Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/22

 

                                                                                              Б.Д-д холбогдох эрүүгийн

                                                                                                        хэргийн талаар

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч З.Нандинцэцэг, Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн,

          Прокурор                                                                     Б.Ч

          Шүүгдэгч                                                                      Б.Д

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           М.Г

          Хохирогч                                                                     Ц.М /цахимаар/

          Хохирогчийн өмгөөлөгч                                           Н.Г /цахимаар/

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Б.Д-д холбогдох 2424000000066 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн ..... сумд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-8, эхнэр 6 хүүхдийн хамт Завхан аймгийн ........ сумын .......... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ...... овогт ...-ын Д, /РД:............../,

Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө Завхан аймгийн .......... сумын ............. багийн нутаг дэвсгэр “...........” гэх газарт хохирогч Ц.М-ийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ц.М-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь баруун дээд 1-р шүдний булгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

1. Анхан шатны шүүх: Шүүгдэгч …….. овогт …-ын Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Д-ээс эмчилгээний зардал 4,400,000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөг, бусад зардал 99,100 /ерэн есөн мянга нэг зуу/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ц.М-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.М-ийн хүнсний зардалд 113,300 /нэг зуун арван гурван мянга гурван зуу/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шатахууны зардал 180,967 /зуун наян мянга есөн зуун жаран долоо/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүйгээр орхиж, иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Д-д холбогдуулан нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 160,996 /зуун жаран мянга есөн зуун ерэн зургаа/ төгрөгийг шүүгдэгч Б.Д-ээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

2. Шүүгдэгч Б.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь тухайн хэрэг гардаг өдөр хохирогч өөрийн төрсөн дүүтэйгээ муудалцаад зодолдоход нь би өөрөө тэр хоёрыг салгасан, бас А.С нь хохирогчийг цохисон, миний нэг удаагийн хохирогчийг алгадсан үйлдлээс болж, үүдэн нэг шүд унасан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь илт үндэслэлгүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоож яллах болон цагаатгах талын нотлох баримтыг эн тэнцүү хэмжээнд цуглуулж бэхжүүлэх үүргээ биелүүлээгүй мөрдөгч, прокурорын хууль зөрчсөн, хэтэрхий нэг талыг баримталж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг анхаарч үзэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хохирогч Ц.М-ийн үүдэн шүд унасан нь шүүгдэгчийн нэг удаагийн алгадсан үйлдлээс болж унасан гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна. Шүүгдэгч, сэжигтэн яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг өөрөөр нь нотлуулах, эсхүл өөрөөс нь гэм буруугүйгээ нотлохыг шаардах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болох бөгөөд шүүх дүгнэхдээ "Д-ийн мэдүүлэгт М дүүтэйгээ муудалцаад байхад би болиулсан. Эхлээд дүү нь цохиод дараа нь С цохисон.. баримтаар давхар нотлогдохгүй байна." гэсэн дүгнэлт хийхдээ ямар баримтаар энэ үйл баримтыг шалгасны үндсэн дээр тогтоогдоогүй нь ойлгомжгүй бөгөөд тухайн хэрэгт, тухайн цаг хугацаанд энэхүү үйл явдлыг мэдэх боломжтой хүмүүсээс бүрэн гүйцэд асуусан эсэх, тухайн хүмүүс нь тухайн хэрэгт ашиг сонирхолгүй этгээдүүд мөн эсэх гэх мэт эргэлзээгүй олон талаас нь дүгнэлт хийж чадаагүй байна. А.С болон хохирогчийн дүүгийн энэ талаар мэдүүлсэн мэдүүлэг нь хөтөлбөргүй үнэн зөв, харин шүүгдэгч Д-ийн хэлсэн нь худал болохыг ямар шалгуураар тогтоож байгааг ойлгохгүй байна. Гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс нь тухайн хэрэгт өөрсдөө илтэд ашиг сонирхолтой этгээдүүд учраас өөр бусад баримтаар шалгаж тогтоох ёстой. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хувьд нэг шүд унасан талаар талууд маргаагүй бөгөөд харин эмчилгээ хийлгэхдээ бусад шүдэнд хийсэн бүрээс, сувгийн эмчилгээг оруулж тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, хүний их эмч Т-н 2024.10.03-ны өдрийн яаралтай тусламжийн хуудаст бичигдсэн тодорхойлолтоос үзвэл, дээд үүдэн шүд буюу 11 дүгээр шүд булгарч, бусад 12, 21 дүгээр шүднүүдийг тогшиход эмзэглэлгүй гэсэн байгаагаас үзвэл, тухайн үед үүдэн шүднээс бусад шүдэнд ямар нэгэн паалан гэмтэх, сулрах, хавдах гэх мэт эмзэглэл, өөрчлөлт байхгүй байхад тухайн өөр шүдэнд учирсан үрэвсэл түүний улмаас хийсэн эмчилгээг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу юм. Шүүгдэгч миний хувьд 5 бага насны хүүхэдтэй, эхнэрийн хамт сүү зарж өрхийн амьжиргаагаа авч явдаг бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу өрх бөгөөд ийм өндөр хохирол, төлбөрийг төлөхөд маш их хүндрэлтэй байна. Хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлүүлэхээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: ... Шүүгдэгч Б.Д-ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. ... Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гарсан, ...нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь тогтоож, яллах болон цагаатгах талын нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх үүргээ мөрдөгч, прокурор хэрэгжүүлээгүй, хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Б.Д-ийн мэдүүлэгт ...хохирогч Ц.М нь дүүтэйгээ муудалцаж байхад нь салгасан. Эхлээд хохирогч Ц.М-ийг дүү нь цохисон, дараа нь А.С хохирогч Ц.М-ийг цохисон гэдэг. Гэтэл энэ талаар тухайн үед хэргийн газарт байсан хүмүүсийг бүрэн дүүрэн асуусан эсэх, гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв үнэлсэн эсэх нь эргэлзээтэй байна.  Шүүгдэгч Б.Д-ийн үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан эсэхийг үнэн зөв баталж тогтоогоогүй байж, түүнийг гэм буруутай гэж үзэж, түүний үйлдлийн улмаас хохирогч Ц.М-ийн нэг шүд унасан гэж дүгнэсэн. Мөн хохирогч Ц.М-ийн 12, 21 дүгээр шүдний гэмтлийг Б.Д-ийн үйлдлийн улмаас гэмтсэн гэж үзэн, хохирол хор уршигт тооцсон. 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудаст бичигдсэн тодорхойлолтод ...Ц.М-ийн 11 дүгээр шүд хугарсан, бусад шүдний хувьд гэмтэл тогтоогдохгүй байна гэж тодорхойлсон байдаг. Гэмт хэрэг гарснаас хойш тодорхой хугацааны дараа Улаанбаатарт үзүүлэхэд 12, 21 дүгээр шүдэнд гэмтэл учирсан байдаг. Эдгээр нөхцөл байдлууд нь ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтооно гэсэнтэй нийцэхгүй байна. Хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон гэж үзэхээргүй байна. ...Эргэлзээ бүхий нөхцөл байдал байхад …анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргасан. Хохиролд шүдний бүрээс хийлгэх зардал, шатахууны баримтын он, сар, өдөр таарахгүй байхад шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Хэрэгт хамааралгүй, эргэлзээтэй нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Анхан шатны шүүх эргэлзээ бүхий нөхцөл байдал байхад эргэлзээг тайлахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ... Хохирогчийг хэн цохисны улмаас шүд унасан нь тодорхой бус эргэлзээтэй байна. Хохирогчийн дүү, гэрч А.С-ын нарын хувийн байдлыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна гэв.

4. Шүүгдэгч Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

5. Хохирогчийн өмгөөлөгч Н.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс, 10 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө хохирогч Ц.М-ийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн биед халдаж, баруун дээд 11 дүгээр шүдний булгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон анхан шатны шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогддог. Шүүгдэгчийн зүгээс хохирогч, дүүтэйгээ маргалдсан, хохирогчийн дүү нь хохирогчийн биед халдсан талаар анхан шатны шүүх хуралдаанд ярьж байсан.

Харин мөрдөн байцаалтын шатанд энэ талаар дурдаж байгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасны дагуу анхан шатны шүүх хэлэлцсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Гэрч нарын болон шүүгдэгч Б.Д-ийн мэдүүлэгт …Ц.М-ийг орны доод талд сууж байхад Б.Д цохисон, …босоод шүдээ хайж байхад шүүгдэгч Б.Д цохиход шүд чинь унасан гэж мэдүүлсэн байдаг. Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Б.Д нь хохирогч Ц.М-ийг цохисон талаараа тогтвортой мэдүүлж байсан. Шүүгдэгч Б.Д-ийн үйлдэл, хохиролтой шалтгаант холбоотой байгаа учир анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хохирол төлбөрийн тухайд хохирогчийн зүүн дээд 11 дүгээр шүд унасан. Нэг шүд унасан байхад хажуу талын 12, 21 дүгээр шүдний эмчилгээний төлбөрийн асуудлын талаар ярьсан гэж байна. Хүний биед хүн атгасан гараараа халдаж байгаа тохиолдол нь нэг шүдийг онож цохиж байгаа асуудал биш, тухайн хүний атгасан гарын талбайн хэмжээ, хүний шүдэнд ямар талбайд, ямар хүчээр үйлчилж байгаатай холбоотой асуудал яригдана. Шүүгдэгч Б.Д-ийн цохилтын улмаас унасан 11 дүгээр шүдийг эмчлэхэд 12, 21 дүгээр шүдэнд цилкон бүрээс, бусад шаардлагатай эмчилгээг хийлгэсний дараа унасан шүдийг эмчлэх шаардлага үүссэн. Эдгээр эмчилгээний зардал нь шүүгдэгчийн үйлдлийн улмаас үүссэн. Гэмт хэргийн улмаас үүссэн зайлшгүй зардал юм. Анхан шатны шүүх 180,000 /нэг зуун наян мянга/ төгрөгийн шатахууны зардлыг хэлэлцэхгүй орхисон байдаг. Тухайн хохирлыг шүүх хуралдаанаар хэлэлцэн гаргуулах боломжтой байсан гэж үзэж байна. Хохирогч Ц.М нь Завхан аймгийн ........ сумын ............... багт амьдардаг, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд удаа, дараа ирж оролцохдоо автомашинаар ирж, буцсан шатахуун авсан баримтууд нь хэрэгт авагдсан байгаа. Тийм учраас шатахууны баримтуудад үндэслэж хохирлыг давж заалдах шатны шүүхээр гаргуулах боломжтой гэж үзэж байна гэв.

6. Хохирогч Ц.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө тайлбартаа санал нэг байна. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

7. Прокурор Б.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдол, хохирогчийн өмгөөлөгчийн тайлбарыг сонслоо. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээр Б.Д-д холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны   өдөр хянан хэлэлцээд, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт үйлдсэн, гэм буруутай байна гэж үзээд, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд өнөөдрийн шүүгдэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаагаар тухайн хэрэгт хохирогчийн дүү нь оролцсон  эсэх талаарх нотлох баримт байдаггүй. Б.Д сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ энэ талаар дурдаагүй байдаг. Шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа шүүгдэгч Б.Д нь ...хохирогчийн нүүрэнд 1 удаа цохиход ямар нэгэн гэмтэл, шарх сорви байгаагүй гэж мэдүүлдэг. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-ийн үйлдэлд зөв дүгнэлт хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүх хуралдаан явагдана гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн. Хохирол төлбөрийн тухайд 11 дүгээр шүд буюу үүдэн хоёр шүдний нэг нь унасан байдаг. Нөгөө талын шүд, баруун талын шүдний буйланд үрэвсэл үүссэн байсныг хохирогчид эмчилгээ хийсэн эмч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцож тайлбарласан байдаг. Эмчилгээний баримтыг анхан шатны шүүх зөв үнэлж дүгнэсэн. Тухайн хэрэгт ач холбогдолгүй гэсэн баримтуудыг хэрэгсэхгүй болгож, эмчилгээтэй холбоотой зардлуудыг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан бүх ажиллагаа, шийдвэрийг хянахын зэрэгцээгээр, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судаллаа.

2. Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө Завхан аймгийн ....... сумын ............ багийн нутаг дэвсгэр “..........” гэх газарт байрлах хохирогч Ц.М-ийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ц.М-ийн нүүрэн тус газар буюу баруун хацар лүү цохиж эрүүл мэндэд нь баруун дээд 1-р шүдний булгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан:

2.1. Хохирогч Ц.М-ийн: “...Тэгэхэд С гэр рүү ороод орон дээр хэвтсэн. Би Д-тэй машин гарамд суулгасан, машиныг гаргах талаар ярилцаж байгаад түүнтэй маргалдах үед Д миний баруун хацар руу нэг удаа гараараа хүчтэй цохисон. Тухайн үед би Д-ийн хамт гэрийн зүүн талын орон дээр сууж байсан. Түүний дараагаар С босоод ирсэн. Тухайн үед би Д-ийг цохисон зүйл байхгүй. ... Тухайн үеийн асуудлыг би болон Д мэднэ...” гэсэн мэдүүлэг,

2.2. Гэрч А.С-ын: “...Тэгээд замаараа буюу Завхан аймгийн .......... сумын ......... баг .......... гэх нэртэй газарт байх М гэх айлд шөнийн 03 цагийн үед очсон. Тэнд 2 ширхэг 2 литрийн хэмжээтэй “Сэнгүр” гэх нэртэй пивыг М, Д нарын хамт уусан. Тэгээд тэндийнхээс ....-р гарч болох уу гэхэд болно гэж хэлэхээр нь би М-ийн машиныг жолоодон ......-р гарах үед суулгасан. Тэндээсээ буцаад М-ийн гэр рүү явсан. Тэднийд очоод би орон дээр хэвтээд өгсөн. Тэгээд Д дуудахаар нь би сэрээд юу болсон талаар асуухад М-ийг нүүр рүү нь ганц алдагдсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

2.3. Гэрч П.Б-ын: “...Ц.М нь манай “.....” шүдний эмнэлгээр үйлчлүүлж байсан. Шүдээ ...цохиулаад булгарч унасан гэж ярьсан. Нийт 4-5 удаа ирж эмчилгээг дуусгасан. Циркон бүрээс хийлгэсэн, үүдэн 4 шүд хийлгэсэн. Төлбөр  нь 4,100,000 төгрөг болсон. Түүний амны хөндийн цохилтын улмаас гэмтэл авч 11-р шүдний гэмтлийн улмаас 21-р шүд сурвалжийн ороод үрэвслийн шүд үүсэж шүд хөдөлгөөн орсон байсан. ... 11-р шүдтэй болгохын тул заавал 12-р, 21-р шүдэн дээр тулгуурлах ёстой мөн 22-ыг бас тулгуурлан хамтад нь хийх шаардлагатай болсон. 1 шүд гэмтэл учирсан байхад 4 шүдэнд заавал эмчилгээ хийх заалттай. 11 дүгээр буюу 1 ширхэг шүдээ хүнд цохиулж гэмтэл авахад түүний ойролцоох шүднүүд буйл болон амны хөндийн ойролцоох хэсгүүдэд уг цохилтоос улбаалж гэмтэл үүсэх боломжтой. ...Харахад шүд бүрэн бүтэн, цоорол үүсээгүй байгаа. Доргилтын улмаас шүдний сурвалж хөдлөх, мэдрэлд гэмтэл үүсдэг. Сурвалжийн оройноос үрэвсэл үүсэж байгаа энэ нь цохилтын улмаас үүссэн байдаг. 11 дүгээр шүдийг тогтоохын тулд ...мөн дээрх шүднүүд нь гэмтэл авсан байсан учир эмчилгээ хийж цилкон бүрээс хийсэн...” гэсэн мэдүүлэг,

2.4. Иргэний нэхэмжлэгч Д.Ц-ийн: ...-ийн М нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдсэнээр нийт 160,996 төгрөгийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авсан байна. ...Гэмт хэргийн улмаас иргэн ...-ийн М нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 160,996 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг,

2.5. Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Тосонцэнгэл сумын Шүүх шинжилгээний хэсгийн ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.С-ын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 000000375 дугаартай “...Ц.М-ийн эрүүл мэндэд баруун дээд 1-р шүдний булгарал, зүүн хөмсөг, зүүн хацарт зулгаралт хохирол тогтоогдлоо. Ц.М-ийн эрүүл мэндэд учирсан хохирлууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой хохирлууд байна. Баруун дээд 1 дүгээр шүдний булгарал нь дангаараа хохирлын хөнгөн зэрэгт, бусад хохирлууд нь хохирлын зэрэгт хамаарахгүй. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 42.1-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги 10% нөлөөлөх тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,

2.6. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар .... аймаг дахь бүсийн шүүхийн шинжилгээний төвийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ХОВ525/015 дугаартай “...Завхан аймгийн ........ сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.С-ын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 000000375 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байна...гэсэн дүгнэлт,

2.7. Хүний их эмчийн  Б.Т-ийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “...-ийн М 38 настай, эрэгтэй,  2024 оны 10 сарын 1-ний өглөө 08 цагийн үед хүнд цохиулж 1 шүд унасан гэв. Үзэхэд нүүрний тэгш хэм хэвийн, дээд үүдэн шүд буюу 11-р шүд булгарч унасан. Буйл шүдний орон эдгэрээгүй. Шинэ шархтай. Бусад шүднүүд 12, 21-р шүднүүдийг тогшиход эмзэглэлгүй. Цаашид авагддаггүй шүдэлбэр хийлгэх...” гэсэн тодорхойлолт, яаралтай тусламжийн хуудас,

2.8. “..............” шүдний эмнэлгийн шүдний эмчилгээний карт дахь мэдээлэл,

2.9. Нүүр амны их эмч П.Б-ын “...-ийн М 2024 оны 11 сарын 30-нд эмнэлэгт хандсан. Нүүр амны эмчийн үзлэгээр хүнд цохиулсны улмаас 11-р шүд буюу хоншоорын төвийн үүдэн шүд гэмтэл аван булгарч мултарч унасан байв. Буйл салст, түүшин яс нь шимэгдсэн гоо сайхны хувьд үүдэн шүд онгойсон байдалтай байв. Мөн 11-р шүдний зэргэлдээх 21-р шүдний мэдрэл доргилтын улмаас мэдрэл нь үхэжсэн зөөлцийн цахилгаан мэдрэг чанарт хариу урвал үзүүлэхгүй, рентген зурагт шүдний оройн үрэвслийн сүүдэртэй тул зэргэлдээх 21, 22-р шүднүүдэд сувгийн эмчилгээг хийнэ, мэдрэл судасны багцыг нь авч цэвэрлэн эмчилгээ хийв. Сувгийн эмчилгээнд орсон шүд зажилтын буюу хазалтын даралт даах чадваргүй болсон байдаг тул бүрээс хийх заалттай бөгөөд 11-р шүдний хоосон орон зайг шүдтэй болгохын тул зэргэлдээх 2-3 шүдэн дээр тулгууртай гүүрэлсэн шүдэлбэр хийж 12-22-р шүднүүдэд буюу 4-н үүдэн шүдэнд гоо сайхан болон хазайлтын даралтыг хадгалж үлдэх заалттайгаар 4-н үүдэн шүдэнд бүрээс хийв...” гэсэн эмчилгээний тайлбар /хх 113/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл  зэргээр тогтоогдож байна.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нэг нэгнийгээ баталсан шинжтэй байна.

4.  Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үнэлэн, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгч Б.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийг оролцогчдын хуулиар тогтоосон эрхийг хязгаарлаагүй байна.

5. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 / зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 / зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон байна.

6. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Б.Д-ийн үйлдлийн улмаас хохирогч Ц.М-ийн 11 дүгээр шүд булгарч унасан уг шүдийг эмчлэхийн тулд, хажуу талын шүдэнд буюу 12, 21 дүгээр шүдэнд цохилтын улмаас үүссэн үрэвслийг эмчилж, 12, 21 дүгээр шүдэнд  циркон бүрээс хийх замаар булгарч унасан 11 дүгээр шүдийг хиймлээр хийсэн болох нь гэрч П.Б-ын мэдүүлгээр тогтоогддог бөгөөд эмчилгээг хийхэд 4,400,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан нь хэрэгт авагдсан үнэ төлсөн баримтаар, мөн бусад зардал 99,100 төгрөг нийт 4,499,100 төгрөг гарсан болох нь тогтоогдож байна.

7.  Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 4,499,100 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.М-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

8. Түүнчлэн шүүгдэгч Б.Д нь тухайн хэрэг гарах үед хохирогч өөрийн төрсөн дүүтэйгээ муудалцаад зодолдоход нь би өөрөө тэр хоёрыг салгасан,  бас А.С нь хохирогчийг цохисон, миний нэг удаагийн хохирогчийг алгадсан үйлдлээс болж үүдэн нэг шүд унасан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь илт үндэслэлгүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдлыг бүрэн дүүрэн тогтоож яллах болон цагаатгах талын нотлох баримтыг энэ тэнцүү хэмжээнд цуглуулж бэхжүүлэх үүргээ биелүүлээгүй гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

9. Хэргийн үйл баримтаас үзэхэд тухайн хэрэг гарах үед шүүгдэгч Б.Д, хохирогч Ц.М, А.С нар байсан нь хавтаст хэрэгт өгсөн гэрч хохирогчийн мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна. 

Анхан болон давж заалдах шатны  шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч нар нь хэрэг гарах үед  хохирогч Ц.М-ийн дүү Б байсан гэдэг боловч, мөрдөн байцаалтын явцад хэрэгт авагдсан баримтаар хохирогч Ц.М, дүү хоёр нь тухайн үед зодолдсон, маргалдсан үйл баримт тогтоогддоггүй. Харин хохирогч нь Б.Д “... намайг нэг удаа хүчтэй цохисон...”, гэрч  А.С нь “...Б.Д Ц.М-ийг ганц алгадсан...” гэсэн, шүүгдэгч Б.Д-ийн “...би Ц.М-ийг нүүрэн тус газар нь алгадсан...” гэсэн  мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Д нь хохирогч Ц.М-ийг цохисон үйл баримт  хангалттай тогтоогдсон байна.

10. Иймд шүүгдэгч Б.Д-ийн “...хохирогч өөрийн төрсөн дүүтэйгээ муудалцаад зодолдсон, бас А.С нь хохирогчийг цохисон...” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүдэгч Б.Д-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                                                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.НАМХАЙДОРЖ

                                                                 ШҮҮГЧИД                                                    З.НАНДИНЦЭЦЭГ

                                                                                                                                      Б.АРИУНБАЯР