Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 302/ШШ2025/01128

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 302/ШШ2025/01128

Баймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Б аймгийн У сумын ... дугаар багт оршин суух, У овогт Х.Б

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгт 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Х.Б,

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Т.Б,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,

Орчуулагч Т.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч Х.Б нь Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгт 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1. Миний бие 1965 онд тус аймгийн Ө суманд төрсөн, одоо 60 настай. 1986 онд тус аймгийн У сумын иргэн Ж.Х гэх хүнтэй гэр бүл болсон ба У сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай тушаалаар тус цэцэрлэгт тогоочоор томилогдон ажиллаж байгаад 1995 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс орон тооны цомхотголд орсон учраас ажлаасаа чөлөөлөгдсөн.

1.2.Харин 2004 оны 04 дүгээр сараас эхлэн тус цэцэрлэгт туслах багшаар томилогдон одоо хүртэл тасралтгүй ажиллаж байна.

1.3.Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт гараад тэтгэмж бодуулах гэхэд ажилд орсон болон гарсан тушаалууд байхгүй гэсэн шалтгаанаар дээрх хугацааг шүүхээр тогтоолгохыг Нийгмийн даатгалын байгууллагаас зөвлөсөн учир ийнхүү шүүхэд хандаж байна. Харин надад 1986 онд У сумын Хүүхдийн цэцэрлэгээс олгосон хөдөлмөрийн дэвтэрт намайг анх ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалуудын бичилт хийгдэж баталгаажсан байна.

1.4. Харин У сумын Хүүхдийн цэцэрлэг болон У сумын 10 жилийн дунд сургууль болон Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хүүхдийн цэцэрлэг, яслийн архиваас материал шүүлгэхэд зарим он, саруудын цалингийн хүснэгт болон тушаал гэх мэт надтай холбогдох зарим бичиг баримтууд гарсныг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч байна.

1.5.Иймд Х.Б миний Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгт 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тогоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Х.Б Б аймгийн У сумын хүүхдийн цэцэрлэгт тогоочоор 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан байна. Хүсэлт гаргагчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг үзэхэд ... дугаартай хөдөлмөрийн дэвтрийн бичилт хэсэг дээр нь ажил олгогчийн гарын үсэг болон тамга байхгүй. Мөн 288282 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт нийгмийн даатгалын байцаагчийн гарын үсэг нь болон ямар нэгэн бичилт байхгүй. Архивын газраас 1986-1994 он хүртэлх тушаал болон цалин хөлсний баримт гараагүй 1988 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хүсэлт гаргагч Х.Б ы өөрийн ХААТР маягтын ажил эрхэлдэг хэсэг дээр нь ажилгүй гэж бичигдсэн. Хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн тушаалуудад сургуулийн гэж бичигдсэн байна. Тийм учраас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

3.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, ... дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, №... дугаартай нийгмийн даатгалын дэвтэр болон №... дугаартай баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай тодорхойлолт, У сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 87, 88 дугаартай тушаал, Б аймгийн У сумын Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаартай тушаал, У сумын Хүүхдийн Ясли цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаартай тушаал, мөн цэцэрлэгийн 46 дугаартай тушаал, цалингийн цэсүүд, Нярай хүүхдээ асрахаар цалингүй чөлөө авсан эхчүүдэд олгосон тэтгэмжийн карт, Х.Б аас 12 дугаар сарын 01-ний өдөр гаргасан өргөдөл, Б.Б, К.А, Б.Б нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, өмгөөллийн гэрээ зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1253, 1254 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12/1243 дугаар албан бичгээр ирүүлсэн Х.Б болон түүний 1986-1994 онд төрсөн хүүхдүүдийн ХААТР маягтууд, Б аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 435 дугаартай албан бичиг, Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 792 дугаар албан бичгээр Б.Жд олгосон итгэмжлэл зэргийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

5.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Миний бие 1986 онд туслах тогоочоор У сумын цэцэрлэгт ажилд орсон. 1995 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр цомтголд орж, 2004 оны 04 дүгээр сард буцаж туслах багшаар ажилд орсон. 2004 оноос хойш тасралтгүй туслах багшаар ажиллаж байгаа. 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хандсан гэжээ.

6.Хүсэлт гаргагч Х.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

7.Б аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 435 дугаартай албан бичигт хүсэлт гаргагч Х.Б-д холбогдох У сумын Хүүхдийн цэцэрлэгийн 1986-1994 онуудын тушаал, цалин хөлсний баримтуудыг архивд шилжүүлээгүй болно гэх боловч хүсэлт гаргагч Х.Б нь Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгт 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тогоочоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

7.1. Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн У сумын 10 жилийн дундын сургуулийн захирлын 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 88 дугаартай Түр чөлөө олгох тухай тушаалын нэг дэх заалтаар тус сумын цэцэрлэгийн тогооч Х.Б нь хөнгөрсний дараах ээлжийн амралтаа эдэлсэн боловч цаашид хүүхдийг асран харах шаардлагатай гэсэн сумын үйлдвэрчний хорооны зөвшөөрлийг үндэслэн 10-р сарын 22-аас эхлэн 3 сарын чөлөө олгосон, н.Б чөлөөтэй байх хугацаанд СнЗ-ийн ... дугаар тогтоолын заалтын дагуу тэтгэмж олгохыг санхүүд зөвшөөрсөн байдал,

7.2.Мөн захирлын 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалаар сумын цэцэрлэгийн гал тогооны туслах Х.Б нь жирэмсний жилийн амралтыг үргэлжлүүлэн ээлжийн амралтыг ажлын 18 хоногоор 10 дугаар сарын 1-22-ны хүртэл олгосон байдал,

7.3.Б аймгийн У сумын үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаартай Цэцэрлэгийн захиргаанд. Чөлөө олгох тухай албан бичигт Танай байгууллагын ажилтан Х.Б нь чөлөө олгохыг хүсч өргөдөл ирүүлжээ. Иймд н.Б-д нярай хүүхэд асрах 3 сарын чөлөө олгохыг зөвшөөрөв гэсэн байдал,

7.4.У сумын Хүүхдийн Ясли цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №03 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар тус цэцэрлэгийн тогооч ба аж ахуйн туслах ажилтан Х.Б нь чөлөөний хугацаа дуусч ажилд орох болон тул түүний оронд ажиллаж байгаа Ш.Д-ийг 1990 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн бүр чөлөөлсөн байдал,

7.5.Мөн хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймгийн У сумын Ерөнхий боловсролын сургуулиас хуулбарлаж олгосон 1990 оны 1-р сарын цалин хөлсний баримтад хүсэлт гаргагч Х.Б-ы цалин хөлс тусгагдсан байдал,

7.6.Нярай хүүхдээ асрахаар цалингүй чөлөө авсан эхчүүдэд олгосон тэтгэмжийн картад гараар Х .Б хүүхдийн цэцэрлэгийн тогооч .... 360 хүлээн авсан .Б ... гэж бичигдсэн байдал,

7.7.1989 он 12 дугаар сарын 01-ний өдөр Б аймгийн У сумын 10 жилийн сургуулийн захирал болон санхүү тасагт .... зохих зааврын дагуу 3 сарын чөлөө олгохыг хүссэн тухай өргөдөл гаргасан байдал,

7.8.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12/1243 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн хүсэлт гаргагч Х.Б-ы 1992 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүүхэд нь болох Х.Б-ийн Төрснийг бүртгэх анкет буюу ХААТР-11 (А) маягтад ... 8.Эхийн овог, нэр: Х .Б, рд:00, нийгмийн бүлэг: ажилчин, ажилладаг байгууллага: Хүүхдийн цэцэрлэг, эрхэлдэг ажил: асрагч, оршин суух хаяг: У сумын ... гэж тусгагдсан байдал,

7.9.Хүсэлт гаргагчийн №... дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд овог: Х, нэр: .Б, төрсөн он: 1966, боловсрол: дунд, мэргэжил: үгүй, хөдөлмөрийн дэвтэр олгосон Б У сумын хүүхдийн цэцэрлэг, 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэж бичигдсэн байх ба уг хөдөлмөрийн дэвтрийн 2-3 дугаар хуудсанд Ажлын тухай мэдээ .... 01.эрхлэгчийн 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай тушаалаар 19896 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс цэцэрлэгт тогоочоор, 02.1995 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 45 дугаартай тушаалаар цомхотголд гарсан тул ажлаас нь чөлөөлөв ... гэж бичигдсэн байдал,

7.10.Гэрч Б аймгийн У сумын 7 дугаар багийн иргэн Б.Б-кийн ... У сумын иргэн Х.Б нь 1986 оны 10 дугаар сараас 1995 он хүртэл тус сумын хүүхдийн цэцэрлэгт бэлтгэгч, тогоочоор ажиллаж байгаад цомхотголд орж ажлаас чөлөөлөгдсөн ба харин 2004 оны 4 дүгээр сараас цэцэрлэгт туслах багшаар эргэж ороод одоо хүртэл ажиллаж байгаа нь үнэн болно гэх,

Гэрч Б аймгийн У сумын 7 дугаар багийн иргэн К.Айгүлийн ...Би өөрөө 1986-2016 оны хооронд Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгт асрагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. У сумын иргэн Х.Б нь 1986 оны 10 дугаар сараас 1995 он хүртэл тус сумын хүүхдийн цэцэрлэгт бэлтгэгч, тогоочоор ажиллаж байгаад цомхотголд орж ажлаас чөлөөлөгдсөн ба харин 2004 оны 4 дүгээр сараас цэцэрлэгт туслах багшаар эргэж ороод одоо хүртэл ажиллаж байгаа нь үнэн болно гэх,

Гэрч Б аймгийн У сумын 7 дугаар багийн иргэн К.Б-ы ... Би 1969-1994 оны хооронд Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгт асрагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. У сумын иргэн Х.Б нь 1986 оны 10 дугаар сараас 1995 он хүртэл тус сумын хүүхдийн цэцэрлэгт бэлтгэгч, тогоочоор ажиллаж байгаад цомхотголд орж ажлаас чөлөөлөгдсөн ба харин 2004 оны 4 дүгээр сараас цэцэрлэгт туслах багшаар эргэж ороод одоо хүртэл ажиллаж байгаа нь үнэн болно гэх нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

8.Хүсэлт гаргагчийн №288228 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн эхний хуудсанд даатгуулагчийн эцэг: Х, нэр: .Б, бүртгэлийн дугаар: БК66052568 ... гэж бичигдэж, уг дэвтэрт 2004-2011 онд төлсөн нийгмийн даатгалын шимтгэл тус тус бичигдсэн байна..

9.Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, Х.Б нь Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгт 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тогоочоор ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Уах овогт Хын .Б нь Б аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгт 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тогоочоор ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Х.Б-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК