Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 64

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт цэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт Т-ийн А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.А-д холбогдох 1823000900074 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, трактор, комбайны жолооч мэргэжилтэй, ам бүл- 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Т-ийн А-, /Регистрийн дугаар: ИЙ********/

Шүүгдэгч Т.А- нь 2017 оны 08 дугаар сард Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг “*******” гэх газар бэлчиж байсан иргэн Ц.Зо-ын 5 үхрийг хулгайлсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* овогт *******гийн А- нь Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг “*******” гэх газар бэлчээрлэж байсан иргэн Ц.Зо-ын тод алаг зүсний мухар алаг үнээ, мухар хар үнээ, эвэртэй хар үхэр, 2 бярууг хулгайлсан хэргийн үйл баримт нь үхэр хулгайд алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Б.Зо-ын “...2017 оны 08 дугаар сард эвэртэй, эвэргүй 2 бяруу, мухар хар үнээ, мухар алаг үнээ, эвэртэй хар үнээ тус бүр 1 тооны нийт 5 үхэр алдсан. Бүгд зүүн талынхаа чихэнд улаан шар өнгийн бүсний дурдан даавуутай байсан...”гэсэн мэдүүлгээр, гэрч Л.Ба-ын “...2017 оны 08 сард манайх ******* сумын ******* багийн нутаг Бургасны эх уулзвар гэдэг газар байсан. Манайд Т.А- 5 тооны үхэр уруудсан уу гэж асууж ирсэн. - гэдэг хүн сураад өгөөч гэж ярьж байсан. Огт тийм зүйл яриагүй 5 тооны үхэр л гэж байсан. Би им, тамга зүсийг асуухад надад хэлээгүй...чихэндээ шар даавуутай алаг үнээ, мухар хар үнээ 2 бяруу, шүдлэн гунж өглөө босоход манай гадаа байсан. Дараа нь манайх отроос буугаад өөрийн малтайгаа туугаад Мухар элстийн аманд ирж буусан. Манай үхрээс Да гэдэг хүн А- 5 үхэр аваад ир гэж байна гээд манайхаас туугаад явсан. Манай үхэрт нийлсэн 5 үхэр Зоригоо гэдэг хүний үхэр байсан...” гэсэн мэдүүлгээр, болон шүүгдэгч Т.А-ийн Зо-ын үхрийг хулгайлсан талаараа мэдүүлсэн “...2017 оны 08 дугаар сарын 12-13-ны үе санагдаж байна. Энэ үед би Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг гэдэг газар ...булаг дээр 2 бяруу, мухар хар үнээ, мухар алаг үнээ, эвэртэй хар үнээ нийт 5 үхэр байсан. Тэгээд булгаас 5 тооны үхрийг хамт тууж гол руу өөрийнхөө адуутай хамт оруулаад орхисон... Маргааш нь адуугаа харах гээд Богч руу буцаад гарахад голын зах дээр байсан. Тэгэхээр нь би өөрийн үхэртэй хамт тууж өгсөөгөөд авч явсан...Тод алаг 1, эвэртэй, эвэргүй үнээ 2, эвэртэй, эвэргүй 2 бяруу, чихэндээ шар өнгийн даавуутай байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Б.Зо-т нийт 2100000 төгрөгийн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Шүүгдэгч Т.А- нь иргэн Б.Зо-ын 5 үхрийг хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ. Т.А-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хохирогч гэрчийн мэдүүлгээр давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны баримтууд байна. Т.А- нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж бусдын өмчлөлийн 5 тооны үхрийг нууц далд аргаар авсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Т.А-ийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч нь Т.А-д 5 үхрээ буцааж өгсөн нь хохирогчийн “ 5 үхрээ буцааж авсан” гэсэн мэдүүлгээр гэрч А.Да Л.Ба-аас 5 үхрийг нь тууж Б.Зо-ынд хүргэж өгсөн талаарх мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогч үхрээ эрж хайхад гарсан зардал 250000 төгрөгийг нэхэмжилсэн боловч тэрээр энэ талаар ямар нэгэн баримт гаргаж ирүүлээгүй учир дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, хохирогч нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг мөн шүүгдэгч Т.А- хохирогч Б.Зо-т эрж хайсны 250000 төгрөгийн зардлыг сайн дураар нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурьдах нь зүйтэй байна. Шүүх Т.А-ийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзээд

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8-д заасныг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт Т-ийн А-ийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.А-ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Т.А- нь оршин суух, газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Т.А-д мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

6. Шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс Завхан аймгийн ******* сумын ******* багт байрлах Улсын бүртгэлийн Y-O911000029 дугаартай бүртгэлтэй 6х8 метрийн харьцаатай 48 м/кв талбайтай хувийн орон сууцыг битүүмжилсэн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 5/59 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч үхрээ эрж хайсны зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт авагдсан болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ