| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/01100/И |
| Дугаар | 302/ШШ2025/01130 |
| Огноо | 2025-12-18 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 302/ШШ2025/01130
| 2025 оны 12 сарын 18 өдөр | Дугаар 302/ШШ2025/01130 | Б аймаг |
Зохигчид эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нэхэмжлэгч: Б аймгийн Нийгмийн даатгалын газар (дарга М.А)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Нэгдсэн эмнэлэг (даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Е-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: Дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болох 1,058,633,926 төгрөг гаргуулах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М,
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.И,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б аймгийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч Б аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан Дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болох 1,058,633,926 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Тус аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 2024 оны 01 дүгээр сараас эхлэн аймгийн Нийгмийн даатгалын газарт шимтгэл төлөгчөөр бүртгэгдэн шимтгэл төлж эхэлсэн бөгөөд 2025 оны 10 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлж тайлагнаж байсан.
1.2.Уг хугацаанд Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан даатгуулагчийн болон жил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ гэж заасныг зөрчиж ... төгрөгийн шимтгэлийг дутуу төлж нийгмийн даатгалын санг хохироосон. Тус компанийн захирал, нягтлан бодогч нараас удаа дараа шаардсан боловч төлөөгүй болно.
1.3.Иймд хариуцагч байгууллагаас дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болох 1,058,633,926 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн байгууллагын төлөөлөгч Н.Е шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
2.1.Аймгийн Нэгдсэн эмнэлэг 2021 оноос эхлэн гүйцэтгэлээр санхүүжилт авах тогтолцоонд шилжсэн ба улсын төсвөөс Нэгдсэн эмнэлэгт санхүүжилт олгохыг бүрэн зогсоосон. Иймээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт жил бүр гэрээ байгуулж сар бүр санхүүжилт буюу нэхэмжлэл үүсгэн төсөв бүрдүүлэн ажилладаг.
2.2.Гэтэл Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Эрүүл мэндийн даатгалын сан хүрэлцэхгүй байна гэх үндэслэлээр бид нарын сар бүрийн нэхэмжлэлийн дүнг дутуу олгож ирснээс болж 2,742,180,026 төгрөгийг одоо хүртэл олгоогүй, түүнээс болж эмч ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-ын өрийг хугацаанд төлж чадахгүй байдалд хүрсэн.
2.3.Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Нэгдсэн эмнэлгийн авлага буюу нэхэмжилж буй нийт 2,742,180,026 төгрөгийг ойрын хугацаанд тавьж өгөхөөр болсон. Ийнхүү аймгийн Нийгмийн даатгалын газраас нэхэмжилж буй 1,058,633,926 төгрөг нь ажил олгогчийн буруутай үйлдлээс шалтгаалаагүй тул Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас санхүүжилт ирсэн даруй нэн тэргүүн ээлжид шилжүүлж өгөх болно. Харин 2025 оны 11 дүгээр сард 130,883,600 төгрөгийг шилжүүлсэн, мөн сар бүрийн санхүүжилтээр боломжит дүнгээр төлж барагдуулах болно гэжээ.
3.Шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.И нар бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
3.1.Хариуцагч Б аймгийн Нийгмийн даатгалын газар нь нэхэмжлэгч Б аймгийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжилсэн 1,058,633,926 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн дүнгийн 250,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, 130,883,600 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, 300,000,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус тус шилжүүлсэн,
3.2.Нэхэмжлэлийн шаардлагаас төлөгдөөгүй үлдсэн 627,500,325.53 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж өгөхөөр тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б аймгийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Б аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хариуцагч Б аймгийн Нэгдсэн эмнэлэг нь нэхэмжлэгч Б аймгийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжилсэн 1,058,633,926 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн дүнгийн 250,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, 130,883,600 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, 300,000,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус тус шилжүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас төлөгдөөгүй үлдсэн 627,500,325.53 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж өгөхөөр болж талууд харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2.Зохигч сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Нийгмийн даатгалын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 5,451,120 төгрөгийн тал нь болох 2,725,560 төгрөгийг хариуцагч Б аймгийн Нэгдсэн эмнэлгээс гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б аймгийн Нэгдсэн эмнэлэг нь нэхэмжлэгч Б аймгийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжилсэн 1,058,633,926 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн дүнгийн 250,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, 130,883,600 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, 300,000,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус тус шилжүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас төлөгдөөгүй үлдсэн 627,500,325.53 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж өгөхөөр болж талууд харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Нийгмийн даатгалын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 5,451,120 төгрөгийн тал нь болох 2,725,560 төгрөгийг хариуцагч Б аймгийн Нэгдсэн эмнэлгээс гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК