтай газар нутгаас иргэн хүн хэрэглээний мод бэлтгэж болохгүй хуулиар хориотой. Зөвхөн тусгай зөвшөөрөлтэй Ойн мэргэжлийн байгууллага гэрээ байгуулсны үндсэн дээр мод бэлтгэх эрх үүснэ. Түүнээс иргэн хүн хэрэглээний мод бэлтгэж болохгүй. Сумаас байгаль хамгаалагч нар иргэдэд хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгохдоо улсын тусгай хамгаалалттай газар нутагт бичдэггүй...” гэх мэдүүлэг,/ хх-ийн 30-р хуудас/,

2.3. Гэрч Н.П-ийн  “... суманд 2024 оны 01 дүгээр сард иргэдэд хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгож байгаагүй. Харин түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгож байсан. Иргэдэд хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийг 2024 оны 02 дугаар сараас эхлэн бичиж олгосон. Байгаль хамгаалагч Ч.Б бид хоёрын зүгээс 2024 онд ........ багийн иргэдэд хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгож байгаа...Тусгай хамгаалалттай газрын энэ оны тендерийн жагсаалт 01 сарын сүүлчээр гарсан учир тусгай хамгаалалттай газар нутгаас 2024 оны 01 дүгээр сард иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй...Тухайн иргэдийн зүгээс надаас ямар нэгэн хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...Сумын байгаль хамгаалагчийн зүгээс зөвхөн сумын ойн сан бүхий газар нутгаас иргэдэд хэрэглээ, түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгож байгаа. ...Иргэн хүний зүгээс улсын тусгай хамгаалалттай газар нутгаас хэрэглээний мод бэлтгэж болохгүй... Иргэн ойгоос мод бэлтгэхээс өмнө байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. ...эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заагдсан хугацаанд модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ цэвэрлэгээний ажлаар ойгоос хатсан хуурай унанги модыг бэлтгэх ёстой...Босоо модыг огтолж бэлтгэж болохгүй. Иргэн хүн зөвхөн цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэх ёстой. Харин цэвэрлэгээний огтлолоор тусгай зөвшөөрөлтэй ойн мэргэжлийн байгууллага мод бэлтгэх ёстой...Эрхийн бичиг авахгүйгээр ойгоос мод бэлтгэвэл зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-р хуудас/,

2.4. Гэрч Ч.Б-ын “........ .... суманд 2024 оны 01 дүгээр сард иргэн хүнд хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгож байгаагүй. Байгаль хамгаалагч Т.П бид хоёрын зүгээс 2024 онд ........ багийн иргэдэд хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгож байгаа. Тухайн иргэдийн зүгээс 2024 он гарсаар ...... багийн нутаг дэвсгэрээс ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. ........ багт ........... гэх газар байдаг. Дээрх газар нь ойн нэгдүгээр мужлал буюу тарвагатай нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна...Эрхийн бичиг авахгүйгээр ойгоос мод бэлтгэвэл зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,

2.5. Гэрч О.Б-ны “...Би 2024 оны 05 дугаар сарын 21, 22, 23-ны өдөр улсын байцаагч Г.Т-ын хамт ....... багийн нутаг .......... гэх газарт хяналт шалгалтаар ажиллах үед ......... гэх газарт шинэс төрлийн 4 метрийн урттай хэрэглээний хуурай багцаагаар 150-200 орчим ширхэг модыг ойгоос бэлтгэж 4 хэсэг газарт хураасан байсан. Ойгоос тухайн моднуудыг бэлтгэхдээ ихэвчлэн босоо модыг огтолж унаган бэлтгэсэн байсан. Ойролцоогоор 70 орчим босоо мод лав унагаж мод бэлтгэсэн байсан. Тэгээд тухайн мод бэлтгэсэн асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулах гэж манай байгууллагаас цагдаагийн байгууллагад хандсан юм...Тухайн газар ойн нэгдүгээр мужлал буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна. Улсын тусгай хамгаалалтай газар нутгаас иргэн хүн хэрэглээний мод бэлтгэж болохгүй хуулиар хориотой. Зөвхөн тусгай зөвшөөрөлтэй Ойн мэргэжлийн байгууллага гэрээ байгуулсны үндсэн дээр мод бэлтгэх эрх үүснэ. Сумаас байгаль хамгаалагч нар иргэдэд хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгохдоо улсын тусгай хамгаалалттай газар нутагт бичдэггүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 45-р хуудас/,

2.6. Гэрч С.Б-ын “...С.Д-ийн төрсөн ах П гэдэг залуу 2024 оны 01 дүгээр сарын 10-дын үеэр манай гэрт орж ирээд манай дүү С.Д, найз Н.Б-ийн хамт ..... багийн ....... адууны отор хийгээд ойгоос хэрэглээний 4 метрийн моднууд бэлтгээд байгаа юм шиг байна чи мод худалдаж авахгүй юм уу гэж надад хэлсэн. Тэр үед би П-д .... эхээд тэгээд машин явах болов уу асуудалгүй эрхийн бичигтэй мод байвал авахад яахав гэж хэлсэн. Харин тэр модны асуудлаар дахиж П надтай уулзаагүй, би ч гэсэн П-тай мод авах талаар дахиж яриагүй юм. Түүнээс Н.Б, С.Д нар надтай мод худалдах талаар ямар нэгэн зүйл яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,

2.7. Гэрч С.Б-ын дахин өгсөн “...2024 оны 02 дугаар сарын 04-ний үед байхаа Н.Б над руу залгаад ланд 80 маркийн авто машины сэлбэг авах хэрэгтэй байна. Та надад 1.000.000 төгрөг зээлээч гэхээр нь би өөрийн Хаан банкны ......... гэсэн данснаас 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Гүйлгээний утга дээр нь “Б” гэж бичсэн байхаа. Би өнөөдрийн байдлаар түүнээс зээлсэн 1.000.000 төгрөгөө буцааж аваагүй байгаа. Би түүнтэй тааралдаад мөнгөө хэзээ өгөх бэ? гэхэд дүү нь ажил хийж өгнө, одоо мөнгө байхгүй байна гэдэг...Би С.Д-тай 2023 оны 12 дугаар сард биечлэн уулзаагүй. 2023 онд П надад Д, Б хоёр ..... отрын адуу маллаж байгаа. Тэр хоёр мод бэлтгэсэн байгаа. Та мод авах уу? гэхээр нь би очиж авч чадахгүй байхаа, цас ихтэй, зардал их гарна гэж хэлээд мод худалдаж аваагүй... С.Д, Н.Б хоёр өмгөөлөгчтэйгөө хамт манайд ирээд өмгөөлөгч гэх хүн нь энэ хоёрын хууль бусаар мод бэлтгэсэн хэргийн экологийн хохирол нь 12.000.000 төгрөг гарсан байна. Та дээрх хохирлыг төл эсвэл 12.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний үл хөдлөх хөрөнгө нэр дээр нь шилжүүлж өг хэрэв өгөхгүй бол танай байгууллагыг татаж шалгуулна гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ хоёр хүнийг мод бэлтгээд өг гэж хэлээгүй, энэ хоёр хүнээс мод авна гэж яриагүй, та нар шалгуулбал шалгуул гэж хэлээд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 183-185-р хуудас/,

2.8. Гэрч С.П-ын “...Би С.Б-ыг С.Д, Н.Б нараар хууль бусаар мод бэлтгүүлсэн гэдгийг нь бол мэдэхгүй. Харин манай дүү 2024 оны 01 дүгээр сард над руу утсаар залгаад Б буюу Б ах мод худалдаж авах болов уу? түүнээс асуугаад өгөөч гэхээр нь би гэрт нь очоод Д мод хийнэ гэнээ та худалдаж авах юм уу гэхэд асуудалгүй бол авна гэсэн. Тэгэхээр нь би Д руу залгаад мод худалдаж авна гэнээ гэж хэлсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй...Би тэр хоёрыг эрх бүхий байгууллагаас хуулийн дагуу зөвшөөрөл аваад л мод бэлтгэж байгаа гэж бодсон. Би энэ хоёрыг хууль бусаар мод бэлтгэж байсныг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 191-192-р хуудас/,

2.9. Гэрч Ж.У-ын “...“.....” ХХК нь өмнө нь оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг миний хамаатны эгч Х.Б гэх хүний нэр дээр байсан. Би 2022 онд өөрийн нэр дээр шилжүүлж аваад ойд арчилгаа цэвэрлэгээ хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Компанийн гэрчилгээ миний нэр дээр байдаг өөр хамтран эзэмшигч, гүйцэтгэх захирал гэх хүмүүс бол байхгүй. Манай компани үйл ажиллагаагаа 2022 оноос өнөөдрийг хүртэл Завхан аймгийн ........ сумын ........ баг .......... тоот хашаанд явуулж байгаа. Өнөөдрийн байдлаар манай байгууллагад Г, Б, С, Н гэсэн 4 хүн хамт ажиллаж байгаа. Г нь рамчин, Б туслах, С туслах, Н туслахаар ажиллаж байна. Эдгээр хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна...Манай байгууллага 2024 оны 02 дугаар сард Завхан аймгийн ....... сумын ......... багийн ........... гэх газарт 5 га газарт тусгаарлалт хийлгэсэн. Тухайн үед цас их орсон болохоор хугацаагаа хойшлуулаад 4 билүү 5 сард тусгаарлалт хийлгэсэн талбайгаасаа хуулийн дагуу мод бэлтгэсэн. Үүнээс өмнө ......... багийн .......... гэх газарт 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хийлгэж модоо бэлтгэсэн. Мөн 5 га газарт тусгаарлалт хийлгэж мод бэлтгэсэн. Мөн ....... багийн ........... гэх газарт 2024 оны 07 дугаар сард 5 га талбайд тусгаарлалт хийлгэж тус тус хэрэглээний мод бэлтгэсэн...Би хэдэн сард гэдгийг нь одоо санахгүй байна. Тухайн үед манай нөхөр Улаанбаатар хотод тээвэрт явж байсан. Манай нөхөр надад хэлэхдээ Н.Б над руу ярьж байна. Түүний машин нь эвдэрсэн байна гэж хэлж байсан. Тэгэхдээ 1.000.000 төгрөг зээлсэн байх гэж бодож байна. Би нөхрийгөө н.Б-д 1.000.000 төгрөг шилжүүлсэн гэдгийг нь мэдээгүй, одоо л мэдэж байна... 2023 онд Завхан аймгийн .......... сумын ......... багийн ............, ............. гэх 2 газарт тусгаарлалт хийлгэсэн. Хамгийн сүүлд ............ гэх газарт 2023 оны 10 дугаар сард модоо бэлдэж дууссан.” гэх мэдүүлэг /хх-ийн 187-189-р хуудас/,

2.10. 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/, 

2.11. Мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-14 дүгээр хуудас/,

2.12. Тарвагатай нурууны байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 473 дугаартай албан бичиг /хх-ийн 92-93-р хуудас/,

2.13. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээч Ө.О-ийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлт, тоолуурын хүснэгт, /хх-ийн 49-51-р хуудас,/

2.14. Мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн магадлагаа /хх-ийн 55-59 дугаар хуудас/

2.15. Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01-00-03/576-01 тоот акт /хх-ийн 95-р хуудас/,

2.16. Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, түүний хавсралт /хх-ийн 207-р хуудас/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

3. Эрх зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар:

3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой , хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

3.2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.        

3.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн авсан, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг давхар нотолсон шинжтэй байна.

3.4. Шүүгдэгч С.Д, Н.Б нарын өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо ...Анхан шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийж хэргийг зүйлчилсэн. Харин эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, ...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ. Анхан шатны шүүх шүүгдэгч С.Д, Н.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Түүнчлэн С.Д, Н.Б нарт шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэдний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байгаа байдал, ойн санд учирсан шууд хохирол 4,643,392 төгрөгийг төлсөн, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн санд учирсан хор уршиг 9,286,785 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч нарыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч С.Д-ийн эзэмшлийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон 4 метрийн урттай 149 ширхэг шинэс төрлийн модыг улсын орлого болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Хэргийг анхан шатны шүүхээс зөв зүйлчилсэн байна.

Хэрэг шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хянагдаж байх үед шүүгдэгч С.Д, Н.Б нар нь гэмт хэргийн хор уршигт 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Байгаль орчин уур амьсгалын санд 9,286,785 төгрөгийг төлсөн байна. Шүүгдэгч нар нь гэмт хэргийн шууд хохирол, хор уршгийг төлж барагдуулсан хэдий ч, тэдний гэмт хэрэг үйлдэхдээ улсын тусгай хамгаалалтын бүсэд, бүлэглэн гэмт хэрэг үйлдсэнийг нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, эрүүгийн хариуцлагаас хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл болж чадахгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Д, Н.Б нарын өмгөөлөгч Б.Б-ын эрүүгийн хариуцлагаас хөнгөрүүлж багасгаж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Д, Н.Б нарын өмгөөлөгч Б.Б-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч нар нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаас өмнө Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн санд 9,286,785 /есөн сая хоёр зуун наян зургаан мянга долоон зуун наян тав/ төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                                                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

                                                                         ШҮҮГЧИД                 З.НАНДИНЦЭЦЭГ

                                                                                                           Б.НАМХАЙДОРЖ